“Таван толгой”-н нүүрсний ордоос ард иргэддээ 10 хувийг нь олгосон. Энэ 10 хувиас надад 536 хувьцаа оногдоно. Энэ бол миний хөрөнгө. Эх орны минь хишиг, эрдэнийн хувь. Багадахгүй ээ. Чамлаж суухаар чанга атгана. 536 хувьцааг 500 сая төгрөг болгож болно. Би ингэж боддог юм. Тэгсэн чинь миний нөхөр над руу дайрч байна. Үхсэн хойноо 10 хувь, 536 хувьцаа гэдэг чинь нэг муу цаас, Цаадуул чинь эх орноо хятадад худалдчихсан /УИХ засгийн газрыг хэлж байгаа юм Г.Д /,Өөрсдөө хуваагаад идчихсэн гээд л надтай маргаж, хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураах, тэднийг зайлуулах “Энхбаярын цоохор хувьсгалчдын онол”-ыг хэрэгжүүлнэ гэж зүтгэв.

Манай хүн Энхбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зай завгүй зүхэж байгаа баримтыг үндэслэн бичих юм гэнэ. Эрх баригчдын ёстой алж өгөхөөр итгэл үнэмшил үг хоёроо хурцлана. Энэ маргаанаас үүдэн би “Таван толгой”-н нүүрсний ордод юу болж байна нүдээр үзээд ирье. Бас 536 хувьцааны хөрөнгөтэй хүн би хөрөнгөө нэг үзээд ирье гэж томилолт аван гарсан. Тавантолгой, Оюутолгой руу өдөр бүр жижиг онгоц хоёр талдаа дүүрэн зорчигчидтой нисэж байна.

Амар болж ердөө нэг хоноод л ирлээ. Монголын хоёр сая 700 мянган хүний хөрөнгийг арвижуулж эргэлтэнд оруулах үүргийг “Эрдэнэс МГЛ” компани ажиллаж байгаа. Бидний томилсон засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч тэнд хэрэгжүүлж бүгдийг удирдаж байгаа. Очиход “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлага байхгүй байна. Бас нүүрс зөөж байгаа, орон нутгийн “Тавантолгой” буюу ажнайн Бат-Эрдэнийн компанийн удирдлага байхгүй байна. Харин Засгийн газрын төлөөлөгчийг бариад авлаа.

“Эрдэнэс МГЛ” ажлаа эхэлчихжээ. Хаягаа хадчихаж, хорь гучаад гэр барьчихаж. Хааш хаашаагаа 500-гаад метр газар хөрс хуулалтын нүсэр ажил хийж байна. Доошоо 16 метр хөрс хуулаад нүүрсэндээ хүрээд гаргаад ирж. Одоо ачих л дутуу. Урдхан талд нь “Энержи Ресурс” ХХК нүүрсээ ухаж түүний цаана энэ компанийн нүүрсээ ялган сайжруулах аварга том барилга баригдаж байна. “Энержи ресурс” өнгөрсөн жил манай “Эрдэнэс МГЛ” хөрс хуулсан чинээ нэг амнаас л нүүрс зөөж төсөвт 54 тэрбум төгрөг оруулсан гэж бодоход үнэхээр атаархмаар байгаа биз.

Монгол улсын хэмжээгээр анх удаагаа нүүрснээс төсөвт орох орлого Эрдэнэтийн зэсийг давсан гэж бодохоор бид өөрийнхөө өмч болох “Эрдэнэс МГЛ”-ийн нүүрсийг шуудайлаад ч хамаагүй микро автобусанд ачаад яаралтай зөөгөөд хил давуулаад зарчихмаар. Засгийн газрын төлөөлөгч Батбаатар, “Энержи ресурс”-ийн Ухаа худаг салбарын захирал Ш.Байгалмаа нар надаас томилолтын зорилгыг асуухад би хөрөнгөтэй хүн хөрөнгөө эргэж явна. Айл шахуу буугаад олборлолт хийгээд орлогоо олоод эхэлчихсэн танай аварга компани манийхаа хөрөнгөнөөс хусаад байгаа юм биш биз гэж явна гэж цаашлуулахад бүгд инээлдсэн юм.

