Ардчилсан хувьсгал Монголд өрнөөд 20 жил болж байна. Үе гэсэн ойлголт бий. Монгол хүн эрт гэрлэдэг гэж үзвэл 20 жил нь хүний нэг үе болох юм. Өөрөөр хэлбэл манайд ардчилалын бүхэл бүтэн нэг үе солигдож байна. Гэвч түүх болоогүй байна. Алив үйл явдал түүх болохын тулд хэдэн үе дамжсан байх шаардлагатай. Үйл явдлын жинхэнэ үр дүн, олон тал, нөлөө, үүрэг тодорч амжаагүй байдаг. Үүнээсээ болоод судлагдаж амждаггүй. Судлаач ч өөрөө үйл явдлын оролцогч байдаг тул асуудалд субъектив хандана.

    Саяхан Америкт үе өнгөрч амжаагүй байгаа Монголын ардчилсан хувьсгалын тухай Орчин үеийн Монгол гэсэн авсаархан ном хэвлэгджээ. Зохиогч нь Колумбын их сургуулийн профессор Моррис Россаби гэгч. Хятад судлаач. Гэхдээ дундад зууны Хятадын түүхээр мэргэшсэн нэгэн. Тэрээр Хубилай хаан гэж нэг ном бичсэн. Хубилай нь дундад зууны Хятадын хаан учраас энэ асуудлыг шүүрч авсан болохоос талын монгол гэдэг нь түүний судалхуун биш аж. Урьд нь Хубилайн тухай олон монографи гарсан, Россаби нэмж шинээр ганц өгүүлбэр дүгнэлт бодож олж чадаагүй юм. Хэдийгээр Россаби араб гаралтай нэгэн авч тэр үеийн араб хятадын хооронд шинээр үүссэн олон талт харилцааны тухай нэмж юу ч олж судалсангүй. Ер нь ч тэгээд дундад зууны Монголын тухай хамгийн их гуйвсан гүтгэлэг мэдээг араб персүүд л тараасан юм шүү дээ.

    Монголын тухай ойлголт тааруутай америкчууд Хятад, Монгол хоёрыг Миссисипийн эрэг, Аризоны хөндий хоёрын дайтай ялгаж ойлговол их юм. Ингэхээр XII зууны хятадууд, ХХ зууны сүүлчийн монголчууд тэдэнд төдийлөн ялгаагүй бололтой. Адилхан л онигор нүдтэй, хавтгай нүүртэй, ойлгомжгүй хэлээр ярилцдаг. Ингээд Рассаби гуай 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал хэмээх мэдэхгүй сэдэв рүүгээ зоригтой орлоо. Гол нь ийм төсөл хэрэгжүүлэх мөнгө бэлэн болсон байсан хэрэг. Мөнгөнд дургүй хэн байх билээ?

    Орчин үеийн Монгол ном туурьвих гэж тэрээр өөртөө нэг их зовлон хураасангүй. Америкт сурч байсан болон түүгээр явж байсанангли хэлтэй явуулын ганц хоёр хүнтэй уулзлаа. Хубилайн тухай бичихэд амьд гэрчүүд түүнд тааралдаагүйтэй харьцуулахад Орчин үеийн Монгол монографи түүнээс илүүтэй хөлс хөдөлмөр, чармайлт шаардсанаараа харьцуулшгүй “хүнд”, “шинжлэх ухаанч” болсон бололтой. Үнэндээ Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан олон америкчуудтай харьцуулахад орчин үеийн байтугай ерөөсөө монголчуудын тухай Россабигийн ойлголт илүүтэй үлгэр домгийн шинжтэй юм.

