MҮОНРТВ-ийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

-Танайх гол хаалганаасаа эхлээд засвар хийгээд бужигнаатай байна шүү. Өөдлөх айл үүднээсээ гээд их ажил эхлүүлсэн бололтой. Ер нь ингэхэд MҮОНРТВ-ийн энэ нүсэр байгууллагад хамгийн сүүлд хэзээ засвар орсон юм бэ?

-Манай энэ байшин 1987 оны байшин шүү дээ. Яг үнэндээ их засвар бол хийгдээгүй. Байшин ч гэсэн муудна аа даа. Сүүлийн үед утаа байшин барилгыг яаж эвдэж, өөрчилж байгаа билээ. Саяхан л өнгөө зассан байсан шаргал ордон маань одоо бас л хэцүүхэн болоод эхэлсэн байна лээ. Ямар ч сайн зүйлийг өөд татаж байхгүй бол муудаж л байдаг. Энэ байшиндаа гар хүрэхгүй бол үнэхээр болохгүй болсон байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх үед засвар орох ёстой байжээ. Өнгө будаг ч гэхгүй олон зүйлийг нь шинэчилж засахгүй бол хэцүүхэн болсон. Манай байгууллагын тухай ярихаар л хүмүүс баахан камер, ажилтнуудын цалингийн тухай гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр 24 жилийн турш ашигласан дулааны шугам нь хүүхдийн зулай шиг болчихсон байдгийг мэддэггүй. Цахилгааны шит гэхэд бүр эртнийх. Одоогоос хэдэн жилийн өмнө манай цахилгааны КТБ станц шатаад асуудал гарсныг санаж байгаа байх. Нээгээд үзэхэд 1964 онд үйлдвэрлэгдсэн байсан. Түүнийг 1967 онд манай телевиз анх байгуулагдахад тавьж байж л дээ. Аргагүй ах нарын юм сайн тулдаа 42 жил ажилласан байгаа юм.

Манайх түрээсийн байр биш учраас уран бүтээлээсээ гадна аж ахуйн асар их шийдэх асуудал байдаг юм аа. Сүүлийн үед миний аж ахуйн мэдлэг хачин сүрхий болсон шүү дээ. Аль болох асуудлаа өөрөө сайн мэдэж мэдэрч, түүнийгээ Удирдах зөвлөлтэйгээ ярих, Сангийн яаманд зөв ойлгуулах, төсөв хөрөнгө шийддэг хүмүүстээ учирлахаас эхлээд асуудал бол бий, бий. Одоо хийгдэж буй засварын маань хувьд сайхан болчих байх аа.

-Олон нийтийн радио, телевиз гээд төсвөөс жигтэйхэн мөнгө авдаг газар байдаг гэсэн ойлголт бий. Тэр их мөнгөөр сайн уран бүтээл хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий, бас өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй техникийн шинэчлэлдээ явчих нь бий ч гэдэг. Яг хэдий хэрий мөнгөөр танай байгууллагын үйл ажиллагаа явдаг юм бэ?

-Би эхлээд жаахан тайлбар хэлчихье. Болох уу. Манайд телевиз байна, хоёр дахь суваг нээгдэхэд бэлэн болчихлоо. Радиогийн гурван суваг байна, таван хэлний нэвтрүүлэг байна. Монголын мэдээ гээд мэдээллийн том агентлаг байна. Энэ бүхэн нийлээд манайх гэдэг айл болж байгаа юм. Телевизийн уран бүтээл гэдэг нэг хүн машин унаж гараад өөрөө камераа барьж бичлэгээ хийгээд, микрофоноо гаргаж асуулт тавьчихаад, бас өөрөө монтажаа хийж дуу оруулж эфирт хальс түлхсэнийгээ хэлдэггүй юм. Дэлхийн долоон тэрбум хүмүүс дунд тийм авьяастай хүмүүс байдаг байх л даа. Тийм хэдий ч телевиз гэдэг зүйлийн стандарт дэлхийд нэгэнт тогтчихсон. Найруулагч, зураглаач, сэтгүүлч гээд энэ мэргэжил бүрээр хүмүүс таван жил сурч бэлтгэгддэг байлаа. Хэрэв нэг хүн ганцаараа гүйж гараад хийчихдэг юм бол яах гэж тэр олон жил мэргэжил тус бүрээр нь хүн бэлтгэдэг байсан юм бэ. Тэр стандартаар бид явж ирсэн, түүнийгээ ч авч үлдэх ёстой. Өөрөө хувийн телевизтэй ч юм уу, ямар нэг байдлаар хөрөнгө оруулсан улстөрчид ярихдаа “Телевиз 50 хүнтэй байхад болно” гэдэг. Уучлаарай, болдоггүй юм.

