2004 оны 3 сарын 22-нд эхэлж 2004 оны 4 сарын 1-нд  дуусав

            Сэтгэл минь

                            Сэтгэл нэг л эвгүй
    
Хаанаас ч юм нэг л газраас
        зүрх нэвт салхилаад байх шиг
Хаашаа ч юм бэ нэг л газар руу
        ор тас алга болмоор ч юм шиг
Хав харанхуй ертөнцийн тас харанхуйд
        харах нүдээ аниад төөрмөөр ч юм шиг
Хачин гэрэлтэй бүр наран дотор
        хагас жаргалтай тэнэмээр ч юм шиг

                            Сэтгэл нэг л эвгүй

Зүрхний хүлээсээ тайлж хаячихаад
        зүгээр л эрх чөлөөтэй цохилмоор ч юм шиг
Зүүдний оронд оргож оччихоод
        зуурдын хорвоогоос урвамаар ч юм шиг
Хязгааргүй уудам орчлон ертөнцийг
        хохь гагцаар эзэмдэн уусмаар ч юм шиг
Хумхийн нарийн тоосхон болчихоод
        хүмүүн заяанаас зайлмаар ч юм шиг

                            Сэтгэл нэг л эвгүй

Дэлхийг дэвсчин агсран туйлж,
         дууны хөвчөө тасартал орилмоор ч юм шиг
Дээдэс тэнгэр уяран сонсоод
        дэргэд уйлтал дуулмаар ч юм шиг
Жаргал гэдгийг бүгдийг нь цуглуулчихаад
        зажилж үзээд нулиммаар ч юм шиг
Зовлон гээчийг цугий нь овоолчихоод
        захаас нь эхлэн инээж туулмаар ч юм шиг

                            Сэтгэл нэг л эвгүй


Хүй ертөнц орон зайг чигээр нь
        хоосон болгож оюун сэтгэхүйгээс чөлөөлмөөр ч юм
шиг
Хүний ухаанд бүгдийг нь багтааж
        гоо сайхан танин мэдэхүйг л үлдээмээр ч юм шиг
Хөгийн амьдрал үхэл хоёрыг
        нэгнээ танихгүй болтол нухмаар ч юм шиг
Хамгийн сүүлд бүх сэрлээ унтрааж
        харанхуйгаас харанхуйд галзуурмаар ч юм шиг

                            Сэтгэл нэг л эвгүй

(хувийн шүлгээс)

--------------------------------------------------------------------------------------------

”Шар Хад”  психо-трагеди

Дүрүүд:     Солиотууд

1.Кататоник- 60 орчимтой өвгөн, 15 тайгаасаа хойш энд байгаа, сүүлийн 10 жил кататоникт орсон, хаяа л цөөн үг хэлнэ. Хар бөөгийн мэт навсархай хувцастай, нүүр хаасан хар унжуургатай, буланд завилан сууж хөдлөхгүй эсвэл ганхах хөдөлгөөн л хийнэ, хамгийн хэцүү дүр

2. Модун шаньюй- 35 орчим насны, ширвээ сахалтай
3. Майдар Бурхан- 20 орчим насны, дөлгөөн ухаалаг залуу, хөдөөнөөс Завханы бөглүү сумаас саяхан ирсэн. Өсөхөөсөө  өвөөгөөрөө заалган Буддын сургаал үзэж байсан. Орны цагаан даавуугаар хийсэн ламын орхимжтой төстэй хувцастай. Шүлс гоожсон халтар хар царайтай боловч уранхай орхимж нь үргэлж цас мэт цагаан.

4. Венера- 20 хэдтэй залуу үзэсгэлэнт бүсгүй. Цав цагаан шагайгаа хүрсэн плажнаас өөр хувцасгүй, үргэлж хөл нүцгэн, гуниглангуй дотогшоогоо зөөлөн, үргэлж л гоолингоог гиншин ганхаж өөрийгөө тэвэрч байх

5. Бэлэн Сандаг чөлөөт дүр, гоё дуулдаг, үргэлж л сэтгэл хиртхийм тухайн үед болж байгаа үйл явдал яриатай огт зохимжгүй эрс тэс логикгүй мэт үгс хэлнэ, эрс үгүйсгэх мөртөө дагуулж даваадуулсан мэт утгатай. Жүжигчин өөрөө импровизаци хийх хэрэгтэй.

    Эрүүлүүд

6. Ариунаа, оюутан охин, 20-д настай, гэнэн итгэмтгий, зөв, хэтэрхий гэмээр гэрийн хүмүүжилтэй, цэвэр ариунаараа сэтгэлтэй, идеалист, эртний болон орчин үеийн алдарт эмч нар шиг бусдын сайн сайхны төлөө бүхнээ, амьдралаа зориулахаар шийдсэн. Аав, ээж нь ч эмч. Дүү нь 15-16 насны teen rebell  болсон хүү. Ариунаа их сониуч, түүнийхээ төлөө ямар ч асуудалд орохоос буцахгүй, зөвхөн магадлаж, асууж байж юмны учрыг олох гэдэг. Нүдний шилтэй, эмзэг , турьхан, гэхдээ их цовоо, эргэлзэмтгий, дураараа .

7. Баасан эмч, 60 орчим насны, Шар Хаданд ажиллаад бүр автомат болсон. Уул нь мэдлэг туршлага үнэхээр сайн боловч хүний сэтгэлийн зовлон шаналан болгоныг 40 жил сонссоор бүр мэдрэмжгүй болж мөлчихсөн. Бас нилээн ууна. Өөрийгөө мэдлэг туршлагатай сайн толгойтой гэдгээ ч мэднэ. Түүгээрээ согтохоороо бардана.

8. Урнаа сувилагч, мөн 20 гарсан. 2 жил нарийн бичиг хийсэн. Ажилдаа бага зэрэг хайш яйш, ганган, олон найз залуус, мөн ивээн тэтгэгчтэй, тэдэндээ эмнэлэгээ ярьж сонирхлыг нь татдаг. Гоо сайхандаа их анхаарна, гар утсаа их ашиглана.

9. Долгор цэвэрлэгч, 60 гарсан, зөөлхөн буурал, их л гүн юм асууж хариулж байдаг. Өвчтөн эмч ялгаагүй бүгдийг эхийн сэтгэлээр хайрлана. Өвчтөнийг өвчтэй л юм байхдаа зайлуул гэж эргэлзэж адилхан миний хүүхдүүд гэж асрана.

