Манай улс байгуулагдаж байсан он жилүүдийг эргэн дурсах шалтаг энэ жил тохиолоо. Нийтээр он тоолол­той болсноос ч өмнөхтэйгээ нийлүүлээд нийт дөрвөн он жилийн тэгш жил нь тохиосон тул монголчуудын найр наа­дам  үргэлжилсээр байна.

Үйл ажиллагаагаа явуулж байгаа их олон байгууллага энэ жил түүхээ урагш нь ахиулж "100 жил"-ийнхээ ойг тэмдэглэлээ. Тэдгээрийн нэг болох "Орчин цагийн батлан хамгаалах салбар" үүссэний 100 жилийн арга хэмжээнүүд он дуустал үргэлжлэх нь бо­лолтой. Энэ бол бидний хам­гийн сайн мэддэг салбар. Лав л сүүлийн 100 жил цэрэггүй байсан удаа үгүй байх. Цэр­гүүд зуун жилийн турш Мон­голоо хамгаалаад зогсоогүй өөр олон хамгаалах ажилла­гаанд оролцсондог. Одоо­гийн Лу.Болд сайд шигээ их да­руухан "Батлан хамгаа­лах", "100 жил" энэ тэр гээд байгаа болохоос жинхэнэдээ Монгол цэрэг гэдэг чинь "хэн билээ, хэдэн он билээ". Тэм­дэглээд байгаа  зуун жил гэдгээс нь  өмнө  хэдийнэ зохион байгуу­лалтанд орчих­сон манай ар­ми Хатанбаа­тар, Манлай ван нарын удирд­лаган дор Хята­дын нутагт эзлэн түрэмгийлэх дайн хийгээд тууж явсан юм биш үү.

Батлан хамгаалах яам­ны­­хан хөдөө орон нутагт "Цэрэг эх орны" сэдэвтэй өдөрлөгүүд зохион байгуулж үүнийгээ ойн арга хэмжээний нэг ажил гэж тайлбарлаж байна. Сая­хан "Таван тол­гой"-д бэсрэг наадамтай бая­р хийсэн бол төд удалгүй Өмнөговь ба нө­гөө "Таван толгой" дээр оч­чихсон бас л цэрэгжсэн арга хэмжээнд олныг хамруулав.

Шорон байгуулагдсаны, До яамны 100 жилийн ой гээд бөөн баяр болж парад гиш­гэцгээсэн. Түүнд иргэд хэр зэрэг баяртайгаар оролцсон эсэхийг сайн мэдээгүй. Харин "ардын армийн"-хны энэ баярт амархан уруу татагд­чих шинжтэй байна. Тийм учир шалтгаан бий. Маниа­саа эхлээд бараг бүгдээрээ их бага хугацаагаар цэргийн алба хааж үзсэн, нийтийн  хамгийн сайн мэддэг салбар бол арми. Муугаар бодож дайн боллоо гэхэд Монгол эрчүүдийн ихэнх нь буу саа­даг агсаад жагсахад бэлэн бэлтгэл хүчин хэвээр байгаа. Тэгнэ гэж тангаргаа өргөөд халагдсан цэргүүд билээ бид.

"Шиноков" болж ирээд дараа нь "хал цэрэг" болсон түм буман эрчүүд одооны цэргийг ямар болсныг энэ "100 жил"-ээр нь харах сонир­хол байна.

Өмнөговьд очиж харлаа. Арми өөр болчихож. Элитийн 150-р ангийн дайчид үзүүлэх сургууль хийж байна. Нэг мулзан толгойтой нөхөр тоос­го хага мөргөв. Хүүхдүүд кинон дээр гардаг зүйлээ амьдаар нь үзэж уулга ал­дацгаана. Буу зэвсгээ гай­хуулж, танк их буу, машин унаагаа үзүүлэн, госпита­лийнхан хүмүүсийг үнэгүй үзэж эмчлэн, цэргийн урла­гийнхан ая дуугаа өргөн гу­дамжаар цэргүүд "Манай цэр­гийн жавхаа сүр улаан тугийн намираа..." хэмээн  жагсаа­лын дуу дуулан алхацгаана. Том дэлгэцэн дээр "Тусгай салаа" олон ангит киноны "Улаан туг" Дэндэв нар бас гараад л. Орой нь харин   "Догшин хар сүлдний нууц" баримтат кино гарна гэж байв. Армийг үзэл санааны хувьд бүрмөсөн өөрчилж арай л амжаагүй бололтой. Гоё аятай ч үг нь горьгүй жагсаалын дууг засварла­хаас эхлээд хийх ажил тэнд бий байх. Гэхдээ цэргүүдээ тураалд оруулсан архаг ге­нералууд байлдагчдыг жаг­саалаар нь МАХН-д сонгуу­лийн санал өгүүлдэг байсан саяхны цаг үетэй зүйрлэвэл ч бүр төрөл арилжжээ.

