Ардын нам Дээд шүү­хэд бичиг хүргүүлжээ. Гомд­сон, туньсан, дарам­талсан, нөлөөлөх гэсэн, шүүх гэсэн алин боловч Дээд шүүхийн өөдөөс ийн­хүү авирлаж байгаа нь МАН-ынхны ёс бус үйлдэл юм. Намын Хянал­тын ерөнхий хо­роо­ны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны  дарга Н.Ца­гаан­хүү нарыг но­хойд барьдаг мод гэгчээр Дээд шүүхийн өмнөөс за­раа­лаар тавьжээ. Най­ман зүйл бү­хий уг гомд­лын гол агуулга нь МАХН гэдэг нэрийг Н.Энх­бая­рын толгойлж буй намд өгсөн нь МАН-д таалаг­даагүй төдийгүй Дээд шүү­хийг алдаа гар­гасан гэж үзсэнд байгаа юм.  Тэдний энэ үйлдэл нь  Дээд шүүхийг  МАН-ын  хараат байх ёстой гэж үзэж байгаатай адил юм.   

Уг нь орчин үед нэр эзэмших  хоёрхон жишиг  байдаг. Эхнийх нь улс орон үндэстний нэр ямар ч хуульгүйгээр өвлөгддөг. Нөгөөх нь хуулиар батал­гаажсан нэр тухайн субъек­тэд өмчлөгдөнө. Дээд шүү­хийн бүртгэс­нээр эрх баригч нам МАН гэсэн албан ёсны нэртэй. Тус намд МАХН  гэсэн хуулиар батал­гаажсан нэр алга. Энэ нь МАХН гэсэн нэр МАН-д хамаа­рахгүй гэсэн үг юм. На­муудын хуучин, шинэ  нэр­ний маргаан нь тө­рийн тогтол­цоонд нө­лөөлж эхэлж байна.

Энэ нь хуучин нам ноёрхдог тогтолцоо руугаа орж байгаа мэт сэтгэгдлийг гадныханд төрүүлээд эхэлчихлээ.

1990 оноос өмнө нам нь төрийн толгой дээр байсан үе бий. Тэгэхэд ард түмэн төрөө нам засаг гэж үздэг байв. Анхны ардчилсан сон­гуулиар төр намын дээр анх удаа гарсан.  Гэтэл 1992 онд засгийн эрхэнд МАХН (одоогийн МАН) урьдын адил дангаар ноёрхсон билээ. Энэ үед иргэд, хэвлэл мэдээллүүд дахин нам засгаа магтан дуулах нь сэдэрсэн. Яг тэр үед нэгэн улстөрч "Төр засаг нам засгаар солигдлоо" гэж хэлж бай­лаа. Хэдийгээр  МАХН (одоогийн МАН) үнэмлэхүй олон байсан ч шүүх засаглал, хууль хүчний бай­гууллагад өнөөгийнх шиг хүчтэй нөлөөлж байгаагүй. 2008 оны сонгуулиар сонгуулийн дүнг  эсэр­гүүцсэн үймээний амиа алдсан таван хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт  эрх баригч нам өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Түүгээр ч зогсохгүй амь үрэгдэгсдийн нэг Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаярыг өнөөдөр хорьчихож байна.  Ингэж хүчний байгууллагад эрх баригчид нөлөөлөөд зогсохгүй шүүхийн хараат бус эрхэнд халдаж эхэллээ.

Энэ нь Үндсэн хуулийг ноцтой­гоор зөрчиж буй хэрэг юм. Хуульч Б.Чимэд гуайн хэлснээр хууль бат­лагдахаас өмнө хэн ч шүүмжилж эсэргүүцэх эрхтэй. Батлагдсан хуулийг  хэн ч, тэр тусмаа эрх бариг­чид үг дуугүй даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хэн нэгэн иргэн,  аль нэгэн намд  таалагдахгүй байхаас  үл хамааран  шийдвэрийг хүлээн зөвшөөрөх учиртай. МАН-ын өнөө­гийн авир­лаж байгаа байдал нь нийгэмд хуу­лийг үл хүндэтгэх үз­лийг дэврээгээд зогсохгүй  хойч үед  хуулийг улан­даа гишгэх сэтгэлгээ бий болгож байна. Иймээс ч сүү­лийн үед насанд  хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насныхан онц жиг­шүүртэй гэмт хэрэг үйлдэх нь  ихэс­лээ.