10. Номхруулагч Төмөр. Хүчирхэг том залуу, комедийн үүрэгтэй, Гэнэн сэтгэлтэй. Дуудахад л орж ирээд хуньчихдаг. Гэнэн боловч яг тулсан айхтар асуулт асуудаг. Үгэнд оромтгой. Бүр заримдаа өвчтөнийхөө үгэнд итгэж орчих гээд байдаг. Түүндээ их сандарч эсрэг реакци гаргах гэж оролдоно.
11. Дөлгөөн : хэт прагматик, хөөрхөн, гэхдээ их сайхан сэтгэлтэй
----------------------------------------------------------------------------------------------
Хөдөлмөр эмчилгээний өрөөний голд үзэгчдэд перпиндикулар босго мэт намхан саадтай.Хүн бүр зүгээр явж байснаа тэр босгон дээгүүр гарах болгондоо удаашрах, зогсох, татаж унах, гол санаагаа хэлэх, зөрчилтэй асуултаа асуух, эргэх, эргэлзэх гэх мэт янз бүрийн байдал гаргана, жүжгийн үйл явдлын эргэлтүүд энэ босго, 2 талыг нь ашиглаж болно. Симболизмийн үүрэгтэй. Бид өдөр бүр л олон удаа давж болох, эс болох олон босгийг сэтгэлдээ давж эсвэл буцаж байдаг.

    Эхний тайз дэндүү цагаан цулгай, Хөдөлмөр Эмчилгээний Өрөө шар ногоон, том цаг нь уруугаа хараад буруу тийш явдаг, таазан дээрээс уруугаа харсан тавилга унжиж, шалан дээр ч буруугаа харсан дизайнтай ч хэт анзаарагдам биш, гэрийн өнгө зохицолгүй эсрэг мөртлөө маш энгийн хэт зөөлхөн тавилгатай, ширээ зэрэг бүх юмний булан их дугуй эсвэл эмтэрсэн.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

1-р бүлэг
1-р үзэгдэл
(Тайз голоороо 2 хуваагдсан мэт байна. Баруун талын хөшиг хаалттай хэвээр
Зүүн талд хонгил, тайзны голд нь Баасан эмчийн өрөөний хаалга)

Ариунаа гаднаас орж ирэн гайхширан эргэн тойрноо харж зогссоноо: Ямар сонин газар вэ. Аймаар ч юм шиг, гайгүй ч юм шиг.

Долгор Баасан эмчийн өрөөнөөс цэвэрлэгээ хийсээр гарч ирснээ орчноо гайхан харж өөртэйгээ ярих Ариунааг харснаа санаа алдан

Долгор: Бас ямар амьтны үр энэ босгоор алхаж байгаа юм болдоо гэж үглэн ойртоход

АРИУНАА: Сайн байна уу эгчээ, Баасан эмчийн өрөө аль вэ?

Долгор: Үзүүлэх нь үү охин минь?

АРИУНАА: Үгүй ээ эгчээ би дадлагын оюутан, ангиасаа хоцорчихоод нөхөх гээд л

Долгор: Шүүрнийхээ ишийг тулан хэсэг бодолхийлэн харснаа Тэр өрөө, одоохон гараад ирнээ. гэж заан зүүн тийш гарч одно.

АРИУНАА: Баярлалаа гээд цааш алхахуй заасан өрөөнөөс нь ноосон цамцтай 45 орчим насны эр гарч ирээд Ариунааг сониучирхан харснаа гэнэт инээмсэглэн зогсоход нь

АРИУНАА: Сайн байна уу? Би 4-р курсийн оюутан Ариунаа байна. Тань дээр 14 хоног дадлагын хичээлтэй. Би нөхөж хийж байгаа юм.

1-р галзуу: Анхнн, над дээрээ үү гэж инээмсэглэснээ Ариунааг тойрон явж тал талаас нь харснаа Оюутан Ариунаа гэнээ, би Баасан эмч чинь байна даа. За бас нэг эргүү оюутан ирж байгаа юм биз дээ, Яаж нэг жоохон юм сургана даа.

АРИУНАА: Эмчээ би их хичээнээ. Таныг 30 жилийн туршлагатай сайн эмч гэж сонссон. Та харин дөнгөж 40-тэй юм шиг харагдаж байна, сонин юмаа

1-р галзуу: Уухай бүр зүслээд, үнэлээд амжсан уу, Тийм их сэргэлэн юм бол одоо л харна даа. Нөгөө аргаараа л заахаас. Гэхдээ би одоо өдрийн цайндаа явлаа

АРИУНАА: Ийм эрт үү? Эсвэл та өглөөний цайгаа уугаагүй юм уу? Би тэгээд яахав? Уул нь өвчтөнүүдтэйгээ танилцаж баймаар байна.

1-р галзуу: За яахав энэ хооронд миний сая үзэж байгаад орхисон өвчтөнтэй танилцаж бай даа. Чи ер нь лекцээ хир зэрэг уншиж бэлдэж ирсэн хүн бэ дээ? Агуу ихийн дэмийрэл гэж мэдэх үү? Нэг шалгаадхая.

АРИУНАА: Бэлдсэн. (асуугдаж байгаа оюутан шиг номхон шахам зогсоод) Агуу ихийн дэмийрэл гэдэг нь шизофрени өвчин хурцдах үед илэрдэг 1 үндсэн хэлбэр бөгөөд өвчтөн өөрийгөө хэн нэгэн агуу их хүн гэж бүрэн итгэн тэр хүний бүхий л мөн чанар дүрээр амилан авирладаг. Энэ үед өвчтөн өөрийн жинхэнэ БИ-гээсээ бүрэн сална. Энэ хэлбэрийг мөн...

1-р галзуу: За за болно. Сайн байна, овоо уншдаг оюутан байна.

АРИУНАА: Манай аав ээж хоёр хоюулаа эмч л дээ. Дөнгөж өчигдөрхөн над агуу ихийн дэмийрэл бол сэтгэцийн эмгэгийн нилээн түгээмэл хэлбэр гээд жишээ ярьж өгч байсан юм. Лекц бас саяхан орсон.