Үндэсний хэмжээний телевиз бол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг, сургалтын чанартай нэвтрүүлгүүд, ёс зан заншлаа харуулсан танин мэдэхүйн сэтгүүл байх хэрэгтэй. Мэдээж, кино байх ёстой. Кино нь хулгайнх байж болохгүй. Нэгэнт олон нийтийн телевиз бол наад талдаа ийм байхыг шаардана. Радио гэхэд манайд үндсэн суваг байна. Монголын радио ярьж байна гээд. Нэг хэсэг манайх хотод сонсогчдоо алдчихсан байсан. Залуучуудын сонирхол, хурд өөрчлөгдөж байна. Бид Шведийн төслөөр гуравдугаар сувгаа нээсэн нь гоё ажиллаж байгаа. Радиогийн сонсогчдын тоо буураагүй. Монгол Улсыг сурталчилж байгаа Монголын дуу хоолой радио байна. Таван хэл дээр нэвтэрч, улсаа сурталчилж байна. Одоо нэгэнт интернэт радио телевизийг хөгжүүлэх үүрэг бидэнд ирж байна. Мөн Монголын мэдээ агентлаг гэхэд өдөр бүр нэг цагийн мэдээллийн хөтөлбөр, сондгой цаг бүрт арван минутын мэдээлэл явуулдаг. Хөдөө орон нутагт сэтгүүлч сурвалжлагч нар явж мэдээлэл бэлтгэж ирж байна. Тэр хүмүүсийн явах унаа тэрэг, жолооч за тэгээд манай байр бол багагүй сав. Тэгэхээр тэнд бас тодорхой тооны үйлчлэгч нар байж таарна аа даа. Энэ бүгдийг тооцоод үзвэл 700 хүн их биш. Манайд 1200-1300 хүнтэй байсан үе бий. Харин ч бидэнд хүн хүрдэггүй.

-Яагаад хүрдэггүй гэж. Түүнээс цөөн байхад л телевиз гарна гээд улстөрчид нь хүртэл хэлээд байгаа юм биш үү?

-Бид шинэ менежментээр ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид зөвхөн телевиз, радиогийн уран бүтээл гэлтгүй үндэсний хэмжээний томоохон ажлуудыг хийх ёстой гэж зорьж ажиллаж байгаа. Олон төсөл хэрэгжүүлж эхэлснээс Ногоон хөгжил, эрүүл мэндийн төсөл, Хорьдугаар зуун төсөл гээд хүмүүс мэдэж байгаа байх. Монголчуудын хувьд түүх яг ямар байсан юм гэдгийг үзэл суртал, гадны нөлөөллийн улмаас хүмүүс үнэн зөвөөр нь мэдэхгүй зүйл олон байдаг. Түүх гуйвсан. Харин манай хорьдугаар зуун төслийнхөн тэр бүгдийг бодит түүхээр нь үлдээхийн тулд маш нүсэр ажлыг зориглож барьж авсан. Жилийн 365 хоногийн өдөр өдөрт нь түүхэнд юу болж байсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэдэг маш нарийн шүлтүүртэй амаргүй ажил байж таарна аа даа. Зарим өдөр нь гурав тэгээд тав, долоон үйл явдлыг багтааж гаргаж ирсэн. Үүнийгээ манайхан шинэ хэвлэлтээр судар маягаар сар тус бүрт нь 12 DVD хийж, түүнийгээ шигтэж ном болгосноо саяхан хэвлэлтээс гардаж аваад байна. Бас нэгэнт хийсэн том уран бүтээлийг ном болгож үлдээх нь зөв юм гээд Хорьдугаар зуун Монгол номоо хэвлэлээ. Үүнийгээ дагаад 50 баримтат кино ирэх ондоо багтаж хийнэ. Эхний гурван анги нь гарчихсан байгаа. Энэ бүгдийгээ бид Монголын түүхэнд үлдэх, манай байгууллагаас барьж байгаа бэлэг гэж ойлгож байгаа. Яг энэ мэтээр ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс цөөдөж байна гэж хэлэлгүй яах вэ.