“Энержи ресурс” үнэхээр аварга бүтээн байгуулалт хийж байна. Хил хүртэлх 300 шахам км хар зам тавьж энэ долдугаар сард ашиглалтад орно. Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гурван баяжуулах үйлдвэрийн эхний үйлдвэр энэ 8 сард ашиглалтанд орно гэж баяжуулах үйлдвэрийг босгож байгаа угсралтын менежер Крайг МК Барон гэдэг хөгжилтэй залуу өгүүллээ. Орон нутгийн “таван толгой” ажнайн Бат-Эрдэнийн компани ч сүүлд эхэлсэн гэхэд амжилттай өрсөлдөж байна. Олборлосон нүүрсээ баяжуулах төдий биш бүүр коксжуулаад гаргаж байна.

Засгийн газрын төлөөлөгч Батбаатар, захирал Байгал бид гурав өөрийнхөө хөрөнгийг харлаа. /Эрдэнэс МГЛ-ийн газрыг би миний болон бидний хөрөнгө гээд байгаа юм. Г.Д/ Монголын ард түмэнд оногдсон арван хувийн газар гэдэг чинь том газар байнаа. Хойшоогоо бараг 60-аад км, Зүүн тийшээгээ 40 гаран км сайн нүүрс байна гэнэ. Нүдээр харахад зах нь харагдахгүй их говь сааралтана. Бас нэг баярт мэдээ гэвэл учраа олж булаацалдахгүй байвал Монгол хүний амны хишиг их, орд болгоныг арван хувьдаад байвал хөрөнгө маань нэмэгдээд байх бололтой.

Нутгийн гүн тийшээгээ багцаагүй их нүүрстэй бас нэг орд газар илэрчээ. Засгийн газрын төлөөлөгч хөрөнгөө эргэж яваа надад “Тавантолгой”, “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын төсөл хэрхэн явж байгаа тухай танилцууллаа. Зөвхөн эндээс нэг бүр нь 100 тоннын даацтай 4065 машин нүүрс ачиж байна. Засгийн газар хөрөнгө мөнгө байхгүй ч гэсэн замын цагдаагийн дарга Энхжаргал зөв арга хэмжээ авчээ. Замын цагдаагийн 4 машинтай 8 офицер өдөр шөнөгүй дагаж 8000 жолоочид үйлчилж явна.

Юнителийн залуучууд машин бүрт чеп суулгаж машины мэдээллийг авдаг болгоно гээд ажиллаж байна. Өнгөрсан зун УИХ-ын гишүүн З.Энхболд ерөөсөө хар зам тавиад нүүрсээ машинаар зөөе ядаж ажлын байр гарах нь ашигтай юм гэж байсныг уншигчид санаж байгаа байх. Бас бодлого юм байна хөөе. Одоо 9000 жолооч сард сая гаран төгрөгийн цалин авч байна. Даанч ажил нь хүнд юм. Засгийн газрын төлөөлөгчийн машинд суун нүүрсний машин дагаж хил руу явлаа. Засгийн юм болохоороо тэгдэгдээ, өнөө муу тэрэгний дугуй нь хоёр км яваад л хагарах юм. /Бас үнийг нь төлөөгүй гэж байгаа Г.Д/.

Харин Байгал захирал машин гаргаж хөл залгуулав. Гашуун сухайт боомтын хувьд Засгийн газар чадахынхаа хирээр арга хэмжээ авчээ. Гучаад өрөөтэй боомтын байшин барьчхаж, Хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналтынхан гээд цаг наргүй зогсож байгаа төрийн албан хаагчдаа сайхан тохилог амарч унтах 48 ширхэг байртай болгожээ. Хил дээр байгаа манай төрийн албаныхан Ардчилсан намын дарга шадар сайд Алтанхуягт баярлалаа гэж хэлээрэй гэсэн юм.

Н.Алтанхуяг сайд хил дээр ирж ажил байдалтай нь танилцжээ. Тэгээд маш том арга хэмжээ авсан гэнэ. Гаалийнхан одоо 24 цаг ажиллах боломжтой болсон. Бусад төрийн байгууллагууд ч гэсэн жигдхэн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ. Засгийн газраа хүн толгойтой болгон л зүхэж хараадаг. Урамтай үгийг сонсог дээ. Манай талын хилийн боомт нүүрсээ гаргахад чадлынхаа хирээр ингэж бэлджээ. Харин урд тал яаж тосож хүлээж авдаг харах гээд нар жаргаж байхад хилийн пост дээрээс хүний нутаг руу харлаа.

