Энэ 7 хоногт
Түлээ хагалахаас эхэлсэн мөнхийн хөдөлгүүр
Үйлдвэржилт гэдэг аливаа улсын хувьд ярихгүй, хийхгүй, хөгжүүлэхгүй байж болохгүй салбар.
Миний бас таны бодол
Хамгийн даруухан хүсэл хийгээд төрийн бодлого
Үйлдвэржилт гэдэг аливаа улсын хувьд ярихгүй, хийхгүй, хөгжүүлэхгүй байж болохгүй салбар. Нэг үгээр хэлбэл үйлдвэр бол мөнхийн хөдөлгүүр юм. Учир нь хүний амьдарч ирсэн бүхий л цаг хугацаанд үйлдвэржилт хэмээх зүйл оршин тогтнож, нэг үгээр хэлбэл хүн төрөлхтөний түүх бол үйлдвэржилтийн түүх байсан гэхэд хилсдэхгүй.
Энэ жил Монголынхоо 21 аймаг бүрт очиж, жижиг том 145 үйлдвэртэй танилцан, амжилтыг нь харж, гацааг нь ярилцаж байхад энэ салбар манай оронд даруй хөгжин хөлөө олох шаардлагатай байгааг улам бүр мэдрэх юм.
Улс төрийн амьдралд өдөр бүр надтай тулгардаг хэлэлцүүлэг, хурал, ярилцлага, хэрүүл, магтаал, шүүмжлэл, доромжлол зэрэг хар цагаан өнгө хэт хурц холилдсон орчноос холдон жирийн иргэн, аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй уулзаж ярилцахад их л олон зүйлийг тэднээс сурах боломжтой аж. Иргэн бүр “төрийн бодлого” гэж зарлаад байгаа зүйлийг сонсохоос илүүтэйгээр бодит амьдрал дээр ямар их өөрчлөлтийг хүлээж байгааг мэдэрсэн. Үүнийг анх 2002 онд “Ард түмнээ сонсъё” хэмээх АН-ын аяныг явуулж байхдаа эгэл Монгол гэр бүлүүд юу хүсэж байна вэ? гэдгийг олон асуулгын дүнд ойлгосон юм.
Тэд Монгол орон дэлхийд байхгүй армитай, хамгийн өндөр барилгатай, хамгийн том хөшөөтэй, сансарт өдөр болгон хүнээ нисгээд байхыг хүсдэг гэж үү.
Үгүй ээ, харин ч эсрэгээрээ маш энгийн зүйлийг л хүсдэг. Зүгээр л хүн бүр дулаахан орон сууцтай, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцээтэй, сайн машинтай, үр хүүхэд нь сайн боловсрол эзэмшихийг л хүсдэг. Тэгээд хамгийн чухал нь гэр бүлээрээ эрүүл саруул байхыг.
Гэвч ийм даруухан зүйл хүсээд байгааг нь мэдсээр байж үүнд тохирсон ямар шинэчлэл, “ямар төрийн бодлого” хэрэгтэй вэ гэж олон хүн, тэр дундаа улс төрчид бид өөрсдөөсөө асуудаггүй ажээ. Ард түмний аж амьдралыг дэлхийн хэмжээний дундаж төвшинд хүргэх боломж бол чөлөөт худалдааг хөгжүүлэн дэмжиж, нэн даруй үйлдвэржих алхам юм.
Монгол хүнд баяжих боломж олгоё. Гэхдээ яаж?
Гэтэл эсрэгээр нь хаврыг алгасаад зун болох юм шиг хэт том амлалт өгч шууд л дэлхийд байхгүй үйлдвэрлэл байгуулахыг амлаад, тэр нь маргааш ард түмнийг баян болгоно гэвэл үнэндээ үлгэр бизээ.
Харин асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал гарц бол хүн. Том жижиг, ашигтай ашиггүй гэж цэцэрхэхээс урьдаар Монгол хүнд өөрт нь баяжих боломжийг, тэр тусмаа өөрт нь үйлдвэрлэх боломжийг нэн тэргүүнд олгох хэрэгтэй юм.
Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” гэдэг шиг Алтанхуягийн хувьд бас л үйлдвэртэй танилцсан түүх гэж байсан.
Тэр тусмаа үйлдвэрлэл гэгч зүйлийг миний хүүхэд насны нэгэн үеийнхэн асар их мэдэж, мэдэрч түүнтэй танилцан өссөн байдаг. Намайг хүүхэд байхад манай гэр бүл Норовынхон гэж найман хүүхэдтэй бужигнасан айл байлаа. Аав ээж хоёр минь босгосон тоонот гэртээ асаасан галаа өөдөө бадрааж, биднийг хүний зэрэгтэй, бүхий л зүйлээр дутаалгүй өсгөхдөө Монголын мянга мянган эцэг эхчүүд шиг мөн ч их хөдөлмөрлөдөг байсан даа. Надад үйлдвэрлэл гэгч зүйлийн стандарт, ажлын бүтээмж, түүний хариуцлага ямар байдгийг хамгийн ихээр мэдрүүлсэн хүн бол ээж минь юм. Манай ээж хүүхдүүддээ их шаардлага өндөртэй бөгөөд өөрөө бол дөрвөн цагийн эргэлтэнд нэг ч зогсдоггүй үргэлж хөдөлж байдаг мөн ч ажилсаг хүн байсан.