Дээрээс нь энэ жил гэхэд 200 анги кино хийлээ. Үндсэндээ 1.5 өдөрт нэг кино гэсэн үг шүү дээ. Одоо гарч байгаа “Өдөр өдрийн наран” дуусахад дараагийн 60 ангит кино эхэлнэ. Бид контент үйлдвэрлэх ёстой. Одоо хулгай хийгээд л кино гаргадаг байсан үе өнгөрсөн. Бидэнд тийм үе байсан л даа. Холливуд, Болливудын киног өндөр үнээр авч чадахгүй байлаа ч гэсэн өөрсдөө боломжоороо үйлдвэрлэх цаг болсон. Бид үзүүлж, үлгэрлэж байж бусад маань хулгай хийхээс татгалзаж эхэлнэ. Бид нэгэнт жимийг нь гаргалаа, бусад нь ч явж байх шиг байна. Ийм хэмжээний уран бүтээл хийхэд өнөөх ад үзээд байдаг хүн хүч яах аргагүй хэрэг болдог юм. Одоо хуучин шиг хоёр гурван хүн зохиол дээр сууж байгаад “Одоо яах уу” гэснээ “Үхүүлчихье” гээд шийддэг шиг юм байхгүй болсон. Том төсөл гаргаж хэрэгжүүлдэг. Бас бидний хийхээр төлөвлөж байгаа зүйл бол драмын хийгээд сонгодог урлагийн томоохон бүтээлүүдийг дэлгэцэнд мөнхөлж үлдэх явдал юм. Бид энэ талаар Драмын театр, Дуурийн театрын удирдлагуудтай ярилцаад шийдэлд хүрээд явж байна.

-Нүсэр бүтэцтэй атлаа чанартай бүтээгдэхүүн гаргахгүй байна гэж шүүмжилдэг хүмүүс бий шүү дээ?

-Ер нь л үндэсний телевиз гээд муулаад л байдаг. Гэтэл үнэндээ түүнийгээ үздэг л байхгүй юу. MM-ийн мэдээ байна. Би нэг онигоо ярья. Онигоо гэж бодит явдал л даа. Та өөрөө ч тэр хурал дээр байсан байж магад. Хоёр бүлгийн дарга нар мэдээлэл хийх гээд хурлаа эхэлдэггүй. Бусад сэтгүүлч нар хүлээж ядаад, хурлаа хийгээч ээ гэж шаардахад “ММ ирээгүй” байна аа гэж хэлээд уурыг нь барсан гэдэг. Энэ бол манайх тэргүүлэх байр сууриа мөнхөд хадгалж байгаагийн илрэл. Миний сайных бус харин явж ирсэн нэр хүнд уламжлалаа аваад явж чадаж байгаагийнх юм. Ер нь мэргэжлийн судалгааны байгууллагуудын гаргаж байгаагаар бол дараагийнхаасаа даруй 20-30 пунктээр илүү явдаг.

-Та сэтгүүлчдийн армийн нэгээхэн хэсгийг удирдаж яваа хүн. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх нь маш чухал. Сэтгүүлчид цалин нь ихдээ их, багадаа бага тийм л хүмүүс. Зарим нэг сайдаас хэдэн цаас авчихсан, ултөрчдийн хоолыг нь идчихсэн гээд сонстож байдаг зүйл бий. Манайд дөрөв таван зуугаад сэтгүүлч байлаа гэхэд нэг хувь нь буюу 4-5 хүн тийм байхад сэтгүүлчид бүгдээрээ тийм юм шиг ойлгогдоод ирдэг. Би өөрийнхөө хамт олныг хариуцлагатай байгаа, ёс зүйтэй байгаа, мэргэжлийн байгаа гэдгийг хэний ч өмнө хэлнэ. Ер нь сэтгүүлчдийг хардах явдал их байдаг. ММ-ийн зурагчлаачийг гэхэд миний зургийг биш тэрний зургийг их аваад байна гэж ирээд хардана шүү дээ.

