Хуучин цагийн Улс төрийн тов­чооныхон бол өөрсдөө улс төр хийх боломж байхгүй байлаа л даа. Тэдний улс төр оросуудаас ха­маарч байсан хойно арга ч үгүй биз. Орчин үед бол улс төрийг манай улстөрчид гэх нөхдүүд хий­дэг болжээ.

Японд Ерөнхий сайд огцрох, Засгийн газар солигдох бол газар хөдлөхөөс нь нэг их цөөнгүй бол­дог үйл явц. Тэдний улстөрчид нь  улс төрөөс шалтгаалж гэхээсээ илүүтэй ухамсар, ёс зүйтэй хол­боотой унах нь элбэг. Ер нь бол алдаа гаргахыг тэвчдэггүй улс.  Тэр дундаа өндөр албан тушаал ха­шиж буй хүмүүсийн хариуцлагыг бүр ч өндөрт тавьдаг. Тэгээд хэвлэл мэдээлэл нь хэн нэгэн албан тушаалтны алдаа гаргасан талаар жаахан шуугиад ирэхээр, тэр нь цаашлаад үнэн болж нотлогдох  аваас сандал суудал дээрээсээ дороо ховхорчихно. Өөрсдөө ч ард түмнээсээ уучлал эрж бөхөлзөөд албан тушаалаа өгнө. Манайд энэ эсрэгээрээ. Хуулиндаа хүртэл улс­төрчдийг хаацайлах заалтыг ил далдаар шургуулчихсан болохоор алдаа гаргасан ч унагах боломж угаас байхгүй. Насан туршдаа гэмт хэрэг хийсэн ч улстөрч л байж чадвал ял зэмгүй өнгөрнө гэсэн үг. Тиймээс ч УИХ-д суух, улс төр хийх нь амьдралынх нь зорилго болсон хүмүүс  өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа хэрэг. За энэ ч яахав. Үндсэн сэдэв рүүгээ оръё.   

Хорин гишүүн Засгийн газартай тооцоо хийхээр гар, хөлийн үсэг цуглууллаа шүү дээ. Заримтай нь тохироо хийж, тойрог энэ тэр өгөх­гүй гэж айлгаж ичээгээд эцсийн байдлаар ес үлдсэн байна лээ. Тэдний хийж буй үйлдэл яалт ч үгүй улс төр боловч бас яалт ч үгүй дуугарах ёстой л сэдэв.

Дээр дурдсанчлан япончуу­даас жишээ авах юм бол манай Засгийн газар аль хэдийнэ явчихсан шүү дээ. Нэг үгээр хэлбэл заавал албан ёсны тогтоолыг төдий тооны хүн өргөн барих энэ тэр нэг их чухал биш бөгөөд хууль дээр очоод шүүгдэж шившиг болсноос алдаа­гаа ухамсарлаад эртхэн замаа бодсон нь дээр гэж үздэг.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулахаар ярьж байсан нөхдүүд албан ёсоор гарын  үсгээ зурж баталгаажуулсан бичгээ өр­гөн барихаар болоход гардаж авах хүн олдохгүй сандаргасан. Ер нь УИХ-аас томилогдсон албан ту­шаалтныг огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргаж болно гэж албан бичиг өргөн барьсан гишүүд   тайл­барлаж байгаа. Гэтэл хариуд нь Засгийн газрыг огцруулахыг УИХ-ын гишүүдийн 4/1 нь дэмжвэл энэ асуудлыг хэлэлцэнэ. Үгүй бол "үгүй" гээд гэдийнэ  гэж  хэлээд байгаа.

Харин УИХ-ын нэр бүхий ги­шүүд Засгийн газрыг огцруулна гэхээсээ илүүтэй Ерөнхий сайдыг огцруулна гэж бичиг өргөн барьсан гэж байгаа. Логикоороо бол Ерөн­хий сайд огцорвол Засгийн газар ч огцорч таарна. Хэрэв хэлэлцэх аваас хуулиараа долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Үүгээр бол С.Батболдын толгойлсон Зас­гийн газрын амь нас долоо хоно­гоор тоологдож эхэллээ гэсэн үг. Н.Батбаяр гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихад УИХ-ын дарга "Тогтоол биш, зүгээр л албан бичиг байна" гэж байсан. Ер нь тэгээд  арван хэдүүлээ суу­гаад, байхгүй хэдийнхээ кнопыг дарж хууль баталж болж байхад есөн хүн огцруулах асууд­лаар албан бичиг өгөхөд болохгүй зүйл юу байхав дээ. Дүндээ дүн л байх­гүй юу.

