Баян өв залгамжлагч Парис Хилтон гэж америк хүүхэн элдэв ааш маягаараа байнга сонин сэтгүүлийн бай болж олныг их баясгана. Тэр тийм ухаантай биш, гэхдээ баян. Яг л манай УИХ, засгийн газрын гишүүд, аймаг дүүргийн засаг дарга нар баян мөртлөө ухаантай биш байдаг шиг. Түүнд манай дөчин мянган хүнтэй аймгийн хорин мянган сонгогчийг өөрийн талдаа урвуулчихаар хангалттай мөнгө бий. “Аймгийн чинь төвд Хилтон зочид буудлын зуун давхар өндөр барилга байгуулна. Тэгвэл энэхүү үнэтэй тансаг зочид буудлаар танай аймгийн долоон гайхамшигийг үзэх гэж ирсэн гадаадууд үйлчлүүлж, малчин ард та бүхэн ажил хийх ч хэрэггүй болж жуулчдын оруулсан орлогоор баян тансаг амьдрах юм” гэсэн үнэмшилтэй сайхан амлалт өгнө. Дээрээс нь өөрийнхөө хагас нүцгэн зурган дээр гарын үсгээ зураад нутгийн бүх харчуулд тарааж өгнө. Харин хүүхнүүдэд нь хацарны улаан арилгадаг ховор үнэтэй тос нэг нэгийг бэлэглэнэ. Жулиа Робертс шиг малчин айлд хонож буй баримтат кино хийлгээд дэлхий даяар цацна. Хамгийн гол том амлалт нь “ иргэн бүрийг холливуудаар аялуулах”.

Болохгүй ч юм алга. Үнэхээр сайн пи ар хийж чадвал манай зарим сонгогч нэрийг нь дугуйлж л орхино. ИЗНН –ын Оюун, Энхбат хоёр арай ч Парис Хилтоныг намдаа авчихаар ухамсартай хүмүүс биш байх. Муу хэлүүлдэг МАН, АН хоёр нь нэг шоучин гадаад хүүхнээр дутав гэж, нэрийн хор. Тийм болохоор Энхсайхан, Энхбаяр хоёртойгоо нийлж таарна. Сонирхолтой нь энэ хоёр маань Парис Хилтоны хажууд ядуу улсууд юм шүү дээ. “Үндэсний үзэл бол үндсэрхэг үзэл биш, энэ хөөрхөн хүүхэн хүртэл хаа холын Америкаас бидний хувь заяанд санаа тавих гэж иржээ” хэмээн сайхан зална. Манайхан чинь хэдэн сайхан бөх сонгоод УИХ даа оруулчихдаг хүмүүс. Яадаг юм, нэг аятайхан шаргал үстэй амээрик хүүхэн чимэг болоод сууж л байг, зурагтаар уйтгартай УИХ –ын чуулган гарахад үзэх харах юмтай. Тэртэй тэргүй Парис Хилтоноос илүү ухаантай хүмүүс нь тэнд цөөхөн юм хойно.

Хөхөн дээрээ Монголын далбааг шивүүлж энгэрээ гаргасан лефчиктэй хөдөөгүүр тойрог дээрээ уулзалт хийж буй Парис Хилтоныг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Түүнээс марзан марзан юм зөндөө байдаг юм чинь. Цөөхөн хэдхэн сонгогчийг бол яаж бол яаж өөртөө татна.

“Сонгууль ямар тогцтолцоогоор болох нь хамаагүй шударга явагдах ёстой” гэж ярьдаг улс төрчид зөндөө. Тал талаасаа хараад хянаад явж байгаам хойно хуучных шиг улаан цайм тог тасалдаг, санал зөөдөг гэх мэт болхи юмнууд үеэ өнгөрөөсөн биз. Шударга, шударга бус дээр санаа зовох юм гайгүй байлгүй. Харин 38 мянган хүнтэй Дундговьчууд 180 мянган хүнтэй Хан – уул дүүргийнхэнтэй адилхан гурван хүн сонгоно гэдэг л байж боломгүй асуудал. Нийслэлд хүн амын 44 хувь нь оршин суудаг. Үүнийг 76 суудалтайгаа харьцуулбал ойролцоогоор 33 – 34 суудал Улаанбаатарчуудад ноогдох ёстой. Гэтэл сүүлийн хорин жилийн турш нийслэлд 20 суудал л оногдсоор ирсэн. Нийслэлчүүдийн сонгох ёстой 13 – 14 хүнийг энгийн нэг сумын төвийн архичин ард дугуйлж байна. Гэхдээ энэ бол дүрэм, хэнд ашигтай дүрэм гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дүрэм хэвээрэй байвал Парис Хилтон ч манай УИХ –д сонгогдчихоор л байна. Улс төрлүү зүтгэж яваа, ухаанаараа биш азаар шахуу хөлжсөн ихэнхи баячууд Парис Хилтоноос юугаараа дээр вэ? Тэр та нараас баян, тэр та нараас ухаантай, тэр та нараас хөөрхөн, магадгүй хүсвэл тэр та нарын хийгээд байгаа “улс төр” –ийг хийж чадна.