Эрхэм залуус аа! Амьдралын их далай өмнө чинь цэлэлзэж байна. Далай хүртэл эх, эцэгтэйгээ явдаг, далайг эхнэр, нөхөр хамт гаталдаг гэх үг бий. Эх, эцэг чинь та нарыг гараасаа хөтлөн зам мөрийг заасаар их далайн эрэг дээр нэгэнт авчирчээ. Одоо та нар өөрийн гэсэн хөлөг онгоцондоо суугаад энэ их далайг гатлан нөгөө эрэгт хүрнэ. Далайд аясын салхи илбэсэн намуун дөлгөөн үе, давалгаалан цалгилах үе, шуурч ширүүлэх үе аль аль нь бий. Амьдралын далай ямар ч ааш араншинтай байсан энэ урт замыг аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээлтэй туулахыг зорих хэрэгтэй. Жаргал, зовлон ээлжлэн байдаг алаг хорвоогийн амьдрал хүн бүрт сайн, саарыг ижилхэн үзүүлж, амтлаг гашууныг адилхан амсуулдаг нь жам. Хэрвээ мод тэнгэрт хүрэхийг хүсч байгаа бол үндэс нь тамд хүрэх ёстой гэж Ницше хэлсэн. Жаргалд ташуурч, зовлонд сөхрөхгүй, зам мөрөө зөв залан авч явах нь хүний дайтай хүн байхын утга учир билээ. Амьдралын их далайг туулахдаа нэр бүтэн, мөр цэвэр байхыг эрхэмлэн хичээ. Явах зам зөв байж үлдэх мөр зөв байна.

Бодь сэтгэлтэй, бодол сэтгэхүй зөв байвал зам мөр зөв зурайна. Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа гэж бурхны сургаалд заасан. “Аливаа харсан сонссон бүхнээ хүсч эхлэх нь зовохын үүдэн” гэж Бурхан багш сургадаг. Хүн элдэв бодол хүслээсээ татгалзаж чадахгүй шунан дурлаж, шунахайран ховдоглосноос зовлонгийн хөлгүй далайд сэлүүргүй завьтай хаягдана. Хүний бодсон, хүссэн дотор биелэх нь ч бий, эс биелэх нь ч байгаа, биелэх нь биелтэлээ зовооно, биелэхгүй нь хүслийн мухарт хүлээстэй бүр их тамлана. Хүслийн эрхэнд хүлэгдэхгүй байх нь зөв сэтгэхүйн үндэс. Аливаа зүйлийг ямагт болох, бүтэх талаас нь эхлэн бодож төлөвлөж хийвэл үр дүн нь хэзээд өндөр. Байхгүй, бүтэхгүй, чадахгүй гэдэг бодол сэтгэхүйнх нь орон зайг эзэлсэн хүний ажил үйлс ямагт бүтэл муутай, бүтэх ажил нь ч мөнхийн садаатай. Өөдрөг үзэл өсөж дэвжихийн даль жигүүр. Сайн сайханд итгэн зорьж, бүтээгч оргилуун хүслээр жигүүрлэн хичээн зүтгэвэл байхгүй зүйлийг бий болгож, бүтэхгүй мэт төсөөлөгдөж байсан зүйлийг бүтээн цогцлооно. Гутранги үзэлтэн даль жигүүрээ гэмтээсэн бяцхан шувуу мэт. Өөдөө хөөрөн нисье гэж бодлоо ч гэмтсэн далавчтай шувуу нисч үл чадахын адил гутранги үзэл нь хад чулуу дээрээс нь овоолсон мэт доош даран хөдөлгөхгүй. Гутранги үзэлтэн бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь эхлэн харж, түүндээ дөрлүүлсэн үхэр мэт хөтлөгдөн, хүсэл бодлоо хүлүүлж, дэвжин хөдлөх итгэл найдвараа гээж хөсөрдүүлнэ. Хөдөлвөл урагшаа биш арагшаа, дээшээ биш доошоо явна. Өөдрөг сэтгэлтэй байцгаа. Өөдрөг сэтгэл зөв сэтгэхүйн хөтөч.

