Цаг хугацааны тохуутай хавчуулган дунд хувь заяаны эрхээр нэгэн танхимд хэсэгхэн зуур цуглаж хураад таран одох ерөөлтэй энэ удаагийн Засгийн газар хэдхэн хоногийн өмнө 100 дахь хоногоо “тэмдэглэлээ”. Хэлбэрийн талаас нь ажиглавал хийж эхлүүлсэн ажлуудаа тайлагнасан маягтай төлбөртэй хүснэгтүүд төвийн хэвлэлүүдээр дурайлгасан, танхим бүрэлдэхүүнээрээ сууж байгаад сэтгүүлчидтэй чамлахааргүй дэлгэрэнгүй уулзалт хийсэн, телевизүүдээр сайд нарын царай нүд эрээлжилтэл гарсан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь байдаг л нэг уламжлалт шинжтэй арга хэмжээнүүд боллоо. Тэдний “төгөлдөршил”-ийг зорьсон гэх энэхүү 100 хоногийн тайлан дотор түрүү түрүүчийн Засгийн газрын үеэс суурь нь тавигдсан ажлууд ч хэд хэдээрээ байв. Энэ нь зөвхөн өөрийн хүчээр “амьдарч” ирсэн түүхэндээ хүндэтгэлтэй ханддаг С.Баярын хувьд өөртэй нь зөрчилдсөн хуучинсаг үнэртэй реклам болсон ч юм шиг.

Нийгмийн сэтгэл зүрхийг бага боловч догдлуулсан нэгэн уриалга гаргасан нь сүүлийн хорин жилд дуулдаагүй хөдөө хээр онгиж хатангиршсан тариалангийн талбайнуудыг амь оруулах явдал байв. Эхэндээ хуучин цагийг санагдуулсан, шинэ үеийн технологийн эринд хөндийвтөр сонсогдсон энэхүү социалист маягийн уриалга хачирхалтай сэтгэгдэл төрүүлж байсан нь нууц биш. Хуучин нийгмийн үед залуус нь илгээлтээр бөөн бөөнөөрөө тэмүүлэн очиж газар тариалан дагнасан аж ахуйнуудыг байгуулж байсан.

Тэгэхэд хүн зон нь залуу, хүрз техник нь шинэ, газар шороо жинхэнэ “ориг” байсан. Ерээд оноос хойш тэрэг техникүүд нь хувьд очсон нэрээр айлуудын хашаанд хүүхэд нуугдаж тоглодог төмөр амбаарнууд болон хаягдаж, тариалангийн талбайнууд атаршин хатаж, дуугаа дуулаад ургацаа хурааж явсан тариаланчид ажилгүйчүүдийн эгнээ рүү гунигтайхан шилжсэн. Харин орон нутгийн шинжтэй цөөн хэдэн жижиг компани нь л шинээр талбай аван газар хагалж, байгалийн хатуу ширүүн аяг ааштай үзэлцэн төрийн зүгээс олигтой дэмжлэг ч үгүй аж төрсөөр ирлээ.

С.Баярыг Монголд тоосго ч тавиагүй, цагаан цамц руугаа замын тоос ч пур хийлгэж үзээгүй хүн гэж зарим нь дүгнэдэг. Гэтэл тэр МОНГОЛЧУУД АА, ТАРИАЛАНГИЙН ГУРАВ ДАХЬ АЯНАА ЭХЛҮҮЛЦГЭЭЕ! гэсэн санаанд оромгүй уриа цуурайтууллаа. Тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилготой “Атрын гурав дахь аян” хөтөлбөрт биднийг итгэж ядан суух зуур Засгийн газар яах ийхийн зуургүй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг нь баталж орхив. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2010 он гэхэд нийт 306,5 мянган га-д тариалалт хийж, 420,0 мянган тонн буудай,173,0 мянган тонн төмс, 171,0 мянган тонн хүнсний ногоо хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж тооцож байгаа юм байна. Бүтвэл үүн шиг сайн зүйл байхгүй. Юутай ч бараг хорин жил цээжиндээ ямар ч романтикгүй тэнгэр ширтэж хэвтсэн тариаланчдын сэтгэл зүрх сэргэн татагдаж, хөдөөгүүр хөдөлгөөнд орж эхэлсэн нь ажиглагдаж байна.

