МАХН-ын XXV Их хурал халуухан уур амьсгал дунд үргэлжилж байна. Хэзээ ийм байлаа. Хуучны айж ичдэг, баригдаж дарагддаг шинж гишүүдийнх нь мөрнөөс элэгдсэн хүрэм шиг алдран унаж эхэлсний дохио хаа сайгүй жингэнэж байна.
Ултай суурьтай, удаан бодож жинлэж байж үгээ хэлж байгаа тулхтай төлөөлөгчид ч байна, олон жил тойргийн гадна хаягдан хорсож, цээж дүүрэн бухимдал тээж ирээд тэсэрч байгаа гишүүд ч байна. Учраа мэдэхгүй хор балгаж "согтоод" захиалгаар хөндлөн гулдгүй донгосч байгаа хүмүүс ч байна. Ямар ч байсан энэ бол эднийд түүхэндээ байгаагүй ардчилал.
Үнэндээ тэдний ингэж намын толгой руугаа айж эмээлгүй авирч ноцох алтан эрх энэ өдрүүдэд сайн муу хэлүүлээд тэвчээртэйгээр тулх заан сууж байгаа М.Энхболд гэдэг залуутай хамт ирсэн эрх чөлөө юм.

Залуу хүн гэхэд яаж ч оролдоод салхилж, дэрвэж, цовхчиж өгдөггүй хэтийдсэн гэмээр буурь суурьтай Энхболд намын дотоод ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн тухай ойлголтуудыг цаасан дээрх баримт бичиг төдийхөн оршиж байсан хуучин хэлбэрээс нь ховх татан намын халуун амьдралд оруулж ирж чадсан учраас гишүүд нь ийнхүү дур зоргоор амьсгалж чадаж байна.

1996 оны УИХ-ын сонгуулиар МАХН түүхэндээ анх удаа ялагдаж, тухайн үеийн удирдлагууд нь шокноосоо гараагүй, албан тушаал горьдоод цагаан байшинг бараадан сүүдэр шиг сүүтэгнэж явсан хүмүүс харх шиг дайжин зугтчихсан үед хэн ч тоохоо байсан Ху намыг шинэчлэх аянд одоо хулгайчаараа дуудуулаад байгаа У.Хүрэлсүх нарын залуучууд залуу хүний зоригоор нуруун дээрээ аваад алхсан түүх хуучраагүй байна. Тэдгээр залуусын нэг одоогийн "Онц их хурлын төлөө хөдөлгөөн"-ий тэргүүн Т.Гантулга. 2000 оны сонгуулийн өмнө намын даргын зөвлөх гээд нэг гавшгай байрын шавилхан залуу явдаг байсан. Хааяа намын байраар ороход хамгийн их хүн бужигнасан өрөө түүнийх байдаг сан.

Одоо том болцгоосон УИХ-ын гишүүн, сайд нарын нэлээдийг Гантулгын өрөөний үүднээс харж байсан юм даг. Н.Энхбаяр зөвлөх нэртэйгээр түүнийг хэдэн ч жил дэргэдээ уяв. Аливаа юманд хэмжээ хязгаар байдаг болохоор тэр нэг л өдөр намын даргын зөвлөхөөсөө татгалзаж, улс төрийн халуун гал руу ороод ирсэн. Бүх юм болж бүтэж, нэг хүний харцан дор бөмбөрч байсан МАХН-ыг (цаад утгаараа Н.Энхбаярыг) цочтол нь шүүмжилж ил гарч ирсэн түүнийг улс төрийн ажиглагчид, ялангуяа хэвлэлийнхэн халуунаар хүлээн авч дэмжсэн. Янз бүрээр ч авлуулсан. Гэвч хэний ч нөлөөнд авталгүй зорьсон зорилгодоо хүрч энэ их хүлээлт дагуулсан Их хурлыг хуралдуулж чадлаа. Намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр өөрийн үзэл бодолдоо хатуу зогсож, эрх мэдлээ алдаад боож үхэх гэж яваа бүлэглэлүүдийн намын шинэчлэлийн салбар хуралдааныг нь хор найруулан булааж авах гэсэн оролдлогыг тасалж, намын шинэчлэлийн төлөө яваа хөдөлгөөнийхөө итгэлийг биелүүлэн гарч чадсанаараа хэн болохоо харуулав. Түүний удирдсан салбар хуралдаан шиг сэтгүүлчдийн анхаарлыг татсан, яралзсан хурал байсангүй. Тэр өөрийг нь бассан, баалсан олон хүний өмнө хэр зэргийн гялалзсан сэхээтэн болохоо харуулж, М.Энхболдод үнэхээр хэрэг болов. Энэ тухайд нөгөө талаараа илтгэлийг нь хуучинсгуудаас хамгаалан үлдэж, Их хурлын индэр рүү хүргэж чадсан М.Энхболдын алсын ухаан, нөмөр нөөлөгт ч талархах ёстой. Шинэ үе өөрөө шинэчлэлээ хамгаалж, тээн авч гарч, замын чулуунуудаа хамтдаа түүж бартаагаа туулахгүй бол урагшаа гишгэхгүйг энэ намын одоогийн бохирдсон давхаргын хэтэрсэн хаанчлал эцэст нь залуу үедээ ойлгуулж өгч байх шиг.

Энэ нам экс даргынхаа засаглалд үлдэж, малгайгаа түр зуур сольчихоод гүйгээд байгаа хуучны хэдэн лидерийн эрх ямба сэргэх үү. Эсвэл тэрнээсээ дутахгүй хүйтэн сэтгэлтэй хорон бүлэглэлийн гарт шилжин орох уу. Шинэ бодлого, шинэ агаар, шинэчлэлийн салхийг авчирсан залуу эгнээгээ түших үү гэдгээ шийдэх гэж байна. М.Энхболд ...түүний ард байгаа шинэчлэлийн төлөөх хөдөлгөөнүүд, энэ намд залуу хүний эрч хүчээ өгөхөөр ирсэн бүхэл бүтэн армийнхны зориглон хөдөлсөн түүхэн гэмээр оролдлогыг хэрэв энэ XXV Их хурал няц гишгэвэл шинэ зууны босгыг дөнгөн данган давж орж ирсэн МАХН-ын хувь заяа хэрхэх нь тодорхой. Энэ үүднээсээ Их хуралд сонгогдон ирсэн төлөөлөгчдийн гаргах шийдвэр түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг дор бүрнээ тунгаан буй биз ээ.