1-р галзуу: Намайг цай уугаад ирэх хооронд миний өрөөнд байгаа өөрийгөө намайг, өөрөөр хэлбэл Баасан эмч гээд итгэчихсэн нэг өвчтөнийг үзээд сууж бай. Болгоомжтой байгаарай, их хурц үедээ байгаа шүү.

АРИУНАА: Би ганцаараа үзэж болох юм уу?

1-р галзуу: Гэхдээ гайгүй ээ. Арай хүн амьтан цохиж зодоод алчихдаггүй юм. Баасан эмчээ гээд л зөөлхөн үзээд байна шүү. гээд баруун тийш одно.

Ариунаа нилээн балмагдаж  хаалган дээр ирэн эргэлзэж байтал хаалга гэнэт нээгдэн үс нь арзгардуу, томоо гэгч хуучин ойрын харааны шилтэй, хуучин цагаан халаад хайш яйш сугандаа хавчуулж энгэр нь хийссэн өвгөвтөр хүн гарч ирснээ яг нүүр тулсан тул 2уул их цочин уулга алдаж холдоно.

БААСАН: Цусаар тээглэ гэж, бас ямар солиот нь үүд манаад гэтээд байгаа юм бэ

АРИУНАА: Уучлаарай, би таныг цочооё гэж бодоогүй, Та тайвширдаа, за юу.

БААСАН: Үгүй ерөө, Миний тайвширахыг чи мэддэг юм у? Би энэ газрын эзэн нь байна. Тайвширна уу, байна уу миний дур гэж таахалзан цээж түхийхэд

АРИУНАА: Ёстой уучлаарай, гэхдээ л тайвшир. Би тантай танилцах гэсэн юм.

БААСАН: Түй чёрт, бас нэг дурлалын дэмийрэлтэй амьтан уу? Хэ хэ надтай танилцаад байхдаа яахав. (гэхдээ хувцасаа засч бас ч дургүй ч биш бололтой)  За би доктор Баасан байна даа Хэ хэ

АРИУНАА: Намайг Ариунаа гэдэг. Та хэдэн онд төрсөн бэ?

БААСАН: Юу? Чи чинь арай надтай гэрлэх гэж байгаа юм биш биз. Хнн. 1944 он.

АРИУНАА: Сайн байна. Анхн, та хэдэн оноос энэ эмнэлэгт байгаа вэ?

БААСАН: 40 шахам жил болж байна. Чи харин хэдэн настай вэ?

АРИУНАА: Би 20-той, Та энэ хурцын тасагт удаж байна уу?

БААСАН: Сүүлийн 35 жил нь энд байна даа хүүхээ, хүүхээ ч гэж дээ бүсгүй минь. Би ч бас ганц бие болчихоод байгаа эр шүү. (инээмсэглэнгээ) чи тэгээд надтай танилцаж яах гэсэн юм бэ дээ?

АРИУНАА: зүгээр л танилцах гэсэн юм. Таны бие одоо гайгүй юу? Түрүүн их ууртай байсан.

БААСАН: Зүгээр зүгээр, өчигдөр жоохон юм уучихсан чинь шартсан шиг байна. Сая харин 100 татчихаад дотор онгойгоод гарч ирж байна.

АРИУНАА: Таны өвчин тэгээд тийм эрт эхэлсэн юм уу? 40 жилийн өмнөөс гэхээр дөнгөж 20 насандаа?

БААСАН: Юу яриад байгаа юм бэ? Би арай ч архинд донтох өвчтэй болчихоогүй байна. Сүүлийн хэдэн жил л жоохон амсах болсон. Чи ингэхэд юун дэмий юм асуугаад байна? Чи өөрөө юу хийдэг хүүхэд вэ? Хүүхэд гэнэ шүү бүсгүй минь?

АРИУНАА: Би АУИС-н оюутан. Баасан эмч сая таныг үзээд танилцаж бай гэсэн юм.

БААСАН: (огцом маш их уурлаж) Юу? Юу? Хэн гэнээ? Хэн тэгэж байгаан? Би тэгээд хэн болж байна? Би Баасан эмч байна гэж цээжээ дэлдэхэд

АРИУНАА: Би тэрийг чинь сайн ойлгож байна. Та хэдийнээс өөрийгөө Баасан эмч гэж мэдсэн бэ?

БААСАН: Ха ха ха гэснээ гэнэт уурлаж Чи чинь эрүүл юм уу солиотой юм уу?  Би Баасан эмч юм чинь үргэлж л өөрийгөө Баасан эмч гэж мэдэлгүй яахав. (эргэлзснээ) арай ч үгүй юмаа онолын ёсоор бол 5 настайгаасаа л хүн өөрийн Би-г мэдэж эхэлдэг биз дээ. Чи ер нь юу яриад байна?

АРИУНАА:Та анх 5 настайгаасаа өөрийгөө онолын ёсоор Баасан эмч гэж бодож эхэлсэн хэрэг үү. Тэгээд 20 нас хүртлээ дотроо дараад л байсан хэрэг үү?

БААСАН: (учиргүй уурлаж) Солиотой юм уу хаашаа юм, АУИС төгсөж байж эмч болдог биздээ. Чи ер нь яах гэж энд ирсэн амьтан бэ? Эсвэл шинэ өвчтөн юм уу? Эмч чинь хаана байна?

АРИУНАА: Би эмч болох гэж байгаа оюутан байнаа. За та тэгээд 20 нас хүртэл өөрийгөө Баасан эмч гэж хэлэхгүй тэвчээд байсан хэрэг үү? Тэгээд 20 тойдоо энэ бодлоо хэрэгжүүлэв үү? (айсан боловч их зориг тэвчээртэйгээр асууж бичиж тэмдэглэсээр)

БААСАН: уурлан хана шааж, Одоо болноо, эмч чинь хаана байна солиотоо, би эрүүл хүн байна. Баасан эмч байна.

АРИУНАА: Тайвшир, тайвшир. Та эрүүл байлгүй яахав. Би ч бас эрүүл, таны эмийг аваад ирэх үү? Хаана байгаа вэ? (сандран Баасанг тойрон харайж, нурууг нь илж, гарыг нь барих гэж оролдоно)

БААСАН: аргаа барж Төмрөө, Урнаа, Долгоор гэж байдгаараа бахирахад

АРИУНАА: түүнийг барьж авч тайвшруулах гэж оролдох боловч Баасан улам аймшигтай  бахирсаар байна.

