Ард түмнийг минь ахиад л залилжээ.  Хямдхан машинтай болох гэж яваад гэнэдэж хөөрхийс. Хараажаар үүнд төр буруутай. Нэгдүгээрт төр машины үнийг хямдруулаагүй нь нөлөөлж, хоёрдугаарт төр өдөр бүр иргэнийхээ гэрээр орж залилуулж байгаа эсэхийг нь шалгах ажлаа сулруулснаас болжээ. Хохирогчид ч хэлж байна. “Залилан хийх гэж байгаа этгээдийг урьдчилан мэдээлээгүй төрдөө гомдож байгаа ба хохиролоо нөхүүлж л таараа” гэдэг утгаар.

Үнэхээр ч татварын хуулиар далайлган хурааж авсан мөнгөөр тэдний хохирлыг барагдуулна.  Татвар төлөгч бидний мөнгө энээ тэрээ хэмээн гомдол гаргаж цор цор гэх гээд байна уу? Чамайг өөрөө луйвардуулаад нөхөн төлбөр авахыг чинь хэн хорьсон юм бэ, хохь чинь.

Налайхын нүүрсний уурхайг төр албан ёсоор хаагаад удаж байна.  Гэвч тэнд хууль бусаар уурхай ажиллуулж, байн байн дарагдаж аврах албаныхан очиж аварсаар, хөөрхий зарим нь тусламж авч чадалгүй хорвоог орхисоор. Заримдаа хүч мөхөстсөөр. Уул нь хууль зөрчин, хаагдсан уурхайг ашиглаж байгаа хүмүүс хуулийн өмнө буруутмаар. Үгүйгээр барахгүй, сүүлдээ “удаан аварч байна” гэж  төрийг зандчих маягтай. Амьдрахын эрхэнд тэгж байгаа гэнэ.

Нийслэлд нүүж ирээд үерийн зам дээр гэрээ барина. Нүүлгэх гэхээр “буух газар байхгүй” хэмээн ярдаглана. Үерт автаад ирэхээрээ “Нөхөр төр, авраадах даа”, “За дахиад нэг гэр өгнө үү дээ”, “Эргээд эндээ буухгүй яах юм бэ, хотын төвд газар олдохгүй байхад”...

Гадаадын уул уурхайн компани, муу нэртэй хужаа нараас илүүтэй  хөх толботой нинжа нар эх орны алтан хөрсийг орвонгоор эргүүлэн сэгсэрсээр.  Гэвч тэд маань амьдрахын эрхэнд тэгж байгаа ба бэлэн зэхээний аз жаргалыг хуваарилан олгоогүй төр үүнд буруутай аж...  Цаашлаад машин, орон сууц, хөрөнгө бэлэглээгүй төр буруудан буруудсаар. Монголын төр бэлэн мөнгө бэлэглэж эхэлснээр энэ бүхэн дуусахгүй. Цаашдаа “төрийн өгсөн мөнгөний шавхруу юу ч болохгүй учраас аргагүйн эрхэнд алт ухах, айл тонох” болно.

Бүхнийг бэлгэнд авч болно оо, гэхдээ нэг үнэнийг мэдсэн байгууштай. Хэрвээ чи аз жаргалыг бэлгэнд авах хүсэлтэй байгаа бол хариуд нь эрх чөлөөгөө бэлэглэх болдог энгийн дүрэм буй.

Монголын ардчилалын замаар ороод 21 жил улирчээ. Гэвч бид коммунист ёсоор аж төрсөөр байна. Коммунист дэглэм угаасаа ямар ч дутагдалгүй ба нийгэмд байгаа муу муухай бүхэн өөр сурвалжтай хэмээн тайлбарлана.  Өөрснөө ямар ч өөр сэвгүй байх ба алдаа эндэл, муу муухайгаа тийш нь чихнэ.  Давж хүчрэхгүй, тайлбарлаж барахгүй, эсвэл хариуцлагаас нь мултрах гэсэн бүх зүйлээ тийш нь чихнэ. Төлөвлөгөө биелүүлж чадахгүй бол дайсан этгээд шургалаад хорлож байна гэж үзнэ. Тэгээд ажлаа сайн хийхийн оронд тэр дайсныг илрүүлж бутцохих кампани өрнүүлнэ.

