Би ерөөсөө дарга нарын илтгэлийг ойлгодоггүй хүн. Утга найруулга байхгүй модон хэлээр нэг л их амжилт ярин хөөрөлхөх авч тэр нь ямар ч учир уялдаа байдаггүй. Харин перестройка зарласан Горбачёв дарга Октябрийн 70 жилийн ойн баярын илтгэл тавихдаа “Ой гэдэг бол санан дурсах мөч төдийгүй өнгөрсөн алдаа дутагдал ололт амжилтаа шүүн дүгнэж ирээдүйгээ тодорхойлох явдал юм” гэж хэлсэн нь тэр үедээ мөн ч сайхан орой руу орж билээ.

    Монгол улсын хувьд энэ жил үй түмэн тэгш ойнууд таарч байна. Тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой тохионо. Ийм чухал баярыг лав ер гаруй жил огт ойшоож байсангүй. Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой болж байна. Жилтэйгээ тэнцүү хугацаанд огт дурсагдаж байсангүй. Хүрээг чөлөөлсний 90 жилийн ой өнгөрсөн 2-р сард болоод өнгөрлөө. Ашгүй хэсэг хүмүүсийн санаачлагаар энэ тухай Барон Унгерн гэсэн баримтат кино гарч түүхийн үнэнийг хагас хугас сэргээлээ. Энэ жилээс Монгол цэргийн баяр тэмдэглэж байхаар боллоо. 3-р сарын 18-нд болсон Хиагтын тулалдааны 90 жилийн ойг тохиолдуулж ийм шийдвэр гарсан юм. Үүнээс хойш Монгол цэргийн баярт Модун Шаньюны ч, Чингисийн ч, Галдангийн ч, Амарсанаа, Чингүнжавын ч, автномын ч, журамт цэргийн ч, Халх голын дайчдын ч, энхийг сахиулах хүчний ч бүх цэрэг хамаарах юм. Бид урт удаан түүхтэй, тэр болгон нь монгол цэргийн сүр хүчтэй холбоотой.

    Бүх юм зөвхөн 1921 оноос эхэлсэн, тэрнээс өмнө Монголд үлэг гүрвэлээс өөр юм байгаагүй шахам юм ярьдаг өвчнөөсөө бид салж л байна. Гадаад харилцааны яам 20 жилийн өмнөөс 1911 онд байгуулагдсанаа “хүлээн зөвшөөрч” энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ жишгийг саяхнаас Батлан хамгаалах, Хууль зүй, Сангийн яам дагах боллоо. Ашгүй дээ. 1999 онд Батлан хамгаалах яамны 88 жилийн ойг тэмдэглээдэхсэн чинь хойтон жил нь мөн яамны 79 жилийн ойг тэмдэглэж билээ. Сонгууль болоод 1921 оныхон эргээд гараад ирэхгүй юу даа. Ойнд хүртэл үзэл суртлаар ханддаг, хөөрхийлөлтэй л юм.

    Энэ жил олон 90 жилийн ой болж байна. Зарим нь ч үнэн л дээ, гэхдээ л хуучин инерцээрээ худлаа ой их болох бололтой. Цагдаа аль ч төрд байсан, гэхдээ тусгаар тогтнолоо сэргээнгүүт Монгол төрийн шинэ үеийн цагдаагийн байгууллага зэрэг шахам буй болсон. Арван тавны цагдаа гэж бишгүй л нэг сонсоо биз. Арван таван мод газарт нэг цагдаа эмх журам сахиулдаг байж л дээ. Тэгэхээр Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа биз? Эмчилдэг домчилдог явдал нэн эртнээс байсан л биз, харин орчин үеийн анхны эмнэлэгийг Ерөнхий сайд Намнансүрэн анхны европ маягийн сургууль, эмнэлэг, хэвлэл байгуулжээ. Гэтэл юу юугүй Эрүүлийг хамгаалахын 90 жилийн ойг тэмдэглээд унасан ба үүнийгээ жанжин Сүхбаатар 1921 оны 4-р сард анхны эмнэлэг байгуулсан болоод явчихлаа. Сүхбаатар бол аугаа эх оронч, цэргийн том зүтгэлтэн. Энэ нь л болоо биш үү, заавал түүнийг коммунист онолч, төр үүсгэгч, эмнэлэг байгуулагч, холбоо санаачлагч, зам тээврийг хөгжүүлэгч болгон гутааж байх хэрэг байдаг юм болов уу?

Холбоо гэснээс харилцаа холбооны 90 жилийн ой бас л энэ жил тохиож байгаа аж. Өгөөдэй хааны санаачилж хэрэгжүүлсэн морин өртөөний хэдэн зуун жилийн ойг тэмдэглэхээ болъё л доо. Гэхдээ Хятад Оросыг холбосон холбооны шугамыг Монголоор дайруулан 1882 онд бүтээн босгосон байх юм. Тээр жил МОНЦАМЭ-ийн 80 жилийн ой сүртэй тэмдэглэж үүнд зориулсан зузаан түүхэн ном гарсан юм. Тэнд Монголын цахилгаан мэдээ 1921 оны 3-р сарын 18-нд анхлан үүссэн гэж батлаад үүнийхээ түүхэн баталгааг “Сүхбаатар” киногоор нотолсон байдаг. Ингээд хөөрхий үйлтэй Сүхбаатар кинонд гардагаар нэг холбоочин луухааныг тэвэрч галаас гаргасан учир Монголын цахилгаан мэдээний байгууллагыг санаачлан байгуулсан хэрэгт ордог байгаа. Би энэ номын тухай хүнд ярихаар намайг зохиочихлоо хэмээн, онигоо байлгүй гэлцээд байдаг юм. Өөрснөө олж уншаарай, эхний хуудсанд л бий.

Манай анхны бөгөөд хамгийн том улс төрийн хүчин болох МАХН, МАН-ын ой бүр ч сонирхолтой. Одоо хоюулаа байгаа болохоор хэн нь хэн болох нь ч ойлгогдохоо больсон. Монгол ардын нам гэсэн нэртэй байгууллага 1920 оны 6-р сарын 25-нд бий болжээ. Данзангийн гэрт ч гэдэг юм, Залаатын аманд ч гэдэг юм. Данзангийнх Залаатад байсан ч байж болох, төвөг тэр нь нэг их чухал биш, харин огноо нь яг таг шүү. Энэ байгууллага байгуулагдсаны 91 жилийн ойн өдөр МАХН дахин мэндэлдэг байгаа. Дахин гэдгийн учир нь МАХН гэдэг “нэр томъёо” 1925 онд буй болсон ба өөрийгөө 1921 оны 3-р сарын 1-нд Троицкосавск хотод мэндэлсэн гэж зарласан юм.

Монгол бичгийг устгаж алга болсноос хойш Богд ууланд уйгаржин бичгээр “Ардын хувьсгалын ... жилийн ой мандтугай” гэсэн бичиг үлдсэн нь соёл түүхээрээ омогших сүүлчийн ганц бахархал байж билээ. Одоо ч монгол бичгээр бичсэн зүйл энд тэндгүй болж. Харин дээрх бичгийг засчих юмсан гэж их бодогддог юм. “Тулгар төрийн 2220 жилийн ой мандтугай” гээд өөрчилчихвөл мөн гоёо! Ингэж засахад аягүй амархан. Ардын хувьсгал мандах нь зөв л дөө, гэхдээ мянганаар яригдах урт түүхээ мандуулж омогшвол бүр ч сайхан бахархал бус уу!

2011.07.05