Сурвалжлагч:  Таны гол зорилго юу вэ?

Хувьсгалч А: Улсаа хамгаалах, цаашлаад Дөлхийгөө аврах.

Сурвалжлагч: Дөлхий?????

Хувьсгалч А: Тийм ээ дөлхий, бид дэлхий дэлхий гэж дандаа буруу ярьж ирсэн байна. Угтаа бол Дөлхий. Дөл-Хий гэсэн хоёр үгний нийлбэр юм шүү дээ, ойлгов уу одоо.

Сурвалжлагч: Буйгал гэдэг шиг үү?

Хувьсгалч А: Тиймээ, Буйгал Дөлхийгөө аврах хэрэгтэй болчоод байна.

Сурвалжлагч А: Ингэж хамаагүй үсэг сольж болох уу?

Хувьсгалч: Солих байтугай хасч байна шүү дээ.

Сурвалжлагч: МАН –ыг хэлээд байна уу? Миний бодлоор хуучин комунист нэрнээсээ салсан нь их зөв юм шиг санагддаг.

Хувьсгалч А: Тийм. Ер нь МАНАН –г арилгахын төлөө тэмцэх ёстой.

Сурвалжлагч: Яаж арилгах уу?

Хувьсгалч А: УИХ тэр чигээрээ тарах ёстой. Засгийн газар тэр чигээрээ огцрох ёстой, намуудыг бүгдийг нь тараах ёстой. Оюутолгойн гэрээг цуцлах ёстой, Тавантолгойн гэрээг цуцлах ёстой. Ер нь Монголд ямар ч нам ч хэрэггүй, УИХ ч хэрэггүй, засгийн газар ч хэрэггүй ард түмний их хурилдайгаар бүгдийг шийднэ. Хувьсгал хийх ёстой. Ухаалаг египтчүүд шиг, сэргэлэн Ливичүүд шиг хувьсгал хийх ёстой.

Сурвалжлагч: Бид харин ч тэднээс түрүүлээд хорин жилийн өмнө хэрэгтэй хувьсгалаа хийчихсэн биш үү?

Хувьсгалч А: Тэр хувьсгалыг хужаа нар хийсэн.

Сурвалжлагч: Яагаад хужаа нар манайд ардчилсан хувьсгал хийх ёстой гэж?

Хувьсгалч А: Гол зорилго нь эрээнийг хөгжүүлэх гэж. Бас социализмаас салахгүй бол хужаа нарыг үзэн ядах үзэл Монголчуудаас салж өгөхгүй байсан хэрэг шүү дээ. Тэр үед хужаа нарын удирдлагаар хувьсгал хийсэн болохоор дандаа хужаа нарт ашигтай бодлогууд төрөөс гарч, төрд дандаа хужаагийн эрлийзүүд шигдсэн. Монголчууд хужаа хувцас өмсч, хужаа төмс идэх болсон. Одоо харин Монголчууд бид өөрсдөө хувьсгалаа хийх цаг нь иржээ. Хувьсгал хийхгүй удах тусам бидний бүх юмыг хужаа нар авах гээд байна. Далимдуулаад оросууд ч хусах гээд хар төрүүлээд байна.

Сурвалжлагч: Нээрээ ч хэн билээ дээ нэг ерөнхий сайд гаалийн татвар тэглээд үндэсний үйлдвэрлэлийг элгээр нь хэвтүүлэх дөхсөн тал бий шүү.

Хувьсгалч А: Тэрийг сайн санахгүй байна. Бүх төмс хятадынх байсан болохоор гаалийн татварыг нь тэглэж үнийг нь бууруулах эх оронч шийдвэр байсан шиг санагдахын.

Сурвалжлагч: Гэхдээ одоо бид идэх төмсөө бүгдийг нь өөрсдөө тариад сурчихлаа шүү дээ? Удахгүй хувцсаа хийгээд сурчих байлгүй дээ.