Харин үнийг тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэлсэн ч төдийлөн гарт имрэгдэх амжилт мэдрэгдэхгүй байна. Тэд бензинийн үнийн өсөлтөд гэхэд хориг тавьж бараг чадахгүйгээ нуугаагүй.

Энэ мэтээр тайлангийн бүх зүйлчлэлээр мөшгин дүгнээд байвал энд олон юмыг өгүүлж болно. С.Баярын Засгийн газрын зүгээс чих дэлдийлгэсэн хэд хэдэн алхам хийсний нэг нь хамуу томуутайгаараа чичлүүлж, мал төл үхэж, эхчүүд үр зулбаж, нутаг усныхан үүлгэртэж, улс төрийнхний хэрүүлийн бай болж байсан Хонгор сумын ард иргэдээс Ерөнхий сайд уучлал гуйсан явдал байлаа. Хонгорт бий болсон гамшгийн гол буруутан орон нутагт тохоон томилогдоод ажиллаж байсан МАХН-ын нөхөд болох нь нэгэнт тогтоогдсон юм. Гэвч тэд улс төрийн ашиг хонжооны хэрэгсэл болохоос сэргийлэн хэрэг явдлыг хэт хав дарж, нууцалж, ийш тийш нь гуйвуулах гэсэн оролдлогууд хийж ирсэн нь ард иргэдийг улам зэвүүцүүлж ирсэн.

Гэтэл С.Баяр гарч ирээд шулуухан уучлал гуйн мэхийлээ. Тэрбээр олон улсын шинжээчдийг урьж ирүүлэн ажиллуулж эхний алхмуудыг хийж эхлээд байгаа ч нутгийнхан шинжилгээний хариунд итгэхгүй эсэргүүцэж байна. Хонгорынхон хамуунд баригдсан, сүүлдээ бүр харь гаригийнхнаас өөр харьцах хүнгүй болон хаягдсан хэмээн гомдож байгаа юм. Чингэж хэлсний учир МАХН-ын хуучны дуулиантай кадруудын нэг, эдүгээ Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байгаа Б.Энхмандах Хонгорынхныг та нар энэ дэлхийн хамгийн шилдэг шинжээчдийн гаргасан дүгнэлтэд итгэхгүй байгаа бол харь гаригаас хүмүүс авчирч шинжлүүл гээд загначихсан. Дэд сайд Б.Энхмандахын энэ даргархуу хуучны сүржин имиж шинэ Засгийн газрын хийж ядаж буй алхам дээр дэмжлэг гэхээсээ илүү гай боллоо. Сэтгүүлчид Ерөнхий сайдыг Б.Энхмандахын гаргасан ааш авир танхимын тань байр суурь мөн үү гэж хүртэл ёжлоод авсан.

Бусад Засгийн газраас ялгарч байгаа хамгийн гол онцлог нь С.Баяр монгол төрийн хормойд тээглэж, хог болж байгаа нөхөдтэй газар дээр нь, цаг алдалгүй хариуцлага тооцож байгаа явдал. Хариуцлага тооцож, айж эмээлгүй урагшилж, замын чулуунуудыг зоримогхон зайлуулж байгаа удирдагч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хүчтэй харагддаг юм байна. Нөгөө талаас төр хариуцлагыг тооцож чадаж байгаа үедээ хүчтэй үзэгддэг юм байна.