Хэдэн жилийн өмнө  эрх баригч намын ивээлд багтаж байсан Ц.Тү­мэнгэрэл хадгаламж зээлийн хор­шооны хэргийг шалгахыг оролдсон төрийн албан хаагчийг ажлын байранд амийг нь егүүтгэсэн хэрэг гарч байсан. Бас нэг анхаа­рал  татах баримт бол Солонгост ажиллаж байгаа монгол иргэдээс "Эх орондоо очоод ямар ажил хийх вэ" гэсэн асуултанд цөөнгүй иргэд "Төрийн албанд ажиллах сонир­холтой"-гоо ярьсан саяхны нэг судалгаа байна. Монголд бизнес хийх хангалттай орчин бий. Харам­салтай нь ихэнх бизнес эрх баригч намын эрхшээлд орсон тул залуус төрд шургалж эрх баригчдын ивээ­лээр хөрөнгөжих сонирхолтой бол­жээ. Тэд шүүхээс бус намаас айдаг болж байна. Намд шургалбал ам­жил­тад хүрнэ гэж бас боддог бол­жээ.   

Өнөөдөр БНАСАУ, Куба, Вене­суэл зэрэг орон шүүх эрх мэдлийг  аль нэгэн намд,  хэн нэгэн даран­гуйлагчид төвлөрүүлж байна. Үр дүнд  нь ядуурал, гэмт хэрэг, өвчлөл ихэсч байна. А.Гитлер ч 1933 онд  сонгуулиар гарч ирсэн бөгөөд түүний намын дэргэдэх байгуул­лагууд төр засгийн хяналтыг ааж­маар өөртөө төвлөрүүлснээр дэл­хийн хамгийн цуст дайныг өдөөсөн яргын машин бий болсон.     

Энэ нь шүүх эрх мэдэлд халдах нь тухайн орноор зогсохгүй хүн төрөлхтөнд ямар их гай учруулд­гийн хамгийн том жишээ. Манай эрх баригч намын дарга   хэдийгээр дэлхийн дайн өдөөж чадахгүй ч шүүхийн хараат бус байдлыг алдаг­дуулах нь Монголын хөгж­лийг ухраагаад зогсохгүй улс  оронд таамаглашгүй ноцтой үр дагавар авчирч болох юм. Шүүхийн хараат бус байдал алдагдах нь  дийлдэхгүй даамжирч байгаа өнөө­гийн их авлигыг төгөлдөршүүлээд зогсохгүй мөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн шүүхийг эрхшээлдээ оруулах боломж бүрдүүлнэ. Өнөөдөр на­мын хянан шалгах байгууллага шүүхэд нөлөөлсөн тохиолдолд маргааш тухайн намын өндөр албан тушаалтан дээрх эрхийг эдлэх болно. Энэ нь тухайн намын  гишүүн бүр өөр өөрийн шатандаа хуулийг зөрчөөд намын ивээлд багтах боломж бүрдүүлж билээ.

Тэгэхээр  Дээд шүүхийг шүүж,  маяглаж байгаа МАН-ыг дараахь үндэслэлээр татан буулгаж,  хөрөн­гийг нь хураах цаг нь болжээ. Үүнд: Ард түмэнд мөнгө амлаж гарч ирээд амласнаа биелүүлж чадах­гүй байгаа. Мөн таван иргэнээ буудан амь насыг нь бүрэлгэсэн,    сонгуулийн будлиан хутгаж төрийн эрхийг удаа дараа хууль бусаар авч амташсан, Удирдах зөвлөл нь парламентын үйл ажиллагааг зог­соож зүрхэлж байгаа зэрэг нь энэ намыг татан буулгах хангалттай баримт биш гэж үү. Ингэж татан буулгаж чадахгүй бол Дээд шүүх өөрөө энэ намд залгигдаж байхгүй болох аюул отож байна.

МАН хэмээх эрээгээ алдсан энэ нам 1921 онд байгуулагдсан гэдэг. Анх байгуулсан улсууд нь цаг бусаар амиа алдсан байдаг. МАХН гэдэг нь булаацалдаад байх нэр мөн үү,  биш үү гэдэг нь маргаан­тай. Учир нь манай нийтлэлч  Г.Даш­рэнцэнгийн баримттай өгүүлс­­нээр Монгол ардын нам гэдэг нь Монголд байгуулагдсан нам байдаг. Харин МАХН гэдэг нь Оросын Большевик намын Мон­голд ноёрхлоо тогтоох зорилгоор МАН дотор байгуулсан нам гэсэн. Дээр нь  ерэн жилийн турш  монгол­чуудын хөлс хөдөлмөрөөр бий болсон баялаг дээр амьдарсаар ирсэн. МАХН-ын (МАН-ын) ша­таагд­сан байр нь ОХУ-д төлөх их өр дотор тооцогдож, түүнийг нь Монголын ард түмэн төлсөн гэдэг нь маргашгүй үнэн. Энэ нь уг  намын угсаа гарвалаас гадна өмч хөрөнгө нь хэнийх вэ гэдэг асуулт тавихад хүргэж байна. 

