Монголд улстөрийн шинэчлэл хийх цаг болсон. Шинэчлэл хийе гэж хэлэхэд ч багадна.  «Хувьсгал» гэж нэрлэвэл илүү зохино. Элбэгдорж «Хийдэг хувьсгалаа хийсэн» хэмээн хэлсэн нь үнэн. Нийгмийн байгууллыг өөрчлөх хувьсгалын тухай ярьж байгаа бол монголчууд хийдэг хувьсгалаа 90 онд хийсэн. Дарангуйллаас ардчилалд шилжих хувьсгалаа хийчихсэн. Харин энэ удаагийн «хувьсгал» нь төрийн олигархи дүрсийг халах хувьсгал. Манай нийгэм нээлттэй ардчилсан хэвээрээ байгаа боловч төр нь олигархи хэлбэрийг улам бүр олж байгааг бид харсаар байна. Үүнийг зогсоох ёстой. 

Ийм санаа бодол хааяагүй байна. Өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүс гудамжинд ч байна, Засгийн ордонд ч байна. Өөрчлөлтийн үзэл санаа ингэж нийтийг хамарсан байхыг би 90 онд л харж байсан.

     Харамсалтай нь өөрчлөлт хийхийг хүсэн тэмцэж буй хүмүүс үндсэндээ хоёр хуваагдаад байна. Хувьсгал хийх арга замын тухайд санал зөрсөн учир хоёр хуваагдчихаад байгаа юм. Нэг хэсэг нь Үндсэн хуулиар олгогдсон боломжийг ашиглан тайван замаар «хувьсгал» хийх нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл нөгөө хэсэг нь хүч хэрэглэн төрийн эрх мэдлийг булааж авах замаар улстөрийн шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн дайрч байна. Хүч хэрэглэх талынхан цаашилсаар больщевикууд болон хувирч байгаа нь өөрчлөлтийг хүсэгчдийн дундах хагарлыг улам бүр гүнзгийрүүлсээр байна.

     Хүч хэрэглэх талынхныг больщевикчиж байна гээд хэлчихсэн чинь биднийг больщевикууд гэж гүтгэлээ хэмээн гомдоллож эхэлсэн. Гомдоллох нь аргагүй, больщевикуудын харгислалыг биеэрээ үзсэн монголчууд энэ нэрийг дуулаад «бузартах»-аас сэжиглэх мэт зайгаа барин дайждаг. 40000 орчим гэмгүй монгол хүнийг «халуун хөнжлөөс нь сугалж гаргаж ирээд буудчихсан», сүм хийдийг нь шатаан газартай тэгшилсэн, мал өмч хөрөнгийг нь хураан нийгэмчилж сөхрүүлсэн  больщевикууд бол бузартсан хүмүүс.

Гомдоллож буй хүмүүс өөрсдөө больщевизм гэж юу болохыг ч мэдэхгүй биз. Тэд Лениний сүнсийг дуудаж, больщевикуудын үзэл санааг «өндөрт өргөж яваа»-гаа мэдэхгүй байгаа бололтой. Тэдний энэ байдал больщевик гэдэг нэрнээс булзаад байгаа хэрнээ үзэл санааг нь намируулаад гүйгээд байгаагаас харагдаж байгаа юм.

Марксизм дахь «талибан хөдөлгөөн» болсон больщевикууд гурван үндсэн таних тэмдэгтэй байдаг юм. Нэгд: төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч ардчиллыг устгадаг (онолыг нь Ленин боловсруулсан), хоёрт: нийгмийг баян ядуугаар нь хуваан хагаралдуулан турхирч өмч хөрөнгийг булаан авч нийгэмчилдэг (онолыг нь Маркс боловсруулсан), гуравт: өөрсдийг нь эсэргүүцэгчдийг залхаан цээрлүүлэх дур зоргын «шүүх» гээчийг байгуулдаг (Ленин санаачилсан). Ийнхүү үзвэл Их хуралдайчид больщевизмаас өөр зүйл ярьж байна гэж үү? Үнэнийг үнэнээр нь хэлж буй минь энэ.

