Бүтэн жил Монгол орон даяар яригдсан  албан тушаалтнуудын   хэргийг шүүн хэлэлцэх  тоглолт  яах аргагүй өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа. Энэхүү эмгэнэлт шоуг үзэхээр цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн үзэгчтэй байсан ч тоглолтын дараа тэд гайхмаар сэтгэл дундуур үлдсэн нь сонин. Уурсаж бухимдсан үзэгчид зүгээр л пүү…хэмээн нулимсаар хаалга шидэцгээж байв. Яагаад тэр вэ.  Энэ юуг илэрхийлж байна вэ. Эдгээр асуултууд яах аргагүй өнөөдрийн асуулт болоод байна.

Ерөөсөө саяны үйл явдлын дараа нийтийн сэтгэл зүйд шууд бууж ирсэн энэ  дургүйцэл,  үл итгэх байдал нь  нэг л зүйлийг маш тод илэрхийлэв. Уншигч авхай та ч бас анзаарч буй биз ээ.  Олон түмэн улс төрийн тайзан дээрх цөөн хэдэн жүжигчдийнхээ багийг хуулсаар байгаад бараг шувталж дуусч байгаа ажээ. Хэдийгээр ард түмэн дандаа гэнэн, дандаа итгэмтгий байсан ч энэ удаа улс төрийн хөшигний цаадах наадахыг үнэхээр гаргууд уншдаг болсноо илэрхийлж байна. Харж байна уу. Тэд эмгэнэлтэйгээр толгой гудайсан гол дүрийг биш жүжгийн зохиолчыг, бас найруулагчийг хөшигний өмнө гарч ирэхийг шаардаж байна шүү дээ. Урьд нь манай үзэгчид ийм байж чаддаг байсан билүү. Юу ч ойлгохгүй шүгэлдэж, цэцэг шидэлсээр театрын хаалгыг хэмх татах нь халаг хөөрөлдсөөр гарч оддог байгаагүй гэж үү. Цаг хугацааны ид шидэнд одоо л итгэж болмоор санагдаад ирэв. Үзэгчид бухимдаж, хараал идсэн зохиолч, найруулагч, нүүр хувиргагч, гэрэлтүүлэгчдийг гаргаж ирээд шившгийн тааруу жүжгийнх нь ядмагхан сценарийг урж, нүүр лүү нь шидэхийг хүсч байна.

Мэдээж энэ бол тийм ч баярлаж бахдаад байхаар зүйл биш. Ард түмний цээж омгоор дүүрч, зүрх нь лугшаад унах  сайн юмны дохио биш ээ.   

Төр нь ард түмнээ хуурж, хулхидаж, гэнэдүүлж явсаар байгаад хашир тарвага шиг болгочихдогийг бид нүдээр үзэж байна. Засаглал нь ард түмний сэтгэлийг хямдхан савангийн хөөс шиг нүд хуурсан тоглолтоор хангаж дөнгөхөө байж байна гэдэг чадамжаа өдрөөс өдөрт, үйл явдлаас үйл явдлын хооронд алдсаар байгаагийн илрэл.

Одоо тэгээд яах ёстой вэ. Хамгийн эхлээд шулуухан хэлэхэд эрх барьж буй МАХН толгойдоо гарсан хэдэн хулгайчдаасаа салах цаг болжээ. Чингэхийг олон түмэн шууд бусаар ч биш шууд шаардах боллоо шүү дээ.

Тэдний аливаа юмыг ямагт ар хударгаар хийх гэдэг арчаагүй зан сонгогчдыг залхааж гүйцжээ. Бод л доо. МАХН нөхөн сонгуулийн товыг хүчиндэн байж өөрсдийнхөөрөө тогтсон нь цаанаа ямар нарийн тооцоотой шийдвэр байсан байна гээч. Намынх нь нэр хүнд юу юугүй авилгын хэрэгтэй хамт дэнжигнээд ирэнгүүт дуулиант хэргийг нөхөн сонгуулийн шуугианд анхаарлыг нь хандуулж байгаад ар хударгаар эвтэйхэн шийдчих гарц хайсных биш гэж үү. Дээр нь энэ үеэр эцэг өвгөдийнхөө толгойг энэ намын гарт алдсан мянга мянган хэлмэгдэгчийн ар гэр жагсаж, амь үрэгдсэн төрөл төрөсдийнхөө өмнөөс МАХН-ыг уучлал гуйхыг жил болгон шаардаж нурууных нь хөлсийг бурзайлгадаг  тэмдэглэлт өдрийг бас олны анхааралд  өртүүлэхгүй сонгуулийн дуулианаар дарах давхар тооцоо явав. Ийнхүү нэг сумаар хэд хэдэн туулай агнахаар төлөвлөсөн  санаархал дунд тус намын нэр бүхий албан тушаалтнууд холбогдсон томоохон авилгын хэргийн  анхан шатны шүүх  хурлыг явуулав.

Гаалийн Ерөнхий Газрын дарга асан Х.Баатар намынхаа даалгавраар их хэмжээний мөнгө босгож өгч сонгуульд оруулаад эцэс сүүлд нь өөрөө золиос болон золигт гарснаар энэ хэргийн хувь заяанд цэг хатгагдах бололтой. Хэрэг үнэхээр ингээд дуусах гэж үү. Ядаж шүүх хурал дээр яригдаж олон түмний нүдийг орой дээр нь гаргасан 120 гаруй тэрбум төгрөгийн асуудал хэрхэн яаж эмхлэгдэхийг бидэнд хэлэх ёстой биш гэж үү.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр Х.Баатараас нам 100 сая төгрөгийн хандив авсныг нотлосон албан тоот шүүх хурлын нотлох баримтууд дотор хавсаргагдсаар байхад хууль бусаар орж ирсэн тэр мөнгийг улсын орлогод энэ нам оруулах ёстой биш гэж үү.  Баримтаар нотлогдсон хууль бус санхүүжилтээ МАХН ард түмний өмнө яаж тайлбарлах гээд байгаа юм бэ. Энэ бол мөн өнөөдрийн асуулт.

Нөхөн сонгуулийн дүн сонгогчид хүчтэй хоёр намын төлөө зогсч байгааг ахин нотоллоо. Гэтэл монгол төрийн багана болсон энэ хоёр том намын нэг нүүрэндээ ийм муухай ялгадас  нялуулчихаад  зогсч байдаг. МАХН монголын ард түмний хайр хүндлэлийг бүх насаараа хүртэж ирсэн цорын ганц улс төрийн хүчин яах аргагүй мөн. Гэвч энэ том намын нэр нүүр, тулах цэг өнөө цагийн удирдагчдынх нь өнгөн дээр унаж балрахын даваанд тулж иржээ. Намаа авраасай гэж хүссэндээ Хөвсгөлчүүд шинэчлэлийн төлөө тэмцэгч Ө.Энхтүвшинд саналаа өгөв. Энэ бол МАХН-д биш, МАХН-аа аврахын төлөө тэмцэгчдэд өгсөн итгэл байв. Тэд намын толгойд гарсан хулгайчдыг эгнээнээсээ хуу шахан зайлуулахыг хүсч байна. Тэд жирийн нэг золиосны хүнээс биш жинхэнэ авилгачдаас нь салахыг хүч байна. Салахыг хүсч байгаагаа шинэчлэлийн  салхийг үлээлгэсэн тэмцэгчдийг дэмжиж илэрхийллээ