Сү.Батболд хүчирхэг байна гэнэ үү?

Оюу толгойн гэрээгээр эхэлсэн улстөрийн хямрал Засгийн газрыг унагахад тулаад байна. Засгийн газар “Бид буухгүй, гэрээг ч өөрчлөхгүй” хэмээн цахдаж эхэллээ. Гэрээг өөрчлөх санал оруулсан 20 гишүүнийг гадаад дотоодгүй сонгууль дөхөхөөр шоудагч, популист хэмээн шоолсоор байна.

“Элит” төвд МАН-ынхан зоог барингаа дотоод хямралаа цэглэхийг оролдсоноос энэ явдал эхэлжээ. Удаан тэвчсэн Ерөнхий сайд маргаанд тэсгэл алдаж яг Итгэлт баян шиг “Намайг зөөлөн гэж элэг барьж байна уу, би хатуурхаж бас чадна шүү дээ” гэж хэлснээс бүх зүйл эхэлжээ. У.Хүрэлсүхтэй байнга харьцуулж, харьцуулахдаа ямагт доогуур үнэлж байдагт бухимдсан бухимдал нь тэсэрсэн байх. Цаадуул нь хөөрхий Долгор биш тул дургүй нь хүрсэндээ зоогоо халуунаар нь хаяад гарчээ. Сү.Батболдоос ямар хоол гуйгаа юу? Гармагцаа Засгийн газрыг огцруулахаар ярилцав. Гол нь Сү.Батболдыг намын эрхнээс холдуулахад чиглэсэн ба Ерөнхий сайдын суудал бол хавчуулагдчихаад байгаа юм.

Хэвлэлд шуугиад эхэлмэгц Ө.Энхтүвшинг даруй тайзнаа гаргаж “Тийм зүйл огт болоогүй” гэсэн тайлбар хийлгэв. Яг тэр орой нь Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг цуглуулах ажил эхэлжээ. Ө.Энхтүвшин худалч болов. Өмнө нь Ерөнхий сайд Сү.Батболдыг намын даргаар сонгосон их хурлын үеэр Ө.Энхтүвшин намын даргад нэрээ дэвшүүлж намынхаа дотоод ардчиллыг өөрийн нэрийг золин байж “илтгэсэн”. Үнэндээ тэр нь С.Баярын түлхээс байсан ба тэр шөнөөс У.Хүрэлсүх, М.Энхболд ба С.Баяр, Сү.Батболдын хоорондын зөрчил эхэлсэн юм. Энэ удаад Сү.Батболд, С.Баяр нарын хэн нэг нь түүнийг гал хамгаалагчаар томилж дээ. Гэвч сайн ажилласангүй. Туршлагатай улстөрч, Н.Энхбаярын үед бодлогод нөлөөлөхүйц байр суурьтай байсан Ө.Энхтүвшин яагаад ингэтлээ доош орж  зуйраад байдаг нь ойлгомжгүй. Магадгүй 2012 онд Хөвсгөлд дэвшиж, С.Баярт чирэгдэнэ гэж боддог байх. Эсвэл жигүүр байгуулсандаа, намын хагарлын эхийг тавьсандаа гэмшдэг юм болов уу?

Ө.Энхтүвшингийн мэдэгдлийн маргааш нь Хэнтийн мянгат малчидтай уулзсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би улсаа худалдахгүй, гишүүнээ болилоо ч аварга хэвээрээ үлдэнэ, үлдэх нэрээ хичээх ухаан надад бий, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн, би зурсан, эх орноо худалдагчидтай эвлэрэхгүй” гэж ярьжээ. Аягүйдвэл түүнийг зорилгоосоо буцахгүй бол дэвшүүлэхгүй гэж сүрдүүлсэн байх нь. Оюу толгойн гэрээнд 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар шахаж буй олон гишүүн “Эх орноо худалдсан” хочноос эвгүйцэж яваа.