Өвлийн идэш зуны борцноос эхэлсэн гэр бүлийн үйлдвэрлэл
Ээж маань ёстой л найман хүүхдээ удирдсан манай гэрийн ажлын удирдагч, үйлдвэрлэлийн ерөнхий зохицуулагч байсан юм. Тэр үеийн амьдралын нийтлэг өнгө төрх өнөө цагийнхтай яаж харьцуулах билээ. Одооны үйлдвэрлэлд шилжсэн юм бүхэн тэр үед бидэнд байсангүй. Ээжид угаалгын машин, аавд авто машин, дүү бидэнд компьютер, гэрт хоол хийх плитка, тоос сорогч гээд олон зүйл байсангүй. Гэвч өнөөдрийн хүүхдүүдэд бага зэрэг ховордож байгаа олон сайхан зүйл байсан юм. Хүүхэд бүр гэртээ хөдөлмөрийн хувиараа ойлгож, ханаар тойруулсан Монгол гэртээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, эвтэй найртай, бие биедээ хайр халамжтай, орой болоход хамтарч хийсэн хоолыг аяга аягандаа амтархан идэж, инээлдэж байсан энгийн боловч энгүүн сайхан цаг үеүд бас байсан юм.
Тэр л цаг үед үйлдвэрлэл гэдгийг ёстой л хийдэг байлаа. Хувцсаа худалдаж авахыг нь худалдаж авч, оёхыг нь гэрээрээ ээж минь оёдог байв. Сандал ширээ гээд гэрийн тавилгыг аав маань хийнэ. Гэрээрээ бид өвлийн идэш, зуны борц, боорцог хайрах, түлээгээ бэлтгэх гээд олон төрлийн үйдвэрлэл явуулдаг байжээ.
Зөвхөн түлээ бэлтгэх л гэхэд асар нарийн дамжлагатай. Эхлээд том том модоо илжигэн /хөрөөдөх модоо тавьдаг тулгуур төмөр/ дээрээ тавина. Хөрөөгөө бариад дүү бид хоёр, хоёр талд нь гарч хөрөөднө. Бага эмэгтэй дүү дээр нь сууна. Өвөл бол ч их л яггүй ажил. Тэхдээ манай гэр бүл намартаа багтаж түлээгээ хөрөөдчихдөг тул өвөл мод хөрөөдөх шаардлага гардаггүй. Хөрөөдөх тоолонд модны үртэс унадаг тул уг үртсийг тосож авах шуудайг доор нь тавина. Үртсийг тосож авах нь хоёр ач холбогдолтой.
1. Ариун цэврийн хувьд хашаанд хог тарихгүй
2. Эдийн засгийн хувьд ашигтай, учир нь үртсээ галдаа хийж түлээндээ нэмэрлэнэ.
Ингээд хөрөөдсөн модоо хагалж банзлаад, банзалснаа бүгдийг нь хашаагаа дагуулан өрнө. Өрөхдөө хэмжээ зай огт алдахгүй, харахад цэвэрхэн өрж, эхнээс нь авч хэрэглэхэд тохиромжтойгоор байрлуулна. Энэ бол бидний үеийн хүүхэд насны нийтлэг амьдарлын өнгө. Манайх гэдэг цас орвол өглөө эрт бүгд гарч хашааны цасаа бүгдийг нь цэвэрлэдэг, өдөр бүр хичээлээс ирээд усаа авсаны дараа гэр, хашаагаа цэвэрлэж байгаад хичээлээ хийдэг. Маш өндөр хөдөлмөрийн хуваарьтай түүнийг ээж маань асар сайн шалгаж, Ажил хийвэл ам тосдоно гэж сургаалын үгээ хэлдэг байж. Эргээд бодоход асар их ажлыг аав ээж хоёр минь бидний төлөө ёстой л амжуулдаг байжээ.
Үйлдвэртэй танилцсан түүх хийгээд тоосго, давс...