Үнэндээ сэтгүүлчдийг, сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдэг чухамхүү үнэн эргэлзээтэй цаг үе болчихоод байна. Нийгэм бидэнд итгэхгүй болоод ирвэл юу болохов. Нулимана л биз дээ. Захиалга өгөөд хүн муулуулж болдог, халаасанд нь мөнгө хийгээд худалдаад авчихаж болно гэж боддог болно. Тэгж үнэлэгдээд ирвэл бидний мэргэжлийн хувьд аюул байхгүй юу. Нэг талаас үнэлэмж байхгүй болоход сэтгүүлчдийн өөрсдийн гаргасан алдаа бий юу гэвэл байгаа. Угшил нь бидэнд өөрсдөд байгаа. Мөнгө өгөхөөр тэр хүнийг бичихгүй, хэн нэгэн мөнгө хүнээс нөгөөгийн тухай бичсэн үү гэвэл тийм. Гэхдээ нийгмийг эрүүлжүүлэх эд эс нь сэтгүүлч мөн л юм бол өөрчлөгдөх ёстой. Одоо бүх бурууг нийгэм рүү чихдэг болсон. Харин бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөж улмаар нийгмээ өөрчлөх ёстой.

-Ёс зүйн асуудал дотооддоо бол ярих асуудал яах аргагүй мөн. Гэхдээ таны хэлснээр үнэлэмж буурсантай холбоотой ч юм уу, бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг нэг тийм жишиг байх шиг. Манай сонин сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг тэр зүйл заалтыг хасах уриалга гаргасныг та анзаарсан уу?

-Тийм ээ. Сэтгүүлчид эрхэлж байгаа ажлынхаа төлөө буруутан Эрүүгийн хуулиар шийтгүүлэлгүй бусад хууль тогтоомжоор

-Танайх төсвөөс мөнгө авдаг болоод ч тэр үү, биднийг гаргасангүй, тэрийг гаргалаа гэсэн гомдол төсөв батлагчдын зүгээс гардаг юм билээ. Саяхан УИХ-ын зарим гишүүн биднийг бус Засгийн газрыг их мэдээлээд байна гээд танд албан бичиг хүргүүлж байх шиг байсан?

-Тийм зүйл байна аа байна. Хамаг цалин цуухыг чинь өгөөд байхад яах гээд байна гэсэн хандлагатай улстөрчид байдаг. Үнэндээ манайд жилд 7.7 тэрбум төсөвлөдөг ч 3.3 тэрбумыг нь бид төсвөөс авдаг юм. Үлдсэнийг нь өөрсдөө босгох үүрэг хүлээдэг. Тэр 7.7 тэрбумаас холбооны сувгийн түрээс, дахин дамжуулалтын мөнгө гээд асар их зардал шаардсан мөнгийг бид төлдөг. Дэлхийн зарим улсад 97-98 хувийг нь төсвөөс өгөөд үлдэх хувиа бэлгэдлийн чанартай олох нь бий. Харин бид талаас илүү хувиа өөрсдөө олдог. Мэдээж гурван тэрбум төгрөг их мөнгө үү гэвэл их мөнгө. Гэхдээ манай хүмүүсийн цалин гэхэд 3.7 тэрбум төгрөг шүү дээ. Өгч байгаа нь 3.3 атлаа 7.7 тэрбумыг өгсөн гэж цаасан дээр бичдэг юм. Нөгөө талаас олон нийтийн гэхээр гудамжинд явж байгаа хүн, бизнесмэн, улстөрч ер нь бүгд эзэн суух гээд байдаг. Хэрэв бүгд орж ирээд л эфир эзэгнэх гээд байх юм бол тусдаа хууль гаргаж, нэг хүн бодлого тодорхойлох гээд байх хэрэг байна уу.

-Танайх хоёрдугаар сувгаа гаргахад бэлэн болгосон гэсэн. Ер нь танайд хоёрдугаар суваг байх хэрэг байгаа юм уу гэж эргэлзэх хүмүүс байгаа?

 -Тэгж асууж байгаа хүнийг ёстой эргэлзээтэй гэмээр байна. Яагаад үндэсний хэмжээний олон нийтийн телевизид хоёрдугаар суваг байж болдоггүй юм. Үнэндээ манай хөтөлбөр багтдаггүй. Үндэстэн ястанд зориулсан хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөр, энэ нь дотроо гурван өөр насны ялгаатай байх учиртай. Ер нь буриад, дөрвөд, мянгад гээд олон ястны өв уламжлал, хувцас соёлыг авч үлдэх тал дээр арилжааны телевиз цагаа зарцуулдаггүй л байхгүй юу. Бас мэргэжлийн хэмжээнд орчуулж, дуу оруулсан кино үзэхийг хүсэхгүй хүн байх уу. Хүүхэд бүр “Шелькенчук”-ийг дуурийн театрт очиж үзэхгүй шүү дээ. Тэгвэл хоёрдугаар сувгаар үзэж чадна. Ингэж л хэлмээр байна даа.