Сү.Батболд яг С.Баярын тактикаар ажиллав. Тэрээр улстөрийн үйл ажиллагаандаа байнга С.Баярыг даган давтахыг оролддог, өөрийн арга барил суугаагүй улстөрийн тавцанд шинэ хүн. С.Баяр асуудал өөрийн нь санаснаар шийдэгдэх янзгүй болбол ганц ганцаар нь “хүлээн авч” уулздаг. Ц.Батбаярыг огцруулах хүсэлгүй НИТХ-ын гишүүд, өөрийг нь сонгохыг хүсээгүй намын бага хурлын гишүүд, хамтарсан Засагт байгуулахыг хүсээгүй шинэ УИХ-ын гишүүд гэх мэт. С.Баяртай нэг нэгээр тулахад их хэцүү байдаг бололтой. Сайн сэтгэлзүйчийн хувьд С.Баяр уулзалтын үеэр ятган тайлбарлахаас эхлээд цохилдуулах, сүрдүүлэх хүртэл олон арга хэрэглэдгийг түүнтэй уулзсан хүмүүс хожим ярьснаас мэдэгдэж байв. Хэн нэгэн С.Баярт бууж өгснийг нэг уулзаад л мэдэж болдог гэлцдэг.  

Тууштай биш хүмүүс түүний нөлөөнд автахаа мэддэг тул хэрэв байр сууриа хамгаалъя гэвэл уулзахгүй зугтсан нь дээр гэж боддог болсон юм билээ. Харин энэ удаад Сү.Батболд хэлснээрээ хатуурхсангүй, уулзсан гишүүдийн хэлснээр “тоо бодуулжээ”. Та нар ялна гэж бодож байна уу? 76-гийн арифметик бодоод үз дээ. Сайн дипломатчийн хувьд Ерөнхий сайд, намын даргын сүрээр халхавчлан ятгажээ.  

Харин Ц.Батбаяр Сү.Батболдтой уулзалгүй бултчихаж. Өмнө нь нийслэлийн Засаг даргаас “сайн дураар огцрох” шахаанд орж байсан  гашуун туршлагаа давтахгүйн тулд очоогүй нь дээр гэж бодсон байх. Харин бусдаасаа Сү.Батболдын юу ярьсныг сонсчээ. Зэвүүрхсэн тэрээр “Сү.Батболд гишүүдийг урьж тендер амлан урвуулахыг оролдсон” гэж мэдэгдэв. Хариуд нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө” гэсэн мэдэгдэл гаргаж сүрдүүллээ. Өөрөөр хэлбэл чиний хэлснийг хэн ч батлахгүй, тендер авахыг зөвшөөрсөн бол түүнийгээ илчилж шившиг болох “тэнэг” байдаггүй юм гэсэн үг л дээ. Гэвч шүүхэд өгсөн өгөөгүй Сү.Батболдын “худалдан авах” арга илэрчээ. Нээрээ ”Сү.Батболд хүчирхэг байна”.

Одоо Оюу толгойн гэрээг шүүмжлэгч 20-иос Засгийн газрыг огцруулах саналаасаа ухарсан МАН-ын УИХ-ын гишүүн бүрийг “тендер шаачихаж” гэж хардах бүрэн үндэслэлтэй болсон байгаа биз? Маш анхааралтай ажиглацгаая. Жинхэнэ эх орончид уу?, популистууд уу? бүр шантаажчид уу? гэдгийг.

Ц.Батбаяр мөн л хорлонтой мэдэгдэл хийж “Оюу толгойн гэрээг байгуулсан сайдуудыг шүүхэд өгнө” гэлээ. Ц.Батбаяр урьд өмнө байгаагүй зоримог, шаргуу байна. Тэр сүрдүүлэгт автахгүй гэж хэдэрлэсээр, түүнийг ч сайхан цоллоно доо. Мэдээж Засгийн газар шүүхэд өгвөл Ц.Батбаяр ялагдана, гэхдээ одоохондоо гишүүний халдашгүй эрх нь түүнд бий. Уг нь арай илүү зоригтойсон бол тэрээр Сү.Батболдтой давхиж орж уулзаад, амласныг нь сонсчихоод дэлгэчих байсан юм. Ийнхүү “Битгий шуналт” гэсэн үгнээс эхтэй хямрал, “Бүү шуналтуул” гэсэн хариугаар үргэлжилж байх шив.