Шуналт сэтгэлийн хөрсөнд бүх муу муухай, зовлон гамшгийн үр соёолон ургана. Шуналын сэтгэл бол шулмын сэтгэл. Нүд ханаж, сэтгэл цадахгүй болтлоо шунах нь сэтгэлд шүглэсэн ад зэтгэрийн хорлолын гай. Буруу сэтгэхүйд хорлогдсон хүнийг шунал нь зугуухан идсээр донтуулна. Шуналын дон туссан донтон архинд донтогсдоос олон дахин илүү хорлолтой, онцгой аюултай. Донтогсдын хүний мөс, нинжин сэтгэл, өгөөмөр зан тоос шороо салхинд хийсэх мэт алга болж, тэдгээрийн гэгээлэг орон зайд хуурч мэхлэх, хулгайлж луйвардах, авах цөлмөх адгийн авир араншин маш түргэн нутагшина. Зөв сэтгэхүйт хүн шуналын занганд орж, хүн чанараа алдахгүй. Зөв бодол сэтгэлтэн шуналын хар савраас зайлж мултрах дархлаатай. Зөв сэтгэхүйгээ зүлгэн тордож, хайрлан хамгаал.

Уур ихтийн ухаан цухал, ухаан сайтын сэтгэл уужим. Зөв сэтгэхүйт хүмүүс уураа барьж, цухлаа дарах чадвартай. Уурын мунхаг өөдлөхийн дайсан байдаг тул уур хүргэсэн үйлдэл бүхэнд уужим сэтгэлээр хандаж, учир шалтгааныг зөв олж, ухаалаг амьдралын хэв шинжийг биедээ цогцлоо. Өвсөнд ассан түймрийн өмнөөс угтуулж цуравдан унтрааж болдог бол сэтгэлд ассан уур уцаарын түймрийн өмнөөс хэчнээн хүчтэй уурлаад ч намжаан номхотгож үл чадна. Уурыг уураар дардаггүй, уурыг ухаан, тэвчээр л номхотгон ялна. Сэтгэхүйгээ зөв залж, уурын тулам, ухааны мунхаг болчихолгүй сэтгэлээ машид ариусган явбал эндүү андуугийн халуун нурман дээр хөл алдан гишгэхээс сэргийлэхэд нэн тустай. Зөв сэтгэхүйт хүн бусдад хор хүргэх муу үйлийг хийх нь бүү хэл ухаан бодолдоо ч ургуулан боддоггүй. Өөртөө хүсүүштэй бус муу зүйлийг бусдад хэзээ ч бүү үйлд.

Аминцар эрх ашгийн сэдлээр хүмүүст хортой үйлдэл хийх нь хэдийгээр санамсаргүй байлаа ч гэсэн тэнгэрийн цээрлэл хүртэнэ. Гэм хоргүй, мөрөөрөө гэлдэрч яваа хүнийг янз янзаар дээрэлхэн, үг хэлээр болон үйлдлээр хорлон түйвээвэл тэнгэр хилэгнэж, нүгэлтний толгой дээр нь гал нурам асган гэсгээнэ. Өөрийг нь хайрладаг ямар ч гэм зэмгүй хүнийг голд нь ортол гомдоовол үйлийн үрээ таарч тохирсон хэмжээгээр хүссэн хүсээгүй амсаж эдлэх нь эргэлзээгүй.

Хэл яриа, хэлэх үг үнэн зөв байж зам мөрөө зөв залж явна. Худал хэлэх нь том нүгэл, их хорлол. Худалчийн үг яриа нь хуумгай, үйл ажил нь хуурамч, үлдээх зам мөр нь ч буруу зөрүү, муруй хазгай. Хурц хутга гарт аюултай, худалч үг хотолд аюултай. Худалчийн үгэнд үнэ үгүй, хувхай модонд навч үгүй. Худалч хүн нэр нүүрээ барна. Худал үг эрт орой хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ. Худал бүхнээс хол, үнэн бүгдэд ойр явахыг эрмэлз.

Хэрэгтэй хэрэггүй, мэдэх мэдэхгүй бүгдийг хольж хутган бантагнуулан ярих чалчаа хүний яриа эхэндээ үнэхээр уйтгартай, яваандаа үнээрэн дургүй хүрэм. Дэмий чалчаа ярианд дэм өгч дэврүүлж хэрэггүй, утгагүй чалчаа яриаг урам өгч сонсох шаардлагагүй. Хэрэгцээ шаардлагагүй чалчаа яриа сонсож буй хүмүүсээ уйтгарт умбуулан, хайран цагийг нь үрэн сүйтгэнэ. Нэг зүйлээ байн байн давтсан чалчаа яриа бүр уйтгартай. Онгироо сагсуу зан, чалчаа зан хоёр бие биенээ дэмнэсэн нэг тэрэгний хоёр дугуй мэт. Ам нь халсан чалчаа хүн бүүр түүрхэн мэддэг зүйлээ ярьж байснаа ор тас мэдэхгүй юмаа ч мэдэмхийрэн ярих нь ичгэвтэр. “Чалчаа хүн бусдын хайрыг татах гээд уурыг хүргэнэ. Тус болох гээд түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана”.

