Өөрийнхөөрөө

     Хүний хамгийн эрхэм зүйл өөрийн бодол байх ёстой. Би “өөрийнхөө бодлоор” ингэж боддог...
    Эйнштэйн харьцангуй онолоо нээхдээ, Айн Рэнд “Атлантын нуруу тэнийв” романаа бичихдээ, Бэтховэн алдарт 9-р симфонио тархиндаа тоглож, бичиж байхдаа (сонсголгүй үедээ бичсэн), Виктор Хюго “Нотр Дамын бөгтөр хүн” романы Бэллэ гэж сайхан дууг зохиохдоо, Сэр Алекс Фэргюсон Манчэстэр Юнайтэдтай энэ олон ялгуусан амжилтыг гаргахдаа өөрийнхөө бодлоор л байсан. Зөвхөн өөрийнхөөрөө, өөр хэнийхээрч биш. Өөрийн юм гэдэг хамгийн эрхэм нандин зүйл. Өөрийн гэр орон, унаа тэргийг минийх гэж хүн болгон өмчилдөг ч, өөрийн гэсэн оюун ухаанаа төдийлөн хайхардаггүй, бусдаар амьдардаг хүмүүс байдаг.

    Өөрийн бодол гээд бүх юманд мунхаглаад дайраад байхыг хэлэхгээгүй. Энэ бол оюун ухааны оролцоогүйгээр урагш зүтгэх мунхаглал гэж би өөрийнхөөрөө боддог. Өөрийнхөөрөө байна гэдэг үргэлж мэдлэг, ур чадвар дагалдаж явахыг хэлэх бөгөөд дэлхийд гарсан бүхий л суут бүтээлүүд өөрийнхөөрөө байсан тэр агуу хүмүүсээс урган гарсан билээ. Өөрийнхөөрөө байх нь цөөн тооны хүнд оногддог гэж би бас “өөрийнхөөрөө” боддог. Харин өөрийнхөөрөө байж чаддаггүй, хүнийхээр голдуу амьдардаг хүмүүс өөрийнхөөрөө байхыг хүсдэг, өөрийн юм аа хамгаалдаг хүмүүсийг үргэлж устгах номлолыг бусдад айлдсаар ирсэн гэж “өөрийнхөөрөө” боддог. Тэд сүргээрээ байхдаа л хүчтэй байдаг.

     Жордан агуу учраас өөрийнхөөрөө байдаг. “Майклд бөмбөгөө өгөөд замаас нь зайл” гэж дасгалжуулагч нь хэлдэг байсан нь түүнийг өөрийнхөөрөө байх бололцоог хангаж өгчээ. Бүх хүнд тийм боломж нээлттэй ч, Жордан бол сагсанбөмбөгийн өөрийнхөөрөө байхын хамгийн тэргүүлэх хүн. Зиданы тодорхойлолт ч гэсэн ойролцоо. Багийн анд Лизаразю нь хэлэхдээ: Бид юу хийхээ мэдэхээ болихоороо Зизуд л бөмбөгөө өгдөг, тэр юу хийхийг өөрөө мэддэг” гэв. Тиймээс спортын талбарт ч гэсэн өөрийнхөөрөө байх нь цөөхөн хүнд оногддог. Ямарч юманд хамгийн “сайн” хүнийг өөрийнхөөр нь байлга, тэгвэл бусад нь ч түүний хийж буй бүтээлийг дагаж хөгждөг юм. Сайн хүний үйлдэл далд байхдаа ч зөв байдаг. Хөгжил цэцэгжилт ингэж урагшилдаг. Өөрийнхөөрөө хүмүүс багийн тоглолт муутай гэж үү? Үгүй дээ. Харин тэр баг гэж зүйлийг чирж явах зүтгүүр нь болдог юм. Сайн зүтгүүргүй бол хичнээн олуулаа, мянгуулаа байгаад ч урагшлахгүй.

    Хүн болгонд өөрийнхөөрөө байх хүсэл ундарч байдаг бөгөөд үүнийг залдаг зүйл нь тухайн хүний олж авсан мэдлэг, ур чадвараас хамааралтай. Хэн илүү чадвартай байна, тэр хүн өөрийнхөөрөө байдаг нь дэлхий ертөнийн хууль юм даа.

Элеанора Рүүзвэлтийн хэлсэн үг бий. “Хэн ч чамайг чиний (өөрийн) зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. Хэрвээ чи гомдсон гэж бодоогүй (өөрийнхөөрөө) бол шүү дээ”.

Бүх гарцыг олж, нээж, хааж чадах ганц зүйл нь өөрийн бодол байдаг гэдгийг энэ үг онцолж байна. Чи өөрөө л гомдоосон гэж үзээгүй тохиолдолд гомдол биш, хий хоосон үг болоод л өнгөрнө.