Засгийн газар УИХ-ын гишүүдийг тендерээр, тэрбум төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж аваад дасгачихсан бөгөөд олон гишүүн үүнд амтшиж, Засгийн газрыг огцруулах санаархлыг хувийн сохирхлоор дэвэргэх хүсэлтэн ч олширч, сонгуулийн хугацаа ч дуусаж байгаа тул энэ хэрээр Засгийн газар хэврэг болсон байна. Ц.Батбаяр мэдэгдэл нь “Тендер хэзээ ч шударга явдаггүй, наад зах нь Ерөнхий сайдын амласнаар зарлагдахаасаа өмнө эзэн нь тодорчихсон байдаг” гэсэн үг юм. Ийм нөхцөлд тендерт оролцох нь бараг л илүү ажил болохыг бизнес эрхлэгчид ойлгох хэрэгтэй л дээ. Тэр тендерийн тухай хууль, будлиан энэ тэр бол юу ч биш юм байна. Хууль дагавал ялагдана.

Бүр лавшруулбал төсвийн хөрөнгө оруулалт гэгч цэвэр Засгийн газрын хахууль болохыг төвөггүй ойлгож болох нь. Тиймээс энэ жилийн хуримтлал 330 тэрбумыг яагаад гэнэтхэн тодотголоор замын тендерт зарцуулах болсныг, энэ мөнгө яагаад зөвхөн МАН-ынханд тараагдах болсныг, шазруун шударгаараа сайд Х.Баттулга тэр тендерээс яагаад нэрээ цэвэр авч гарсныг, Ц.Нямдорж яагаад хуралдаан болгон дээр Х.Баттулга руу архираад байдшийг түвэггүй ойлгож болох нь байна.

Ерөнхий сайд дараа нь яаравчлан УИХ-ын чуулганд тайлангаа тавьж гишүүдийг “гүнээ хүндэтгэв”. Тэрээр “Сүүлийн гурван жилд нэгдсэн төсвийн орлого 88,6 хувь, нэгдсэн төсвийн зарлага 72,9 хувьд хүрлээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалт тогтмол 28,6 хувиар өсч, нэгдсэн төсвийн алдагдал 42.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын өсөлт тэгээд сайн үзүүлэлт үү? Муу үзүүлэлт үү? Илтгэл нь их сайн болсон байна, гагцхүү манай Засгийн газар Дэлхийн банк, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд ач холбогдол өгч, Үндэсний статистикаа тоохоо больсныг мэдрэхэд хангалттай. Ер нь энэ Засгийн газар гадаадынх уу, дотоодынх уу?

Ц.Батбаярын мэдэгдэл эргэлзээнд байсан гишүүдийг цаашаа ч үгүй, наашаа ч үгүй болгочихжээ. Ямар боловч Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурах доод тал нь 19 гишүүн хадгалагдах нь тодорхой байна. Түрүүчийн баасан гарагт МАН-ын эрхийг авахыг сонирхогчид “үл үзэгдэгч гарын” зохион байгуулснаар цуглажээ. Хэрэв одоо зүтгэснээрээ шийдэж, Сү.Батболдоос салахгүй л бол эсэргүү гишүүд дараагийн сонгуульд дэвшинэ гэж горьдолтгүй. Тэр “Би бас хатуурхаж чадна шүү” гэсэн. Гэхдээ Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулбал ялах эсэхтээ эргэлзээд байна. Тиймээс яаж ийгээд найдвартай унагах багийг багцалж авахыг чармайх нь зүйтэй гэж үзэж хойшлуулсаар. Харин гишүүд өөрийгөө гэрэл цохиулж “ганцаарчилсан байцаалтад” орохгүйн тулд “Би мэдэхгүй, надад гарын үсэг зурах санал ирээгүй” гэж бүлтэгнэнэ. Хэн нь ч “Тийм юм болоогүй” гэж Ө.Энхтүвшин шиг худлаа хэлчихэж чадахгүй л байгаа юм даа. Гэмт хүн гэлбэлзэнэ ээ гэж.

Шинэ хуваагдал

МАН-ын сөрөг бүлэглэл Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулбал АН-аас 13 гишүүн л дэмжвэл Засгийн газар унана гэж тооцсоноор ажил эхэлжээ. Тиймээс АН-ын бүлгээс дэмжигчдийг цөөрүүлэх ёстой тул Алтан гадасынхан эрчимжив. Хэрэв Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэгдээд эхэлбэл ердийн олонхиор буюу бүх гишүүд санал хураалтад оролцоно гэж тооцвол дээд тал нь“38+1”-ээр ердийн олонхиор Засгийн газрын хувь заяаг шийднэ. Тиймээс “38-13=25” хүртэл МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулахад нэгджээ гэсэн тооцоо гарч байна. Сү.Батболдын бодуулсан бодлогын хариу.