Хувьсгалч А: Дандаа хужаа үрийн төмснүүд байгаа юм. Бид хужаа төмс идээд байвал Хужаа нар шиг болно. Хужаа нар төмсөндөө өөрсдийнхөө генийг шиприцээр шахаад манайх руу явуулаад байсан хэрэг. Одоо бүх хужаа төмсийг устгах ёстой. Хувьсгал хийх ёстой. МАНАН –г арилгацгаая.

Сурвалжлагч:
УИХ засгийн газар тарлаа гэж бодъё, оронд нь хэн төр барих уу?

Хувьсгалч А: Ард түмэн. Ард түмэн жагсана, ард түмэн олноороо хувьсгал хийнэ.

Сурвалжлагч: Долоон буудлын архичид таны хувьсгалыг, таны зорилгыг ойлгохгүй ч гэсэн шил архины төлөө жагсана шүү дээ. Эмх замбараагүй явдал хэрэгтэй юу?

Хувьсгалч А:
Одоо ойлгохгүй ч бид архинаас нь гаргаад ойлгуулдаг болно. Тэр энгийн ард архичин болсонд төр л буруутай. Өөрийг нь архичин болгосны төлөө төрөөс хариугаа аваг яадгийм.

Сурвалжлагч: Оюутолгойн Тавантолгойн талаар?

Хувьсгалч А: Оюутолгойн гэрээг яаралтай цуцлах хэрэгтэй. Тавантолгойн аравхан хувийг биш зуун хувийг нь ард түмэнд өгөх ёстой. Гадаадынхныг хөөж явуулъя.

Сурвалжлагч: Гэхдээ бидэнд уурхай байгуулах мөнгө байхгүй шүү дээ?

Хувьсгалч А: Бүх олигархуудын хөрөнгийг хураахад Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтанд хангалттай хүрэлцэнэ. Буйгалаа ч нөхөн сэргээнэ.

Сурвалжлагч: Нээрээ цөлжилтийг яаж зогсоох вэ?

Хувьсгалч А: Дөлхий ертөнц маань өөрчлөгдөж байна. Чи мэдэх үү, анхандаа манай Дөлхий гурвалжин хэлбэртэй байсан байгаам. Тэр гурвалжин хэлбэрийнх нь гурван талд гурван өөр төрлийн хүмүүс амьдардаг. Эхнийх нь өндөглөдөг хүмүүс, хоёр дахь нь мэлхийн хүмүүс, гурав дахь нь сүнслэг хүмүүс амьдардаг байсан. Олон сая жил өнгөрөхөд Дөлхий бөмбөрцөг хэлбэртэй болж бүгдээрээ холилдсон юм. Одоо дэлхий буцаад гурвалжин хэлбэртээ эргэж орохын дохио болж сая Японд газар хөдөллөө.

Сурвалжлагч: Сонирхолтой юмаа. Үнэхээр өндөглөдөг, сүнслэг, мэлхийн хүмүүс байсан гэж үү?

Хувьсгалч А: Тэгэлгүй яахав. Монголчууд бол сүнслэг хүмүүсийн удам, бусад үндэстэнүүд өндөглөдөг болон мэлхийн хүмүүсийн холимог. Бид сүнслэг учир тэнгэрээс ийм олон бөө нар бууж байна.

Сурвалжлагч: Гэхдээ нэр зүүсэн худлаа бөөнүүд нь даанч олон юм даа.

Хувьсгалч А: Чингис хаан тэв тэнгэр бөөг Бэлгүтэйгээр нугасалж алуулсан цагаас хойш Монголын эзэнт гүрэн уруудаж эхэлсэн.

Сурвалжлагч:  Тэв тэнгэр бөө өөрийн шуналаас болж, өөрийн даварсан үйлдлээс болж шийтгүүлсэн тухай түүхийн номноос уншсан. Одоо ч гэсэн бөөгийн нэр зүүсэн олон хүмүүс шунал нь дэндээд бөөгийнхөө нэр хүндийг унагаагаад байна гэж боддог шүү. Уг нь бөө мөргөл бол Монголын хамгийн эртний соёл заншил биз дээ.

