Саявтархан миний бие АНУ-д зочлох үеэрээ пост коммунист орнууд, түүний дотор манай улсад ардчилал, нээлттэй нийгмийг хөгжүүлэхэд хөрөнгө, хүн хүчний томоохон дэмжлэг үзүүлж ирсэн Жорж Сорос гуайтай уулзаж тухлан хуучлах завшаан тохиолдсон юм.  Тэрээр ажил мэргэжилтэй маань холбоотойгоор надаас өнөөдөр Монголд аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал юу вэ гэж асуулаа. Би товчхоноор “баялгийн хараал” гэж хариулсан. Хариуд нь Сорос “Тийм шүү. Монгол шиг ардчиллын тулгуур институцүүд бэхжиж амжаагүй орнууд байгалийн их баялгаа ашиглах завшаан гарангуут засаг төр нь гэнэтийн их мөнгө, эрх мэдэлд ялзарч ардчиллын замаас ухардаг, улмаар цөөн хүн баялгийн эзэн болж олонх нь ядуурдаг гашуун туршлага дэлхий дээр хаа сайгүй байна. Өнөөдөр Монголд ч ийм тохироо бүрдчихжээ гэж санаашрангуй өгүүлснээ, “гэхдээ Монголчууд та нар миний мэдэх хамгийн эх оронч хүмүүс, би үүнд л найдаж байна” гэж билээ.  Түүний энэ үг надад С.Зориг агсны “би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн өөдрөг үгийг өөрийн эрхгүй санагдуулсан. Үнэхээр ч хөгжлийн хамгийн ээдрээтэй үедээ байгаа Монгол улсын хувьд шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүд ч, иргэд ч тэр саруул ухаанаа зарах цаг иржээ. 

Бидэнд байхгүйн зовлон биш, байгаагаа шингээж чадахгүйн зовлон нүүрлэж эхэлж байна. Баялгийн хараал гэж хяналтгүй, хариуцлагагүй төрийн балаг, идэвхгүй   иргэдийн уршгаар олсон, бүтээсэн нь гавьяа биш, гай болон хувирахыг ойлгож байгаа. Монголын улс төр зөв замаар явбал бид ч, бидний үр хүүхэд ч дунд зэргийн хөгжилтэй орны иргэдтэй адил хэмжээний орлоготой сайхан амьдрах эдийн засгийн боломж уг нь манайд бүрдэж эхэлж байна.

Сонгууль

Ардчилсан нийгэмд улс төр зөв явахын хамгийн чухал суурь нь сонгууль байдаг.  Сонгууль бол аюулгүй байдлын том асуудал. Засгийн эрх хэнээс хэнд хэрхэн шилжих вэ гэдгийг шууд шийддэгээрээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын зангилаа асуудал.  Хүн төрөлхтөн хөгжих хэрээр буу барьж төр эргүүлдэг арга түүх болон үлдэж хуулийн хүрээнд төрийн эрхийг өгч, авалцдаг болсон. Ингэснээр орчин үед сонгуулийн тогтолцоо, сонгууль явуулах арга хэлбэр, хуулийн гадуурх элдэв башир арга  ч хүртэл  ямар ч мундаг буу шийдмээс илүү улс үндэсний хувь заяаг эргүүлэх, эрхэндээ авах хүчтэй зэвсэг болон хувирчээ. Төв Ази, Ойрхи Дорнодын зарим оронд болж буй сонгууль, өнгөт хувьсгалууд бидэнд энэ талаар олон бодууштэй сургамжийг өгүүлсээр байна. Ардчилсан сонгууль тун хэрэгтэй зүйл боловч ямар эрсдэл дагуулдаг болохыг бид нухацтай эргэцүүлэх цаг болжээ.

Иргэдийн хангалттай хяналт, шахалт байхгүй л бол шийдвэр гаргагчид сонгууль хэмээх энэ чухал зэвсгийг өөрсдийгөө хамгаалах, эрх мэдлээ бэхжүүлэхийн төлөө ашиглахад бэлэн байдаг нь бараг л жам ёсны үзэгдэл юм.  Улс орон, нийтийн эрх ашгийн төлөө санаа зовинох сайн санаатан байх ч тэд харамсалтай нь цөөнх байх нь олонтаа. Иймээс сонгуулийн хууль бол хамгийн их анхаарч, манаж байх шаардлагатай зүйлсийн нэг.