Одоогийн МАН-ын Дээд шүүх рүү халдаж байгаатай адил хэрэг 1990 онд хойд хөршид гарч байсан түүх бий. Тухайн үеийн ЗХУ-ын  коммунист нам энэ үйлдлээсээ болж тарж бутраад зогсохгүй соц лагерийн толгойлогч ЗХУ хэмээх коммунист гүрнийг газрын хөрс­нөөс арчсан. ОХУ-ын  Ерөнхийлөгч Борис Ельцин ЗХУ-ын коммунист намыг тараагаад зогсохгүй өмчийг нь юу ч үгүй хураасан. Ингэснээр хүнд үед ЗХУ-ын  коммунист намын асар их хөрөнгө Оросын төрийн мэдлийнх болсон юм. Өнөөгийн Оро­сын коммунист нам бол өчигдөрхөн байгуулагдсан ямар ч жижиг на­маас илүү эрх, өмчийн давуу бай­далгүйгээр улс төрийн үйл ажил­лагаа явуулж байна. Ин­гэлээ гээд ОХУ-ын коммунист нам дордсон зүйлгүй. Тэд сүүлийн хориод жи­лийн турш хүн амын 30 хувийн дэмжлэгийг хүлээсээр бай­гаа би­лээ. Энэ нь харин шударга ёсонд  нийцэж байгаа юм. Учир нь тэдний гарал үүсэл тодорхойгоос гадна үзэл  баримтлал өмч хөрөнгө нь цэвэр намын үйл ажиллагааны үр дүн гэж харагдаж байна. Харин манай эрх баригч МАН үүсэл гарал нь тодорхойгүйгээс гадна үзэл баримтлал, өмч хөрөнгө нь ч  хэ­нийх гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш.

Энэ нөхцөл нь манай улс төрийн намуудыг татан буулгаж шинээр бүртгэх шаардлагатайг баталж байна.  Ингэхийн тулд намуудын бүх хөрөнгө ялангуяа төрөөс намд шилжсэн хөрөн­гүү­дийг дуудлага худалдаагаар оруу­лах хэлбэрээр төр өмчөө эргүүлэн татах ёстой. Хоёрдугаарт, намуу­дын гарал үүсэл, түүхэн замнал үзэл баримтлалыг Дээд шүүхээр хэлэлцэж бүртгэх нь шударга ёсонд нийцэх юм. Тухайлбал 70 жил Оросын хараат байсан түүх, их яргын жилүүд, долдугаар сарын нэгний үймээн гэх мэтийн эцсийн шийдвэрийг гаргаж, хэн хариуц­лага хүлээх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Ингэснээр өнөө­гийн булаацалдаад байгаа МАХН нэр бүү хэл өнөөгийн эрх бариад байгаа МАН гэдэг нэр ч жигшмээр зүйл  болох юм.

Өнөөдөр намын байр нь  20,  30 давхраараа сүндэрлэж байна. Хуулиар бол энэ барилгын тоосго бүрийн хандивлагч олон түмэнд зарлагдсан байх учиртай. Харин МАН-ын барьсан барилга хэний ямар хөрөнгөөр боссон тухай асуултад намын удирдлага "намын гишүүдийн хандив"  гэж ам таглас­наас өөр мэдээлэл алга. Энэ бай­дал нь ирэх УИХ-ын сонгуульд намын  байрны санхүүжүүлэгчид нь нэр дэвших нууц хуйвалдаан явагдаж байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Хэрэв эрх баригч нам нь ийм байдалтай байгаа үед Монголын ирээдүй авлига, ажилгүйдэл, гэмт хэрэг,  өвчлөлөөс ойрын ирээдүйд салах­гүй гэдгийг баталж байна. Энэ тохиолдолд МАН хэмээх төр сүй­рүү­лэх машинаас салах  арга бий. Эхний ээлжинд Дээд шүүх шийд­вэр гаргаж намуудын шинэчилсэн бүртгэлийг ерэн настай, ер хоног­той гэж ялгаварлалгүйгээр шинэч­лэн бүртгэх,  эсвэл удам угсаа, өмч хөрөнгө нь тодорхойгүй намуудын төлөө сонгогчид саналаа өгөхөөс татгалзах гарц байж болох юм. Эдгээрийг  хэрэгжүүлэхэд Үндсэн хууль болон аливаа хуулинд өөрч­лөлт оруулах гэх мэтийн шалтгаан тоочих шаардлагагүй. Хүсвэл ирэх сонгуулиас өмнө үүнийг хийж болно шүү дээ. Ингэснээр МоАХ-ны  анхны удирдагч С.Зориг агсны хэлснээр төр, нам, бүлэглэл, ху­вийн эрх ашгийн эрэмбэ тогтох болно.

Ер нь нэг албан ёсны, нэг өмнөх үеийн нэртэй явна гэж зүтгээд байгаа МАН-ын үйлдэл нь  эхнэрээ "хэрэггүй" гэж хаячихаад хүнтэй суух болохоор нь "минийх" гэж өмчлөөд байгаатай  л адил утгатай юм даа.