Сая фээсбүүкээр орж яваад элэг авмаар нэг юм харлаа, элэг эмтэрмээр ч гэх юмуу эсвэл. Юу гэхээр МУИС –ын оюутны холбооных нь нэг нөхөр ингэж уриалж:

“... МУИСОХ-ноос 2011. 10. 03-ны өдөр 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнө зохион байгуулалттайгаар эсэргүүцлийн жагсаал хийнэ...  бла бла бла бла
...Унасан хичээлийг бүтэн кредитээр төлөх нь зөв үү!!!
Сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр авах нь зөв үү!!!.. бла бла бла
Бид актлагдсан 3,6-р хичээлийн байранд хичээллэх нь зөв юм уу!!!...  бла бла бла бла бла... маш олон асуудлыг дэвшүүлж бид захиргаатай тэмцэх цаг иржээ...бла бла бла... ирээдүйнхээ найз нөхдийнхөө төлөө тэмцэцгээе, ирж жагсаарай, хамтдаа бол хүчтэй хичээл хаялт зарлъя... бла бла бла”

Ёстой нээрээ хахахаха хэхэхээх хохохохохо хихихихихих хөхөхөхөхөхөх кккккк. Уг нь хэдхэн хоногийн өмнө МУИС –ын МКС –ын оюутнууд азийн хэмжээний томоохон програмчлалын олимпиадаас мөнгө медаль авчирч та биднийг баярлуулсан. Зарим оюутнууд нь хэрэгтэй мэргэжлээ эзэмшиж, дэлхийд нэрээ гаргаж явна. Гэтэл зарим хийтэй, хэнээтэйнүүд нь “тэмцэх жагсах, хичээл хаях” тухай уриалж цээжээ дэлдэнэ. Болдогсон бол энэ хэнээтэй дуракуудын 500 мянгыг булааж аваад олимпиадад түрүүлсэн залууст өгчих юмсан. Сургалтын төлбөрөө нэмэхгүй байхыг боловсролын сайд нь үүрэгдэнэ, одоо оюутнууд нь хичээл хаялт зарлаж тэмцэнэ гэнэ дээ. МУИС –ын захиргаа гэж ёстой тамын аймаар амьтан бололтой, хэдэн хөөрхий оюутнуудаа зовоож байгаа юм байна, яааааасан муухай юм бээээ яа яа яа.

Улсаас таван зуун мянган төгрөг авч байж, одоо сар бүр далан мянгыг авахаар болсон байж, автуусаар үнэгүй явж байгаа мөртлөө яг хичээл хийх цагаараа жагсаал хийнэ гэдэг ч их л ууртай байгаагийн шинж шүү. Юунд уурлсан шалтагуудыг нь нэг сонирхъё. “Унасан хичээлийг бүтэн кредитээр төлөх нь зөв үү!!!” гэсэн байх юм, хамгийн эхэнд бичсэнийг бодоход хамгийн уур хүргэсэн шалтгаан бололтой. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, унах шалтгаан олон. Гэхдээ ихэнхидээ л шоудаж, залхуурсан хүмүүс л хичээл дээрээ унаж байгаа. Оюутан өөрөө хичээвэл ямар ч хичээлийг ойлгож чадна. Албатай юм шиг юу ч сураагүйнхээ төлөө ингэж гоншигонох нь хир зүйтэй вэ, унахгүй л бай л даа. Дараагийн асуулт нь “Сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр авах нь зөв үү?” гэнээ. Үнэгүй сурах гээд байгаа юм болов уу? Үүнд хэлэх ч үг алга. Бас нэг хөөрхөн асуулт нь “Бид актлагдсан 3,6 –р хичээлийн байранд хичээллэх нь зөв үү” гэнэ. Тааруухан хуучин барилга гэдэг нь ч үнэн шүү. Гэхдээ дүү минь, чамд болон бусад зуун далан мянган оюутанд чинь тарааж өгсөн 85 тэрбум төгрөгөөр, удахгүй нэмж өгөх гэж байгаа 140 тэрбум төгрөгөөр 3, 6 –р байр шиг чинь цоо шинэ арван ширхэг барилга босгож хүрэх юм шүү дээ уг нь. Тийм сүрхий юм бол “Бүгдээрээ 500 мянгуудаа нийлүүлж шинэ байр босгуулъя” гэж оюутнууддаа уриалаач. Шинэ байр нь байг, хоцрогдсон лабароториудаа тохижуулахын тулд 500 мянгуудаа нийлүүлье гэж уриалаач, тийм их санаа зовоод байгаам бол.