    1989 оны 12-р сарын 10 өдөр анхны цуглаан Улаанбаатарт болсон тухай Россабигийн таамаглал огнооны болон газрын хувьд зөв таарч байгаа нь нэн олзуурхууштай. Уг нь бүр нарийвчилбал гурав хоногийн өмнө Ховдод, нэг хоногийн өмнө Эрдэнэтэд мөн жагсаал цуглаан болсон байдаг юм. Харин цуглаан Засгийн газрын ордны өмнө болж, хүүхдүүдээ хэрхэн сахилгагүйтэж буйг “элит” гэгч аав ээж нь төрийн ордонд албан тасалгааныхаа цонхоор харж суусан гэдэг ч арай дэгсдүүлэл байхаа. Анхны цуглаан зохион байгуулсан бүх хүмүүсийн дотор төрийн ордонд ядахнаа үйлчлэгч ажил бүхий эцэг эхтэй ганц ч хүн байгаагүй гэдгийг энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүний хувьд баттай хэлэх байна. Энэ хувьсгалыг яахаараа заавал сайд дарга нарын хүүхдүүд хийсэн гэж Россаби зүтгээд байгаа нь хачирхалтай. Гадаадад дипломат ажил хийж байсан хүнийг “элит” гээд байгаа шинж харагдана. Ядарсан бүдүүлэг тэнэг мунхаг монголчуудын хувьд Москвад гурван жил амьдарсан л бол “элит” болчихдог нийгэмтэй бололтой, түүнийхээр. Гэтэл цуглаан зохион байгуулагчдын дотор цорын ганц Д.Нинжийн эцэг Гадаад яаманд ажиллаж байсан бололтой байдаг. Хэрэв сэхээтнийг “элит” гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан. Арван мянган хүнд ноогдох сэхээтэн, оюутны тоогоор Монгол нь хөгжилтэй орны зэрэглэлд багтаж байлаа. Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтөвшин гээд дундач сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан. Тэр үед Улаанбаатарт дундач хамтлаг буй болгоход ямар бүрэлдэхүүн үүсэх байв, тийм л дундач дүр зургийн хамт олон байлаа. Хожим хоёр сарын дараа нэгэн цуглаан дээр үг хэлсэн Сүх-Эрдэнэ Америкт суугаа дипломатчийн хүүхэд байснаараа “элит” гарлын оройн чимэг, дээд рекорд нь байсан юм.

    Россабигийн мэтгэж байгаагаар Ардчилсан хувьгалыг гардагсад нь Москва хавьд перестройкийн нууц дугуйлангаар хүмүүжсэн, юм ойлгодог гадаад хэлтэй хэдэн нөхөд байжээ. Бараг л Горбачевийн тагнуулууд байсан бололтой. Энд төрийн ордонд аав ээжүүдтэйгээ нийлж урдаас төлөвлөж бодож байгаад л хувьсгал хийсэн гэнэ. Хүмүүнлэг, нийгмийн хамгааллыг сайтар бодсон, капитализмын муу талуудыг олж илрүүлээд дүн шинжилгээ хийсний дүнд тойрон гарах аргуудыг нь тодорхойлчихсон “нуль ухаан” болсон “элит” нар хувьсгал хийжээ. 1917 оны большевик хувьсгалтай их төстэй байгаа биз? Гадаадад олон жил суусан, ард түмэндээ аз жаргал авч ирэхээр зориг шулуудсан элит мэргэжлийн хувьсгалчид ажилчин ангид хувьсгалын санааг халдаан хүн төрлөхтнийг мөнхийн жаргалд дуудан дагуулсан тухай Коммунист намын түүхийг цээжээрээ мэддэг хүний үг байгаа биз дээ? Ер нь ном их наргиантай, “элитийн хувьсгал” гээч нэг юм түрүүлээд бодоод олчихсон, түүндээ тохируулж үйл явдлыг санаанаасаа зохион “баримтжуулжээ”. Бичлэг, дизайн, баримтжуулалт, дүгнэлт зэрэг нь Сталиний 1938 онд хэлж өгч бичүүлсэн Большевик намын түүх-тэй гайхмаар адилхан. 

