Буяны үйлс

Бүр 80-аад оны сүүл үед “Монголын залуучууд” сонины сэтгүүлч Б.Галаарид хөгжлийн бэрхшээлтэй ахлах ангийн охин Д.Бадамхандын тухай анхлан бичиж, түүнийг Зөвлөлтөд эмчлүүлэх зардалд нь нэмэр хандив өргөхийг орон даяар уриалж байсныг санаж байна. Миний мэдэх анхны хандивын хөдөлгөөн тэр байлаа. Д.Бадамханд эгч тухайн үед Орос руу явж, илизаровын аппаратаар хөгжилгүй болсон хөлөө эмчлүүлсэн. Хандивын хөдөлгөөн үр дүнгээ өглөө дөө гэж тухайн үед би бодсон. Хожим өөртэй нь уулзаж ярилцлага хийж байхдаа олны сайн санааны тэрхүү тусламж асар хүнд айдас, сэтгэлийн дарамт болж байсныг сонссон юм. Шуналтай нэгний нүдний хор, санааны гижиг хүрч, элдэв заль мэх, эргэн тойрныхныгоо хардаж сэжиглэхийн зовлон гээд юу эсийг туулснаа шимшрэн ярьж билээ. Хандив, өглөгийн тухай сайхан сэдвээ эвгүй түүхээр эхэллээ гэж бүү зэмлээрэй. Учир нь өгөх хийгээд авахын үйлэнд учир их байна. Харамын сэтгэлээр өгч, шуналын сэдлээр авбал буян болдоггүйг бид өвгөдөөсөө сурсан.

1990-ээд он гарснаас хойш ийм тусламж, хандивын аян, хөдөлгөөн бишгүй өрнөх болсон. Үр шимийг нь амсаад үхэл, зовлонгоосоо хагацаад явж буй хүмүүс ч бишгүй. Хэлж ирдэггүй өвчин зовлонг өөрсөд дээрээ тохоож ухаардаг монгол зон тусын сэтгэлийг эрхэмлэхийн гүн ухаантай түмэн. “Сайн хүн болоорой” гэх эмээгийн ерөөлийг сонсоогүй хүүхэд үгүй биз. Тэр сайн чанартаа тэмүүлэхийн эрхээр хармын сэтгэлээ даван туулах дотоод хөшүүрэг нь өглөг, буян болдог нь лавтай.

Өгөх сайхан

Амьдрал зөвхөн авах, идэх хоёр дээр тогтдоггүй. Бас өгөх хэрэгцээ бий. Хэн нэгэнд хэрэгтэйг нь өгч, түүгээрээ түүнийг баярлуулж, буян хийснийхээ сэтгэлийн таашаалыг хүртэхийн хэрэгцээ. Өгөх сайхан. Яг л бурханы энд хүрсэн мэтээр өөрийгөө сэтгэх сэтгэлийн ариуслыг бид өглөг, тусаасаа өөрсдөө хүртдэг.
Хайрламаар, магадгүй харуусан өрөвдмөөр, бүр энэрэн эвийлмээр учрал тохиол бидэнтэй цаг мөч тутам тулгардаг. Байгаагаараа, чадлаа хүрэхийн хэр хэмжээгээр бусаддаа туслахыг хүсэх хэрнээ нэг л болж өгөхгүй байх түг түмэн шалтгаан бий. Наанадаж тусыг бодож сарвайсан өглөг минь тусаа үнэхээр хийж чадах уу, үгүй юү гэдэгт эргэлзэх эргэлзээ тулгарна.

Хандивын тухай мэдээлэл цуглуулах явцдаа цөөнгүй баримт сөхөж харлаа. Бөхийн өргөө, Жанрайсэг шүтээнийг барьж байгуулсан, Чингис хааны тухай түүхэн кино бүтээх үйл явцын тухай гэх мэт олон ажилд өргөн олны хандив дэмжлэгийг цуглуулсан баримт байна. Жанрайсэг шүтээнийг монголчууд XX зуунд хоёр удаа бүтээн амилуулахдаа хоёуланг нь сүсэгтэн түмний өглөг хандиваар бүтээжээ. Түүнчлэн байгаль, амьтан хамгаалах, соёл урлагийг хөгжүүлэх, гадаад улс орны ард түмнүүдэд халуун гараа сунгах, зуд турханд нэрвэгдсэн үед нь малчид, тариаланчиддаа туслах гэх мэт олон ажил, асуудалд хандивын хөдөлгөөн өрнөж байж. Энэ бүхнээс эрүүл мэндийн, бүр тодруулбал, өвчин зовлонд учирсан хувь хүмүүс эмчилгээ, оношлогоонд зарцуулах зардлыг ард түмнээсээ гуйж, хандив цуглуулах тухайг өгүүлэхээр онцолж байна. Учир нь...