Миний хувьд үйлдвэр гэгч зүйлтэй анх долдугаар анги төгсөх зунаа тоосгоны үйлдвэрт ажиллах үедээ танилцсан юм. Энэ л үйлдвэрт гараар тоосго цохиж, ачиж буулгах ажил хийж байх үед үйлдвэрийн нарийн цаг болон хөдөлмөрийн хуваарь зэрэг өөр олон чухал зүйлүүдийг ойлгож ухаарсан. Дараа зун нь ангийн найзтайгаа хамт давсны үйлдвэрт ажиллаж билээ. Харин энэ удаагийн ажил маань өмнөх тоосгоны үйлдвэрийг бодвол арай хүнд байсан бөгөөд нуурнаас давс зөөж гаргадаг байсан юм. Сүүлд оюутан болсон хойно барилга дээр ажиллаж барилгын суурь хийх ажлыг нэлээн сайн сурсандаа. Ингэж анх би 15 наснаасаа эхлэн үйлдвэр гэдэг чухал салбартай танилцаж билээ.
Үйлдвэржилтийн талаар хэлж буй хамгийн чухал томъёлол бол хүн хэдийд хамгийн их хөдөлмөрлөдөг вэ? Ерөөсөө л гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө бол хором ч зогсохгүй, биеэ хайрлалгүй хөдөлмөрлөдөг. Хатуу ширүүн юу ч тэр хөдөлмөрт аяндаа уярч идэгддэг. Энэ бол Ардчилсан системийн хөдөлмөрийн хамгийн чухал философи юм. Үйлдвэрлэл гэдэг иргэн бүр үйлдвэрлэх тусам тухайн орон улам ихээр хөгждөг. Иргэн бүхэн үйлдвэрлэхийн тулд улс хэтэрхий том нүсэр төлөвлөгөө гаргаад, социалист маягийн үйлдвэрлэл шууд эхэлвэл зах зээлийн сорилттой нүүр тулгараагүй өөрөө өсөн дэвжиж , алдаж оноогүй ийм хэлбэрийн үйлдвэрлэл хэцүү ирээдүйтэй тулгардаг.
Арга ч үгүй биз шууд татвар төлөгч ард иргэдийн мөнгөөр боссон үйлдвэр эцэстээ уналтанд яаж ордогийн жишээг 1990 оны дараах манай томоохон үйлдвэрүүд харуулсан билээ. Нэг их том барилга хэдэн хагархай цонхтой л үлдсэн. Тэгсэн хэрнээ Орост хичнээн сая рублийн их өртэй үлдээлээ дээ. Энэ бол баримт.
Тэгвэл үйлдвэрлэл гэдгийн мөн чанар юунд байна вэ?
Жижиг, дунд үйлдвэрлэл Монголд огтоос хэрэггүй,харин түүний оронд нэг мөсөн том үйлдвэр баривал эдийн засагт тустай. Эсвэл ерөөс үйлдвэрлэл гэдэг Монголд биш хүн ам олноор суурьшсан Солонгос, Хятад гээд ажиллах хүч ихтэй газар л хөгждөг зүйл гээд мэдээллийн хэрэгсэл, интернэтээр өөрсдийн саналыг солилцох гэхээсээ илүү бусдад тулгаж байгаа хүн олон байна. Юу юунд ч хүрэлгүй таных буруу, минийх л зөв гэж улайралгүй асуудлаа аль болох үндсээр нь харахыг хичээе.
Би МУИС-д биофизик гэгч хичээлийг 10 гаруй жил зааж, уг судалгаагаа амьдрал дээр туршин үзэх хүсэлдээ хөтлөгдөн Чацарганы бизнест хөл тавьж, түүнийхээ үр шимийг хүртэж яваа болохоор жижиг, дунд үйлдвэрлэл гэгч зүйлийг онолын гэхээсээ илүү практик талаас нь мэдэх юм.
Үйлдвэрлэл гэдэг асар хэцүү ажил. Өөрийн тарьж байгаа чацарганаа хүн яг л үр хүүхэд шигээ хайрлаж, ширүүн салхи, хүйтэн бороо, халуун нарнаас хамгаалж ургацаа хурааж, баяраа тэмдэглэхийн жаргалыг энэ хэцүү салбарт үйлвэрлэлээ эрхэлж, хөлсөө дуслуулж, сэтгэлээ чилээж, цаг, хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ зарцуулж байсан хүн л жинхэнэ гүнээс нь ойлгоно.
Гэтэл хүнд нь цаанаас нь тааруулсан юм шиг Засгийн газар дээр жижиг дунд үйлдвэрийн асуудал миний эрхлэх ажлын хүрээнд багтах болсон юм. Хүнд дуртай зүйлээ хийх нь нэг талдаа ажил хийх урам зориг, нөгөө талдаа өөрийгөө хэт ядраасан зовлон болдог эд юм билээ. Тиймээс энэ удаа жижиг том гэж ялгалгүй үйлдвэрлэл гэгч сэдвийг ажилчин, хөдөлмөрч хүн гэдэг сайхан үгтэй адил сонсогддогийг хэлж, үзгээ хурцлан өөрийн саналыг солилцоё.