    Мэдээж энэ агуу хүмүүстэй өөрийгөө зэрэгцүүлэх гэсэндээ биш, өөрийн гэдэг юм, өөрийн тархи толгой, оюун ухаан ямар хүчтэй, ямар хэрэгтэй, ямар өндөр амжилтанд хүрдэг (өөрийнхөөрөө явбал) гэдгийг харуулах гэж жишээ болгосон юм.

Монголын хөлбөмбөгийн шигшээг өөрийнхөөрөө


    Өөрийнхөөрөө байх нь ийм хүчтэй юм бол, би ч гэсэн өөрийнхөөрөө байх гээд үзье. Өөрийнхөөрөө Монгол хөлбөмбөгийн шигшээ багийг яаж бүрдүүлэх, яаж тоглуулах вэ гэдэг бодлоо бичье.

Санал болгож буй хувилбар: 4-5-1

Баруун хамгаалагч

Хувилбар 1: Арын дөрвөлсөн гинж захаараа хурдтай байх ёстой. Тэгж байж үр дүнтэй болно. Тэд өөрсдөө довтолгоонд оролцохоос гадна, хамгаалалтанд эсрэг багийн хурдтай голдуу жижигхэн тоглогчдыг хамгаалдаг. Миний бодлоор Алтантулга энэ байрлалд тохирно. Яагаад гэвэл хурдны тэсвэр тийм ч сайн биш учраас хагас хамгаалалтын байрлалд довтолгооноос хамгаалалтын буцалт удаан, эсвэл хамгаалалтаас довтолгоо хурдтай дэмжилтэнд ядралттай орж байсан. Ядралттай хүн хүссэн тоглолтоо үзүүлэхэд бэрх. Уг нь манай хамгийн хурдан, гүйлтэн дундаа хууралт сайн гүйцэтгэдэг тоглогч. Хэрвээ дөрвөлсөн гинжин хамгаалалтын үед хамгаалагч хийвэл үе үе урагш довтолгоонд ордог, голдуу өөрийн гэсэн гүйлтийн хязгаартай байж болно. Улаанбаатар ФС-ийг нэг сар дасгалжуулахдаа жигүүрийн хамгаалагчдыг тооны хүрдээр тоглуулж 3,6,9 гээд гурвын хүрдээр ирсэн бөмбөгүүд алсын дамжуулалт болж, бусад нь төвийн хагаст, төвийн хагас авах боломжгүй бол арагш дамжуулж байх заавартай толуулж байсан. Үүнийг өөрчлөөд гурвын хүрдийн бөмбөгүүдийг төвийн хагастаа өгөөд өөрөө урагш 40 метр орчим довтолгоо дэмжиж орохоор өөрчилж болно. Бусад тоонууд дээр урагш 10-15 метр орчим дамжуулаад тогтож амарч болох юм. Мэдээж Алтантулгатай баруун жигүүр, довтолгоо голлосон эсвэл тоглолтын чанар тааруу Гуам, Макао, Хойд Марианы Арлуудтай тоглох болон эсрэг багийн талбайд хожигдолтой ирсэн хариу тоглолтуудад ашиглаж болох юм. Алтантулга хамгаалагч хийж чадахгүй гэж үү? Тэр сайн хамгаалж чадна.

Хувилбар 2: Манай баг ур чадвар тийм ч өндөр биш учраас хамгаалалт голлосон хүмүүс илүү тоглоно гэсэн бодолтой хүн их байгаа байх. Би ч гэсэн дэмжиж байна. Алтанхүү, Очбаяр, Дарамбаяр, Б.Эрдэнэбаяр (Хангарьд) гэсэн нэр дэвшигчид байна. Одоогоор Алтанхүү миний хувьд нэгдүгээр сонголт. Эдгээр тоглогчид ихэнх нь довтолгоо дэмжихдээ тааруу. Урагш явж тоглодоггүй, урагш тоглох арга техник муутай. Манай бүх дасгалжуулагчид ямарч багтай таарсан энэ төрлийн хамгаалагчдыг сонгосоор ирсэн.

Хувилбар 3: Даваа-Очир. Хэдэн жилийн өмнө түүнийг энэ байрлалд санал болгосон бол гайхах байсан биз. Одоо манай залуу тамирчдын ур чадвар сайжирсан тул төвийн бүст түүний зай улам хумигдсаар. Хамгаалагч хийж байгааг нь ховорхон харсан байж магадгүй юм. Би хоёр жил хамт тоглохдоо түүний хамгаалагч хийж байхыг хэд хэдэн удаа харж байсан. Дээрх хоёр төрлийн тоглогчдоос довтолгоо, хамгаалалт тал дээр илүү байж магадгүй. Алтантулга шиг хууралт хийгээд гүйхгүй ч, ухаалаг тоглолт, сайн алсын дамжуулалттай, хүнтэй бөмбөг туултанд сайн (хажууд нь өрсөлдөгч байхад бөмбөгөө алддаггүй гүйдэг). Хамгаалалтанд бол ярих юмгүй. Хурдны тэсвэрийн хувьд ч сайн. Хоромхонд тоглож байхдаа гүйлтийн бэлтгэлд үргэлж эхэнд ирдэг байж билээ. Монголын Жэррард хочит ах минь Жэррардын тоглодог бас нэгэн байранд түүн шиг тоглочихно. Манайд дөрвөлсөн хамгаалалтын захын тоглогчдыг бэлддэггүй. Ихэнх нь яаж гүйхээ мэдэхгүй учраас түүний ойрын хэдэн тоглолтонд гайгүй илүү тоглоно гэж найдаж байна.