Гэмтэй гэмгүй, том бага хэнийг ч болов хараан зүхэх хэрэггүй. Хараан зүхсэнээс олох олдвор, хожих хожвор үгүй. Хараан зүхэж буй хүнийхээ дургүйг хүргэн, өөртөө өстөн бэлдэж, хараал зүхлийн муу үгсийн цуглуулгыг хариуд нь сонсож бухимдахаас өөр юу ч хүлээгээд нэмэргүй. Хараал хариутай, ерөөл ембүүтэй гэж монголчууд ярьдаг. Хараал хэлбэл нүгэл хурааж, ерөөл хэлбэл буян хураана. Бухимдаж цухалдсан буюу ажил төрөл нь бүтэхгүй үедээ хар буруу санахгүй ч хар аяндаа хараал урсгачихдаг дадал заншилтай хүмүүс цөөнгүй. Өндөр дээд ёс суртахуунт хүн хараал хэлэх нь бүү хэл хазгай муруй үг ч эс хэлнэ. Сэтгэл дотор нь харласан хүний амнаас хараалын муухай үгс бохирын хоолойгоор дамжих муу ус мэт урсана. Сэтгэлд юу байна, тэр нь амаар гадагшилж байгаа хэрэг. Сэтгэлээ цэвэрлэ. Сэтгэлээ дагаад хэл ам чинь цэвэршиж, хараал хэлэх гэсэн хэлээ хазаж, амаа хамхиж чаддаг болно. Өөрсдөд нь хэрэгтэй зүйл хэлж байхад өрвөлзөн сөргөж, хараал хэрүүлийн муу үгээр булах нь эрүүл хүний саруул ухааны үйлдэл яавч биш.

Эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харсан эсрэг тэсрэг этгээдүүдэд бүгдэд нь үнэнч царайлан тал засч, тэгш үйлчлэгч хоёр нүүртэн болчихов зай. Хүний адаг муу чанаруудын нэг нь хоёр нүүрлэх булай зан. Хоёр нүүртэн хоёр үзүүртэй зүү мэт. Хоёр үзүүртэй зүүгээр үйл мэтгэж эс болохын адил хоёр нүүртний үгээр үйлс бүтээх гэж санахын ч хэрэггүй. Өөрт нь хэрэгтэй үед хэнийг ч, хааш нь ч худалдахад бэлэн олиггүй этгээдүүд бол хоёр нүүртнүүд. Бялдуучид нь гэгээ гэрэлтэй, ариун нандин бүхнээ умартсан хоёр нүүрт, хов хутгуурын туламнууд. Тэд зусар зуйлган үйлдлээрээ хэдэн талд ч нэгэн зэрэг үйлчлэх овилгогүй бөгөөд хорлолтой, салхины аясаар хийсэх цаасан дарцаг шиг тогтворгүй, этгээд сонин авиртай хүмүүс. Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадна, зуудаг нохой уяатай боловч хүн айлгана. Зуудаг нохойноос болгоомжилдог шигээ зусарч, хоёр нүүртнээс болгоомжил.

Хорхойд ч хоргүй зам мөрөөрөө, зөв амьдрахыг зорь. Өөрийгөө болгочихоод бусдад тус хүргэж, буян үйлдэж амьдарвал үйлс заяа чинь өөдөө, үлдэх мөр чинь цагаан байна гэдэгт итгээрэй. Хор хүргэж, нүгэл үйлдэхээс зайлсхий. Тус удаан дурсагдана, хорлол бүр удаан хадгалагдана. Ажиллаж хөдөлмөрлөн, хичээн зүтгэж амьдрах нь зөв амьдралын сонгодог хэв шинж. Аминдаа арчаатай, бусдаас ичиж зовохгүй нүүр бардам, харц дээгүүр амьдрах нь хүн болж төрсний утга учир. Хөдөлмөр бол хүний сайн үйлсийн дээд хэлбэр мөн. Ажил хийж хүн болно, ажилсаг хүн амны хишигтэй.