Том хийгээд жижиг дунд үйлдвэр, хамтын амжилт
Үйлдвэрлэлийн түүх гэдэг бол угтаа хүн төрлөхтөний түүх юм. Чулуун зэвсэг бол хүн төрөлхтний үйлдвэрлэлийн хамгийн сонгодог, мөн анхдагч хэлбэр билээ. Чулуу байгаль дээр байдаг. Түүнийг өөртөө ашигтай зүйл болгож хувиргах нь үйлдвэрийн үндсэн тодорхойлолт.
Харин үйдвэрийн үсрэнгүй хөгжил бол яах аргагүй Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагтай шууд холбогдно. XIX зуун бол үйдвэрлэлийн хөгжлийн оргил үе байсан . Эдгээр он жилүүдэд Европ тив гэрлийн хурдаар өөрчлөгдөж, Англи, Франц, Герман зэрэг орнууд Европыг байлдан дагуулж, улмаар энэ нь бүх дэлхийг хамрах болсон юм.
Эдгээр улсуудад хүн бүр жижиг дунд үйлдвэрт хүчээ сорихыг эрмэлзэж, амжилт олсон жижиг үйдвэрүүд хоорондоо нэгдэн үндэсний хэмжээний том үйлдвэр болж хөгжсөн. Мэдээж байгалиас заяасан баялаг гэдэг бол ямар ч орны хувьд давуу тал. Уг баялагийг зөв ашиглаж, үйлдвэрээ эхнээс нь зах зээлийн зөв голдирлоор байгуулах нь хамгийн чухал. Гэвч ганц том үйлдвэр байлаа гээд бусад жижиг үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахгүйгээр хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй.
Тухайлбар уул уурхайн үйлдвэрт ажиллах ажилчдын хэрэглээ гэдэг зах зээлийн бүхий л төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний захиалагч байдаг. Үйлдвэрийн ажилчдын хоол хүнс, гоо сайхан, ариун цэвэр, хувийн болон ажлын хувцасны хэрэглээ гээд асар олон зүйлийг жижиг дунд үйлдвэрээс хангадаг.
Ийм л учраас манай оронд жижиг дунд үйлдвэр тэргүүн ээлжинд маш сайн хөл дээрээ зогсож хөгжих хэрэгтэй. Уул уурхайн баялагаас хувь хүртэе гэвэл уул уурхайн салбарт хэрэгтэй асар олон зүйлсийн нэгийг л та үйлдвэрлэх хэрэгтэй. Харин уул уурхайн том компани таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч, танд хөрөнгө оруулна гэсэн үг.
Харин өнөөдөр бид олон том үйлдвэрийн олон төрлийн хэрэгцээг хангах боломжийг үндэсний бүхий л жижиг дунд үйлдвэртээ нээн олгож / харамсалтай нь ганц том Эрдэнэт үйлдвэр энэ талаар тун хангалтгүй ажилладаг/ энэ бүхэнд шаардлагатай зохицуулалтыг хийх хэрэгтэй. Мөн асар олон зүйл дээр төр оролцоогоо хязгаарлаж, зах зээлийн механизмд даатган чөлөөлж өгөх хэрэгтэй.
Архангайн ааруул, Булганы айраг, Дарьгангын хурд, Увсын чацаргана...
Ер нь аливаа үйлдвэр том жижигээсээ үл шаттгаалаад үйлдвэрлэл явуулж байна гэдэг утгаараа асар олон давуу талыг тухайн улс оронд авчирдаг.
1. Эдийн засгийн тогтвортой хөгжил. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эдийн засгийн хувьсгал гэж манай намын яриад байгаа давалгааны хамгийн үндсэн суурь, чухал нь үйлдвэрлэл юм. Учир нь үйлдвэргүй эдийн засгийн түлш шатахуунгүй машинтай адил.
2. Бахархал, Соёл, Нэр хүнд. Хамгийн гол нь бүтээсэн баялаг бүрээ хайрлах, түүний үнэ цэнэ, ирээдүйд өгөх үр өгөөжийг нь магтан дуулах соёл юм. Үндэстэн бүхний хамгийн бахархдаг зүйл бол үйлдвэрлэл юм. Архангайн ааруул, Булганы айраг, Дарьгангын хурд, Увсын чацаргана, Ховдын шийгуа гээд нутаг бүхэн өөрсдийн үйлдвэрээрээ бахархдаг. Аливаа бизнес эрхлэгчийн хамгийн гол хүсэл бол хувьдаа үйлдвэртэй болох. Харин аливаа үйлдвэрийн хүсэл бол үндэстэнээ байлдан дагуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Аливаа улсын хүсэл нь үндэстэн дамнасан үйлдвэр эрхлэх явдал билээ. Яг л Mc Donald, Чилийн зэсийн үйлдвэр, Coca Cola, Toyota, Samsung, Хятадын гангын үйлдвэрлэл шиг. Энэ бол эдийн засгийн хамгийн хөгжил, үнэт зүйл мөн.