Төвийн хамгаалагч

     Миний хувьд Энхжаргал (баруун), Лүмбэнгарав (зүүн) нарыг өрсөлдөгчгүйгээр сонгоно. Үүнээс илүү хослол одоогоор алга. Дарамбаяр, Жаргалсайхан (Мазаалай), Б.Эрдэнэбаяр, Мөнгөнтулга гэсэн нэр дэвшигчид байна. Жаргалсайханыг шигшээ багт дууддаггүй ч, ажлаа сайн гүйцэтгэдэг. Мазаалайгийн хамгаалалтын чанарыг олон жил үүрч, хамгийн бага гоол алддаг баг гэсэн нэрийг авахад Жагай л төвийн хамгаалагч хийж байсан. Тэд сайн хаалгачтай биш.

Зүүн хамгаалагч

Хувилбар 1: Хамгийн “мэргэн” сонголт Цэдэнбал. Түүнээс өөр хэн гэж? Цээгийг цохилт, дамжуулалт сайн хийдэг болохоор хагас хамгаалагч хийлгэдэг байж болох юм. Гэхдээ тэр үүнийг хийхийн тулд гүйдэг, хуурдаг байх хэрэгтэй. Түүний давуу тал юу гээч!!! Тэр гүйлтийн тэсвэр маш сайн. Хамгаалагчаас урагш довтолгоонд ороод, хөндлөн дамжуулалт хаях ажилд бэлдэж болно. Ийм нөхцөлд илүү тохирно. Арагшаа буцалт, урагш гүйлт (тэсвэр) сайтай учраас Мьянмарын дасгалжуулагч магтсан болов уу гэж би тооцоолж байна. Гарааны хурд сайн биш ч холын хурд (30-40 метр) сайн. Цэдэнбалаар зүүн хамгаалагчийн төдийлөн хийж чадахгүй байсан эсрэг багийн хамгаалалтын төвд унагасан алсын дамжуулалтыг хийлгэж болно. Мьянмартай тоглоход төвийн хамгаалагч Гарьд энэ ажлыг хоёр удаа хийж байсан. Цэдэнбал хагас хамгаалагч хийхээр олон дутагдал ажиглагддаг. Гоцлон тоглолт бараг байхгүй. Хүнтэй ойр тоглодог байрлалд гарааны хурд чухал. Гэтэл муу. Түүний хийдэг хууралтын үйлдэл дэндүү ойлгомжтой. Дээр нь баруун хөлөөрөө бараг дамжуулдаггүй.

Хувилбар 2: Манай нөхцөлд заавал солгой хөлөөрөө тоглодог тамирчин байхгүй бол болохгүйг сүүлийн хоёр тоглолт дэндүү тодорхой харуулсан. Хангарьдын Бадрахзаяагаас өөр санал болгох тоглогч алга.

Баруун хагас хамгаалагч


Хувилбар 1: Алтантулгын үндсэн байрлал. Тэр манайд байгаа хамгийн сайн сонголт. Гэхдээ эсрэг багийн хаалгатай ойр нөхцөлд тэр илүү сайн тоглодог. Мьянмар дээр авсан хоёр чөлөөт цохилт нь үүний тод жишээ. Яагаад гэвэл өөрийн хаалган дээр ойртох тусам хамгаалагчид үйлдэлээ гүйцэт хийдэг бөгөөд энэ нь Алтантулгад давуу тал болно. Ойрын зайн тэсрэлт маш сайн учраас баргийн хамгаалагч гүйцэхгүй. Мьянмарын нэг хамгаалагч яг адилхан хоёр алдаа ингэж гаргасан. Харин өөрийн хаалганаас хол нөхцөлд түүнийг заавал дагаж гүйгээд байлгүй, хараад зогсож байхад болдог учраас тоглолт нь төдийлөн харагддаггүй. Алтантулга хүн хуурч гүйхдээ сайн болохоос хүнээс зугтаж гүйх буюу гүйлтийн зай холдох тусам мууддаг. Зай холдох тусам Алтантулгыг шахаж болдог бол зай ойртохоор шахахад хэцүү болдог. Дараад л гарчихдаг.