Эдийн засаг тэлж, төрийн хуваарилдаг, шийддэг мөнгөн дүн томрох хэрээр сонгуулиар төрийн эрхийг авч, явцуу сонирхлоо урагшлуулахыг эрмэлзсэн дотоод, гадаадын этгээдүүд улам олширно. Тэд ... дугаар хорооны иргэн таныг өнөө маргаашийн амьдралаа залгуулах гэж завгүй зүтгэж явах хооронд хамгийн чухал эрхийг чинь хулгайлах замаар хүссэнээ гүйцэлдүүлдгийг мартаж болохгүй. Үүнээс сэрэмжилж явах нь иргэн хүний өөрийнхөө төлөө төдийгүй улс орныхоо төлөө хийх ёстой хамгийн чухал зүйл юм шүү.

УИХ-ын хаврын чуулганаар хуулийг ид хэлэлцэж байна. Энэ үед сонгогчид бидний хамгийн анхаарах шаардлагатай асуудал юу вэ? Сонгуулийн тогтолцоо. Мажоритар уу, пропорциональ уу, холимог уу. Тус бүрд нь олон тайлбар хийж болох ч энд аюулын тухай ярьж байгаа тул аюулаа л ярья. Энэ бол биднийг баялгийн хараалд хамгийн хурдан хөтлөх мажоритар буюу өнөөгийн хэрэглэж байгаа тогтолцооны тухай яриа юм.    

Юуны өмнө жижиг 76-аас …


Хэдэн жилийн өмнө манай улс төрд “Урт шар дээлтийн учруулах аюулаас сэрэмжил” гэсэн үг орж ирж бараг л афоризм болж үлдсэн. Уг нь Н.Багабанди гуай өөрөө хэн нэгнийг хэлээгүй гэсэн гэдэг. Жижиг 76-ын талаар сэрэмжлүүлэхдээ хэн нэгний, эсвэл хэсэг бүлгийн тухай ярихыг бодсонгүй. Жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоо өнөө үед бидний хамгийн сонгож болохгүй тогтолцоо шүү л гэх гэсэн юм. Гэхдээ л байдал буруугаар эргэвэл жил гаруйн дараа “жижиг 76” нөхөр гарч ирж аюул эзэн биетэй болохыг үгүйсгэхэд эрт байна. “Холимог” гэх шинэ нэр зүүж зүсээ хувиргасан жижиг 76-аас дээрдэхгүй хувилбарын тухай яриа ч цаана чинь ид явж байна.

Ингэхэд жижиг 76 юугаараа аюултай гээч?

Мөнгөөр төрийн эрх авч улам илүү мөнгө олох сонирхолтой хүмүүсийн хувьд тойрог жижиг тусмаа сайн. Хамгийн их мөнгөтэй хүмүүс ялах магадлал хамгийн өндөр. Хамгийн их мөнгө зарсан улс төрийн хүчин засаг барих магадлал мөн хамгийн их. Эцсийн дүндээ хамгийн мөнгөнд дуртай, хувиа хичээгчдийн цуглуулга болсон төртэй болно л гэсэн үг. Тэд үнэн хэрэгтээ монголын сонгогчдын төлөөлөл бус мөнгө төлсөн хүмүүсийн л төлөөлөл. Мөнгийг хэн ч төлж болно. Мөнгө эх оронгүй. Энэ нөхцөлд баялгийн хараалаас тойрох тухай мөрөөдөх ч хэрэггүй.
Сүүлийн үед парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг гэнэтийн сюрпризүүд ч сонсогдох болов. 76-аас ч олон тойрогт хувааж санал авах санаа цаана нь арай байхгүй байгаа?  

Дахиад 7 сарын 1…?


Бид 2008 онд жижиг 76-аас татгалзсан ч цус урсгасан 7 сарын 1-ийг тойрч чадаагүй. Зарим “нөхөд” 7 сарын нэгнийг хэдэн согтуу нөхрийн хорлон сүйтгэх ажиллагаа байсан мэтээр тайлбарлахыг оролдсон хэвээр байна. Үнэндээ энэ үйл явдлыг сонгуулийн дүн бодсоноос нь шал өөрөөр эргэсэнд бухимдсан иргэдийн эсэргүүцлээс салгаж, үүнийг огт үгүйсгэвэл дэндүү харалган хэрэг болно. Иймэрхүү өнгө аястай улс төрийн дүгнэлт сонсогдох болсоны цаад зорилго нь сонгуулийн одоогийн тогтолцоог зөвтгөх гэсэн оролдлоготой холбоотой байж ч болзошгүй.