    Энхсайхан, өнөөгийн олигархи төрийг ард түмэн өөрсдөө сонгосон гэдгийг онцолсон байдаг. Тийм ээ. Хичнээн харлуулавч энэ төр ард түмний сонголтоор байгуулагдсан хууль ёсны төр. Энэ төрийн эрхийг хүчээр булаан авна гэдэг бол ард түмний, өөрсдөө төрөө сонгож байгуулдаг эрх мэдлийг булаан авч буй хэрэг. Тун үнэ цэнэтэй эрх мэдлийг нь булаан авсныг ард түмэн нэг их удалгүй сэхээрнэ. Тэгэхээр, булаан авагчид ард түмний өмнө уг «дээрэм»-ээ цайруулахын тулд  хувьсгалд уруу татсан амлалтуудаа богино хугацааны дотор ажил хэрэг болгон үзүүлэх хэрэгтэй болдог. Тэгэж эс чадвал, нэг бол Ющенко, Тимощенко нар шиг унана, нөгөө бол Бакиев шиг зугатах хэрэг гарна. Үгүйдээ л Саакашвили шиг Оросууд дайрлаа хэмээх мэдээлэл тарааж олон түмнийг айлгаж суух болно. Гэтэл, хяслантай юм шиг, тогтворгүй болсон нийгэмд санхүү хөрөнгийн гүйлгээ зогсож эдийн засаг уналтанд орсноор хүмүүсийн амьдрал навсайтлаа дордоно. Хувьсгалын амлалтанд хууртсан олон түмний хилэн хөдөлдөг. Үүнийг шүүрч авах «хувьсгалын эсэргүүчүүд» мөдхөн гараад ирнэ, тэднийг хүчээр дарах хэрэгтэй болно.  Ийнхүү төрийн эрх мэдлийг хүчээр булаан авагчид өөрөө ч хүсээгүй байхад нь дарангуйлал тогтоох зайлшгүй шаардлага бий болдог билээ. Хүчирхийлэл хүчирхийллээ төрүүлдэг зүй тогтолтой. Оливер Кромвель дарангуйллыг хүсээгүй, гэхдээ дарангуйлагч болсон учир энэ.

      Харин Ленин «Засгийн эрхийг тайван замаар авч болох байсан ч больщевикууд түүнийг хүчээр булаан авах хэрэгтэй. Яагаад гэвэл бид ардчиллыг устгаж дарангуйлал тогтоох зорилготой гэдгээ эхнээс нь харуулах ёстой» хэмээн «Төр ба хувьсгал» зохиолдоо ил тод зарлаад, энэ ёсоор үйлдэж дарангуйллаа тогтоосон билээ. Кромвелийг бодвол Ленин засгийн эрхийг хүчээр булаан авах нь зайлшгүй дарангуйлалд хүргэнэ гэдгийг андуугүй мэдэж байсан юм. Тэгэхээр манай Их хуралдайчид, засгийн эрхийг хүчээр булаан авбал ардчилал гарцаагүй устана гэж сэрэмжлүүлсээр атал зөрүүдлээд байхыг бодоход Лениний заасан замыг сонгож авсан мэт сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.

      Монгол шиг жижигхэн оронд хүчээр засгийн эрхийг булааж «тоглох» нь төрт ёсыг устгах аюултай. Нэгэнт Их хуралдайчид засгийн эрхийг хүчээр булааж авч болж байгаа юм бол яагаад эгзэг нь таарахаар дараагийн «хуралдайчид» ингэж болохгүй гэж?! Нийгмийн бүх бүлгүүдэд засгийн эрхийг булааж авах эрх нээгдэнэ шүү дээ! Тэгээд улс төрийн бүлэглэлүүдийн хооронд засгийн эрхийг хүч хэрэглэн булаалдах «уралдаан» эхлэнэ. Нэн ялангуяа газар доороо ийм их баялагтай үед бүр ч аймаар юм болох нь гарцаагүй. Энэ үед хоёр хөрш маань «энхийг сахиулагчид»-аа илгээх болно доо!

      Их хуралдайчид «Үгээгүйчүүд нэгдэгтүн! босогтун!» хэмээн, 163 жилийн өмнө Марксын анх дуудсан уриаг дахин уухайлан дуудлаа. Маркс нийгмийг баячууд үгээгүйчүүд гэдэг хоёр анги болгон хуваагаад баячууд нь үгээгүйчүүдийг мөлжин хөрөнгөжсөн болохыг «нээжээ». Маркс баячуудыг хөрөнгөтнүүд, үгээгүйчүүдийг «гинжнээс өөр алдах юмгүй» пролетари нар хэмээн тус тус нэрлэсэн байдаг. Тэгээд хэн ч баяжих эрхгүй байхыг шудрага ёс хэмээн номлоод хувийн өмчийг их бага гэлтгүй хураахыг үгээгүйчүүдэд уриалсан «Тунхаг» гаргажээ.