БААСАН:  Ямар хараал идсэн өдөр ирэх нь энэ вэ? Хөөе Төмөр энэ солиотыг аваадхаач, Урнаа хаа байна, тариа аваад ир гэж улам чанга орилоход

АРИУНАА: За би одоохон тариа авчраад таньд хийгээдхэе гэж сандарахад

БААСАН: улам уурлан, үсээ зулгаан, шал дэвслэхэд
Төмөр, Долгор, Урнаа, 1-р галзуу нар сандралдан хүрч ирнэ.

АРИУНАА: 1-р галзуу руу харайн очиж, суганд нь шигдэн: Баасан эмчээ уучлаарай, би ерөөсөө уурлуулаагүй, өвчнийг нь сэдрээх юм хийгээгүй, энэ хүний өвчин их хүнд юм шиг байна.

1-р галзуу сандарч : юу, юу, би ерөөсөө тасагтаа очлоо гээд одно.

БААСАН: Энэ шинэ өвчтөнд седуксин 2 гр хийгээд унтуулаадах гэж Төмөр, Урнаа нарт тушаахад Төмөр А-г барьж авч, Урнаа тариа хийхээр завдана

ДОЛГОР: Хүүхдүүд минь наадах чинь эрүүл хүн байх, АУИС-н оюутан гэсэн. Намайг түрүүн явахад бэлэн Сандаг таны өрөөнөөс гарч ирээд уулзаж байсан. Тэр л будлиан хутгачих шиг боллоо гэхэд

АРИУНАА: Тэгээд энэ чинь хэн нь эрүүл, хэн нь солиотой юм бэ? Ямар сонин газар вэ?

БААСАН: Аа тийм үү? Би чамд хэн нь эрүүл, хэн нь солиотой болохыг үзүүлээд өгнөө гайгүй. Гэж уурлан үсрэн ирж аахилснаа: Чи муу дадлагын оюутан байж юу гэж солиороод байгаа юм. Оюутан гэдгээ л хэлэхгүй. Танилцана манилцана гэж байж хамаг юм хөдөлгөж орхилоо..  Арайтээ л унтуулаад хурцын тасгын номхруулдаг өрөөнд оруулчихсангүй. (Төмөр, Урнаа нар инээдээ барьж ядан зогсоно) Алив тэр халаад, оюутны үнэмлэх чинь хаана байна.

АРИУНАА: Энэ байна гэсээр үнэмлэхээ өгч, халатаа өмсөнө.

БААСАН: Ёо, ёо. Алив Урнаа эм аваад ир, хамаг юм хөдөлгөчихлөө.

УРНАА: Ямар юмны эм бэ?

БААСАН: Даралтын, даралтын, өөр ямар юмны эм байдаг юм.

УРНАА: Өөрөө л хамаг юм хөдөлчихлөө гээ биз дээ, Би ямар юм чинь хөдөлчихсөн юм яаж мэддэг юм гээд ширэв татан одоход

АРИУНАА: Баасан эмчээ, уучлаарай, миний буруу. Би л аль нь өвчтөн, аль нь эмчийг ялгахгүй бантан хутгалаа, уучлаарай.

БААСАН: Харваас би л эрүүл эмч байгаа биздээ. За яахав эд нар хаяа ингэж дамшигладаг юм шиг байгаа юм. Та нар юугаа харсан юм, ажилдаа орцгоо

АРИУНАА: Би одоо өвчтөнүүдтэйгээ танилцаж болох уу?

БААСАН: Танилцаад байхдаа яах вэ. Гэж мушийснаа, Нээрэн ч бид энд, манай эмнэлэгт үзнэ гэхгүй танилцана, ярилцана л гэдэг юм. За ийшээ явья, энэ манай хөдөлмөр эмчилгээний өрөө. Хэн байгаагий нь л үзнэ дээ. Сайхан мэдээрэй, жоохон эрүүл юм шиг байна шүү. Өвчтөнүүдээсэээ дор галзуураад байваа.

АРИУНАА: За Баасан эмчээ гэсээр тэд Хөдөлмөр Эмчилгээний Өрөөнд ороход (хөшигний баруун тал нээгдэнэ)
(алсад хана налан завилан сууж гараа өвдөг дээрээ тавьсан хар бөөгийн хувцас мэт салмайсан юм өмссөн 50 орчим насны кататоник, хуучивтар улаан дээл, монгол гуталтай, ширвээ сахалтай, эртний монгол маягийн үстэй баатар эрийн омголон бардам алхаа гишгээтэй 30 орчим насны залуу бодолхийлэн агаарт дээрээс доош юм бичсэнээ байхгүй сэлмээр тасар цавчин хаяж, нум харвах мэт хөдөлгөөн хийж биеийн чилээ гарган байна,   Сумныхаа үзүүрт бичиг уяснаа харван харж бахтай инээнэ,,,  Орны цагаан даавуугаар орхимж хийж өмсөн  Майдар Бурханы зогсолтоор 25 орчим насны залуу бодолхийлэн шүлсээ гоожуулан зогсоно,  Гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй, үс задгай, хөл нүцгэн, цагаан даашинзтай өвдгөө тэврэн бүх биеэрээ ганхан сууж дурлалын тухай дууг (гоолингоог) гиншин дуулна.

БААСАН: Нөгөө бэлэн Сандаг зугтчих шив. За яахав энэ 3-г үзээрэй. Тэр арын кататоник хэрэггүй биз. Сүүлийн 5 жил бараг дуугараагүй юм. Кататоник гэж мэдэх үү?

АРИУНАА: Шизофрени өвчний хамгийн сүүлийн шатанд гадаад орчноос  бүр мөсөн тасарч зөвхөн дотоод ертөнц рүүгээ хандах болсон үе. Эцэст нь бүр тархины ухамсарт бүх сэтгэлгээ унтарч эхэлдэг, өвчиний явц хүндрэх тусам...

БААСАН: Зүйтэй. Зүйтэй. Кататоникт ороод 5 жил болж байна, их хүнд тохиолдол.

АРИУНАА: Над яагаад ч юм бэ кататоникууд гүнзгий бясалгалд орсон йогууд, лам нар, сэтгэгчид шиг санагдаад байдаг юм.