Цаашид Монгол Улсыг батлан хамгаалах ямар шаард­лага байдаг юм. Би­дэнд дайсан бий юу?. Байлаа гэхэд хичнээн дайсны өөдөөс хэдэн цэрэг тулалдах бол? Энэ нь нууц ч таван настай хүүхэд ч ойлгомжтой асуудал. Тэгээд бодохоор цэргийг мян­ган өдөр тэжээж нэг ч өдөр хэрэглэхгүй,  улсын хөрөнгийг дэмий зарцуулж байгаа мэт. Оронд нь цагдаа, хилийн цэргээ тордож байвал барав гэмээр. Тэгэхийг ч их олон хүн хүсдэг юм билээ.

Гэтэл бас үгүй юм. Манай үндэсний аюулгүй байдалд санаа зовох юм гарчихаад байна. Олон уул уурхай нээг­дэж баян тарган болж магад­гүй гэж хөөрөхийн хажуугаар эрүүл ухаанаар бодоход энэ нь гуйлгачин байхаас дор хог шив. Цөөн хүн амтай Монголд томдсон их баялаг нь насанд хүрээгүй хүүхдэдээ сая төгрөг өвөртлүүлээд гудманд гарга­чихсантай адил түгшүүртэй. Хүүхдийн өвөрт байгаа мөн­гийг гудамжны хулигаан мэ­дэж байгаа. Тэд булаавал яана. Тэрнээс дор юм болох вий. Хүүхэд өөрийгөө хамгаа­лахын тул яах ёстой юм.

Юмтай хүн юмаа бат хам­гаалахын тулд авдар савнаас өгсүүлээд хоточ банхар тэ­жээх амьдралын шаардлага аяндаа гардаг. Өнөөдөр Мон­гол Улсад урьд урьдаас илүү өөрийгөө хамгаалах шаард­лага гарч байна. Улсын бо­лоод хувийн өмч дээр нэмээд улс орнуудын өмч хөрөнгө, эрх ашиг манай уудам нутаг дээр улам их овоорох бол­лоо. Энэ бүгдийг "сэкүүрийт" гэх нэрээ сольсон манаач өвгөн муна бариад хичнээн­хэн хам­гаалах юм. Хариуц­лага хү­лээдэг гэхэд Монгол Улсын өмнөөс баталгаа гар­гах эрх зүй ч байхгүй.

Орчин үед улс гүрнүүд аль нэг рүүгээ уулгалан довтлох балмад ажиллагаа бараг явагдахгүй. Заавал нэг учир шалтгаан ял асууж  тодорхой обьектод чиглэсэн дайралт хийдэг. Зөвхөн Бин Ладенг устгахаар дайрч байх жи­шээтэй.

Ийм нөхцөл байдал дунд манай арми нь  манай оронд төдийгүй олон улсад чухал эрэлт хэрэгцээтэй болчихжээ. Цомхон чадварлаг. Орос зэв­сэг барьсан Чингэс хааны баатрууд нь  цэргийн ертөн­цөд бол манай "Догшин хар сүлд"-рхүү  харагдана. Зөв­лөлтийн армитай ган бат хол­боотой байснаас бусад 2220 жилийн турш манай их цэрэг  өнөөдрийнхөөс их ч үгүй, бага үгүй тоотой байсаар ирсэн уламжлалтай. Яг ийм бүрэл­дэхүүнтэй арми өнөө­дөр дэл­хий дээр энхийг са­хиу­лах үүрэг гүйцэтгэхэд то­хирч байна.