Хувилбар 2: Төгсбаяр. Ганц довтлогчоо баруунд гэж үү? Гэхдээ довтолгоонд муугүй нэг сонголт үлдсэнийг араас хараарай. Тэр энэ байрлалд бүтэн жил тоглосон. 2005 оны Хоромхонд Пүрэвсүх (Жийгээ), Алтанзул, Энхтайван гэсэн сайн довтлогчид байхад хүн дутагдалтай баруунд тоглуулж байлаа. Энхтайван 2005 онд шилдэг довтлогчийн хоёрт жагсаж байхад Төгсөө баруун жигүүрт бужигнуулж байлаа. 2005 оны Хоромхоны алтан медаль авахад түүний баруун жигүүр аюултай байсан. Шигшээ багт ч тэр энэ байрлалд маш сайн тоглоно гэж би бодож байна. Хурдтай, ухаантай, гоцлон тоглолт сайн, дамжуулалт сайн, гүйлт сайн. Тэр яг тохирно. Хамгаалалт хэр вэ гэж үү? Манайхны сайн хийдэг ажил бол хамгаалах. Довтолгоо үнэн муу учраас довтолгооны санаачлагатай тоглогчдыг ингэж тоглуулах хэрэгтэй.

Хувилбар 3: Баяржаргал сайн тоглогч. Гэвч сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө муудсан байсан. 2007 оны Хоромхонд тоглож байсан формонд нь оруулчихвал алж өгнө дөө. Японд зүүн хагас тээр тоглож байсан хүн баруун хагас дээр ч муугүй тоглоно.

Хувилбар 4: Хасын Нямжигжидийн техникийн бэлтгэлийг нь сайжруулаад, толгойнд нь юм хийгээд өгвөл бас л эвгүй өрсөлдөгч. Гол юм нь хурд. Хурдтай, бүр 100 метрт 11 сек гүйдэг хөнгөн атлетикийн шигшээ багт нэр дэвшдэг тамирчин. Жирийж өгнө дөө. Одоогоор тэр сэлгээний тоглогчид нэр дэвшинэ. Манай талбайгаас том талбайтай нөхцөлд тэр давуу талаа сайн ашиглаж магадгүй юм. Тэр яг Алтантулгын эсрэг. Түүнд орон зай хэрэгтэй.

Төвийн хагас хамгаалагч (баруун)

Хувилбар 1: Бат-Ялалт. Өмнө нь шигшээд тоглож байгаад дуудагдахаа больсон тоглогч. Түүнийг надтай хамт Ийгл телевизээр хөлбөмбөгийн холбооны “ажил”-ыг ярьсан хэргээр дуудахаа больсон. Уг нь өөр тамирчид байсан ч Ялалт ганцаараа хэлмэгдсэн. Яахав өмнө нь холбоо болон шүүгчдийн талаар үг хэлдэг байсан нь эхлэл болж, хасах уу байх уу гэж байхад нь тэр нэвтрүүлэг гарчихсан юм. Тэгээд л тэр. Миний мэдэх хамгийн мундаг тоглогч. Шигшээгийн бэлтгэлд хамт явж байхад (2007 он Макао руу явахын өмнө) хаалгачийн шугамаас хэн цохих уу гээд цохиж байхад Отгонбаяр багш: Болохгүй бол манай Ялалт цохичихно дөө” гэж хэлж билээ. Хол явуулах гэж бид бөмбөгийг арай гэж дааж цохидог бол Ялалтад хол явуулах нь хамаагүй хаана буулгах нь чухал байдаг юм. Манай шигшээ голдуу хамгаалдаг учраас хаалгач нь цохиж чадахгүй хэдэн хамгаалагчид нь ээлжилж цохисоор байгаад ядардаг. За энэ ч яахав гол ажилдаа орьё. Техник, бөмбөг эзэмшилт, янз бүрийн зайны дамжуулалт сайн. Ухаантай үйлдэл их хийдэг. Дамжуулалтын оновч нь Гарьдмагнайтай ойролцоо. Шигшээд баруун хагас дээр тоглуулдаг байсан учир гол тоглолтыг нь мэдээгүй. Яаж ийм хүн баруунд тоглох вэ дээ!!! Би түүнийг 2009 оны Хасын бэлтгэл болон Голомтыг дасгалжуулж байхдаа мэддэг болсон. Гол дутагдал “ам” нь их ажилдаг. Өөрийнхөөрөө тоглодог бөгөөд манайд төдийлөн харагддаггүй арагш дамжуулсан тоглолтыг хийж байгаа харагддаг. Арагшаа дамжуулахаар бөмбөг тухайн багт үлддэг дүрэмтэй. Манайхан бол зөвхөн урагшаа, дайраад, цөлөөд...