БААСАН: Би чамайг жоохон эрүүл юм шиг байгаарай гэсэн байхаа. Гэхдээ ч би бас залуу даа тэгэж бодож байсан тал бий шүү. Тэгэхэд йогийн гүн бясалгал самадид орсон 1 өвгөн ламыг уулнаас олоод андуураад энд 10 жил хорьчихсон байсан юм. Хэн мэдэх вэ, чөтгөр алгад гэж. За энэ бол Модун шаньюй гэж байгаа. Сайхан тохиолдол байгаа юм. Оюутнууд их шохоорхдог юм. Гэхдээ болгоомжтой байгаарай, уржнан 1 дотор гаралтай оюутан залуу тохуурхаж байгаад эрүүгээ мулт алгадуулчихсан юм шүү. Энэ их яринаа, сайхан ярина. Энэн дээр л чи жаал яриулж бичиж аваад уншвал гайгүй дүн авч магадгүй. Агуу ихийн дэмийрлийн жинхэнэ сонгодог жишээ. За энэ 2 ч гэсэн хамгийн сонгодог хэлбэрийн солиорлууд даа. Тэр залуу бол Майдар Бурхан заларсан нь гэж байгаа. Чи Майдар Бурхан гэж сонссон уу?

АРИУНАА: Сайн цагийн 1000 бурхны 5 дахь буюу ирэх цагийн Будда. Оюун санааны их эрин үеийн Бурхан гэдэг. Бидний мэддэг Будда Сидхартаг 4-дэх Будда нь гэдэг биздээ. Одоо ирж байгаа бумбийн их эрин үед…

Майдар: Харин тиймээ тийм гэм. Би ирчихээд байхад хүмүүс хайгаад л, уриад л зүүн хүрээ тойруулаад л тоос татуулаад , миний муу ногоон морийг зайдан нүцгэн унаад л, хөөгөөд л, ташуурдаад л, туугаад л, ногоон байдаг нь ч юув... гэж үглэнэ.

БААСАН: Овоо л хүүхэд юм, хүүхэд гэнэ шүү (хоолой зассанаа) бүсгүй юм. Сайн судлаарай, Бас л сонин солиорол шүү. Энэ 2 бол агуу ихийн дэмийрлийн жишээ. Харин энэ бүсгүй бол дурлалын бурхан Венера гэж байгаа, дурлалын дэмийрэл. Үнэнч дурлал, үнэнч ч гэж дээ зайлуул азгүй дурлал л гэх юм уу даа. Нөгөө залуу нь өөр хүүхэнтэй болсоноос болоод солиорчихсон гэж байгаа. Ер нь ч угаасаа солиотой байсан юм уу хэн мэдлээ. Бас л залуу бүсгүйчүүдэд элбэг тохиолддог солиорлын хэлбэр.

(энэ үед Урнаа ирж Баасанд эмийг нь уулгана)

УРНАА: Венераг зааж: наадах чинь ёстой гоё гоё ярина даа. Харин чи ярианд нь автчихавдаа хн гээд одно

БААСАН: Энэ манай сувилагч Урнаа, түрүүний залууг номхруулагч Төмөр гэдэг юм, Цэвэрлэгч хөгшнийг Долгор гэдэг юм. Зайлуул хүү нь энд олон жил болоод өөд болсон юм. Тэгэхэд л манайд гуйсаар байгаад цэвэрлэгчээр орсон юм. Уул нь физикийн багш хүн шүү дээ. За ингээд танилцаад байна даа хө. Асуух юм гарвал ахынхаа өрөөгөөр ороод гараарай хө (холбоо дууны аяаар). Мөн хэрэг гарвал Төмөр, Урнааг дуудаарай, би хэлчихье.

АРИУНАА: За (энэ үед тайз хагас эргэж Хөдөлмөр эмчилгээний өрөө бүтэн тайз болно. Баасан зүүн тийш одно)

Солиотууд эмч байхад гайгүй байснаа өөр өөрийн дүрээр галзуурч эхэлнэ. Ариунааг бас шохоорхон оролдох, басамжлан өдөх маягтай.

АРИУНАА: гайхан, хэнээс яаж эхлэхээ мэдэхгүй эргэлзэн, дэвтэр үзэг гаргах үед Модун бардам омголон алхан ирэхэд Ариунаа бага зэрэг айж эргэцэнэ.

МОДУН ШАНЬЮЙ: Айж байна уу? Айлтгүй. Надаас монгол хүн айх ёсгүй, харин хүндэлж шүтэж байх ёстой юм. Харин надаас, Модун шаньюйгаас, монгол хүнээс айсан айдас дэлхий дээр хүний айдасын хамгийн том дурсгал болон үлдсэн юм даа мэдэх үү чи?

АРИУНАА: Мэдэхгүй, юун айдасын дурсгал вэ? Модун гуай.

МОДУН ШАНЬЮЙ: Хүний түүхэн дэх хамгийн том айдасын илэрхийлэл бол 5000 км урт Хятадын цагаан хэрэм юм шүү дээ. Өндөр өндөр уул, эзгүй тал, ээрэм цөлийг дамнуулан тийм аварга том хэрэмийг хятадууд 21-р зууны жуулчдад зориулан 2000 гаран жилийн өмнө барьсан гэж бодож байна уу? ха ха ха Тэр чинь хүчирхэг идэрхэг Хүн Улсыг тогтоож ядсандаа, надаас айсандаа  Хятад үндэстнийг түүхэндээ анх нэгтгэсэн Цин улсын хаан Цин Ши Хуанди бариулсан юм. Хүний түүхэн дэх хүний айдасын аварга том хөшөө.