      Би «нээлт» гэдэг үгийг зориуд онцлон хашилтанд хийж байгаа учир юу гэвэл хөрөнгөтнүүд пролетари нарыг боолчлон мөлжиж хөрөнгөжсөн гэдэг шиг худал бөгөөд асар их хор хөнөөл тарьсан ийм нээлт хүн төрөлхтөнд бараг үгүй юм. Шүмпетер мөлжлөгийн онолыг «үгэн тоглоом» гэсэн байдаг.

      Хувь хүний хангалуун сайхан амьдрах гэсэн хүсэл зориг баялаг бүтээх уг сурвалж болж байдаг. Тэгэхээр хүмүүс нь баяжих эрхтэй тийм нийгэмд үндэсний баялаг арвижиж, эцсийн дүндээ үгээгүйчүүдийн амьдрал ч сайжирна. Баяжих «шунал»-аас бүгд хожиж байдаг. Бидний барьж байгаа гар утас буянт сэтгэлийн хишиг гэхээсээ илүү ийм утас хийж зарснаар баяжих болно гэдгийг олж харсан «шунал»-ын хишиг билээ. Марксаас 72 жилийн өмнө Адам Смит ингэж нотолсон юм.

      Гэтэл Марксын сургаальд автсан коммунистууд үгээгүйчүүдийг уриалан хувьсгал хийгээд хэн ч баяжих эрхгүй нийгэм байгуулжээ. Бүтээгч «шунал»-ыг устгасан. Энэ нийгмээ социалист хэмээн нэрлэсэн.  Иргэд нь өнгөн дээрээ хэнхэг боловч үнэндээ бэлэнчлэх, хулгайлах гэдэг хоёр ухаанд гаргууд суралцаж,бүтээлч чадвараа алдсаар байдаг марзан нийгэм байгуулжээ. Социалист нийгэм нь алсдаа үндэсний баялаг бүтээх ямар ч чадваргүй болох нь тодорхой болж бүрэн дампуурсан билээ. Зөвлөлт гүрэн дампуураад 20 жил болж байхад сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдгийн үлгэрээр зөвлөлтөжсөн хүн өнөө хэр нь Шереметьевийн нисэх онгоцны буудлаар дамжигсдын ачаа тээшийг хулгайлсаар байна. Социализмын дампуурал Маркс бус Адам Смитын зөв байжээ гэдгийг яруу тодоор нотолжээ. Гэхдээ энэ үнэнд хүрэхийн тулд мөн ч их хүний амь нас сүйдэж, мөн ч их баялаг шатаан сүйтгэгдсэн дээ.

      Нийгмийг баян ядуу анги болгон талцуулж үгээгүйчүүдийн хувьсгал хийхийн горыг хамгийн ихээр амссан улс орнуудын тэргүүн эгнээнд жижигхэн Монгол зогсдог. Больщевикуудын суртал хийгээд дэмжлэгт догьсон үгээгүйчүүд, үгээгүй гэдгээрээ бахархан хөөрч хорслоо тайлахдаа манай орны түүхэнд урьд хожид байгаагүй алан хядалт, галдан шатаалт, дээрэм тонуулыг хийсэн. Алан хядалтаа хувьсгалын эсэргүүг дарж байна гэж зөвтгөнө. Галдан шатаалтаа феодал болоод шашны хоцрогдсон бурангуй ёсыг халж байна хэмээн сайрхана. Дээрэм тонуулаа мөлжигч хувийн өмчийг нийгэмчилж байна гэж сурталдана. Ийм өргөн цар хүрээтэй сүйтгэлийг монголчууд Улс болсноосоо хойш хэзээ ч үзэж байгаагүй. Тийм ч учраас монголчууд үгээгүйчүүдийг жигшин зэвүүцдэг болсон юм. Тэгээд сүүлийн 20 жилд үгээгүй гэдгээрээ гайхуулах явдал устаж байлаа. Гэтэл Их хуралдайчид үгээгүйчүүд босогтун гэдэг марксизмын мартагдсан уриаг сэрээж, үгээгүй гэдгээ гайхуулан цээжээ дэлддэг боллоо!

