Хүний мэдрэхүйн далд учигийг маш уран нарийнаар хөглөн хөнддөг байгаль эхийн хишиг  бол  хошин шог юм. Хошин  шог нь авьяас  билэг, уран  сэтгэмж,  хурц ухаан, торгон мэдрэмжийн нийлмэл цогц. Хошин шог хүнд  заяасан  үнэт баялаг  яах аргагүй мөн. Хошин шоггүй бол энэ хорвоо уур уцаар, уйтгар гуниг, хэрүүл маргаанд хүлэгдсэн мөнхийн тамлалд тарчлах байсан биз. «Хошин шог нь гүнзгий мэдрэмжийн хурц ухаан мөн» хэмээн суут зохиолч Ф.М.Достоевский хэлсэн бол гүн ухаантан И.Кант «Хошин шог гэдэг бол сэтгэлийн сайхан байдалд авьяас зөнгөөрөө ирэхийг хэлдэг» гэж тодорхойлжээ. Хүн бүрт үнэрлэх, амтлах мэдрэмжийн нэгэн адил хошин шогийн мэдрэмж төрөлхийн заяамал. Гагцхүү авьяасыг нээж, уйгагүй хөдөлмөрөөр тордон хөгжүүлдэг шиг хошин шогийн мэдрэмжээ зүлгэн тордож, хөгжүүлэх шаардлагатай аж. Залуус та нар орхин хаяж огт болохгүй эрхэм дээд ёс суртахууныг ашид дээдлэн явахын адил хошин шогийн мэдрэмжээ сэлбэн хөгжүүлэхээ орхин орхигдуулж яавч болохгүй. Хошин шогийн мэдрэмж хөгжихийн хэрээр ухаан саруулсан цэлмэж, мэдрэмж нарийсан чамбайрч, сэтгэлгээ тэлж өргөжихийг чи аяндаа мэдрэнэ. Ухаан хэдийчинээ хурц бөгөөд сэргэг байна хошин шог төдийчинээ урнаар илэрхийлэгдэнэ. «Сэргэг бус ухаанд хошигнол байдаггүй». Мэдрэмж нарийсахын хэрээр хошин шогийг онож илэрхийлэх хийгээд, ойлгож хүлээн авах чадвар нэмэгдэнэ. Мэдрэмж султай хүн хошигнохдоо ч, хошигнолыг ойлгон хүлээж авахдаа ч хоцронгуй. Гойд оновчтой хошигнол ч сулхан мэдрэмжтэй хүний нэг чихээр ороод нөгөөгөөр сэтгэл хөдлөлийн ямар ч сэрэл өдөөхгүй гараад явчих нь харамсмаар. Сэтгэлгээ өргөжин тэлэх тусам хошин шогийн хүрээ хүртээмж өсч, уран сэтгэмж улам улмаар төгөлдөршинө.

«Хошигнол, инээд хүргэсэн үг нь ул суурьтай, гүнзгий судалгаанаас илүүгээр маш чухал зүйлийг нэн амжилттай тодорхойлдог». Хошин шог нь амьдралаас урган гарсан бөх бат үндэстэй, оновчтой илэрхийлсэн агуулгатай, нэн ойлгомжтой байх ёстой. Товчхон бөгөөд оновчтой  илэрхийлсэн хошигнол яриа хөөрөөг гайхалтай чимж өгнө. Товч байх нь авьяасын эгч гэх үг бий. Онож хэлсэн товч хошигнол авьяас билгийн шууд тусгал болон сонсогдоно. Оновчтой хошигнол сэтгэлийн түгшүүрийг арилгаж, харанхуйлан давчидсан дотрыг тэр дор нь цэлмүүлэн онгойлгох гайхамшигт увидастай. Хошигнол нь сэтгэл заслын агуу оточ. Зүүний үзүүрээр хатгах мэт цэгийг нь олж, зөрүү хазайлтгүй цагийг нь онож хэлсэн хошигнол хүчтэй. Хугацаа хоцорч хэлэгдсэн хошигнол хаданд хашгирсан цуурай мэт үр дүнгүй хоосон өнгөрнө. «Цагийг нь олж хошигнож чадахуйц хурц ухаан дутмаг хүн нэг бол худал хэлэх, эсхүл бүр уйтгартай цэцэрхэлд аргагүй орох нь элбэг».