Хувилбар 2: Чинзориг, Түвшинтөгс (Улаанбаатар ФС) гэсэн нэр дэвшигчид бий. Чинзориг энэ байрлалд гараанд тоглож байгаа бол Түвшинтөгс чимээгүй авьяастан. УБДС, Эрчим, одоо Улаанбаатар ФС-д төвийн хагсийн үргэлж эхний сонголтонд тоглож байгаа.

Төвийн хагас хамгаалагч (зүүн)

Хувилбар 1: Мэдээж Гарьдмагнай. Бат-Ялалттай ямар гоё хослох бол гэж хувьдаа бодож байна. Тайван, айдасгүй тоглодог хоёр тоглогч багийн тоглолтыг бат бэх болгож магадгүй юм. Хамгийн их бөмбөг дамждаг, тулалддаг байрлалд зөв шийдвэр гаргадаг тамирчид тоглох нь манайх шиг сэтгэл зүй муу багийн хувьд ашигтай байх.

Хувилбар 2: Толгой сайн ажилладаг хамгаалах чиглэлийн тамирчдыг санал болгоё. Эхнийх нь Хасын Тэлмэн. Дасгалжуулагчид Мөрөн шиг хуурдаг, Улсболд (одоо Америкт байгаа) шиг гүйдэг тоглогчдыг хардаг бол зөвхөн толгой нь ажиллаж, зөв гүйдэг тамирчин тактикт оруулах бол ус агаар мэт хэрэгтэй. Тэд бол морь унасан толгойгүй хүмүүс биш. Хэн хэлсэнийг нь санахгүй байгаа ч: Гүйх, цохих, хуурахыг сармагчин ч хийнэ харин хүний давуу тал бол толгой ажиллах” гэж. Би лав Улаанбаатар ФС дээр тактикийн бэлтгэл хийж байхад үүнийг маш сайн ойлгосон. Дараагийнх нь Мазаалайгийн Батцэнгэлийг санал болгож, хувилбарт сайн зохицож тоглох  болов уу гэж бодож байна. Түүний толгой ямар мундагийг сайн мэддэг хүмүүс нь мэднэ. Тэд зөв гүйж, зөв байрлал эзлэж гол тоглогчдоо сайн тоглох түлхүүр болно. Дэндүү хол, тасарцан жишээ ч яг л Барсагийн Бүскэтс шиг. Гэхдээ тактиктай нөхцөл тэдний авьяас гарна гэдгийг анхааруулья.

Зүүн хагас хамгаалагч

Хувилбар1: Би лав Мөрөнгөөс илүү тохирох тоглогчийг олж чадахгүй байна. Лигт, шигшээд ч түүнийг төвийн хагас дээр эсвэл төвийн довтлогчоор тоглуулахад гайхдаг байсан. Сүүлд Мьянмартай хийсэн тоглолтонд манай довтолгооны “нүүр царай” Мөрөн байсан, гол бүтээлүүдээ жигүүрт л хийж байсан. Жигүүрт тоглож байж гоцлон тоглолт, задгай тоглолт, өөрийнхөөрөө байх боломж, илүү чөлөөтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой биш үү. Харин төвд Цэнд-Аюуш шиг хүмүүс л тохирно. Мөрөн арагш гүйлтийг тун сайн хийгээд үндсэн ажлаа хийхдээ ядралтай багатай байх нь ойлгомжтой. Мөрөн бие бялдар, тэсвэрийн ажилд тун сайн.

Хувилбар 2: Хасын өндөр Ганзориг. Шигшээд дуудагдаггүй авьяастан. Гэхдээ авьяасаа нээж илрүүлэх тал дээр дутмаг. Бөмбөг авахаараа хүнд өгдөггүй гүйчихдэг гэмтэй. Бие бялдар сайтай түүн шиг тоглож довтолгооны шугаманд зайлшгүй хэрэгтэй.

“Найруулагч”


Хувилбар 1: Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд Цэнд-Аюуш тэргүүн сонголт. Гэхдээ түүний тоглолтын арга барилд зөв өөрчлөлт оруулах ёстой. Мьянмартай тоглоход түүний тоглолтын арга буруу байсан учраас гоол оруулахаас бусад нөхцөлд ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн. Бөмбөгний чиглэлд гүйж, давчуу зайнд голдуу дамжуулалт хийж тогловол болох нь тэр. Цэнд хууралт гүйцэтгэх их дуртай нь харагдаж байсан. Амжилттай болсон нь ховор. Дамжуулалт хийх гэдэг маш том давуу тал авчирдаг. Тухайн тоглогчоо нууцлаг байдлыг өөртөө бий болгож, дамжуулж байгаад хууралт хийвэл илүү үр дүнд хүрдэг. Айдас багатай тоглож, алдаа хийхээс айдаггүй зан чанар нь түүнийг сайн тоглогч гэж нэрлэгдэхэд хүргэдэг. Яг л онгоц газарт байхдаа аюулгүй ч нисгэх гэж л бүтээгдсэн гэдэг шиг. Түүний үндсэн техник маш сайн.