3. Шинжлэх ухааны хөгжил. Учир нь шинжлэх ухаан гэдэг бол товч тодорхойлолтоороо ерөөсөө л амьдрах шинэ арга хэлбэр нээж байгаа үйл явцыг хэлдэг. Аливаа орны шинжлэх ухаан, амьдрах арга нь тухайн төрлийн үйлдвэрлэлийг дагнан хөгждөг байна. Монголд уул уурхайн, хөдөө аж ахуй, чацарганы үйлдвэрлэл хөгжвөл эдгээр салбарыг дагнасан шинжлэх ухааны олон ололтууд гарч ирж чацарганыг ашиглан ундаа, гоо сайханы бүтээгдэхүүн, уул уурхайн үйлдвэрлэл гээд олон зүйлс урган гарна.
Ингээд тоочоод байвал харилцаа холбоо, урлаг уран сайхан, ёс суртахуун, хууль зүйт ёс, улс төрийн дэвшил, хамгийн гол нь эдийн засгийн үсрэнгүй хөгжил гээд давуу тал нь хэтэрхий олон юм даа. Тэгээд одоо өөрийн орноо үйлдвэр хөгжүүлэхгүйгээр төсөөлөөд Монголд үйлдвэр хэрэггүй, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл хэрэггүй гэж хэлэх хүн цөөрөх байх. Мэдээж өнөөдөр асуудлыг харахад бусад орнуудад үйлдвэрлэл хэт өндөр түвшинд хөгжсөн болохоор Монгол энэ тал дээр их л хол харагдаж магадгүй. Гэвч боловсрол өндөртэй гадаад хүн биднээс тасарчихлаа гээд бид хувьдаа боловсрол бол Монгол хүнд тохирохгүй харин түүний оронд дипломыг нь үйлдвэрлээд тараая гэж үзэж болохгүй шүү дээ. Түүнтэй ижил манай орон үйлдвэрлэл тааруу байгаа ч манай орны иргэдийн өөрсдөө дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол хэн хүнгүй л байна.
Хүссэн үйлдвэрээ явуулах эрх чөлөө буюу уруулын будагны онигоо
Дэлхийн олон орны хувьд үйлдвэрлэл гэдэг зүйл анх явагдаж байхдаа тийм амархан байсангүй. Бүр манайхаас дор нөхцөлтэй байсан. Гэвч үйлдвэрлэл хөгжихийн үр дүнд хоосноос эхлэж байсан шигээ хоосон дуусаж байсангүй. Харин ч боловсронгүй болж, үйлдвэрлэх тусмаа хүнд хэрэглэхэд эвтэйхэн, байгальд ээлтэй олон зүйлсийг бүтээж, эко үйлдвэрлэл улам хөгжиж, улс орон бүр өөрсдийн чадах зүйлээ аль болох үйлдвэрлэлд нэвтрүүлж, томоохон үйдвэрүүд нь дэлхийд өрсөлдөж, жижиг үйлдвэр нь дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хангаж байна.
Өнөөдөр энэ 21-р зуун дөнгөж эхэлж байгаа 10 жилийн хугацаанд компьютер хэрхэн сайжирч шинээр үйлдвэрлэгдэж, хэдэн гар утас технологийн ямар түвшинд дэвшиж, хэрхэн сайжируулсаныг хэлэхэд хүний гарын 10 хуруу багадах биз.
Япон авто машин, электрон бараа, АНУ технологийн дэвшил, Apple брэнд, Солонгосын Samsung, LG гээд захаас нэрлэвэл тоочоод баршгүй олон үйлдвэрлэл цаг минут бүрээр хурдацтай хөгжин хими, физик, нано гээд шинжлэх ухааны ололтуудыг гайхамшигтай ашиглан үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг манай Монгол орон ингэж үйлдвэржилт явуулах бүрэн боломж байна. . Энэ боломж уул уурхай, хоёр толгой гэхээсээ илүү хувийн өмчийг дээдэлсэн, хүссэн үйлдвэрлэлээ явуулж болох эрх чөлөөг хэн бүхэнд олгосон манай өнөөдрийн нийгэм юм.
1990 оны эхэн үеэр бидний хэдэн найз нөхөд шинээр босгох гэж буй нийгмийнхээ үнэ цэнэ, гайхамшигтай ололтуудыг хоорондоо ярилцаж, чадлынхаа хэрээр мэдээлэл цуглуулдаг их ч сайхан үе байж. Тэр үед бид капиталист, социалист үйлдвэрийн газруудын талаар санал солилцох нь хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг байж уг сэдвийг хөндөх бүрт үзэл баримтлал маань Ардчилсан системтэй улам бүр батжин холбогдож билээ.