Нүүрс ачсан машин цаашаа нэвтрэх 10 гарц наашаагаа орох арван гарц байна. Тавин мянган хүн амьдрах байшин барилга зам, дэлгүүр зах, үйлчилгээний газрыг барьчихжээ. Асар их баялаг ачаад Монголоос ирнэ гэж ингэж бэлдсэн байна. Яаж ч харлуулсан энэ засгийн газар аварга бүтээн байгуулалтыг эргэлт буцалтгүй эхлүүлжээ.

Их говийн үүц задарчээ. Энэ их бүтээн байгуулалтын эргэн тойронд мөнгө хаялага арвин байна. Дарханаас ирсэн сайн гагнуурчин залуу долоо хоногт гурван сая төгрөг хийдэг гэнэ. Бусад гагнуурчин гагнасан гагнуураа салахад мань эрийн гагнасан төмөр өөр газраараа сална уу гэхээс гагнаасаараа бол салдаггүйд жолооч нар дугаарлаж байна. Нэг гэр барих зөвшөөрөл гурван саяын шагаар авахад цаана нь мөн тийм ашигтай байна. Жолооч нарын хувцасыг угааж индүүдээд саятан төрж байна. Хулгайгаар ямар ч архи доод тал нь 5000 төгрөг, тэгээд 10000 төгрөг хүрдэг гэлээ. Тавантолгой.

Оюутолгойн төслийн эргэн тойронд нэг иймэрхүү. Эргээд Монгол хүн бүрийн 536 ширхэг хувьцаа буюу үндсэн зорилгодоо оръё.

Хэрвээ Монгол хүн бүр 536 ширхэг хувьцаагаа чулуу болгоё гэвэл Засгийн газар “Эрдэнэс МГЛ”-ийг сайн шахаж яаралтай эргэлтэнд оруулах хүн бүр толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Хөрөнгөтэй хүн гэж бодоод “Эрдэнэс МГЛ”-ийн газар дээр зогсох нэг л сайхан. Бас хөрөнгөө арвижуулах бодол төрж байна. Ямар өөрт оногдсон нүүрсээ хүрзээр ухаад тракторын чиргүүлд ачаад эдний машины араас нүүлтэй биш. Гэхдээ л миний хөрөнгө гээд байгаа чинь Монгол хүн бүрийн хөрөнгө.

Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад УИХ-ын гишүүд бүүр дөнгөж төрсөн хүүхдийн ч хөрөнгө мөн. Бидэнд бас давуу тал бий. Нэгэнт өрсөлдөөнд “Энержи ресурс”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “МАК” зэрэг аварга компаниудыг давахгүй юм чинь албан тушаалтнаа ашиглах боломж үлджээ. Төмөр замын тусгай зөвшөөрлийг ганцхан “Эрдэнэс МГЛ-д” өгчих. Гашуун сухайт, Шивээ хүрэн хоёр хилийн боомтын дундуур шинэ боомт нээгээд төмөр зам тавьчих юмсан.

Хятадууд цаанаас нь “Эрдэнэс МГЛ”-ийн нүүрсийг мөн л тосоод авна. Бид ямар тусгай зөвшөөрөл гаргаж чадахгүй юм биш. Монголын бүх улс төрийн болоод төрийн албан тушаалтан бүгдээрээ 536 гаа чулуу болгоё гэж бодож таараа. Том компаниудын хил гаргах бүх ачааг хямд тарифаар тээвэрлэнэ. Хөрөнгөтэй хүн би хөрөнгөө үзээд ирлээ. Бас ингэж бодлоо. Тавантолгой Оюутолгойн ашигт малтмалын орд газар үнэхээр их бүтээн байгуулалт өрнөж байна.

Үүнд сөрөг хүчний үүрэг. гүйцэтгэж байгаа нь энэ гэсэн улс төрчид, тэдний хэвлэл, мэдээллийнхэн, иргэний хөдөлгөөн нэр зүүсэн рекетлэгчид сум аймгийн хурлын болон засаг дарга гэсэн сэтэр зүүсэн нутгийн индианууд санаатайгаар саад болж байна. Энэ тухай дараа өгүүлсү.