Хувилбар 2: А.Эрдэнэбаяр буюу Гату. Одоогоор гэмтэлтэй байгаа. Толгой нь сайн ажилдаг. Цэнд-Аюушын хүчтэй өрсөлдөгч. Удаан боловч зүүн хөлний бөмбөг удирдах чадвар сайн. Хувилбарт орж тоглохдоо тийм ч сайн биш байж магадгүй. Харин Японд тоглож байсан Мөнхтүвшин тэр талаар давуу болов бусад талаараа арай болоогүй.

Хувилбар 3: Хоромхоны Батболдыг бүх дасгалжуулагчид магтдаг. Чадварлаг тоглогч. Манай шигшээд байгаа шал өөр стилийн хурдтай найруулагч. Гоцлон тоглолтыг сайн хийдэг нь түүний гол давуу тал. Талбайн голоос хуурсаар байгаад хэд хэдэн гоол оруулж байсан. Шигшээгийн дасгалжуулагчид түүнийг дууддагч, итгэл хүлээж талбайд төдийлөн гаргадаггүй.

Довтлогч


Хувилбар 1: Манайдаа өөртөө дэндүү итгэлтэй тоглолт, үйлдэл хийдэг довтлогч бол Ганзориг. Харамсалтай нь шигшээгийн дасгалжуулагчид түүнийг нүднийхээ хажуугаар өнгөрөөж, тулсан нөхцөлд л шигшээд дууддаг. Гэхдээ талбайд ашигладаггүй. Жил бүр мэргэн буучдын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг тогтмол амжилтыг нь хараарай. Үндсэн техник, хууралт, гоолын мэдрэмж, бие хаа, хурд гээд түүний бүх нь төвийн довтлогчид тохирдог. Дээр нь маш зальтай. Тэр хэзээ ч жигүүрт, хагас хамгаалалтанд тоглож чадахгүй. Зөвхөн төвийн довтлогчид тохирно. 

Хувилбар 2: Хорохмонд тоглож байгаад АНУ-д суралцахаар явсан Улсболд хүү. Дэндүү багаасаа лигийн гараанд тоглож од болсон. Хурд гол давуу тал нь боловч, бөмбөг эзэмшилт нь хэзээний туршлагатай тоглогч шиг. Сандрах, юу хийх ээ мэдэхгүй байх гээд залуу хүний сул тал түүнд байдаггүй.

Хувилбар 3: Төгсбаярын үндсэн байрлал ч нэг довтлогчтой үед тохиромж муутай сонголт. Харин хоёр довтлогчтой үед түүн шиг хэрэгтэй хүн байхгүй.

Хаалгач

    Миний шийдэх хамгийн хэцүү зүйл хаалгач байсан учраас сүүлд нь орууллаа. Яг тэр бусдаас илүү гээд хэлчих хаалгач одоогоор байхгүй. Ганбаяр, Ариунболд, Сэргэлэн

     Би шигшээ багийн талаар иймэрхүү гарааг санал болгоно. Мэдээж 4-5-1 гэдэг хувилбарт яаж тоглохыг зааж өгнө. Та бүхэн хөлбөмбөгийн лиг үздэг бол нэг зүйлийг анзаарсан биз. Ямар багууд өндөр амжилт үзүүлдэгийг. Хангарьд гэх мэт урт удаан оршин тогтнож, бие биенээ сайн ойлголцдог баг. Эсвэл энэ тэндээс сайн сайн тоглогч цуглуулаад ур чадвараар зодсон Хоромхон (2005), Эрчим, Улаанбаатар ДС гэх мэт. Гэхээд үүнд ялгаа бий. Хас, Улаанбаатар ФС, Сэлэнгэ Прэсс мэт шинэ, хангамжтай багууд мөртлөө яагаад амжилт гаргадаггүй вэ гэвэл манайд багийг баг болгож тоглуулж чаддаг дасгалжуулагч байдаггүй учраас тэр. Дээрх бүх зүйлийн гол зарчим нь бүхнийг тамирчид шийддэг. Нэг бол хамт удаан тоглосон эсвэл ур чадвар дэндүү сайн тоглогчдыг цуглуулсаны хүчинд аварга болох гэсэн хоёр зам харагдаж байна. Шигшээ баг ч гэсэн дасгалжуулагч нь нэг ч удаа босч дуугарахгүй байхад баг нь тоглоод хожоод, хожигдоод л байгаа биз. Хувилбар, тактикгүй бол тамирчид л шийддэг номтой. Шигшээ, Лигийн дасгалжуулагчдыг хооронд нь солиод тавьсан ч ялгаа багатай.