Адам Стим 1776 онд Үндэсний баялаг номоо бичих дээ : Капиталист үйлдвэрлэл бол ашиг олоход зорилго нь чиглэгддэг гэжээ.
Харин Карл Маркс : Социалист үйлдвэрлэл бол хүний хэрэгцээг хангахад чиглэсэн гэжээ. Хэлбэрийн хувьд харахад герман эр Марксын хэлсэн үг илүү тустай мэт. Гэвч бодит байдал дээр илүү харгис, үр дүн нь илүү сөрөг байсан билээ.
Үүний тод гэрчүүд өнөөдөр Монголоор дүүрэн байгаа. Социалист үйлдвэрлэл бидэнд ямар сонголт өгдөг байлаа даа. Эсрэгээрээ шууд л тушаадаг байсан. Монгол хэдэн эмэгтэйтэй билээ гэж тоо гаргана. Аан нэг сая. За тэгвэл ирэх жилийн Монгол орны эмэгтэйчүүдийн уруулын будгийн хэрэгцээ улаан өнгөөр 500 мянгыг, бор өнгөөр 500 мянган уруулын будаг хий гэж тушаал буулгадаг байсан.Энд ямар ч зах зээлийн судалгаа байхгүй, хэрэглэгч буюу ард түмэн юу хүсэж байгааг хэн ч мэдэхийг хүсэхгүй байлаа. Хүний дотоод хүсэл мэдрэмж, загвараа мэдрэх, моод хөөж хувцас өмсөх, ямар амттанд дуртай нь социалист үйлдвэрлэлд ямар ч хамаа байсангүй.
Зүгээр л Монгол орон 400 мянган хүүхэдтэй аан тэгвэл 400 мянган ширхэг ижилхэн усны хар хувцас үйлдвэрлэе гэдэг л байсан юм. Хэрэв ингээд яриулвал хуучин социалист үйлдвэрийн талаар манай намын олон ч хүн их ч сонирхолтой жишээ дурдана даа.
Харин ардчилсан систем дэх чөлөөт зах зээлийн үед үйлдвэрлэлийн бүх судалгаа ашиг олоход зориулагдна. Хувь хүн Монгол хүн бүр ашиг олно гэдэг маш сайхан хэрэг. Энэ үйлдвэрийн нийгэмд хүүхдийн усны гутал үйлдвэрлэх гэж байгаа бол эмэгтэй хүүхэд ямар өнгөнд дуртай вэ? Эрэгтэй хүүхэд ямар өнгөнд дуртай вэ? Яаж тэдэнд таалагдахын тулд хөнгөн, хөлд эвтэйхэн хийх вэ? гэж зах зээлийн судалгаанд бүх үйлдвэрлэгчид толгойгоо ажиллуулдаг. Учир нь хувь хүн өөртөө ашиг олж байгаа учир бүх зүйл үйлчлүүлэгч та хаан гэсэн байр суурьнаас ханддаг. Социалист үйлдвэрлэлд үйлдвэрийн эзэн хувьдаа ашиг олохгүй учир хэнийгээ ч бодох билээ дээ.
Завханы Эрдэнэбат, Сэлэнгийн Батбаяр нараар бахархахын учир
Үйлдвэржилтийн үндсэн суурь болсон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын түвшинд нилээд ажлыг хийсэн. УИХ-ын 2011 оны 30-р тогтоолоор ЖДҮ-ийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгний бондыг МУ-ын ЗГ-аас гаргахаар болсон. ЖДҮ-ийг дэмжих зээлийн хүү 5 хувиар буурч, жилийн 8 хувийн хүүтэй болсон бол хугацаа нь хоёр жилээр уртасч 5 жилийн хугацаатай болсон байна. Мөн зээлдэгч эхний нэг жил үндсэн зээл төлөхгүй зөвхөн хүүгээ төлнө. 2011 оны Улсын төсөвт сумдад ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор бүх сумдад нийт 24.0 тэрбум төгрөгийн жилийн 3% хүртэл хүүтэйгээр зээл олгохоор шийдвэрлэсэн. ЖДҮ-ийг дэмжихэд зориулж нийт 85,3 тэрбум төгрөг Засгийн газраас зарцуулаад байгаа бөгөөд 2009-өөс 2011 оны 8 сарын 4-ний байдлаар нийт 3587 иргэн аж ахуйн нэгж зээл авч, 1254 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2520 үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж, 14000 гаруй ажлын байр шинээр бий болсон байна.