    Нүүдэлчин малчны удам болсон ХХ зууны монголчууд элит давхрага үүсгэж амжаагүй өдий хүрсэн юм. Язгууртнууд нь толгой дараалан гучаад оны хядлагад өртсөн тул үнэхээр Марксын мөрөөдсөн сурвалж язгуургүй нэгэн анги болж чадсан магадгүй цорын ганц нийгэм ажгуу. Ардчилсан хувьсгалаас хойшхи нэгэн үеэ оруулж тооцоод сэхээтэн албан хаагч, хотын иргэний дөнгөж гурав дугаар үе рүүгээ орж байгаа нийгэм шүү дээ. Нэгнийх нь аав нь, нөгөөгийнх нь өвөө нь тал нутгаа орхин Улаанбаатарт орж ирсэн болохоор хот бараадсан хориодхон жилийн ялгаагаар хэн нь хэнийгээ “элит сурвалжит” болж дээрэлхэх вэ дээ? Номонд бичсэнээр Элбэгдорж хэмээх хөдөөний молхи, ард гаралтай маанаг  эр Ардчилсан холбоог үүсгэсэн гадаад хэлтэй, гадаадад амьдарч байсан “элит ухаантнуудын” дургүй зэвүүг хүргэж хөх инээдийг нь бардаг байсан тухай өгүүлжээ. Малчин эцэгтэй Элбэгдорж хот орж ирсэн нэгдүгээр үеийн төлөөлөгч байснаараа л гадаадад амьдарч байсан ч мөн л малчин өвөөтэй хоёрдугаар үеийнхнээс хорин жилийн л ялгаатай байлаа. Түүнээс биш тэр өөрөө ч гадаадад сурсан, мөн л орос хэлтэй нэгэн. Харин тэдний хооронд нэг том ялгаа байсан юм. Номонд Ардчилсан хувьсгалыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн гэгдээд байгаа том дарга нарын хүүхдүүд үнэндээ бэртэгчид байлаа. Сайд дарга нарын хүүхдээс хэн нь ч ардчилсан хувьсгалд огтоос оролцоогүй. Бэртэгчид зөвхөн ялсан талд нь ордог юм. Хэн ялах нь мэдэгдээгүй тэр үед тэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дулаан буланд нуугдаж байсан. Ардчилал үзэл санааны хувьд бүрэн ялсан өнөөдөр тэд нийгмийн бялууны аль өнгөтэй өөдтэйг нь өөрийн болгосон төдийгүй жавьжаараа гоожих тосоо ч арчих завгүй хэрхэн Ардчилсан хувьсгалыг бодож олсон тухайгаа баруун солгойгүй гайхуулан ярьж яваа. Ардчилсан холбоог цэрэглэн дарах гэсэн хэсэг махчингууд байсныг мөнөөх “элит” аав ээжүүд сэрэмжлүүлэн Горбачевоор боль гэж хэлүүлж байсан ухааны ч юм болоод явчихлаа. Гэтэл дараа үеийнхэндээ төрийн эрх мэдлээ шилжүүлэх цаг болсон гэдгийг ойлгож үүнийг гардсан хүн нь “махчингийн толгойлогч” Батмөнх гуай өөрөө байсан юм. Ерөөс ардчилсан хувьсгал өөрөө монголчуудын зөвшлийн үр дүн байсан билээ. Гэтэл мань хятад судлаачийн панзааз нь бүр сагаад Монголын коммунист удирдагчид хятадууд цэрэг илгээж магадгүй гэж айгаад Ардчилсан холбооныхонд бууж өгсөн болгож зохиомжилжээ. Ардчилсан холбоо өлсгөлөн зарласныг ч нэгэн хятад хэлтэй “элит” эрлийзээс Тэньаньминий хятад оюутны тухай сонсож хэрэгжүүлсэн болж таарч байна. Россабигийн судладаг Сүй, Сүн, Юань, Мингийн үед ч монголчууд хятадуудаас айж шийдвэр гаргаж байгаагүй. Айж байсан Чин династийн үе судлах хүрээнээс нь халих учир мань эр мэдэхгүй. Гэтэл Чингээс хойш дахиад 100 жил өнгөрчихөөд байна шүү дээ. 