Ариунаа: Аан цагаан хэрэм үү? Нээрээ тийм үү? Гэж тэмдэглэнгээ асуухад

Модун : Гэхдээ намайг цагаан хэрэм тогтоон барьж байсан удаагүй. Би хүссэн үедээ, хүссэн газраар нь сэт татан, дүүлэн гарч Хятадын шороон түмэн цэргийг атгасан шагай шиг хүрээлэн хашиж хиар цохиж байлаа. Монгол цэргийг тогтоох хэрэм биш харин хятад үндэстнийг л 2000 жил хойд зүг тархаахгүй хаших хашаа болсон юмдаа. Намайг тогтооно гэнэ шүү, ха ха ха
АРИУНАА: Гэхдээ одоо Хятад улс хүчтэй болсоор байна шүүдээ, Харин бид л сул дорой байна.(тэмдэглэл хөтлөнгөө асууна)

МОДУН ШАНЬЮЙ: Цагийн юм цагтаа, хэн ч үргэлж хүчирхэг эсвэл үргэлж сул дорой байдаггүй юм. Гэхдээ бид л өөрсдөө 3 улсад арав хорин хэсэгт хуваагдчихаад, эв нэгдэлгүй, нэгнийгээ гэсэн санаагүй байвал хэн ч биднийг амархан дарлаж, дээрэлхэж болно. Яг л миний үед нэгдсэн Цин улсын эсрэг бүх Хүн улсаа нэгтгэж чадсан шиг нэгдэж чадвал бид хэнээс ч дутахгүй хүчирхэг чадалтай улс байх болно. (гэснээ инээд алдан гэдсээ гарган хүүхэд шиг аашлана, нусаа татна, мориноосоо бууна)

АРИУНАА: Мөнхийн хөрш Хятад улстай эвтэй байвал амар биш үү? Одоо тэмцэлдэж байдаг цаг өнгөрсөн. Хятад улсын дарга манайд ирээд уул усаар холбогдсон ахан дүүс гэсэн шүү дээ.

МОДУН ШАНЬЮЙ: (жинхэнэ хаан хүн мэт аашлан хилэгнэж) Хн, Мөнхийн найрамдал, мөнхийн дайсагнал гэж байдаггүй. Хэзээд муу цаг ирэхэд бэлэн байх ёстой. Бусдын өрөвч сайхан сэтгэлд биш өөрийн эрдэм хүчинд итгэж амьдрах ёстой. Тэгвэл бусад ч чамайг өрөвдөх биш хүндлэх болно.

МАЙДАР БУРХАН: Одоо хүн төрөлхтөн нэгнийгээ хүчээр алж устгаж, дайтаж эзэрхэж, өлсөж ядуурч байдаг эрин дуусч байна. Бид, хүмүүс Агуу Их Хүн болж оюун санаа, сэтгэлээрээ амьдрах их эрин үе айсуй. Оюун санаагаараа амьдрах юм бол энэ дэлхий, орчлон ертөнц хязгааргүй уудам, бид бүхний мөрөөдөл, амьдрал, аз жаргалд хангалттай орон зай  боломж бий. Бид хүн, Агуу их Хүн байж амьтан мэт, шавьж хорхой мэт өчүүхэн авирлахаа зогсоох цаг болж.


МОДУН ШАНЬЮЙ: Хүн тийм болох, оюунаараа амьдрах хаа байсан юм. Тэгэж ярих нь их болсон ч бодот амьдрал дээр өлөн чонын сүрэг(үзэгчид рүү тэр тэр гэж заан), галзуу араатны мөн чанар нь, хүсэл шунал нь хэвээр байгаа тул монгол хүн ч гэсэн тийм араатан , муу санаатан ирэхэд бэлэн байх ёстой. Арай ч тэгэхгүй байлгүй гэж гэнэн итгэж байгаад бусдын боол болсноос бэлэн байж байгаад бут цохиж хонь биш хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Би Хүн улсын 3 талаас өнгөлзөж байсан дайснуудын омгийг нь яаж дарлаа, тэрүүн шиг л. Хүн өөрчлөгдөх болоогүй л байна. Ер өөрчлөгдөө ч үү, үгүй ч үү, өөрчлөгдсөн сайжраа ч уу муужраа ч уу, чи яаж мэдсийм? Гэж давшилна

ВЕНЕРА: Хүмүүс минь агуу их хайр л биднийг аварна. Хүний гол мөн чанар бол хайр. Энэ л биднийг араатанаас, ургамлаас ялгаатай болгодог. Өөр юу ч биш. Агуу их хайр . Хязгааргүй үнэнч, хэзээ ч бөхөшгүй гэрэлт хайр л хүнийг аз жаргалтай болгож чадна. Өөр юу ч биш. Мөнгө, эрх мэдэл, эрдэм боловсрол ч гэсэн хайргүй бол робот хүнийг л бий болгоно. Хүнийг хайрласан алмаз мэт гэгээн гэрэлт хайр л. (хэтэрхий гунигтай дотогшоо шивнэх мэт)

АРИУНАА: Тийм сайхан хайр байдаг гэж үү? Хүн болгонд таардаг гэж үү? Харин ганцаардал, дасал 2 л хүний гол мөн чанар юм биш үү (их л мөрөөдөнгүй, санааширангүй асууна)

ВЕНЕРА: Хүн болгоны амьдралд нь заавал тийм хайр таарна. Заавал учирна. Харин тэр ариун гэгээн хайраа танихгүй аахар шаахар сонирхол, өнөө маргаашийн зугаа цэнгэл, үнэ цэнэгүй өнгө мөнгөөр арилжиж орхидогт л хүний эмгэнэл байгаа юм.

Бэлэн Сандаг: Хайр тэгээд хэдэн төгрөг вэ, бутархай мөнгө үү? Бүхэл мөнгөн зоос уу гэж аялан дуулна. (Ер нь бусдыгаа ярих үед үргэлж догиож эсвэл үгүйсгэж дохиж занган үгийг нь фантомимо болгож байна)

(Урнаа, Долгор нар орж ирнэ, цэвэрлэгээ, эм өгөх гэх мэт ажилтай, эмээ уусныг нь шалгаж амыг нь ангайлгах гэж үйлээ үзнэ. Төмрийг дуудаж шалгана, гижигдэнэ, айлгана, нөгөөдүүл нь өөрийг нь өнгөрөнгүүт нулмиж, нууж, нэгнийхээ аманд хийх гэнэ)

УРНАА: За бас нөгөөдөхөө яриад шинэ хүний толгой эргүүлээд эхэлсэн үү Венера минь, Тэр хайр чинь үлгэр домог, эсвэл америк кинон дээр л байдаг байхдаа. Одоо амьдрал өөр болсон. Нөхөрт гарч гэрийн боол болохоосоо өмнө бүхнийг үзэж, жаргаж зовж амжих хэрэгтэй. Чамайг 30 гарчих л юм бол нөгөө ариун хайр чинь яг хайрлаж харагдаач. Харин тэр хүртэл нь сайн жаргаж, сайн сэгсэрч авахгүй бол болохгүй. Чи ч ямар эрүүл саруул амьдралыг ойлгох биш дээ.