Социалист нийгмийн үед аливаа дутагдлыг шүүмжлэн бичихдээ түүний шалтгааныг заахын сацуу, засах арга замыг нь зааж өгөх учиртай гэж шаардаж байлаа. Тэр үед сэтгүүлчдийн дунд ийм нэг шаблон байсан юм: “Төлийн хорогдол их байгаа явдал нь сахилга хариуцлагыг сулруулж, намаас дэвшүүлсэн зарчмын хоёр лоозонг чандлан сахиагүйгээс болжээ. Цаашид нөөц бололцоогоо ашиглан социалист уралдааныг өрнүүлэх замаар төлийн хорогдлыг багасгах  талаар сумын намын үүр, хувьсгалт залуучуудын байгууллага идэвхи санаачилга гаргах шаардлагатай” гэх мэт, гэх мэт.

Өнөөдөр  “Барууны оппортунистуудын явуулга”, “Хөрөнгөт нийгмийн үлдэгдэл”, “империализмын гар хөл бологчдын явуулга” гэхчлэнгийн бүх нийтийн зүхлийн орыг төр залгамжлан авчихаа юу гэлтэй байна. Ардчилсан большевикууд ч гэмээр юм уу, социалист ёсоор аж төрөнгөө капитализмыг үр шимийг хүртэх оролдлого ч гэмээр юм уу? Эргэн тойрноо харахад судалгаа, эрдэм шинжилгээний материал дүүрээн, дүүрэн.

Манайд төр ба ард түмний зохистой харьцаа алдагдчихаад байна аа. Иргэд өөрийн хүсэл зоригоор төрөө байгуулаад, түүнээ хянаад явдаг жанжин шугамаас гуйвчихаад болох юм биш. Нэг бол төр нь дарангуйлаад ард түмнээ буудчихдаг. Эсвэл ард түмэн нь дарангуйлаад төр лүүгээ сум тавьчихдаг. Монголын төр ард түмэн хоёр хоорондоо таарахгүй болчихвол улс нь өөрөө арилахын дохио л доо. Ард түмэндээ ялагдсан төр ч төр биш, ард түмнээ ялласан төр ч төр биш.

Бүх юмыг амьдрахын эрхэнд, ядуурлын улмаас гэж зөвтгөсөөр. Ядуурал гуйланчлал нь гэмт хэргийн эх мөн нь мөн. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх эрх, гэмт үйлдлийг цагаатгах шалтгаан болохгүй. Ингээд цаашлаад явчихвал хоол идэж суугаа хүнийг алчихаад түүнийгээ “өлсөхийн эрхээр” хэмээн тайлбарлаж болно.

Эрх чөлөөнд нэг залгаас үг байдгийг бид залхуураад ч юмуу уншдаггүй. Тэр бол эрх чөлөөгөө эдэлснээс гарах үр дагавараа өөрөө хариуцах.  Манай өвөг дээдэс ч сургасаар ирсэн. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж. Унахдаа уйлахгүй байх хэрэгтэйгээс гадна унахгүйгээр хөлд орох аргагүй.

Амьд болгон дур дураараа орших хүсэлтэй ч орчлон өөрөө дэг журам дээр тогтдог. Гариг эрхэс ч тэр. Дэлхий өөрийнхээ байр суурийг илэрхийлэн хурдаа хасдаг ч юм уу, сар ардчилсан байдлаар тойрог замаа өөрчилбөл нарны аймаг системээрээ сүйрч эхэлнэ.

Амьдрахын эрхэнд хийх, шунахын эрхэнд алдах хоёр тусдаа. Зальтай хүмүүс хүний амь зуух хүсэл дээр тоглодоггүй юм. Залилагч нар хүний шунал дээр тоглодог юм. Мөнгөө банкинд  хадгалуулснаас хавьгүй их “үлгэрийн хүү”-гээр өсгөх шунал дээр хадгаламжийн хоршоонууд тоглосон. Одоо гурав дөрвөн саяар биш 300 хан мянгаар машин авчих “сонирхол” дээр ажиллаж. Шунахаа болиогүй цагт залилахаа болохгүй. Үнэгүй хоолтай хавх алга болноо гэж байхгүй. Орчлонгийн хавхыг түүж барах аргагүй, харин хавханд оруулдаг шуналаа дарчихвал хавх болгоныг сөнөөсөнтэй дүйнэ. Бурхан багшийн сургаалын нэгэн логик энэ.