Улсаас зүв зүгээр, сув сул мөнгө тараасаар байгаад энэ хэдэн оюутнууд чинь бүүр үхээнц, амьдрах чадваргүй, хэрүүл хийхдээ л гарамгай амьтад болж дуусах нь. Өөрийнхөө төлөө, амьдралын төлөө ажил хийж мөнгө олж, хажуугаар нь боловсрол эзэмшиж тэмцдэг биздээ, эсвэл одоо цагт зүгээр л жагсдаг болчихсон юмуу. Одоохондоо МУИС –ын материаллаг бааз, хөрөнгө санхүү маруухан л байна, бүгд мэдэж байгаа. Үнэхээр МУИС чинь таалагдахгүй бол өндөр төлбөртэй, гоё анги танхимтай хөөрхөн охидуудтай СЭЗДС, Хүмүүнлэг гэх мэт хувийн сургуулиуд байна, чиний дур шүү дээ. Гадагшаа явж сургууль шиг сургуульд, сурсан шиг сурж ч болно, төлбөр нь л өндөр байхдаа.

Хавар бас ид шалгалтын үеэр хэдэн оюутнууд төв талбай дээр 70 мянгаа нэхэж жагссан. Оюутны холбоонуудад нь өөр хийх ажил олддоггүй юм болов уу, мөрөөрөө хичээлээ хийгээд явж байгаа залуусыг элдэв жагсаалд уриалаад байх юм. Эсвэл хэн нэг нь жагсаалд уриалж од болох сонирхолтой байдаг юм уу? Оюутан нас гэдэг омголон сайхан үе, зөв юмныхаа төлөө л тэмцээсэй. Өдрийн талыг бааранд өнгөрүүлдэг шоучин оюутан байхад өдрийн талыг хичээлээ хийж өнгөрүүлдэг сурлагатай оюутан ч байна. Ялгах л хэрэгтэй дээ, сайн ялгах хэрэгтэй.

Нээрээ жагсах гээд байгаа бацаануудад зөвлөхөд морьгүй жагсаал моодноос гарсан шүү, анхаарна биз өөрсдөө. Гэхдээ л Чойбалсангийн хөшөөг хэчнээн адууны хомоолоор буллаа гээд МУИС –ын захиргаа таануусын асуудлыг шийдэхгүй, шийдэхийг ч хүсэхгүй, хүссэн ч чадахгүй. Учир нь мөнгө байхгүй. Хувцас муутай, царай муутай, ааш муутай хэдэн багш нарынхаа цалинг тавих гээд ядаж яваа. МУИС –ын захиргааг өмөөрөх гэсэнгүй, МУИС –ын багш хүнийхээ хувьд зөвөөр хэлэхэд “буруу”, гоёор хэлэхэд “саваагүй”, шулуухан хэлэхэд “тэнэг” зүйл сэдээд, уриалаад байгаа зарим хийрхүү оюутнуудыг шүүмжилж хувийн бодлоо дэлгэлээ.

Жагсаж болно, хичээл хаяж болно, юу ч сурахгүй байж болно, архидаж болно та нарын өөрсдийн эрх. Бид бүгдээрээ л эрх чөлөөтэй хүмүүс. Хэдэн төгрөгөөрөө хаанаас юу худалдаж авах, хаана сурч боловсрохоо бид өөрсдөө шийддэг. Зургаан зуун төгрөгөөр авсан талхаа “энэ чинь ямар ч чихэргүй, үзэмгүй, кремгүй хогийн байна” гэж голоод талхны үйлдвэрийн захиргаатай тэмцэж жагсах эрх хүртэл бидэнд бий. Талхны чинь таван зуун төгрөгийг төр өгөөд байхад хүртэл талхаа идэхгүй гэж голох эрх бий. Гэхдээ тэнэг биз дээ. Талхны үнээр торт худалдаж авдаг нийгмийг социализм гэдэг юм шүү. Залуус бид социализмыг үзээгүй, үзсэн хүмүүс ярих нь их л муухай гэдэг юм билээ. Хүний хөгжлийн 500 мянгаа хасахаар МУИС –ын нэг оюутан 400-500 долларын төлбөр төлж байгаа. Зарим нөхөд чинь дэлхийд хамгийн зардлаар азийн хэмжээний програмистууд болж чадаж байна, хийрхэхээ болиод хичээлээ хийвэл дээргүй юу.