Хувьсгалч А: Бөө нарын зарим таагүй үйлдэлд төр засаг маш их буруутай. Бидний хийх хувьсгал бол бас нэг талаар шашны хувьсгал байх юм.

Сурвалжлагч: Түрүүнийхээ сонирхолтой яриа руу эргэж оръё. Гурвалжин дэлхийн талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

Хувьсгалч А: Хэдхэн үгээр тайлбарлахад хэцүү л дээ, энэ тухай саяхан миний бичсэн “Гурвалжин дэлхий 2012: Монголчууд аврагдах уу?” номноос дэлгэрэнгүй уншаарай. Удахгүй ТВ8 ТВ9 ТВ10 телевизүүдээр рекламаа цацна аа.

Сурвалжлагч: “Монголд ер нь ХҮН байна уу” гэж донжийн Төгөлдөр их асуудаг?

Хувьсгалч А: Монголчууд маань бага багаар хүн биш болсоор байна. Гэхдээ бас хүн хэвээрэй байгаа хэд хэдэн хүн бий. Манай гуравдахь ерөнхийлөгч, Арго багш, Жавхаа дуучнаас авахуулаад хүн чигээрэй байх гээд сэтгэлээ зовоож буй олон хүн бий.

Сурвалжлагч: Бусад нь хүн биш гэж үү?

Хувьсгалч А: Биднийг дагавал хүн чигээрээ үлдэнэ. Бидний хийх гээд байгаа хувьсгал нэг талаараа бас буйгалын хувьсал юм. ХУВЬСАЛ гэхээрээ бүүр том ойлголт л доо. Энэ тухай миний бичсэн “Хувьсгалаас Хувьсал руу” гэсэн номноос минь уншиж болно.

Сурвалжлагч:
Таныг хувьсгалч гэх үү хувьсалч гэх үү?

Хувьсгалч А: Би ХУВЬСАЛЧ болох яагаач үгүй байна.Үүний тулд өчнөөн жилийн хөдөлмөр, өчнөөн жилийн гэгээрэл хэрэгтэй л дээ. Намайг зүгээр хувьсгалч гэхэд болно доо одоохондоо бол.

Сурвалжлагч: Монголын хувьд хэн хэн жинхэнэ ХУВЬСАЛЧ байсан бэ?

Хувьсгалч А: Мэдээж Д.Сүхбаатар бол хамгийн том ХУВЬСАЛЧ байв. Харин дэргэд нь байсан Бодоо Данзан бол энгийн хувьсгалчид байсан. Угтаа Сүх жанжин МАХН –ыг Монгол Ардын ХУВЬСАЛТ нам гэж нэрлэхээр зорьсон байдаг. Гэтэл Зөвлөлтийн хэт зүүний үзэлтнүүд түүнийг элдвээр гоочилж “Г” үсэг нэмсэн түүхтэй. Угтаа бол сая МАХН –ы нэрийг солихдоо “Х” үсгийг хасах биш “Г” үсгийг хасах ёстой байсан. Монгол ардын хувьсгалт нам гэдгийг сольж Монгол ардын ХУВЬСАЛТ нам болгохоор гурав дахь ерөнхийлөгч маань зорьсон. Гэтэл түүнийг нь хүлээж аваагүй.

Сурвалжлагч:
Цаашдын тань зорилго?

Хувьсгалч А: Энэ эх оронд хувьсгалыг, цаашдаа хувьсалыг хийхийн төлөө зүтгэх болно. Олон хөдөлгөөнүүд бий болж байна. Саяхан “Самуурай нараас газраа хамгаалагчид” нэртэй шинэ ТББ байгуулагдлаа, шижигнэсэн сайхан залуучууд газар хөдлөлтөөс дүрвэх Япончуудад нутгаа өгөхгүйн төлөө тэмцэж байна.

Сурвалжлагч: Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе

Хувьсгалч А: Надад сүүлчийн асуулт хариулт гэж байдаггүй.