“Олон”-ыг гайхшрах

Сүүлийн үед “туслаач” гэсэн үг сонин, хэвлэлийн хуудас, зурагтын дэлгэц, сайтны нүүрнээ дурайх нь олон болчихож. Дэндүү олон болохоор чухам хэнийг нь онцолж нэр дурдахаа шийдэж чадсангүй. Миний хайнгадуухан хэрэглэж буй “олон” гэх энэ үгийн цаана учир шалтгаан нь бас түм бумаар тоологдох биз ээ.
Магадгүй, арав гаруйхан жилийн өмнө өмөн үү, хорт хавдар, цусны элдэв өвчлөлүүд “харь хэлийн” санагддаг байжээ. Нэг танил эмч маань сонин болгон, 70-аад оны дунд үед Анагаахын сургуульд нойр булчирхайн өвчлөлийн тухай хичээл орох болохоор ийм өвчний тохиолдол байхгүй, практик сургалт явуулж болдоггүй байсан гэж хуучилж билээ. Өнөөдөр монголчууд л хамгийн ихээр өвдөж байгаа элэгний хорт хавдар саяхныг болтол Монголд огт “орж ирээгүй” байсныг мэдэх юм. Тэгвэл энэ их, бүр огцом гэмээр их өвчлөлд ямар учир шалтгаан байгаа юм бол?

Өнгөрч буй хавар хуучны дотно найз маань аав болох байлаа. Гэвч чадсангүй. Хүсэн хүлээсэн хүүхэд нь зүрхэндээ хоёр том цоорхойтой төрж, сар гаруйхан наслаад ээж аавынхаа гар дээр өнгөрсөн юм. Тэд хүүхдээ хүн болгочих юмсан гэхдээ Улаанбаатарын эмнэлгүүдийг хэд хэд тойрсон доо. “Гадаадад л эмчилдэг” гэх хариу сонсож явсаар, үлэмж хэмжээгээр хэлэгдэх төлбөр зардлыг нь яахаа мэдэхгүй уйлагнаж гүйсээр байгаад хүүхдээ өөр тийшээ илгээсэн. Яагаад хүүхэд нь зүрхэндээ цоорхойтой төрснийг сураглавал нийслэлийн өвөл цагийн их утаа униар дунд тээснээс болсон гэнэлээ. Ганцхан энэ жишээг дурдсаны минь учир бидний амьдрах орчин ахуй, идэж, ууж байгаа хоол хүнс, эдэлж хэрэглэж байгаа бүхэн асар ихээр бохирдсоныг хэлэх гэснийх. Эрүүл амьдрах, амьд явах эрхээ үе үе төр засгаасаа нэхдэг сэтгүүлчид зүгээр л хэнээндээ хөтлөгддөг юм биш гэдгийг энд дахиад л нурших гэснийх.

Татгалзахын шалтгаан

Монголын нийгэм сайхан, муухайн аль нь болсон, амьдрал ахуй болж бүтэж буй эсэхийн хаагуур явааг дүгнэх хүсэл алга. Чухам ямар замаар вэ гэдэгт л асуудал байгаагаас биш монголчууд 20 жилийн өмнөөс ардчилсан байх, шударга, тэгш эрхтэй байхын төлөө тэмүүлж явааг л би сайн мэдэж байна. Энэ тэмүүллийнхээ ачаар зарим маань баяжин хөлжиж, чинээлэг сайхан амьдрах болсныг үгүйсгэх хүн гарахгүй биз. Уруудаж доройтсон нь бий. Нэгэнд нь илүүдэж байх мөнгө хөрөнгө, нөгөөд нь үзэгдэх ч үгүй болсныг “шударга бус” гэж зэмлэвэл өрөөсгөл болно.

Өвчний өмнө хүн мөнгөтэй, мөнгөгүйн ялгаа эдэлдэггүй. Харин өвдсөн нэгэндээ хүрэлцэхгүй байгаа зардлыг олоод өгчих юмсан гэх бодол монгол хүн болгонд төрдөг гэвэл буруудахгүй байх. Хүнээр хэмжигдэх орон зайд харилцан адилгүй төвлөрсөн хөрөнгийг харьцангуй хүртээмжтэй болгох гэсэн арга л юм даа, хандивын аян, хөдөлгөөн гэдэг. Өдрийн нэгээр нэмэгдэж байгаа ийм “гуйлга”-уудад огт хөдлөхгүй, хад чулуу шиг суугаад байх хүн бараг үгүй биз. Гэвч энэ аргыг хэрэглэж, аян  хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа хүмүүс хандив өгсөн хүмүүстээ, цаашлаад олон нийтэд эргээд тайлагнахгүй, өнөө хөөрхий өвчтөн үхсэн эсэх нь мэдэгдэхгүй алга болдогт л асуудал нь байгаа юм. Зориод, хэрэг болгон сурвалжлаад очсон сэтгүүлчид тойм төдий юм яриад өнгөрсөн цөөн зарим жишээг эс тооцвол ихэнх нь буух эзэнгүй мэт орхигдож хаягддаг.