Эдгээр ажлаа цаасан дээр буулгачихсан хий хоосон лоозон болгохгүй гэсэндээ араас нь санаа тавьж “Монгол Хүн 2020” хөтөлбөрийг зохион байгуулах хүрээнд өөрийн биеэр танилцлаа. Үнэхээр бахдамаар сайхан хөдөлмөрлөж жижиг дунд үйлдвэрээ хөл дээр бат босгож байгаа олон арван иргэдтэй уулзлаа. Завханы Улиастайн Эрдэнэбат гэх залуу аавыгаа дагаж машин техник засах чадвартай болсон бөгөөд гурван жилийн өмнө машины дугуй засварын газар ажиллуулж эхэлсэн бол өнөөдөр хажуудаа дэлгүүртэй, иж бүрэн автомашин засварын төвтэй болж чадсан тухай ярьж байсан. Түүгээр ч зогсохгүй аймгийнхаа МСҮТ-өөс хүүхдүүд авчирч тэдэнд дадлага хийлгэх боломж олгодог талаар надтай хуучилсан юм. Эрдэнэбатыг засварын газрынхаа багаж хэрэгсэлийг сайжруулан автоматжуулах, үйлдвэрлэлийнхээ үр бүтээмжийг дээшлүүлэхэд ямар ч уул уурхайн хишгээс илүүтэйгээр ЖДҮ-ийн сангаас авсан зээл нь хамгийн их түшиг болж дээ гэдгийг түүнтэй ярилцах богинохон хугацаанд би олж харсан.
1980-аад оноос хойш газар тариалан эрхэлж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Батбаяр гуай өөрийн аж ахуй үйлдвэрлэлээр дамжуулан судалгааны их том бүтээл амжилттай туурьвиж байгаа хүн. Яагаад би ингэж байна гэхээр тэрбээр 10 аад жилийн хугацаанд зөвхөн 3 га талбайд л төмс хүнсний ногоо тарьж байгаа бөгөөд бусад хүмүүстээ харьцуулахад тариалангийн талбайгаа яаж томсгох вэ гэж толгойгоо гашилгах бус нэг га газраас хурааж буй ургацын хэмжээгээ хэрхэн ихэсгэх талаар үргэлж толгойгоо ажиллуулдаг талаар хэлж байсан. Олон жилийн хугацаанд Батбаярын тариалангийн талбайн хэмжээ нэмэгдээгүй ч түүний хурааж авсан ургацын хэмжээ тонн тонноор өссөн. Түүнийг энэ ажлаа амжуулахад ЖДҮ-ийн зээлээр хийсэн хөрөнгө оруулалт авсан тоног төхөөрөмж, бага оврын трактор зэрэг нь хамгийн дэм болсон тухай надад илэн далангүй өгүүлж байсан. Зарим тохиолдол үйлдвэрлэсэн бүрээгдэхүүн нь сайн гарсан ч борлуулалтын хувьд бэрхшээлтэй учир ч байгаа ч байсан. Тухайлбал Говь-Алтай аймгийн хөх тарианы олон сайхан эрүүл бүтээгдэхүүн газар хол, тээвэрлэлтийн асуудлаас болоод Улаанбаатарт ирэхдээ их л зардал гардаг юм байна лээ.
Гэвч хүн зогсолтгүй хөдөлмөрлөж байсан цагт эцэстээ хөл дээрээ босдог хойно. Энэ мэтчилэн Монгол орныхоо 21 аймгийн 145 гаруй жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэгчидтэй уулзаж , саналыг сонсож байхад Монгол улсад үйлдвэржилт хөгжихөд асар их нөөц, боломж, иргэдийн идэвхи санаачлага байгааг анзаарсан.
Үйлдвэрлэл бидний өмнө гайхамшигтай боломжуудыг нээнэ
ЖДҮ-ийг дэмжин хөгжүүлснээр эдийн засгийн өргөн утгаараа үр өгөөжтэй, ач холбогдол бүхий 3-н үндсэн зүйл ажиглагдсан. Нөгөө талаар ЖДҮ-ийг дэмжих бодлогын хэрэгжилт, үр дүн нь эдгээр асуудлаар илрэн гарч байна гэж үзэж болно.
Эхний асуудал нь орон нутагт ЖДҮ шинээр болж, үйл ажиллагаага өргөтгөснөөр тухайн газар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож байгаа явдал. Жишээ нь Завхан аймгийнхан хиам, хиаман бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотоос зөөхөө больсон. “Мөнхөд Мандаг” гэх аж ахуй нэгж ЖДҮ-ийн зээлд хамрагдаад Завхан аймагт хиам үйлдвэрлэдэг болсноор Завханчууд өөрийн нутгийн идээгээ худалдан авах боломжтой болсон. Өмнөговь аймагт вакуум цонх гаднаас авахаа больж дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн, Ховд аймагт БГЭМ компани ариун цэврийн цаасны үйлдвэр ашиглалтанд оруулсан гэх мэт олон жишээг бид энд дурдаж болно.