Хошин шог бидний өдөр тутмын амдралын салшгүй хэсэг. Ухаант хүн хошин шоггүйгээр амьдралаа төсөөлөшгүй. Түнэр харанхуйд орь ганцаар гиюүрэн суугаагаас онцын ялгаагүй. Хошигнол сонсоод инээсэн инээд баярлаж инээсэн инээдээс хавьгүй их. Хошигнож хэлсэн ганц өгүүлбэр албархаж хэлсэн арван өгүүлбэрээс олон дахин хүчтэй бөгөөд хүртээмжтэй. «Зөвхөн тэнэг хүмүүс л хошин шоггүйгээр амьдардаг». Хошин шог холдсоныг ойртуулж, холбогдсоныг батжуулж байдаг үерхэл нөхөрлөлийн бат бөх гагнаас. «Хошин шог – их хүч. Сайхан сэтгэл, харамгүй инээмсэглэлээс өөр юу ч хүмүүсийг тийнхүү ойртуулдаггүй». Хошин шог нь хүний бачуурсан сэтгэлийн түгжээг мултлагч шидэт оньс. Цагаахан хошигнолоор ойр тойрныхноо инээлгэн баясгаж, хөгжилтэй наргианд умбуулан цэнгүүлэгч найз нөхөдтэй уулзахад урамтай. «Наргиан бол өшөө хорслоос бусад бүх зүйл доор нь цэцэглэж байдаг тэнгэр юм». Инээд хөөр унтаа номой нэгнийг сэрээж, уруу дорой нөгөөг сэргэлэн цовоо болгох шидтэн. Инээд хөөр, баясал цэнгэлгүй, сэтгэлийн дарамтанд шаналж яваа хүний нүднийх нь гал цог бөхөж, дуу хоолой нь цааш орсон мэт суларч, нүүр царайд нь гуниг харуусал тодорч, цовоо сэргэлэн зан нь хааччихав гэмээр царай алдана. Хийморь сүлдээ доройтуулсан, өөрийгөө доош хийсэн ийм байдалд хүргэж хэрхэвч болохгүй. Хүн нэг уруудвал сэхэж өөдлөхөд бэрх хэцүү.

Хүний биеийн ил хэсгийг хуруу гараараа гижигдэн инээлгэхэд гоц ухаан, онцгой авьяас төдийлэн шаардлагатай бус. Харин далд байгаа сэтгэлийг гижигдэн инээд баясалд умбуулахад ухаан, мэдрэмж, авьяасын цогц шийдэл зайлшгүй шаардлагатай. Хүмүүс биеийнхээ ил хэсгийн хаа нэгтээ гижигтэй, гижиггүй янз бүрийн л сэтгэл хөдлөлтэй. Онцлог нь бүх хүн сэтгэлдээ гижигтэй. Сэтгэлийг гижигдэгч нь хошигнол хэмээх гайхамшиг билээ. Харах царай, хэлэх үг, үйлдэл хөдлөлөөрөө бусдын инээдийг хүргэж байдаг төрөлхийн алиа хошин хүмүүс бий. Алиа хошин зан нь амьдралын гэрэл гэгээ, эрээн бараанаар баяжигдан бүтээлчээр хөгжсөөр ирсэн хүмүүс олон. Бусдыг хөгжөөн инээлгэгч хошоончид яндашгүй их буяны эзэд. Хүмүүст инээд бэлэглэнэ гэдэг дээдийн буяны нэг. «Инээдтэй бүхнийг хараад инээх нь нүгэл биш».

Байгаль ээж хошин шогийг зөвхөн инээж баясах төдийхнөөр бидэнд заяагаагүй. Түүнд өөр олон чухал үүрэг бий. «Хошигнол нь хүний болон нийгмийн ямар ч дутагдал, гажуудлыг цээрлүүлэхэд чиглэгддэг. Тэр биднийг ичгүүрт явдлаас хамгаалж, юм бүгдийг байранд нь тавьж дураараа дургихгүй байхад бидэнд тусалдаг». Хошин шог тасын нүд шиг хурц хараатай. Түүний хурц хараанаас хүн болоод нийгэмд бугшсан нийтлэг дутагдал, нийцгүй гажуудал, ёс суртахууны элдэв согог барагтай бол мултрахгүй. Хошин шог нь хүн бүхний мэдэх хорвоогийн олон өнгөт амьдралаас урган гарч, урагшлах замд тээг болсон сөрөг зүйлсийг элэглэн шоглон илэрхийлдэг болохоор хүний сэтгэлд мэргэн харваачийн сум шиг онож тусан, хоногшин үлдэнэ. Гэхдээ мэргэн харваачийн сум нэгийг ононо, хошин шогийг сонссон бүхэн нь толгой дараалан оногддог тул дутагдал гажуудлын эзэд өөр дээрээ тусган хүлээн авч, дам цээрлэл хүртэнэ. Хошин шогийн хүмүүжүүлэх нөлөө нь үлэмж. Хошин шогоор дамжин илэрхийлэгдэж байгаа ичгүүрт үйл бүхнээс сургамж авч, муу зүйлийн занганд орчихгүй байх сэтгэл зүйн дархлааг бататгахад дэм өгдгөөрөө хошин шогийн нийгэмд үзүүлэх нийтлэг сайн нөлөө, ач тус хэзээд өндөр. Ичгүүрт үйлийн эзэд хошин шогийг сонсоод бусдыг шоолон инээхдээ далдхан ичингүйрэн, нүүрээ улайлгаж, өөрийгөө давхар шоолон инээж суудаг юм. Загнаж зандарч хэлсэн үгэнд өрвөсхийн уурладаг хүнд хошигнон хэлбэл аялага эвлэг нь эвцэн таарц, буруугаа засч, зөв рүү зүглэнэ, хараарай. Хошин шог даварч хэтэрсэн заримд нь даруулга өгч, шунал тэчьяадлыг хязгаарлаж, бяруу болоогүй байж бухын баадлаар бааж, хамраа сөхсөн их зантуудыг байр байранд нь тавихад эм гашуун ч өвчинд тустайн адил хамгийн сайн туслагчийн нэг. Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэж ихэрхсэн, бэрс гараагүй мөртлөө бэрс царайлсан цодгор хүүхдүүдийг дураар дургиж, дунд чөмгөөр жиргэхийг нь чөдөрлөн зогсоож, хазаарлан барихад хошин шог байнга туслана. Тэнгис далайн давалгаанд цохигдон хөл алдан живэх гэж байгаа хүнд аврах цагриг шидэн өгч амийг авран буян үйлддэг. Тэгвэл «хошин шог нь амьдралын давалгаан дээрх аврах цагриг юм» гэж зохиолч бичсэн байна. Ялангуяа залуу насны гэнэн томоогүй зангаасаа болоод хөнгөн амьдралд хөл алдан живэх аюул ойрхон байдгаас болгоомжлон сэрэмжилж байх хэрэгтэй.