-Гадаадын олон нийтийн телевизүүд нийгэмдээ хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг юм шиг санагддаг. BBC байна, NHK гэхэд сумо бөх дэх найраа, ёс бус тэмцлийг нь эсэргүүцэж барилдааныг дамжуулахаа байж байх жишээтэй. Манайх хэзээ тэдэн шиг тийм болох бол?

-Хэрэв манайх үндэсний бөхийг дамжуулахгүй боллоо гэвэл бас нэлээд юм болох байх шүү. Харамсалтай нь нийгэмдээ нөлөөлөх гэж оролдлого гэж харахаасаа илүү “Яачихсан юм, Наранбаатар яагаад байгаа юм” гэсэн тал руугаа илүү явчих болов уу. Манай телевиз эхний удаад хулгай хийхээ больё гээд эхний шатанд кино бүтээгээд эхэлчихлээ. Нэг талаас бусдыгаа чирээд зовлонтой л байгаа байх. Гэхдээ энэ бол сайн вирус юм. Ногоон хөгжилтэй холбоотой төсөл бас нийгэмд нөлөөлж л байгаа. Үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна.

-Технологийн хөгжил дийлдэхгүй хурдацтай байна. Манайд хүмүүс гэртээ HD телевизтэй болчихлоо. HD-гээр суваг дамжуулдаг үйлчилгээ бий болчихлоо. Харин телевизүүд хэзээ ийм форматаар нэвтрүүлгээ цацах вэ. Ганц “Монгол ТВ” ийм форматаар л цацаж байх шиг?

- “Монгол ТВ”-ийн техник тасархай гэж дуулсан. Бас ийм хаягтай телевиз, телевизийн байр байдаг. Гэхдээ хөтөлбөр гэх зүйл байхгүй. Бид техникийн дэвшлээ дагах ч нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийнхээ чансаанд илүү анхаарал тавьдаг. Манай 150 студи ийм форматаар нэвтрэхэд бэлэн болсон байгаа. Яг энэ форматаар нэвтрүүлгээ бэлтгээд явахад хөрөнгө мөнгөний хувьд асуудал шаардагдана. Гэхдээ Засгийн газрын түвшинд 2014 он гэхэд дижитал руу шилжинэ гээд гэрээгээр үүрэг хүлээсэн байгаа учраас тэр хугацаандаа багтаад орчихно. Яг одоодоо бол “Ардын засаг ч гэж хаа байлаа , авдаг өгдөг нь ч юу байлаа” гэдэг л байна шүү дээ. Төсөв хэд болох юм яаж батлах юм гээд асуудалтай.

-Та үзэгчдийн тоо судалгаагаар илүү гардаг гэж хэллээ. Яг ямар судалгаагаар ингэж гардаг юм. Гадаадад телевиз үзэгчдийн тоо тэдээр өслөө, тэдээр буулаа гэсэн шууд тооцох үнэлэмжтэй байдаг. Манайд ингэх боломж бий юу?

-Манайд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гаргадаг судалгаа бол мэргэжлийн байгууллагын бодитой судалгаа. Бас манайх дэргэдээ судалгааны төвтэй түүгээрээ өөрсдийн хөтөлбөрүүдээ дүгнэж цэгнээд явдаг. Өөрийн тань хэлж байгаа хэмжүүр бол дижитал руу шилжсэнээр айл бүрт хайрцаг оруулж, түүгээрээ сувгаа хүлээн аваад эхлэхээр аандаа тодорхой болдог эд л дээ. 2014 гэхэд дижитал руу ороод ирэхээр энэ боломж угаасаа нээгдэнэ. Тэр тохиолдолд МNB-г хэдэн хүн үзэж байна, 25 сувгийн үзэгчид хэдээр өсөв гэхчлэн гаргаад ирдэг.

