Хэзээ нэгтээ ч билээ урьд нь үзсэн ч юм шиг... , амьдрал гэгч юу болохыг мэдэх битгий хэл, юу юм болоо ч гэж бодож яваагүй арван хэдхэн насандаа. Мэдээгүй ээ, тэгэхэд юу болоод өнгөрснийг огтхон ч мэдээгүй. Үхэл гуай орны толгой дээр намайг хүлээгээд сууж байсан.

Одоо тэр бас л намайг зориод ирж.  Харин юун их холоос би мэдрэв ээ. Уртаа хол замын үзүүрт, тэртээ тэнд  цайвалзах төдий тэр л үзүүрт зэрэглээтэн наашлах дүр нь харагдна. Энэ миний л бодол. Үнэндээ тэр хэдийнэ ирчxээд цонхыг минь тогшиж байгаа ч  юм билүү. Тэгээд би ингэж хүчтэй мэдрээд байгаа ч юм билүү. Хүн гэдэг ямар дорой билээ, орон зай гэдгийг яаж ...ядаж өчүүхэн муу сарьсан багваахай шиг мэдэрч чадах билээ дээ.

Үхэл гэдэг үгийг сонссон хүний тархинд айдсын мэдрэмж дагаж төрнө. Өөрт нь биш ч өрөөл нэгэн дотно хүнд нь тулаад ирсэн үхэл гэдэг ямар аймшигтай вэ.
"Харин яагаад ч юм надад дусал ч айдас алга". Үхэл ээ! Би чамд зориулж энийг хэллээ.

Харин Хагацал аа, чамаас л би айна. Хамгийн дотно нэгнээ үгүй болон одохыг харан харуусч, цээжээ урах тэднийхээ өмнөөс би чамаас айж байна. Үхэх хүн яах вэ! Үзсэн бүхэн нүдний өмнүүр жирэлзэж, насандаа бодоод олоогүй учир бүхэн нэгхэн агшинд л тодрон харагдаж... насаараа хүндэтгэж ирсэн миний сайхан авга ах ба газраар мөлхөгч өт хорхой 2  яг л адилхан амьдрал туулж ирсэн нь нүднээ ил болно. Энэ бүхнийгээ үлдэгч үр хүүхэд, найз нөхөддөө хэльюү гэвч тэдний намайг харах харц хэчнээн өрөвдөнгүй гэлээ ч яг л хониных шиг тэнэг байх нь эргээд нүдээ анин, чив чимээгүйхэн хэвтэх хүслийг төрүүлнэ. Харин арван хэдтэйх үе дэх ээжийн минь тэр харц, духан дээр тавиастай зөөлхөн алга нь ... сайн мэдэхгүй юм, бурхан чи яг л ийм үү?

За нүдээ аниж чимээгүй хэвтэе. Нүдээ аних төдийд дээшээх хэдэн арван үеийн өвгөд эмгэд намайг хүлээн суух агаад энэтээ захад миний суудал хэдийнэ тавигдсан байх нь харагдна. Угтаа хүн нүдээ нээж хардаг сан, харин одоо анихад бүх зүйл харагдах... Нүд гэгч хэчнээн чивэлт эрхтэн билээ, шунал хуял төрүүлсэн гоё гялгар хийгээд гоолиг налархай бүхнийг хүн нүдээрээ л эхэлж хайна. Үхэл амьдралын нэгээхэн ялгаа энд оршно уу.

Дэргэд минь мэгшин уйлах үрс минь дээ. Амьдрал одоо та нарт минь хөлдүү төмөр шиг л байгаа. Гэлээ гээд та нар минь сажилсаар сажилсаар миний энэ л агшинг нэгэнтээ мэдрэх цаг ирнэ. Сэтгэл чинь аугаа тайвшралыг олно. Бүх юм сайнаар төгсөнө, энэ бол бурханы бэлэг-үхэл. Энэ л миний эцсийн тайтгарал...