Өнөөдөр иргэнээ залилуулахаас сэргийлж “Төр сануулаагүй, арга хэмжээ аваагүй” гэдэг асуудал гарч байна. Яг нарийндаа монголын төр анхааруулсаар л ирсэн. Хадгаламжийн хоршоонд мөнгийг ингэж өсгөх боломжгүй гэдгийг Монгол банк, бүр тэр үеийн ерөнхийлөгч О.Чулуунбат нь зурагтаар хэлээд байсан. Дараа нь хадгаламжийн хоршооны хэргийг шүүсэн нь үндэстэн даяарт өгсөн сэрэмжлүүлэг гэж үзэж болно. Дарагдаж үхэх аюултай учраас уурхайг хаасан нь бас л сэрэмжлүүлэг.

Өнөөдөр залилангийн шинэ сүлжээний хохирогчид төрөөс алдагдлаа нэхэж буй нь зөв юм. Тэд хадгаламжийн хоршооны хохирогчдоос юугаараа ч  дор биш. Нэгэнт төрд ийм журам нэвтэрснээс хойш иргэнээ алагчлах нь зохисгүй. Түүнчлэн  яаж ч алдсан нөхөөд өгдөг ачит төр байгаа цагт ард түмэн айх юмгүй зальдуулсаар байх нь лав.

Дашрамд нэг түүх ярья, та нар дуулсан ч байх. Хэдэн жилийн өмнө болсон явдал. Баруун Сахарт самуун ихээр гарсан тул тийшээ явахгүй байхыг Германы төр  иргэддээ анхааруулжээ. Гэтэл чихгүй толгой  оргисон хэдэн жуулчин тийшээ яваад барьцаалагджээ. Барьцаалсан этгээдүүд хүн бүрийн толгойг сая доллараар үнэлсэн байна. Германы төр мөнгө гарган иргэнээ аварчээ. Тэднийг эх орондоо авчирсан хойноо шүүгээд  төр нь хүн бүрээс сая доллараа нэхэмжилжээ. Та нарт сануулсан уу, сануулсан. Амийг чинь аварсан уу, аварсан. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж болохгүй учраас эргүүлж авна аа гэх нь тэр. Германы төр муухай л даа. Манай сайн сайхан төртэй жиших юм биш.

Төр бол сайхан ч бай, муухай ч бай эх орны голомт, нийт үндэстний сүлд хийморь.  Гэрийн голомтыг өшиглөх нь айлыг доромжилсон нүгэл. Төрийн голомтыг өшигчих нь үндэстнээ доромжилсон хилинц. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Бужиг, Пунцаг нарыг цаазаар авсан баримт байдаг. Нэг нь Шүүх Яаман дээр агсам тавиад тулгыг нь өшиглөсөн байна. Төрийн халдашгүй ариун голомтийг өшиглөсөн учраас гэмт этгээдийг цаазлуулах ялтай гэмтэн хэмээн гэсгээжээ. Нөгөөх нь зарга шийдэхдээ төрөөс шийд гаргасан мэтээр бүлтэрч яваад “Хааны нэр барьсан” хэмээн яллагджээ. 2200 жилийн өмнө үүссэн, найман зууны тэртээ Чингис хаан бадруулсан  төрийг  1911 онд сэргээн мандуулсныхаа дараа дархан, халдашгүй ариун байдлыг нь ийнхүү хамгаалж явсан баримт байдаг. 

 Иргэд дарангуйлагч төрд дургүй, хүчгүй төрд түүнээс ч дургүй. Эрх баригчид “Нийслэлийнх нь зүрхэнд бааж шээгээд, үндэсний тахил шүтээн руу сум тавиад явсан улсыг  олон түмэн жигшиж байна. Ямар ч хариу үзүүлээгүй нь зөв боллоо” гэж дүгнэж яваа дуулдана лээ. Үнэн ч биз. Гэхдээ юу юунаас илүү өнөөгийн төр барьж байгаа та нарыг минь жигшээд үлдсэн. “Үндэстнийхээ ариун шүтээнийг хамгаалж чадахгүй гутаалгадаг, 2220 жилийн ойгоо тэмдэглэж буй төрт ёсныхоо ариун орон зайг нүдэн балай доромжлуулдаг увайгүй, арчаагүй амьтдыг бид сонгожээ, дараагийн сонгуулиар бодууштай юм байна” гэсэн дүгнэлт хийгээгүй гэх үү?

Иргэдийг эх орныхоо төлөө амиа өгсөн л гэж ярьдаг. Эх орон гэдэг маш хийсвэр ойлголт. Үнэн хэрэгтээ өөрсдийнхээ байгуулсан, ариун нандин бүхнээ цогцлоосон төрөө л амиараа хамгаалдаг юм.