Ямар ч байсан бужигнаан үүсэх нь үүсчихлээ. Хорин гишүүн байна уу, ес байна уу ялгаа алга. Наанаа дэмжихгүй байгаа царайлаад илч­лэгдэхийг хүсэхгүй байгаа ч цаанаа кноп дарахад бэлэн байгаа хүмүүс байгаа гэх. 

Хүн гэдэг амьтан ч хөгийн л дөө. Саяхан Ерөнхий сайдаа, намын даргаа гээд налиганаж явсан нөх­дүүд дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийг хайчихсан сээтэн хаяж явна гэнэ.  Хэрэв С.Батболд огцорчихвол түүний халааг хэн авах вэ.  Энэ эрэл сурлаар таамагт буугаад буй хү­мүүс нь Ө.Энхтүвшин, М.Энхболд нар аж. Тиймээс  тэдэн рүү шар­ваганах болсон байна. У.Хүрэл­сүхийг ч аль хэдийнэ хөдөлж эхэл­сэн гэх. Яагаад ингэж бужигнаад байна гэж эх сурвалжаас асуухаар олигархиасаа салах гэсийм гэх юм. Олигархиар удирдуулсан нам сонгуульд ялж байсан түүх байхгүй гэдэг. Дээр нь төрийн мөнгө луйвар­даж сонгуульд орвол ясгүй арчуул­даг. Эвгүйтвэл Ардчилсан намаас Засгийн газарт байгаа Алтан гадас нь хөдлөхгүй байлаа гэхэд өөр бусад нь хөдөлж ч мэдэх аж. Ту­хайл­бал улсаас мөнгө гарна гээд төмөр замд урьдчилаад өчнөөн мөнгө зарцуулчихаад байгаа Х.Бат­тулга сайдад мөнгийг нь гаргаж өгөхгүй таг зогсоогоод л сууж байгаа шүү дээ. Бодвол Ард­чилсан намын нэр хүнд хийсэн ажлаас нь болоод өсчихнө гээд ч ингэж тээг болдог юм билүү хэн мэдлээ. Хамаг ажлыг нь энэ мэт уяад байвал Х.Баттулга сайд ч зүгээр суугаад дараа сонгуультай золгов л гэж. Бодох л ёстой асуу­дал. Өнөөдөр биш байлаа гэхэд маргааш Засгийн газар яаж өөрч­лөгдөхийг хэн мэдэхэв.

У.Хүрэлсүх ч гэсэн дээ. Намын даргатайгаа найр тавьж байгаа гэж олон нийтэд үнэмшүүлэх зорилгоо хамтдаа гудмаар инээмсэглэн алхсаныг эс тооцвол хүрэл сүхээ эргүүлээд өөрийнхөө дарааллыг хүлээж байж ч болох шүү дээ. Хэн үгүйсгэх юм. Залуусаа хүртэл на­мын дарга руугаа турхируулж ча­даж байгаа шүү дээ. Сонгууль дөхөж байна. Улс төр хийх улс­төрчид ч олширч байна.

Аль ч УИХ-д хүн огцруулчих дайны бүлэг хүмүүс байж л байдаг. Өмнөх УИХ-д Элсний арван гурав яалаа. Ц.Нямдоржийг унагаад, М.Энхболдыг огцруулаад С.Бая­рыг гаргаж ирж л байсан. Арван гурав, есийн ялгаа нэг их биш. Тэр үед ч Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заалт хэвээрээ байж байсан. Элсний арван гурав 4/1-т хүрээгүй ч гэсэн засаг огцорч явсан юм шүү дээ. Ер нь улс төр гэдэг ч чинь өөрөө урсгалаараа явж бай­даг зүйл биш аж.

Хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч нөхөрт  М.Энх­сайханы хэлсэнчлэн "Улс төрийг хийдэг" юм байна. Энэ есөн гишүүн  биш байлаа гэхэд өөр нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулах улс төр хийхээр өндийгөөд л ирнэ. Бичиг цаас бариад л гүйнэ. Өмнөх жиш­гүүдээс харах юм бол Засгийн газар уначихдаг л юм билээ.