     Тэдний хувьсгалт хэргийг эсэргүүцэх хэн бугайг ч залхаан цээрлүүлэх зорилготой “Ард Түмний Шүүх” гээчийг байгуулан ленинч байдлаа бас харуулж байна. “Ард Түмний Шүүх”-ээр залхаан цээрлүүлэх хүмүүсийн жагсаалт гаргаж эхэлсэн. Жагсаалтанд хүний нэр нэмж оруулсаар байна. Сүүлийн мэдээгээр, нэг дэх Ерөнхийлөгч Очирбат, хоёрдахь Ерөнхийлөгч Багабанди нарын нэрийг жагсаалтанд нэмжээ.

      Ангийн дайснаа устгах зорилгоор Лениний санаачилсан Онцгой Комиссыг нэхэн санаад дахин сэргээн байгуулах Их хуралдайн шийдвэрийн автор нь Нэргүй доктор мөн гэдэг нь эргэлзээгүй. Их хуралдайчдад ийм хэмжээний мэдлэг ч байхгүй.

     Нэргүй доктор бол Ленинийг багшаа хэмээн сүслэн мөргөдөг, сүүлчийн Могикан гэдэг шиг сүүлчийн больщевик билээ. Ямар ч хольцоогүй больщевик. Хувьсгалын тухай Лениний зохиолуудыг цээжээр мэднэ. Марксизм-ленинизмыг түүн шиг судалж мэдсэн хүн Монголд байтугай дэлхийд ховор.

      Их хуралдайчид шинэ больщевизмын үзэл санаагаар зэвсэглэж байгаагаа мэдээгүй юмаа гэхэд харин Нэргүй доктор юу ярьж байгаагаа мэдэхийн цаагуур мэднэ. 90 оны ардчилсан хувьсгалыг больщевик хувьсгал болгочих шахсан хүн. Тэр үед Зориг, Элбэгдорж бид нар Нэргүй докторын цаад санааг мэдэлгүй нэг хэсэг түүгээр “багшлуулж” байлаа. Ашгүй эхлээд Зориг, дараа нь Элбэгдорж Нэргүй докторын больщевизмыг таниад яваад өгсөн. Би арай хожуу, ардчилсан хувьсгалыг хүч хэрэглэн явуулж Ард Түмний Онц Зөвлөлөөр дарга ямбатны ангийн олон хүнийг цааш нь харуулах болно хэмээн ам алдах үеэс нь түүний зорилгыг таньж зайгаа барьсан. Зайгаа бариад зогсохгүй Нэргүй докторыг Ардчилсан Холбооноос хөөсөн юм. Хариуд нь Нэргүй доктор Зориг, Элбэгдорж бид гуравт “урвагч” гэдэг “цол” хайрласан ажгуу. Өнөөдөр Нэргүй докторт Их хуралдайчид олджээ.      

      Ийнхүү Их хуралдайчид больщевизмын гурван таних тэмдгийг духан дээрээ наагаад явж байна. Тэд, бичиг үсэг мэдэхгүйгээсээ болоод “Би бол тэнэг” гэсэн бичигтэй малгай өмсөөд явж байдаг залуу шиг духан дээрээ наасан зүйлийнхээ учрыг мэдэхгүй яваа бололтой.

      Больщевик хувьсгал ардчиллыг гарцаагүй устгадаг зүй тогтолтой юм. Тэгэхээр больщевикуудтай нийлж олигархийг хална гэдэг нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болно. Олигархийн төрөөс больщевикуудын дарангуйлалд шилжинэ. Ардчиллаас дарангуйлалд шилжинэ. Ийм гайг харж байхын оронд нэгийгээ дуустал үзсэн нь дээр.

      Хэрэв зээ Их хуралдайчид больщевик санаархалаасаа татгалзвал олигархи төрийг халахаар хамтдаа тэмцэж болно! Яагаад үгүй гэж?

     Олигархийг халах «хувьсгал» 90 оны ардчилсан хувьсгалын хажууд хүүхдийн тоглоом гэсэн үг. Нэг их зориг зүрх ч хэрэггүй. Иргэдийнхээ тайван тэмцэл хийх бүх эрхийг өнөөдөр ардчилсан Үндсэн хуулиар баталгаажуулчихсан байгаа. 90 онд харин зүрх зориг хэрэгтэй байсан. Тэр үед коммунист засгийн эсрэг, тэмцэх бус зүгээр л шүүмжлэх төдийд ч гэсэн цаазаар авах хүртэл ял заасан хуультай байсан билээ.