Сонгуулийн хууль бас л өөрч­лөгдөж шинэ хуулиар ирэх жилийн бүх шатны сонгууль явагдана. Энэ хуулийг тэсч ядан хүлээж хувь заяагаа шийдүүлэх гэж байгаа хүмүүс бол мэдээж сонгогдож, томилогдох бүх шатны албан тушаалтан буюу азаа үзэгсэд юм.

УИХ-ын гишүүний 76 орон тоо гарахад хамгийн дээд тал нь 16 намын 1204 нэр дэвшигч гарч байсан инээдтэй түүх байна. Орон нутагт бол бүр алаад өгнө. Хот, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7500 орчим  суудлын төлөө бие даагчтайгаа нийлээд 30 гаруй мянган хүн депу­тат болох санаатай өрсөлддөг. УИХ-ын гишүүний суудлын төлөө өрсөлдөөнд албан ёсоор 180 мян­ган сонгуульчин ажиллана. Орон нутгийн сонгуульд тэрнээс арай олон буюу бас л 200 мянган сонгууль­чин ажиллана. Өнгөрсөн сонгуулиудын түүхэнд Ардчилсан нам, Ху нам хоёр л ана мана, ач тач үзэлцэж байсан. Харин нөгөө хэсэг нь азаа үзэгсдээр  хооллодог, мөнгө хийдэг  олон хүмүүс байдаг. Үхсэн хүний ч хамаагүй 801 хүний гарын үсэг цуглуулаад нам байгуу­лаад сонгуульд орно. Эсвэл томоо­хон компаниуд 801 ажилчдаа хурал­дуулаад нам байгуулна. Тэгээд сонгууль амдаад суучихна даа. Тэднийг бүгдийг нь  нэмэхээр 400 мянган хүн сонгуулиар өвчилнө. Өвчин ч биш бүүр мэргэжил болсон юм даг уу даа. 

Сонгууль гэдэг нэр үгэн дээр "чин" гэдэг дагавар залгаж сон­гуульчин гэдэг мэргэжил бий бол­жээ. Сонгуульчин, энэ бол манай улсын хамгийн залуу мэргэжил. Өндөр зэрэгтэй, мэргэжлийн сон­гууль­чин болохын тулд хийх, өр­сөл­дөгчөө миалах, гутаах, хар пиар хийх, зүсэн зүйлийн муу аргад гарших хэрэгтэй. Сайн сонгууль­чин сонгуулиар мөнгө хийнэ. Жи­жиг намын нэр дэвшигчид, бөх, дуучин, уяач, телевизийн эзэн, сэтгүүлч, олны танил хүмүүс, луйварчид. Сонгуульчин мэргэж­лийг сайн эзэмшвэл мөнгө хийх алтан боломж. Ядаж л өөрийнхөө нэрийг давхар дэвшүүлээд нэрээ татаж авах, тойргоо зарах, тойр­гийн ченж хийх, рекетлэх гээд үй олон мэх байдаг.

Сонгуульчны дотор санал тоо­ло­ход гаршсан том луйварчдын сүлжээ байдаг. Тэд бол том хийнэ дээ. Хэн нь ялахыг эцсийн дүндээ хэсгийн дарга мэднэ ээ (Сон­гуу­лийн хэсгийн хорооны даргыг хэлж байна). Сонгуулийн хороодын  бүрэлдэхүүнд нөгөө дуунд үглэдгээр "Мөнгөнд дургүй хэн байх вэ. Мөнхийн гишүүн хаа байх вэ" гэдэг шиг л...

Олон зуун мянган сонгуульч­дын дотор хамгийн арчаагүй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэд бол на­мын гишүүн гэж  цаасан батлахад толгой нь  оосорлогдсон олонхи. Тэд тухайн намдаа ар гэр, авгай хүүхдээсээ илүү хайртай. Ху намын үзэл суртлаар  насаараа хүмүүж­сэн, зангиа зүүж, хавтас сугавчил­сан хэнхэг өвгөд эмгэд. Ардчилсан намын хорин жилийн өмнө өмсөж байсан пальтогоо сольж чадаагүй ч үзэл бодолдоо үнэнч үзэлцсээр байгаа партизанууд, ардчиллыг дэмжигчид энэ ангилалд орно. Тэд сонгуулийн үеэр хамгийн хямдаар "биеэ үнэлнэ". Өдрийн хоолны хуушуур. Сайндаа ганц шил архин шагналаар л явна. Намын томчууд нь тэднийг галт тэрэгний дэр мод болгоод ашиглана. Нам нь галт тэрэг гэвэл удирдагчид нь жолоо­дож, албан тушаал авагчид нь зөөлөн суудалд тухлан мань намын гишүүд ачааны хүндийг дээгүүрээ өнгөрөөн, өтгөн шингэнд нь ялзардаг дэр мод шиг үлдэц­гээнэ. Их л сайндаа  баяраар мэндчилгээ, хадаг самбай, одон тэмдгээр намын гишүүдээ  шагнаж онгирооно.

Намын гишүүдийн ханш ийм байхад саналын луйварчид,  сана­лын ченжүүд, урвагчдын ханш бол тоймгүй өндөр. Хоёр нам бие биеэ чи луйвардсан, би бол ариухан, цэвэрхэн гэж хэрэлдэхээс биш хоёулаа л хийдэг шүү дээ. Тун болохгүй болохоороо эвсэж  байгаад, тохирч байгаад хийнэ. Иргэний үнэмлэх авна. Санал хийнэ, хийх ханшаа тохиръё гэдэг зарыг бид л мэдэхгүй болохоос биш аль хэдийнэ ил болсон. Нэрээ  дэвшүүлье гэвэл, дэвшүүлсэн хой­ноо татъя гэвэл, тойрог най­маалъя гэвэл, намаа ялуулъя гэвэл бас ялагдуулъя гэвэл, нам дотроо дээгүүр эрэмблүүлье гэвэл "сон­гуульчин ченж"-тэй эхлээд тохирох хэрэгтэй. Энэ бүгдийг нийлүүлээд "санал хийх" гэж ярьдаг байна.

Архаг сонгуульчны  туршлагаас  үзвэл "хийх ханш" сонгуулиас сонгуульд  юмны үнэтэй шууд хамааралтай өсдөг байна. 2004 оны сонгуульд  манай дүүргийн бүх хорооны дарга нар нэг зэрэг бүгд саарал өнгийн "эксел" гэдэг машин­тай болсон. 2008 онд бол тасар­сан даа тасарсан. Харин 2012 оны их хурлын сонгуулиар хийхэд Ланд 200 яригдах болно. Тойрог том­соно. Тэгэхээр дор хаяж хоёр сая ам.доллар хармаалсан чөмөгтэй­хэн аавын хүү УИХ-д үзэхгүй бол бусад нь горьдсоны гарз. Манай сонгуулийн түүхэнд 800 мянгаас нэг сая орчим сонгогч санал өгдөг. Харин нэр дэвшигч болон түүнийг тойрсон албан ёсны "Сонгуульч­дын тоо 400 мянга хол даваад байна. Дээр нь намын гишүүдийг нэмээд  улс даяараа сонгуульчид. Хөөе цаана чинь  насанд хүрсэн бүх хүн "сонгуульчин" мэргэжилтэй болоод ганц ч сонгогч байхгүй болсон юм биш үү. Сонгогч байхгүй бол­сон юм чинь УИХ, орон нутгийн сонгуульд гарч ирэх хүмүүсийн тө­лөө хэн маань саналаа өгөх юм бэ.