    Россаби хувьсгалын “элитар онолдоо” хэт хөтлөгдөөд гудамжинд ярьдаг худал цуу үгийг баримтжуулан “шинжлэх ухаанжуулжээ”. Түүний бичсэн Ганболдын аав хятад, Бат-Үүл, ерөнхий сайд Бямбасүрэн нар ойрын хамаатан, Зоригийн ээжийн аав буриад малчныг зөвлөлтүүд даалгавар өгч монголчууд алсан зэрэг нь бүгд худлаа. Иймэрхүү яриаг Ардчилсан холбоог анхлан байгуулсан гэгдэж номонд бичигдээд байгаа бэртэгчдийн эх эцэг тухайн үедээ Дотоод яамны чекист байхдаа зохиож тарааж байсан юм. Монголын ардчилсан хувьсгалыг хятадын болон оросын элит эрлийзүүд хийсэн гэж Россаби батлахыг оролджээ. Ийм яриаг 1989 онд До яамныхан зохиож Үнэн сониноор нийтэд тарааж байсан. Одоо ч ийм яриаг нь үнэн болгон шивэгнэж явдаг шаарууд нэг бус. Монголын ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан юм. Худал гүтгэлэг, зохиомол фактаар уг ном дэндүү баян. 1988 онд “Шинэ үе” нууц дугуйлан байгуулж хотоор ухуулах хуудас нааж явсан хүмүүс нь Бат-Үүл, Цогтсайхан, Амарсанаа нар болохоос энэ явдалд Зориг ямар ч холбоогүй. Ер нь 11-р сарын 26-нд болсон Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөлгөөнөөс Ардчилсан холбоо анхны шаваа тавьсан, тэгэхэд Зориг огт байгаагүй юм. Дараа дараагийн уулзалтан дээр хэн нэг нь түүнийг дагуулж иржээ. Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулагчаар түүнийг сонгосон учир нь тэрээр Их сургуулийн коммунизмын онолын багш байсантай холбоотой болохоос Россабигийн хэлж байгаачлан хүмүүс түүнийг  “алтан шаазгай” хэмээн өргөмжлөн хүндэтгэж байсанд биш юм. Учир нь Ардчилсан холбоог анхлан байгуулагчид социализмыг улам төгөлдөржүүлэх үзэл санаан дээр нэгдэн байгуулагдсан билээ. Түүнээс биш Россабигийн нотлох гэж оролдоод байгаачлан зах зээл рүү шууд орох, нийгмийн хамгааллаа үлдээгээд аажмаар шилжих гэсэн үзэл суртлын хэд хэдэн фракцид хуваагдсан юм огт байгаагүй.  Ерөөсөө тэр үед бараг нэгэн зэрэг үүсч байсан шинэчлэгчдийн бүлгэм дугуйланг Россаби хооронд нь хольж бантан хутгасан төдийгүй өөрийн бодож олсон янз бүрийн изм үзэл санаануудыг тааралдсаныхаа духан дээр наан “ангилал зүй” хийжээ.

    Россабигийн номонд хүний санаанд оромгүй зохиомол үлгэр домог чихээстэй. Мөнөөх нэр бүхий “элит ардчилагчид” одоохон хувьсгал хийе гэсэн чинь коммунист удирдагчид таван жилийн дараа хийе гэж гуйсан гэнээ. “Элитүүд” таван жил гэдгийг нь эсэргүүцээд дахиад цуглаан зохион байгуулж гэнэ. Магадгүй ийм яриа Дотоод яамны хурандаа чекист, түүний гадаадад сурдаг “элит оюутан” хүү хоёрын хооронд болсон байж болох л юм. Гэхдээ тэр нь Монголын ард түмэн өөрийн хүсэл зоригоор зам мөрөө сонгосон тэрхүү түүхэн үйл явдалтай ямар хамаатай юм бэ?

Оросуудыг жигшин үздэг Эрдэнэтийн ажилчид бослого гаргажээ. Тэр тухай сонсонгуутаа Ардчилсан холбоог санаачлагч мөнөөх “элитүүд” хулигаан төрхтэй, бүдүүлэг агсам Бат-Үүлийг тийш нь илгээсэн байх юм. Нөгөөх нь хаа очиж уран панаал сайтай учраас Эрдэнэтийн ажилчидтай хэлэлцээ хийж өөртөө татаж авч гэнэ. 1-р сарын 21-нд Лениний нас барсан өдрийг баяр болгон тэмдэглэдэг байсныг нь далимдуулж мөнөөх л “элитүүд” улам том цуглаан бодож олж гэнэ. 2-р сарын 16-нд хүйтэн цэвдэг сэтгэлтэй Даваадоржийн Ганболд хамгийн анх Үндэсний дэвшлийн нам байгуулж төрийн бүх өмч болон үйлдвэр банкуудыг хувьчлахыг уриалж гарч гэнэ дээ. Төрийн нийгмийн халамжийг ор тас үгүйсгэгч түүнийг Ардчилсан холбоог сэдэгч “элитүүд” маань эсэргүүцсэн учир Ардчилсан холбоонд хагарал гарч эхэлсэн юм байх. Үүнээс хоёр хоногийн дараа мөнөөх бүдүүлэг Бат-Үүл Ардчилсан нам гэдгийг байгуулж 200 сэтгүүлч хуралдаа уриадахсан чинь коммунист удирдагчид сэтгүүлчдэд зөвшөөрөл олгоогүй гэнэ. Хөөрхий Бат-Үүл том найр хийх гээд эзгүйрсэн бололтой юмаа, янз нь! Гэхдээ Ганболд яагаад халзарсан, Бат-Үүл яагаад бууралтсаныг одоохондоо зохиогч хөндөөгүй байна билээ. Удахгүй тайлбарлах биз.