Бөхийн удамтай гэдэг шиг монголчууд шиг ийм дайн тулааны одонд төрсөн, цэрэг эрийн амьдралаар явах ча­дамжтай, нялцгай биш ард түмэн их ховор байдаг.

Одооны манай "ардын арми" буцаад цэрэгт явмаар сайхан болчихжээ. Жаахан залуу байсан бол тэр энхийг сахиулах үйл ажиллагаанд нь оролцоод насны эцэст ядаж ярих намтартай болчихгүй юу. Саяхан л цэргийн газар гээд архидсан хэдэн хар юм ан­гиа­саа хулгай хийж өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Ар гэр, төр засагт алинд нь ч нэр нүүргүй, ирээдүй байхгүй тийм л салбар байсан. Тэгвэл одоо арми улс орныхоо нэ­рийг өргөж, армийнхан гэр орноо тэжээж байна. "Таван толгой" дахь "Энержи Ресурс" компани Батлан хамгаалах яамтай гэрээ хийж цэргийн жолооч нараар нүүрсээ тээ­вэр­лүүлэхээр болжээ. Энд 5000 орчим машин Хятад руу нүүрс зөөдөг гэсэн. Ихэнх нь хятад жолооч нар. Хятад жо­лооч нар давхар ямар мэргэ­жилтэй, урьд нь юу хийдэг байсан нөхдүүдийг бид мэ­дэхгүй. Янз бүрийн цуу үг зөндөө л яригддаг. Өөрийн­хөө нэг нууцыг задлахад ма­най зуун цэрэг эр энд гэрээ­гээр хүнд даацын машин барьж Хятад руу нүүрс зөөж эхэллээ. Тэд цэргийн маши­наа дараагийн хүндээ шил­жүү­лээд цэрэг хувцсаа тай­лан энд ирцгээсэн байна. Гэхдээ бүрмөсөн эндээ үл­дэхгүй. Ер нь ийм томоохон обьектуудад цэргийнхэн үе үе байж байхад юу нь болохгүй байхав. Нөгөө л "энхийг са­хиулагчид" маань энд ирчих­сэн "халтуур" хийж явна. Ар гэртээ цалин гээд сард сая гаран төгрөг явуулна.

БХЯ-ны Бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсай­ханы хэлж байгаагаар цэр­гийн жолооч нарын  энд ажил­ласан цалин хөлснөөс бид нэг ч төгрөг саахгүй. Өнөөдөр бид тус компанитай хамтран ажиллах гэрээ хийлээ. Гэрээ ёсоор нэг жолооч нэг удаа­гийн рейсийг 150 мянган төг­рөгөөр үнэлэх зэрэг заалтууд байгаа. Одоо сардаа арваас доошгүй рейс хийчих юм би­лээ. Түүнээс гадна жолооч ахлагч нар үндсэн цалингаа давхар авна гэсэн юм. Х.Бат­сайхан хурандаагийн ха­риуц­даг салбарынхан ийм тасралтгүй үйл ажиллагааг байнга сэдэж байдаг аж. Нө­гөө цэргийг мянган жил тэ­жээж нэг өдөр ашиглана гэсэн үгийг энэ салбар халж, цар­цанги байсан ажлын нэг то­моохон хүчийг эргэлтэнд оруул­сан байна. Энэ нь төр засаг аюулгүй байдалд ч, хувь хүний амьдралд ч аль ч та­лаараа нийцчихэж. Харин энэ талаар зарим хэвлэлд Болд сайд хувийнхантай нийлж бизнес хийж байна. Цэргийн хямдхан ажиллах хүчнээр өөртөө их ашиг олж эхэллээ гэж бичжээ. Ээлжит сонгууль дөхөж байгаа энэ үед сөрөг талаас ийм яриа гарах нь мэдээж. Лу.Болд цэрэг гүйлгэж мөнгө олохдоо ч тулаагүй байх. Одоо шудар­га байж бүтэн нэртэй үлдэ­хийг хүн бүхэн хичээж байхад энэ нь арай л хоцрогдсон улс төржилт юм.

Батлан хамгаалах салбар байна, цэргийн хүүхдүүд сор­тоотой явна, муусайн терро­рис­туудаас ямар ч байсан хамгаалчих хэмжээний  бол­чи­хож гэдгийг нийтэд дуулгаж баймаар юм байна шүү.