Төгсгөл

    Намайг зүгээр л онол ярьж, хийх өөр байдаг гэж бодож байгаа бол өөрийгөө хамгаалах хэдэн зүйлс бичье.

     Би хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ажлыг 2008 оноос “албан ёсоор” хийж эхэлсэн. “Албан бус” гэвэл олон байгаа. Эхний баг маань МУИС-ын хөлбөмбөгийн шигшээ баг. Дараа нь Голомт банк, Грэйп Сити, Мобиком. Сүүлийнх нь Нийслэл Лигийн Улаанбаатар ФС. Дээрх багууд бол Монголын хөлбөмбөгийн бүхий л төрөлд хамаарна. Албан байгууллага, сонирхогчийн баг, дээд лигийн клуб. Эдгээр багуудад дасгалжуулагч хийхдээ хөлбөмбөг гэж юу болохыг зааж, ойлгуулж өгөхийг л хүсэж байсан. Тэгэхээс “амжилт”-ыг урьтал болгоогүй. Би “амжилт”-ыг урьтал болгодог хичээлийг үргэлж  заалгасаар ирсэн. Медаль авна, түрүүлнэ гэж ярьдаг ч яг яаж түрүүлэх, яаж медаль авах тухай хэзээ ч заалгаж явсангүй. Түрүүлэхийн тулд ийм төрлийн дасгал хийж, үүнээс ийм хувилбартаа ашиглана гэж бэлдэж байгаагүй. Талбайд гарахын өмнө доогуур дамжуулж тоглоно шүү гэж хэлдэг ч, бэлтгэл дээр тэрийгээ хийж байгаагүй. Хийсэн ч хэдэн нөхөр тойрч зогсоод хоосон дамжуулаад байна. Доогуур дамжуулж тоглох гол аргаа заалгаж байгаагүй. Доогуур тоглоход яаж гүйх, яаж сулрах, хэд дэх дамжуулалтаар урагш довтолгоо эхлүүлэх, эхлүүлэхдээ хэнээр ямар байдлаар гэдэг юм үзэх ёстой. Булангийн эхний цохилтыг тэр цохиж, тэр тэр тийм тийм үйлдэл хийнэ гэдэг жижигхэн зүйл ч байхгүй. Хаалгачын эсрэг ганцаараа гараад дээгүүр нь цохивол, доогуур  цохиочээ гэж загнуулна. Үнэндээ хэн ч доогуур цохиж гоол оруулахыг хүсэж байгаа нь ойлгомжтой бөгөөд хүний ур чадвараас хамаарсан ийм зүйлийг ихээр сонсож байлаа. Ур чадвар хүрээгүй учраас дээгүүр нь цохиж таарна даа. Тийм учраас доогуур цохь гэж зандрахаасаа илүү бэлтгэл дээр яаж дээшээ цохихгүй байх уу гэсэн давтлага хийх ёстой бус уу. Зөвхөн амжилт ярьдаг хүмүүс иймэрхүү ур чадвараас шалтгаалсан зүйлүүдээ ч ялгадаггүйг ойлгосон (хөлбөмбөг, сагсны лиг үзэж байхдаа). Хаалга руу цохихоор дамжуул гэнэ, дамжуулчихаар цохихгүй яасан юм гэнэ. Үргэлж хоёр хариу гардаг бодлогыг бодуулаастай. Мэдээж аль нэг нь ашигтай байгааг дууссаныхан дараа хэн ч харна. Харин тухайн үйлдэлийг хийж байгаа хүн техник, ур чадвар, талбай харах чадвараараа тухайн үйлдэлийг хийж байгааг ойлгох ёстой болов уу?

    Амжилтыг урьтал болгосон миний заалгаж байсан хичээл ийм байсан учраас амжилтыг биш эхлээд яаж амжилт гаргах вэ гэдэг хичээлийг заахыг оролдож байсан. Загас барьж өгөх биш, загас яаж барихыг зааж өгөх гэвэл илүү ойлгомжтой байх. Манайх шиг анхан шатанд хөлбөмбөг яаж тоглодог юм бэ гэдгийг заах нь хамгийн чухал. Мэдээж түүнийг сурах гэж цаг хугацаа их орно. Тухайлбал амжилтыг урьтал болгож болохгүй гэсэн үг. Медаль аваад тэмцээн дуусдаг тоглогчдод үлдсэн юм байдаггүй. Би үүний эсрэг байхыг хүсдэг. Тийм ч учраас дасгалжуулсан багийн минь тамирчид тэмцээнд ямар амжилт үзүүлснээс үл хамааран хөлбөмбөгийг ойлгож, хөгжиж дэвшиж байдаг. Улаанбаатар ФС, Мобикомын тоглогчид ямарч л байсан гадны тоглолтуудыг үзээд хувилбар гэж юу байдаг, хөлбөмбөгийг илүү мэргэжлийн талаас нь хардаг болсон гэж итгэж байна.  Энэ нөхөр дасгалжуулсан баг нь амжилт гаргаагүйг нуух гэж оролдож байна гэж бодож магадгүй. Өөрийнхөөрөө л бод. Амжилт гаргаагүй бол энэ нийтлэлийг бичих “эрх”-ийг би авахгүй байсан биз.