Сү.Батболд бэрсээ нүүж С.Баярыг хөдөлгөлөө. Ерөнхийлөгчийн дэмжлэгт бүрэн найдахгүй байгаа бололтой. Тэрээр эхлээд өөрийн нөлөөний хүрээний гишүүдийг Оюу толгойн асуудлаас хамааралгүй Засгийн газрыг огцруулахаас татгалзахыг шаарджээ. Дараа нь АН-ынханд илүү боломжийн нөхцөл санал болгосон нь “Хамтарсан Засгийн газрыг сонгуулийн дараа ч дахин байгуулж болох юм”. Өөрөөр хэлбэл одоо байгаа гишүүдэд хамгийн аюулгүй санал гаргажээ. С.Баяр яг Путин шиг ярьж байна. “Та хоёр зүгээр биз?” гэж асуухад намын дарга, генсек хоёр нь хоюулаа “Зүгээр ээ, дарга аа” гэсэн ажээ. Дарга нарын дарга.

Мөн МАН буулт хийв, бас л Ө.Энхтүвшин намын бүлэгтээ санал болгосноор “Сонгуулийн хуулинд пропорционал элемент оруулж, 28 гишүүнийг пропорционалаар сонгохоор” шийдэж түүнийгээ яаравчлан зарлажээ. Энэ “28” гэдэг тоо бол өнөөгийн АН-ын бүлгийн гишүүдийн тооноос нэгээр илүү. Магадгүй АН-ын генсек нэмэгдэж байгаа байх. Энэ бүх буулт нь Сү.Батболд намдаа цөөнх болсныг илчилж байна.

Засгийн газарт буй “Алтан гадас”-ынхан яаж ийгээд 2012 оны төсвийг баталтал тэсэж үлдэхийг хичээх болно. Учир нь хэтэрхий зарлагатай төсөвт гишүүдийг ”хахуульдах” мөнгө туссан байгаа, хэрэв Засгийн газар унавал МАН-ынхан бүхнийг хамчих юм. Харин МАН-ын олонх энэ төсвийг ганцаараа эзэмдэх хүсэлтэй байна, тэд хэдийнэ үнэр авсан тул Сангийн яамыг АН-аас салгахыг шаардсаар байсан юм. Хэрэв Сангийн сайдыг жийвэл Засгийн газар тэр чигээрээ нураад өгөх учраас Ерөнхий сайд сонсоогүй царайлсаар.

Аль аль тал бүхий л хүч нөөцөө шавхаж байна. Хэрэв Засгийн газрын асуудлыг оруулаад огцруулж дийлэхгүй үлдээвэл хуулийн дагуу ахиад хагас жил Засгаар оролдож чадахгүй. 2012 оны 5 дугаар сарыг хүртэл. Сонгууль залгана гэсэн үг.

МАН-ын хүчний дахин хуваарилалтад

Энэ бүх хямралын цаана юу байна вэ? МАН-ынхан намынхаа эрхнээс С.Баяр-Сү.Батболдын бүлэглэлийг зайлуулахаар зүтгэж эхэлсэнд байна. Харин өнөөдөр С.Баярын алсын хараатай нь батлагдаж АН дахь “Алтан гадасын дэмжлэгээр” Сү.Батболд тогтож байна. Дээрээс нь МҮДН, МоАХ, Зүүн хойд Азийн нийгэмлэгийнхний төлөөлөгчид бий.

С.Баярын ярицлагыг шинжвэл 2012 оны сонгуульд АН өнөөгийнхөөс 1 суудал илүү авч, МАН ялах ба дахин хамтарсан Засгийн газар байгуулагдана. Өөрөөр хэлбэл энэ “хамтрал” бэхжин хэлбэржиж “Нэгдсэн Монгол” бүлэглэл болох нь байна л даа. Гэтэл яг үнэндээ АН-ын олон гишүүн ирэх сонгуульд ялна гэж амбицаа дарж чадахгүй байгаа юм. Гол үндэслэл нь хуучин МАХН МАН ба МАХН, ХаМХ нам болон гурав хуваагджээ.