Мажоритар тогтолцооны хамгийн том гажиг нь сонгогчдын саналыг бодитойгоор тусгаж чаддаггүй. Энэ нь явсаар ардчилсан нийгмийн амьдрах нөхцөл болсон хариуцлагын тогтолцоог сүйрүүлдэг. Сонгогчид итгэсэн улс төрчиддөө хариуцлага хүлээлгэх, ажлаа муу хийсэн улс төрчид, улс төрийн хүчинд хариуцлага тооцох гол боломж бол сонгууль. Гэтэл мажоритар тогтолцоо энэ боломжийг үгүй хийдэг. Нэгэнт хариуцлага тооцох боломжгүй болохоор хариуцлагагүй улс төрийн хүчин төрөөд л, амьдраад л байна гэсэн үг.

Мажоритар системээр явагдсан манай сүүлийн хэдэн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентууд сонгогчдын саналын урвуу тусгал байсан гэхэд хилсдэхгүй. 2000 онд л гэхэд сонгогчдын дөнгөж 50 гаруй хувийн санал авсан МАХН УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлж байлаа. Дээр нь сонгуулийн булхай луйврыг тооцвол сонгогчдын санал огт үнэгүй болж хаягдаж иржээ. Иргэд сонгуулиас сонгуульд туршлага сууж, сонгууль нэртэй шоу, улс төрчдийн найруулсан хорыг тайлж уншдаг болсон. Дахин ийм хариуцлагагүй үр дүн гарахыг сонгогчид тэсвэрлэх болов уу?

Улс төрийн намыг устгах уу?

Мажоритар тогтолцооны бас нэг том балаг нь улс төрийн намын системийг аажмаар дампууралд хөтөлж буй явдал. Жижиг тойрогт “эрийнхээ” сайнаар гарч ирсэн “эрхэм гишүүний” хувьд тойргийнх нь хэрэгцээ шаардлагын дэргэд намын үнэт зүйл, улс төрийн хүчний нэгдмэл зорилго юу ч биш. Яагаад гэвэл энэ бүхэн сонгуульд ялах шалгуур нь биш. Түүний оронд бусадтайгаа өрсөлдөж тойрогтоо ахиухан хуваарилуулж авах нь л чухал. 2008 оны мажоритар хувилбараар энэ байдал бүр дордож нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөгчид болон хувирсан. Зөвхөн сонгуулийн үед ч биш, сонгогдсоныхоо дараа ч. 

Гэтэл улс төрийн  нам гэдэг сонгуулиар төрийн эрхийг авч улс орноо удирдахад бэлэн байх ёстой ардчилсан тогтолцооны амин сүнс болсон улс төрийн чухал байгууллага. Тэнд нэгдмэл үнэт зүйл, холч бодлого, боловсронгуй тогтолцоо, дотоод сахилга бат, нийтлэг зорилгын төлөөх хамтын ажиллагаа оршиж байх ёстой. Улс төрийн нам ингэж төлөвшөөгүй нөхцөлд төрийн алба чадвартай, хариуцлагатай болно гэдэг биелэшгүй үлгэр.

Баялгийн хараал ба аюулгүй байдал

Муу нохойн гэдсэнд шар тос тогтдоггүй гэсэн гашуун үг байдаг. Урсан орж ирэх эдийн засгийн үр ашгийг зөв шингээж, улс орноо өөд татах, нийтээрээ сайхан амьдрах чадвар бидэнд байна уу? Мөнгөний үнэрээр бүхнээ умартан улайрч, 20 жил тэмцэж олсон ардчиллаа уландаа гишгэн, баялгийн хараалд дампуурсан орнуудын араас орох уу?

Ардчилал бол аюулгүй байдлын баталгаа. Эрх мэдэлтнүүд сонгуулийн тогтолцоо, эдийн засгийн хөгжлийн үр шимийг өөрсдийнхөө ноёрхлыг үеийн үед бэхжүүлэх хэрэгсэл болгохоор улайраад ирвэл ардчилал мөхөхийн шинж. Ард иргэд нь үүнийг хянаж, зогсоож эс чадвал өөр аврал үгүй.

Яг өнөөдөр Монголчууд бид хаашаа ч холбироход бэлэн салаа замын үзүүрт зогсож байна. Хаашаа явах вэ гэдэг нь сонгуулийн ямар тогтолцоог сонгохоос ихээхэн хамаарна. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлыг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийн хамгийн эхэнд аюул, сөргөлдөөн болгоны шалтгаан болж эхэлсэн сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөхгүйгээр улс орон өөдлөхгүй гэдгийг тодорхой бичсэн байгаа. Үүнийг мэдэхийн цаагуур мэдсээр байгаа УИХ-ын гишүүд, тухайлбал тэдний хэн нь энэ асуудалд хэрхэн хандах нь вэ гэдгийг сонгогч та туйлын соргогоор ажиглаарай. Хүмүүс ээ, сэрэмжлэгтүн. Цаг үе хурдан өөрчлөгдөж, галт тэрэг хурдаа авч байна!

М.Батчимэг