     Голомт банк анх удаа том талбайн банкнуудын аваргад түрүүлж үзсэн. Гэхдээ бүр хоёрхон лигийн тамирчинтай. Худалдаа хөгжил, Чингис хаан банкуудад 4-5 лигийн тамирчин байсан. Анхан шатны багуудад маш том ялгаа. Мэдээж манай хоёр тэдгээрээс тасарчихсан биш. Хасын Хүлгүүдийн Бат-Ялалт, Золбоо. Чингис хаанд шигшээ багийн Төгсбаяр хүртэл байсан. МУИС-ын шигшээ өөрсдийн төлөвлөсөн амжилтаасаа дээгүүр амжилт үзүүлсэн. Бас анхны хөдөлгөөнгүй бөмбөгийн хувилбарыг ашиглаж үзсэн. Харин Грэйп Сити (маш ойрхон ирсэн), Мобиком хоёр төлөвлөсөн амжилтандаа хүрээгүй. Хэрвээ амжилтын урьтал болгож бэлтгэл хийсэн бол бас л ойролцоо үр дүн гарч нэг хэсэг нь амжилт гаргаж нөгөө хэсэг нь амжилт гаргаагүй гэсэн дүнтэй дуусах байсан биз. Надад ч ийм юм зөндөө тохиолдож байлаа. Грэйп Сити ур чадвар бага, Голомт банк хугацаа давчуу байсан учраас тоглолтын хувилбар хийх боломжгүй, хөдөлгөөнгүй бөмбөгийн хувилбартай орж байсан.

    Мьянмар, Филиппин манайд ирж тоглохдоо булангийн цохилтыг хоёр тамирчин үргэлж очиж цохиж байсныг харсан бол Голомт, Мобиком, Улаанбаатар ФС (зөвхөн МСМ-тэй тоглосон) багууд тэд нараас өмнө булангийн цохилтыг тэгж хийдэг байсан. Мобиком бүр таван хувилбартай, хувилбар бүрт тоглогчид өөр өөр даалгавартай байсан. Харин Улаанбаатар ФС, МСМ-тэй тоглохдоо жинхэнэ утгаар нь булангийн цохилтыг хоср тоглогчтой хийхийг үзүүлсэн.

     Улаанбаатар ФС гэж дээд лигийн багийг дасгалжуулах ажлыг надад хоёр сарын өмнө тавьж байсан. Гэхдээ Боргио Капын нэг тоглолтонд дасгалжуулаад л МХБХ-оос бандуулсан. Дасгалжуулагчийн С зэрэглэл аваагүй гэдэг шалтгаантай. Тэр тоглолтонд бэлдэх гэж манай тамчирчид ямар гоё гоё хувилбар бэлдсэн гэж санана. Тоглолтонд бидний бэлдсэн зүйл 5 удаа амжилттай болсон бөгөөд одоо Улаанбаатар ФС-ийн тоглогчид хувилбар гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь ойлгосон. Тэд хөлбөмбөг үзээд манай хийдэг юм байна гэж харж магадгүй. Би ийм юмыг л урьтал болгодог. Жинхэнэ хөлбөмбөгийг заахыг. Жишээлбэл манай хоёр захын хамгаалагч гурвын хүрдээр тоглолтоо явуулж эхний хоёр бөмбөгийг төвийн хагастаа дамжуулах, дамжуулах боломжгүй бол арагш дамжуулж, 3,6,9 гэх мэт дамжуулалтаа алсын болгож өөрчилж байсан. Эхний тоглолтонд хэрэгжилтийн явц 10 хүрэхгүй хувьтай байсан ч дараа нь хэдийн ч хүрдээр тоглох суурь нь болж өгсөн юм. Миний хамгийн их анхаарсан зүйл бол довтолгоо. Гадны лигүүдийн хийдэг хувилбарыг хийж сурсан. Яаж довтлох вэ гэдэг манайд байдаг хамгийн хэцүү зүйлийн учрыг бага ч болов ойлгуулж өгсөн гэж найдаж байна. Үүнийг энд бичих боломжгүй бөгөөд зөвхөн тамирчид маань ойлгож, эсвэл дасгалжуулсан багтаа зааж өгсөн тохиолдолд харуулж болох билээ.

      Зорилгодоо хүрэх гэсэн сахилга бат, дэг журамтайнхаа төлөө хатуу сэтгэлтэн гэгдэж, өөрийнхөө үнэлэмжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эр зоригийнхоо төлөө их зантай гэгдэхээс залхаж байна.  Айн Рэнд