ДОЛГОР: Байг хөөрхийг. Дандаа эх захаа алдсан юм ярьж байдаг юм. Энэ чинь сайн охин байгаа юм зайлуул. Тэр муу залуу нь л чам шиг юм ярьж зовоогоод одоо энд байгаа болохоос биш.

АРИУНАА: Ямар залуу вэ Долгор гуай?

ДОЛГОР: Бас л манай энэ Урнаа шиг цэнгэнэ, зугаална, амжуулна, амьдралаа эхэлж бэлтгэнэ, суух салах гэрээ байгуулж хамтран амьдарна ч гэх шиг эрүүл хүн ойлгохын аргагүй юм ярьсан залуу байдаг юм. Удмаа дагадаг байхаа ер нь. Эцэг эх нь л шүүх цагдаа, түргэн дуудсаар байгаад энэ охиныг энд оруулчихсан юм. Гэхдээ бас жилдээ ганц нэг эргэж ирдэг юмаа хөөрхий.

УРНАА: гиншин дуу аялж найган суух В-н үсээр оролдож өдөн: Ийм сайхан бүсгүй байж, ингэж ч суух гэж дээ, Венера минь. Би чиний төлөө л хэлж байна шүүдээ. Эрчүүд гэдэг чинь том биетэй тэнэгхэн жаалхүү л гэсэн үг. Чам шиг ховор сайхан төрсөн бүсгүй урдуур нь ингээд л 2 алхахад (үзүүлэн) чиний 9 хүслийг биелүүлэхэд бэлэн арчаагүй гөлөг шиг болчихсон дагана шүү дээ. Гээд Майдар Бурханы зүг аальгүйтэн энгэр, хормой бага зэрэг яран модель шиг алхахад

Майдар Бурхан царай огт хувиран сууснаа гэнэт нусаа арчин 1 алгаа Урнаа руу хандуулан огцом түлхэх мэт хөдөлгөөн зайнаас хийхэд 2-3 алхам хол байсан Урнаа зогтуссанаа унах шахан эвгүй амьсгаа авч сандран хэд ханиана.

УРНАА: Ёо, ёо, энэ лав л зүгээргүй байх шүү.  Ёо ёо яг амьсгал зогсоох нь тэнэг чинь. (цээжээ даран амьсгалаа засаж сандрахад нь Ариунаа ирж аргадна) 2 өндөр барилга унадаг 9 сарын 11 ний өглөө бас Хятадад газар хөдлөлт болохын өмнөх өдөр гай түйтгэр, гал усны зовлон болох нь болицгоо гээд цамнаад сүйд болоод байсан.

Майдар Бурхан: Хүн та нарын ухаангүй араатан шуналаас болж эх дэлхий чинь өвчилж шаналан үе үе шилгээх болж. Та нарын хэтэрсэн шунал, хүслийн хар хүч эргээд хүн та нарыг сөнөөх нь байна. Ухаараач хүмүүсээ, цаг болсон,  хүн Хүн болох цаг болсон. (Үзэгчидэд адис тавина, солиотууд гүйлдэн ирж адис авна, зарим нь толгой, бөгсөн дээрээ)

Кататоник: аажим толгой өндийлгөснөө Ариун, ариун, миний ертөнц ариун (шүд зуусан боловч маш тод, магадгүй микрофонтой шивнэнэ) гээд дахин аажим толгой гудайлгахад

АРИУНАА: Пөөх, сая миний нэрийг дуудсан уу? Намайг дуудав уу? (гэж гайхан сандрахад, бусад солиотууд Майдарыг түлхэн орхиж кататоникийн гар дах далны яснаас адис авах гэж оролдоно, нөгөөдөх нь үл тоон ганхаж сууна)

УРНАА: Энэ жил анх л үг хэлэх шив дээ хөөрхий минь

УРНАА: дахин В-н үсээр наадан Намайг даган цэнгэ цэнгэ гэж дуулан   бүжихүй бусад солиотууд бүжиглэж тэднийг хагас тойрч эхэлнэ.


МОДУН ШАНЬЮЙ: гэнэт үсрэн ирж уурлан : Чи энэ ариун охиныг бүү оролд, тонил цаашаа гээд барьж аван чирэх гэж оролдоход

УРНАА: Төмрөө, Төмрөө, аллаа, авраарай гэж орилоход Ариунаа, Долгор нар салгах гэж оролдоно. Төмөр үсрэн орж ирж Модуныг цахилгаан бороохойгоор цохиж унаган номхроох цамц өмсгөнө. Урнаа тариа, тариа гэж гүйн, Долгор, Ариунаа нар ч Баасан эмчээ гэсээр сандран дуудаж хөшиг хаагдана.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2-р үзэгдэл

Айлын гэр. Аав ном уншиж, ээж юм индүүдэж зогсоно. Дүү рок хувцастай баахан цаас дэлгэсэн калькулатор дээр тооцоо бодож сууна. Ариунаа гаднаас орж ирэхэд

Ээж: Өө миний охин ирэв үү, цай уух уу? Танай 10 жилийн ангийн Дөлгөөн сая ирсэн. Дөлгөөн гэхэд Дөлгөөн бас орж ирнэ.

АРИУНАА дүүгийнхээ толгойг илэн тооцоог нь сонирхсоноо аавдаа эрхлэн үнсүүлээд

АРИУНАА: Ааваа өнөөдөр ёстой сонин өдөр байсан. Би 3 өвчтөн, 3 ч гэж дээ хэд ч юм бэ бүү мэд зөндөө өвчтөнтэй болсон. Ёстой жинхэнэ солиотой хүмүүс.

Дүү: Нээрээ юу? Аймаар байна уу? Би очиж үзэх юмсан. Яг кинон дээрх шиг мангар галзуу амьтад байна уу?

АРИУНАА: Харин тийм, 1 нь Модун шаньюй, 1 нь Майдар Бурхан, 1 нь дурлалын солиоролтой Венера гээд л бодчих. 1 үлдсэн нь кататоник, аймаар. Энэ жил анх удаа өнөөдөр л үг дуугарсан гэсэн. Гэхдээ харин миний нэрийг дуудах шиг болсон. Аягүй сонин. Яг л намайг дуудах шиг болсон. Ариунаа, Ариунаа гээд л.