Шинэ толь
гэгч анхны зөвшөөрөлгүй сонин гарч коммунист удирдагчид балмагдаж үхэж гэнэ. Коммунистууд монгол дээл өмсөхийг хуулиар хориглодог байж гэнээ. Гэтэл ийм хориотой хувцас өмссөн 10 эр гэнэт Сүхбаатарын талбай дээр гарч хэвтээд өлсгөлөн зарлаад унаж гэнэ. Тэгэнгүүт нь Ардчилсан холбоо энэ өлсгөлөнг дэмжсэн төдийгүй мөнөөх “элит удирдагчид” нь өлсөгчдийн хавьд очоод зогсчихсон гайхсан олон түмэнд  өлсгөлөн зөв болох тухай ухуулан таниулж эхэлжээ. 1990 оны 3-р сарын 7-ны өлсгөлөнг Ардчилсан холбоо зохион санаачлаагүй, харин сайд дарга нарын “элит” хүүхдүүд бодож олсон болохыг ингэж Россабигаас олж мэдлээ. Ийм учиртай байх нь л дээ!

    Тэр үеийн тухай бидний мэдэхгүй, огт олж сонсоогүй олон үйл явдлыг Россаби ил болгож шинжлэх ухааны эргэлтэнд оруулснаараа энэхүү монографи нь 1990 оны ардчилсан хувьсгалаас өөрөөс нь илүү лут ач холбогдолтой болжээ.  Тухайлбал өлсгөлөн зарласныг дэмжиж Эрдэнэт, Дархан, Мөрөн болон бусад газруудад, өөрөөр хэлбэл улс даяараа ажил хаялт зарласан юм байна. Дотоод яамны тавдугаар цуваа гэж ойлгогдож байсан Гандан хийд өлсгөлөнг дэмжиж өнөөгийн Бирмийн нэгэн адил лам нараа цуглаан жагсаал руу зохион байгуулалттайгаар илгээж байж. Хөөрхий муу Дэмчигийн Моломжамц гуай өлсөгчид рүү цагдаа цэрэг оруулна гэж цамнаж байж. Тэгэхээр нь Бат-Үүлийн ах Бямбасүрэнг явуулсан чинь харин овоо доо, хэлэлцээ хийж дөнгөсөн аж. Өлсөгчид болон жагсагчид Төрийн тэргүүн Батмөнхийн өргөө болон, Зөвлөлтийн элчин сайдын яам руу дайрсан юм байна. Жагсаалд архичид, сэтгэцийн өвчтэй хүмүүс хэтэрхий олон оролцож эхэлсэн учир мөнөөх Ардчилсан холбооны “элит удирдагчид” хяналтаа алджээ. Ингээд аймаар юм болсон байна! Дал гаруй хүн шархтаж нэг хүн үхжээ.

    Тэр үеийн Ардын  их хурал МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо зэрэг нам болон төрийн тогтолцооны тухай анхдагч ойлголт Россабид алга. Тиймээс хооронд нь хольж хутгаад өөрөө ч юун тухай өгүүлж байгаагаа ойлгоогүй бололтой. Дотор нь байгаа тоо баримт, он сар, үйл явдлын тухай анхдагч баримт үзэж нягтлан өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Үнэндээ ч энэ тухай баримт хятад хэлээр түүнд олдоогүйг ойлгож болох юм. Тэгээд ч дундад зууны хятад хэл одоогийнхоос өөр ханз хэрэглэдэг байсан л даа.

    Цаг хугацаа явсаар. Ардчилсан хувьсгалаас хойш 20 жил өнгөрчээ. Улам улам холдон түүх болох дөхөж байна. 1921 оны үйл явдлыг 1955 онд оросууд бидэнд тайлбарлаж өгсөн юм. ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас эрхлэн БНМАУ-ын түүх хэмээх ном хэвлүүлснээр тэр үед юу болоод өнгөрснийг хөөрхий монголчууд олж мэдэж билээ. Бидний үеийнхэн тэр түүхээр шалгалт өгч, тэр түүхийг цээжилж өссөн. Нэг л эргээд харсан бүгд худлаа байсан. Аугаа Цэцэрон нэгэнтээ өгүүлэхдээ “Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм” гэжээ.

2011.08.09