Хаа нэгтээ “Ахдаа арав, таван цаас байвал өгөөч” гээд явж байгаа тэнэмэл эртэй тааралдаж байгаагүй хүн байхгүй шүү дээ. Түүнд өгөх нэгэн байвч өгөхгүй өнгөрөх нь олон. Яагаад тэгдгээ бид бүгдээрээ л мэднэ. Гуйж олсон мөнгөө тэр өсгөж үржүүлж, амьдралаа дээшлүүлэхэд хэрэглэж чадахгүй нь харваас ойлгомжтой байдаг болохоор тэр. Ууж согтож, мансуурч мангартахад нь тус дэм больё гэж бодоогүй тэднийг өгөөгүйнх нь төлөө харин ч сайшаах учиртай байх. Яг л үүнтэй адил, овжин зальжин нэгний халаасанд орчихож ч мэдэх хяналтгүй, эргээд сураггүй “хандив”-аас хүмүүс зайлсхийх болсон байна.

Зовлондоо бэлдье

Өвчлөл улам л нэмэгдэж байна. Бүр залуужиж байна. Тархиндаа хавдартай хүү гуравхан настай. Цусандаа өмөнтэй охин зургаатай. Бөөр нь үхжсэн бүсгүй 28-тай. Элэг нь устсан залуу 27-той... Жагсаалт хэчнээн ч үргэлжлэх юм бүү мэд. Эмч нар, “цаашдаа өвчлөл буурна” хэлж зүрхлэхгүй сууцгаана. Зайлшгүй, үл төгсөх зовлондоо бид өөрсдөө харин хэр бэлэн байгаа вэ?

АНУ-д 2009 онд буяны байгууллагуудад өгсөн нийт хандив 303,74 тэрбум ам.доллар буюу ДНБ-нийх нь 2,0 хувьтай тэнцжээ. Гэхдээ энэ тоо 2008 оныхоос 3,6 хувиар буурсан дүн юм байна. Асар их хөрөнгө. Хүнд өвчнүүдийн эмчилгээ, оношлогоо АНУ-д Өмнөд Солонгосынхтой харьцуулахад үнэтэй байдаг аж. Өглөг буяны сангууд хэдэн мянгаараа зохион байгуулагдсан байдаг ч тэдний мэдээллийг нэгтгэн цэгцэлж, олон нийтэд түгээж, эргэх холбоо бий болгодог тогтолцоо бүрджээ. Энэ нь өгөх хүнд эргэлзээ төрүүлдэггүй аж. Манайхны зохиогоод байгаа шиг Төрийн соёрхолт Н.Жанцанноровт, СТА Б.Баатархүүд гэх мэтээр хэн нэг хувь хүнд биш, элдэв өвчлөлүүдийн эсрэг нийтлэг сан байдлаар зохион байгуулагддаг нь бүр ч итгэлтэй болгодог юм байна. Уг сан өвчтөнүүдэд эмчилгээний зардал өгөхөөс гадна эмнэлгүүдийн чадавхийг сайжруулах, эсвэл бүр тухайн өвчнийг дагнан эмчилдэг эмнэлэг байгуулах гэх мэтээр дорвитой ажил санаачилж, хэрэгжүүлдэг юм байна. Буяны сан байгуулж, хүмүүнлэгийн үйлс өрнүүлэх ажлаа 1800-аад оноос эхэлсэн, урт удаан, итгэл найдвартай ажлаараа америкчуудын дунд төдийгүй дэлхий дахинд алдаршсан сангууд ч цөөнгүй байх юм.

“Сайн хүн болоорой” гэж ерөөгөөд эмээ минь магнай дээр үнэрлэдэгсэн. Эмээгийн ерөөл оршоож би сайн хүн баймаар байна. Аль болох олон хүнд тусламаар, чадлынхаа хэрээр өглөг, хандив өгмөөр байна. Өгч, өөрийгөө ч баярлуулж, хүн ёсоор амьдармаар байна. Надад ингэхийн итгэл үнэмшил хэрэгтэй байна. Америкчуудынх шиг биш ээ гэхэд ариун нь үнэн байх үйл хэргийн тогтолцоо хэрэгтэй байна.