-Үндэсний олон нийтийн зөвлөлийн дэргэдэх олон нийтийн зөвлөл гэж бий. Тэр хүмүүс яг ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ. Хуулинд тэгээд заагаад өгчихсөн болохоор тэр олон хүн байгаад байна уу?

-Хуулийг хийхдээ бүгдийг тооцож төлөвлөж, дэлхийн томоохон сайн жишээ, жишгийг харж хийсэн байдаг байлгүй дээ. Үндэсний зөвлөлийнхөн бол олон нийтийн төлөөлөл болж орж ирсэн хүмүүс. Түүнээс ажилд ороод л, тэг ингэ гээд байхгүй. Ерөнхий захирал хөтөлбөрийн бодлогоо тодорхойлж, олон нийтийн зөвлөлийнхөн түүнийг нь хянах ёстой. Мэдээж, ерөнхий захирал бүгдийг нь хийдэг супер зүйл байхгүй баг хамт олонтойгоо хийнэ. Хуучин Ерөнхий сайдын шууд харьяанд энэ байгууллага байсан юм. Тэгэхэд шууд дуудаад л даргыг нь халчих эрхтэй байсан гэсэн үг. Одоо нэг хүн, нэг танхим мэддэг биш салбар салбарын хүмүүсийн төлөөлөл мэдэж байгаа юм. Магадгүй таны анзаарснаар М.Наранбаатар бол нэг улстөрч, нэг хэсэг улстөрчийн дургүйг хүргэх зүйл хийж байсан л байх. Тэгвэл тэрний зоргоор хусагдчихалгүй яваад байгаа нь тэгүүлэхгүй гэж хийсэн энэ хууль тогтоомжтой нь холбоотой.

-Өмнө нь эрх барьж буй намуудын гол үзэл суртлын зэвсэг нь үндэсний телевиз, сөрөг хүчний намуудын юуны өмнө өөрчлөхийг хүсдэг албан тушаалтан нь таны хашиж буй алба байсан. Харин сүүлийн жилүүдэд тэр байдал алга болсон нь уг хуультай холбоотой байна уу, хамтарсан засагтай холбоотой байна уу. Эсвэл М.Наранбаатар гэдэг хүн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна уу?

-Тогтолцоог нь хуулиар зохицуулж өгсөнтэй холбоотой гэж бодож байна. Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Нямаагийн Энхболд нарын хүмүүс байдлыг ингэж шийдвэл нөлөөлөлд автахгүй гэдгийг тухайн үед харж чаджээ. Тэгээд УИХ-аас, Ерөнхийлөгчөөс, Засгийн газраас дамжуулан олон нийтийн төлөөлөл орж ирэг, харин УИХ нь баталж байг хэмээн шийдэж. Тийм ч учраас хуучин шиг аль нэг талд нь гуйвах шаардлагагүй нөхцөлд ажиллаж чадаж байна.

-Ингэхэд та аль намын хүн бэ?

-Алиных нь ч биш. Аль нэгнийх нь байсан бол алуулахгүй юу. Угаасаа эрхэлж байгаа ажил маань хуулиараа нам бус байхыг шаарддаг.

-Ирэх сонгуулиар дэвшиж магадгүй гэх яриа ч дуулдах юм билээ. Та нэр дэвших үү?

-Би угаасаа хуулиараа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой хүн. Гадуур л миний өмнөөс нэр дэвших тухай яриа гаргаад байгаа болохоос биш. Ер нь тэгээд намайг дэвшүүлэх нам нь хаана байгаа юм, дэвших тойрог нь ч хаа байгаа юм. Тэгээд тэр бас сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг биз дээ.

-Нээрээ танай байгуулагатай холбоотой машин тэрэг авсан, барьсан гэсэн яриа дуулдаж байх юм. Та үүн дээр ямар хариу өгөх вэ?

-Намайг М.Наранбаатар гэдгээр маань хараад байж болохгүй юм аа. Муу ч сайн ч тусгаар Монгол улсын үндэсний хэмжээний телевиз, радио гэж харах хэрэгтэй. Өнөөдөр NHK телевизийн захирлыг ямар унаа унаж байна гэдэг юм уу эсвэл онгоцоор хаашаа явсан гээд парламентын гишүүн нь асуугаад байвал өөрөө их эвгүй байдалд орох болов уу. Нэг улсын олон нийтийн телевиз радио гэдэг утгаар нь харах ёстой гэж санадаг юм.