Дараагийн нэг асуудал бол үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжийн тоо нэмэгдэж, бүтээгдэхүүний төрөл зүйл олширсноор зах зээлд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болж бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа явдал. Архангай аймгийн Гүнжийн Даваа гэх тоосгоны үйлдвэр ЖДҮ дэмжих сангаас 250 сая төгрөгийн зээл авч орон нутагтаа үйл ажиллагаагаа эхлүүлснээр өмнө нь 300 гаруй төгрөгийн үнэтэй байсан тоосго одоо 150 төгрөгөөр авах боломжтой болсон байна. Архангайд тоосгоны нийт жилийн хэрэгцээ 4 сая ширхэг тоосго бөгөөд Гүнжийн даваа тоосгоны үйлдвэрийн жилийн нийт хүчин чадал 8 сая ширхэг байдаг тухай үйлдвэрийн Наранцэцэг захирал хэлж байсан. Одоо Архангайчууд тоосгоо Улаанбаатаараас зөөж, тээврийн зардал шингэсэн өндөр үнээр худалдан авдаг байсан цаг дуусч аймагтаа үйлдвэрлэсэн, чанартай тоосго хоёр дахин бага үнээр худалдан авах цаг ирсэн байна. Миний бодлоор энэ бол аймаг орон нутагт ЖДҮ дэвшин хөгжиж байгаа хамгийн том илрэл мөн бодит үр дүн.
Сүүлийн асуудал бол Монголчууд бидэнд тулгамдаж байгаа, мөн хамгийн ихээр ярьж бичиж байдаг ажлын байрны тухай асуудал. Гэхдээ ЖДҮ-ийг дэмжин хөгжүүлэх нь энэ асуудлыг шийдэх гайхамшигтай боломж, гарц мөн. Яагаад гэвэл би үүнийг олон зуун ЖДҮ-ийн ажил олгогч, ажилтануудтай уулзаж ярилцаж байхдаа мэдэрсэн. Ажлын байр бий болгож байгаа хамгийн энгийн жишээ л гэхэд 3 оёдлын машинтай үйлдвэрлэл явуулдаг байсан үйлдвэр ЖДҮ-ийн зээлд хамрагдан хоёр машин нэмж авснаар 2 ажлын байр нэмэгдүүлж байх жишээтэй. Нэг хоёр гэж чамлах бус, энэ мэтчилэн улсын хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих бодлого хэрэгжсэнээр нийт 14000 гаруй ажлын байр бий болсон гэсэн тооцоо байна.
ЖДҮ-ийг дэмжих бодлогын үр дүн нь зөвхөн шинээр үйлдвэрлэл эхлүүлж буй иргэдээс гадна өмнө нь үйлдвэрлэл эрхэлж байсан иргэд, аж ахуй нэгжид ихээхэн нэмэр болж байна. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, автоматжуулах, үйлдвэрийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зэрэг үйлдвэрээ өргөжүүлэх, өргөтгөх үйл ажиллагааг ЖДҮ-ийн зээлд түшиглэн хийж байна.
Төгсгөл болгох нь
Эцэст нь хэлэхэд би нийтлэлийнхээ эхэнд хөндөж байсанчлан Монгол хүний, Монгол айл гэр бүрийн хүсээд тэмүүлээд байгаа тэр зүйл маш энгийн. Гэр бүлээрээ эрүүл саруул, үр хүүхдүүд нь сайн боловсролтой, боломжийн сайхан ажилтай, олж байгаа орлого нь амьдралд хүрэлцээтэй байх тийм л энгийн асуудал. Гэхдээ энгийн атлаа амьдрал дээр адармаатай байдаг энэ асуудлыг шийдэхэд төрийн оролцоо зайлшгүй чухал. Төрийн оролцоо гэхээр мөрөөдөл бүхнийг биелүүлдэг бэрдийн тухай асуудал ерөөсөө бишээ. Харин энгийн даруухан мөрөөдлөө биелүүлэх тэр нөхцөлийг л төрөөс дэмжиж өгөх тухай асуудал юм. Тийм учраас Монгол хүн бүр үйлдвэрлэгч байх, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг байх тэр боломжийг бүрдүүлж өгөх нь Монгол хүн дэлхийн энэтэй аж төрөх хөрс суурь, гол тулгуурын нэг нь байх болно.
Норовын Алтанхуяг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
тоогий
Зочин
Зочин
delgermaa
Зочин
Зочин
çî÷èí
çî÷èí
çî÷èí
od
Зочин
Зочин
Зочин
Halaglal
Àðä÷èëàë
Øóäðàãà
ЖДҮ
MANAN-iin talaar
гишүүн
Энэ хүн өөр хүн
Санал нэг байна Дэмжиж байна
Ардчилсан нам юм хийдэг нам
Amjilt
уншигч
irgen
bataa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bayarsaikhan
Зочин