Бас нэг сонирхолтой дүр төрх гэвэл бүтцийн хувьд тийм ч найртай биш эл Засгийн газраас ганцхан тэргүүн нь л гялалзан харагдана. Түүний лидерийнх нь хувийн сүр хүчин дороос бусад сайдын нэгнийх нь ч толгой шоволзож чадахгүй байна. Хэзээнээсээ хэрсүү хэцүү чулуу гэгддэг Ч.Улаан, залуу хүн гэхэд дэндүү зангаргатай, хүнлэг, бас ирээдүйтэй үзэгддэг М.Энхболд, төрийн хар хүн гэх даруухан имижтэй Д.Дэмбэрэл, нягт нямбай, нэрэндээ нэг ч сэвгүй Н.Энхболд, Харвардын шошготой ч залуу коммунистын сонгодог дүр гэгддэг Ц.Мөнх-Оргил, Монголын хоёр гуравхан хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй улстөрчдийн нэг С.Оюуны ч аль алиных нь толгой ахин хэлэхэд шоволзож чадахгүй байна.

Санжаагийн Баяр өөрт оногдсон хувь заяаны энэ сонирхолтой зурвас үеэ байдаг л нэг өнгөрөөх тэнэг амьтан биш. Зовж байгуулсан танхим дотроос нь явж явж М.Энхболдоос өөр тулахад нуруутай кадр юу л бол. Р.Рааш, Д.Дэмбэрэл, Н.Энхболд, С.Оюун нараас бусад нь ч хүний л тамгатай хүмүүс шүү дээ гэж ажиглагчид дотроо толгой дохиж сууна. Эхний үед Н.Энхбаярын есөн хүслийг дуулгавартайгаар биелүүлж харагдсан С.Баярт хүмүүс эргэлзэж байсан бол одоо сонсч, бараг дэмжиж эхэлсэн байдал анзаарагдаж байна. Энэ бол маш богино хугацаанд хаана байгаагаа, хаашаа явж байгаагаа, хэн гэдгээ харуулахын угтал. С.Баярыг олон нийт МАХН-ын төлөө биш, Монгол төрийн төлөө яхийдаг “хатуу самар” байгаасай гэж хүсч байна. Энэ намаас дээшээ гарч ирсэн ихэнх эрхэм энд алдаж байсан. Сүүлийн үеийн судалгаануудаас үзэхэд эрх баригч МАХН-ын рейтинг доошилж, энэ үеийн Ерөнхий сайд С.Баярын нэр хүнд улам өсч байгаа байдал ажиглагдаж байна. Энэ сонин харилцаа түүний “дотоод”-ын дайснуудыг цагаас нь эрт хөдөлгөж эхлэх вий гэх нэгэн болгоомжлол төрүүлнэ. Угаасаа С.Баярын бөөрнөөс олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ч биш өөрийнхөн нь л жавар сэнгэнүүлэх магадлал ихтэй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвших эрхийн төлөө аль эртнээс алалцаад эхэлчихсэн, энэ асуудал намын дотор гал асаах дөхөж байгаа ийм үед байдал бүр хэцүү тийшээгээ эргэнэ. Хэзээ ч дайснаар дутаж яваагүй С.Баяр энэ сонгуулийн дараа урьд өмнө байгаагүй ихээр тэднийхээ тоог нэмэх нь дамжиггүй. Эсвэл 2000-2004 оны Н.Энхбаярын үеийнх шиг тахин шүтсэн, бялуурсан бялдуучлалын тойрог түүнийг угтаж ч мэднэ. Тэгсэн ч 2008 оны сонгууль бол энэ хүний их улс төрд хүчирхэгжих цорын ганц боломж ч байж мэдэх юм.

Яах ийхийн зуургүй яралзан өнгөрсөн 100 хоног ийн шувтарчээ. Дараагийн 100 хоногт ямар ч шинэ ажил хийгдэхгүй. Тэгэх бололцоо ч байхгүй. Агуу их хийрхлийн зун, агуу их хэрүүлийн зун ч ирж байна даа…