-Төсөв мөнгөний асуудал ямар байдгийг та бид хоёр ярилцсан. Ер нь төсөв тиймэрхүү байдаг юм бол танайхан олон ангит кино хийгээд л өөрсдөдөө ажил удахын хэрэг байна уу?

-Бид үүнийг хийх үүрэгтэй. Уран бүтээлч маань нөхөд маань шөнө оройгүй ажиллаж 200 ангит кино хийж байна. Үүнээс ч ихийг хийнэ. Нөгөө талаас уран бүтээлч хүнд нэг тийм сэтгэл байдаг даа. Өөрөө ч мэдэж байгаа. Хийгээд дууссаныхаа дараа нийтлэлийг чинь хүн уншиж байхыг чинь харахад нэг тийм гоё байдаг биз дээ. Би ч урьд нь нэвтрүүлэг бэлдээд төгсгөлд нь нэрээ гарахыг хараад баярлаж, урамшдаг байсан. Нэгэнт манайх ийм том баазтай хойно уран бүтээлчдээ хөглөөд, бүтээл төрүүлж тэд маань хийснээсээ урам, таашаал авч явах нь сайхан биз дээ.

-Тусгай салаа кино гарсны дараа цэрэгт явж байгаа залуусын тоо нэмэгдсэн гэж байсан. Одоо эмч нарын тухай кино хийж байна. Ер нь шинэ төслөө хийхдээ үр дүн нь ийм байх болно гээд тусгай зорилго хөтөлбөртэй явдаг уу?

-Ноднин кино хийж байх үед цэрэгт очиж байгаа залуус тоондоо хүрэхгүй байсан. Харин киноны дараа гэхэд зураг авсан ангид илүү орон тоо байхгүй болсон байсан гээч. Батлан хамгаалах яам ч бидэнд байдгаараа тусалж, бид ч энэ уран бүтээлийг босгох гэж хичээсэн. “Өдөр өдрийн наран” кино төслийн санаачлагч нь ЭМЯ. Эмч нарыг янз бүрээр л хэлдэг, тэгвэл амьдралд тэдэнд ямар бэрхшээл тулгардаг юм, хүнийхээ хувьд ямар асуудал байдаг юм гэдгийг гаргахад хоёр талын сонирхол таарсан, уран бүтээл хийсэн. Энэ бол бас ч том төсөл. БНСУ-д долоон хоног зураг авч, Дорноговийн Алтанширээ, Сэлэнгэ аймагт бас зураг авсан. Кино дуусахад анагаах, сувилагчийн сургуульд орох хүмүүсийн тоо нэмэгдэх л байх. Бас ийм мэргэжлийн хүмүүсийг ойлгох, ханиа, ээж аавыгаа ойлгох явдал ч гарна. Нөгөө талаас нийгэмд асар сайн нөлөөтэй. Тухайлахад хайртай жүжигчин нь янз бүрийн хавдраар өвчлөхөд үзэж байгаа хүмүүст сэрэмж болж байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр эрт оношлуулах тал дээр анхаарна гэсэн үг шүү дээ. Бидний  ажил бол ингэж л нийгэмдээ очиж байдгаараа сайхан.

-Солонгос бол олон ангит киногоороо Ази төдийгүй дэлхийг байлдан дагуулж байна. Улсынхаа маш том сурталчилгаа учраас цаанаас нь төсөв гаргадаг ч гэдэг. Харин манайхан хийж байгаа киногоороо улсаа сурталчилдаг болох нь хэзээ бол?

-Ер нь киноны зах зээл бол яг хар зах шиг. Маш том кино яармагууд байдаг. Бид өөрсдийнхөө павилонуудыг зарим дээр нь авья, гарч эхэлье гэж байгаа. Эхний шатанд худалдаж аваад сүйд болохгүй юм аа гэхэд бүтээл солилцох асуудал гарч болно. Бид бол эхэлж байна, хөгжөөд байгаа. Цааш цаашдаа олон боломж нээгдэнэ. Одоо бид “Халтар царайт”-ыг үзвэл юунд тэгж хуйларч байв гэхээр л байна шүү дээ. Цаг цагт уран бүтээл хөгжиж, өөрчлөгдөж байдаг.

-Нээрээ, “Халтар царайт”-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан байх аа. Одоо танай фондод бий юу?

-Бий бий. Манай өмчлөлд байдаг.