Гэтэл АН-ын эрх баригч “Алтан гадас”-ын дотоод нууц задралыг харвал ялах боломжгүй. Тэд намын эрхэнд тогтохын тулд энэ хагарлыг ихэд сурталдаж байгаа ч өөрсдөө намаасаа тасраад МАН-ынхантай тэврэлдчихээд байгаа юм. Хэрэв “Алтан гадас” ялагдсан ч Засгийн газарт дахин орно гэсэн баталгаатай бол намаа ялуулах гэж зүтгэх нь юу л бол. “Один чёрт” биз дээ. Чухам үүнийг С.Баяр хэлсэн байна. Гэвч...

Олон эргэлзээ бий. Нэгд тэрээр аюултайг мэдсээр байж намын нэр солиход нүдээ аниад өнгөрөөсөн. Энэ нь том хагарал авчирсан. Тэр Н.Энхбаярыг хажуудаа байлгаад байхыг хүсээгүй юм. 26000 гишүүн, тэр тусмаа шилмэл гишүүдээ алдсан бол аюултай. Хоёрт, өмнөх бүх туршлагыг харвал 2012 онд МАН ялагдвал тэрээр 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд ялах бололцоотой. УИХ, Засгийн газар түүний хараа хяналтад байх болно. Гуравт МАН ялахын тулд Н.Энхбаяртай хэлэлцээрт орох ёстой атал Сү.Батболд юу ч хийхгүй байна. Намынхан нь сануулсаар байвч цаадах нь Цанхийн ордын зураг дээр шугам татаад толгой өөд татахгүй аж. Харин Сү.Батболд, С.Баяр нарын орыг У.Хүрэлсүх, М.Энхболд нар авбал тэд МАХН-тай шууд хэлэлцээрт орох болно. Уулзалт болох нь болсон, тэр нь гэрэл цохичихсон шүү дээ. Муугаар бодоод 2012 онд МАН ялагдвал АН-тай хамтрах баталгаа бий юу? Хэрэв хамтарвал хэн Засагт орох гэж?

2008 оноос хойш намын эрх мэдэл намаас нь алдагдчихсаныг МАН-ынхан анзаарахгүй л байв гэж. Хариуд нь У.Хүрэлсүх тэднийг тэр эрх гэгчтэй нь зөнд нь орхиод /бараг л Н.Энхбаяр шиг цөлж орхиод/ намаа сахилгажуулахыг оролдож амжилт олсон, дараа нь яах гэж? Энэ нэгдсэн олонх 2012 оныг хүлээгээд л суугаад байх уу? Хэрэв Сү.Батболдыг холдуулахгүй л бол олонх нь дэвших найдваргүй гэж түгшиж байгаа МАН-ынхан гараа хумхиад суухыг хүсэхгүй байгаа юм. Нөгөө талаас У.Хүрэлсүхэд ийм боломж дахин олдох уу? Сү дарга хэвээр байгаад У.Хүрэлсүх амласнаараа намаа ялуулбал үсрээд л парламентын бүлгийн ахлагч эсвэл шадар сайд юм биз дээ. Ганц түшиг тулгуур М.Энхболд хаачихав? Тэднийг ингэж мөргөлдүүлэхээ цаадуул нь харин ч нэг заалгахгүй л дээ.

Магадгүй С.Баяр АН-ыг тас тэврээд сонгуульд орж явчихвал ялна гэж тооцож байгаа байх. Харин өнөөдөр Засгийн газар огцорвол Сү.Батболдтой хамт “Алтан гадас”-ынхан палианы гадна гарчих юм. Тэгээд АН сөрөг хүчин болж жүжиглэх гээд үзэг л дээ.  Тэртэй тэргүй оройтсон. Үнэндээ МАН-ын олон гишүүн Засгаа огцруулахыг хүсэж байгаагийн цаад шалтгаан нь тэднийг л Засгийн газраас хөөх. Хуралдааны бичлэг бүр дээр Сү.Батболд М.Энхболдтой бус Н.Алтанхуягтай аминчлан ярилцахыг харах нь МАН-ынханд ямар л таатай байв гэж. Чухам ийм учраас Засгийн газар дэнжигнэж байхад С.Баяр л хамаг чадлаараа хамгаалж байгаа болохоос Засгийн газрын хоёр дахь хүн М.Энхболд, намын хоёр дахь хүн У.Хүрэлсүх нар ганхийх ч үгүй байгаа биз. Гурав дахь, дөрөв дэх бол бүр ч юм хэлэхгүй, яагаад гэвэл олонх нь энэ тулааны дараа ялсан талд нь орох санаатай хярж байхгүй юу...