Хошин шог үнэнд ямагт ойр. Гашуун ч гэсэн үнэн үг зүрх сэтгэлд хүрнэ. Амьдралаас хол хийгээд үнэнд ойр бус хошигнол хэчнээн инээдтэй байгаад ч хүний сэтгэлийг эзэмдэх чадваргүй. «Инээдтэй зүйлээс айх нь үнэнд дуртай бишийн шинж». Ариун бусыг бодож сэтгэн, сэтгэлдээ нүгэл хурааж, муу муухайг гадагшлуулахгүй дотроо агуулан хадгалсаар байвал сэтгэл бохирдоно. Хошин шог сэтгэлийг ариутгаж, ёс суртахууныг ариусгах увидас шүншигтэй. «Хошин шог – энэ бол ичимтгий зан, ухааны тоглоом бөгөөд ёс суртахууны болон сэтгэлийн өдөр тутмын ариусгал мөн». Хошин шогоор сэтгэлээ байнга ариусга. Хошигнол ямагт шинийг эрэлхийлж, улиг болтол давтахгүй байхыг шаардана. «Хэрэв шогч хүний хошигнол нь давтагдаж эхлэх юм бол лут залхуу хүргэх болно» шүү гэж нэрт зохиолч Э.Хэмингуэй бичжээ. Хэрэв чи хошигнож байгаа бол хүний сэтгэлд хүрч, ой тойнд үлдэхээр хошигнох хэрэгтэй. Хошигнох гэж байгаад бодлогогүй үг хэлэн, болчимгүй үйлдэл хийж бусдын элэг доог, инээд биш ханиад болчих вий. «Дуслын төдий ч болов хор агуулсан үгийг хошигнол шоглолдоо хэлэх хэрэггүй». Хошин шог нийгмийг цэвэршүүлэхэд туслана. Хошин шог буруу явдалтнуудын дээрээс аадар бороо мэт асгаран цутгаж угаана, заримынх нь дээрээс аянга цахилгаан мэт догшин ширүүн бууж цэвэрлэнэ. Ухаалаг хошигнолын харвасан суманд тодорхой эзэн бие бай болон оногдож байдаг. Ухаантай хүмүүс хошигнолыг өөр дээрээ тусган авч, биеэ засна. «Уран элэг доог бол цэцгийн үнэр шингэсэн өргөс» юм. Давс ихэдвэл шорвог болно. «Хошин шогийг давсны адил тааруулж хэрэглэх хэрэгтэй».

Аливаа хүнд саруул ухаан хэрэгтэйн адил хошигнох чадвар, хошин шогийг ойлгож хүлээн авах мэдрэмж аль аль нь хэрэгтэй. «Егөөдөл, ёгтлол, шог хошигнолыг ойлгохоо болих нь муу шинж» гэж их зохиолч сэрэмжлүүлсэн бол өөр нэгэн бичгийн хүн «Хошин шогийг ойлгох чадваргүй байх нь тэнэг хүний шинж» гэж хэлсэн байна. Хошин шог хүний амьдралын мөнхийн дагуул. Навч унаж л, ургаж л байдаг, мод амьдарч л байдаг. Хүмүүс хошин шогийг сонсоод инээх нь инээж, эгдүүцэх нь эгдүүцэж л байдаг, хошин шог шинэ, шинэ агуулгаар баяжин амьдарч л байдаг. «Хошигнолыг ойлгодоггүй хүнийг үрэгдсэн гэж бич» гэж суутан эрс шулуун хэлжээ. Үрэгдэгсдийн жагсаалтад нэрээ бичүүлэх хүсэлтэй хэн байх билээ дээ. «Хошин шогоо бүү гээ. Тэр нь хүний хувьд сарнайн үнэр шиг чухал». Залуус та нар хошин шогийн мэдрэмжээ зүлгэн тордож хөгжүүлэхийг хичээгээрэй.