Дүү: Модун шаньюй, Майдар Бурхан, Венера гэнээ, ха ха, Ёстой солиотой ертөнц байна даа тэр чинь. Ямар гоё вэ. Тэгээд юу ярьж байна?

Ээж: Намайг оюутан байхад 1 Сталин, 1 Энштейн байж билээ. Сталин нь энгэртээ гараа хийчихээд л тамхи татах гэж байгаад эмч нарт загнуулна. Энштэйн нь түмэн томьёо бичсэн баахан ноорог цаасаа уншуулж ойлгуулах гээд л ядчихдагсан.

Аав: Миний охин өвчтөнүүдээ тэгж галзуу гэж бодож, дуудаж болохгүй шүү. Эмчийн ёсонд хориотой. Адилхан л өвдөж зовсон хүний үр. Өвчин өвчин дотроос сэтгэцийн өвчин л хамгийн хэцүү нь байдаг юм. Харахад сайхан эрүүл саруул биетэй хүмүүс тийм болчихсон байхаар нэг л авцалдаж өгөхгүй их хэцүү байдаг юм.

АРИУНАА: Харин тийм, тэр дурлалын солиоролтой охин ямар үзэсгэлэнтэй гээч. Энэ жилийн Монголын мисс дэргэд нь чавганц л гэсэн үг. Гэхдээ нэг л тийм аймаар гүнзгий гунигтай. Ядаж байхад дандаа Гоолингоо аялаад суучих юм.

Дөлгөөн: Чиний хичээлүүд дандаа аймаар байх юмаа. Анх Анагаахад орсон жилээ орныхоо хажууд хүний гавлын яс тавьчихаад латин, грекээр дүнгэнэтэл уншаад цээжлээд л намаржингаа суухаар чинь манай ангийнхан чамайг ер нь солиорчихлоо л гэж бодсон шүү.

Ээж: Дөлгөөн минь хэлээд яахав. Анагаахын сургалт хэцүү шүү дээ. Маш их хөдөлмөрлөж байж л хүний амь нас бүр сэтгэл зүрхийг ч эмчлэх эрхтэй болно. 10 жил сурна гээч. Би уул нь наадхыг чинь заавал эмч болох хэрэг байна уу, хуульч юм уу эдийн засагч бол гэж ятгаад ядчихсан юмаа. Энэ хөгшин л уруу татсаар байгаад энэ.

АаВ: Эмч болно гэдэг чинь уруу татагдаж байна гэсэн үг үү? Чи бид 2 насаараа л эмч хийлээ. Түмэн амьтанд буян болоод, буцаад хүндлэгдээд л. Энэ чинь гайхамшигтай мэргэжил шүү, мэргэжил ч гэж амьдрал шүү. Одоо л харин жоохон цаг хэцүү болж.

Ээж: Урьд ч тийм л байсан байх. Одоо чи бид 2-ын tsalingiin xeden төгрөгөөр амьдарахад амаргүй байх болж. Ажил дээрээ очиж цагаан халат өмсдөг тулдаа л амьтны өмнө сэхээтэн шиг харагдах гэж ядах юм. Тэгдэггүй бол ч нэг гуйлгачин шиг л юм явах байхдаа. Бид ч яах вэ ингэж яваад дуусах байх. Энэ Ариунаа та нар залуу хүмүүс байна яаж амьдарна даа. (байн байн санаа алдан санаашрангуй ярьна)

Дөлгөөн: Би энэ хавар сургуулиа төгсчихсөн, одоо өмгөөлөгч хийж байгаа. Сайн ажиллаж чадвал  орлого уул нь гайгүй юм. Ариунаа өөрөө л хар багын эмч болно гэж ярьдаг байсан шүү дээ.

АРИУНАА монолог: Зүгээрээ, би сонголтондоо хэзээ ч харамсахгүйгээр амьдрах болно. Хүнд эрүүл мэнд, амьдрал бэлэглэхээс өөр ямар гайхамшиг байх вэ? Чи төсөөлөл дөө. Та одоо эрүүл боллоо, аз жаргалтай сайхан амьдраарай гээд л. Би яг Гипократ, Авиценна, Ичинхорлоо багш, Бундан эмч шиг мянга мянган хүнд амьдрал бэлэглэсэн тийм эмч болно.
Чи бодолдоо, үхэх цаг ирээд бүх амьдралаа эргээд бодоход залуу халуун насаа, эрч хүч, эрдэм мэдлэгээ, бүх амьдралаа ямар нэг дэмий балай зугаа цэнгэл, өнөө маргаашийн аахар шаахар зүйлс, хэн нэгэн Цэцгээгээс гоё харагдах, Нараагаас сайхан нөхөртэй болох, Чимгээгээс илүү баян болох гэж, хэдэн төгрөг олох гэж бүр зарим хүнд муу юм хийхэд зориулсан байвал яах вэ? Би тэгвэл лав үхэж чадахгүй байхаа. Хайран залуу нас, бүх амьдрал минь гэж бодохоос тарчилж ёстой л амьдын тамд унана биз.
Гэтэл харин миний амьдрал бэлэглэсэн мянга мянган хүн дахин амилсан мод мэт урган дэлгэрч, өөр өөрийн амьдралаар амьдарч, цаашид улам олон амьдрал болон салаалан тэлж байгааг харах юм бол тэр л миний амьдралын, хүн болсны утга учир болно. Энэ бие, эрдэм боловсрол олгосон эх орондоо ч аав ээждээ ч өрөө төлөх нь тэр гэж боддог шүү.

Дөлгөөн: Ариунаа минь, Ариунаа минь чи хэзээ ч өөрчлөгдөхгүй байхаа. Нөгөө л ариун гэгээн идеалист хэвээрээ. Одоо 20 гарчихлаа. Би чамайг жоохон ч гэсэн бодот амьдралыг ойлгоосой гэж хүсэх юм.

Ээж: Харин тиймээ, Нэг л их романтик мөрөөдөл. Тэгээд зожиг ч юм уу хайшаа юм. Өдий олон жил Хулан та 2-с өөр хүүхэдтэй үерхэхгүй юм. Хэрэгтэй хэрэггүй ном шагайгаад л. Хэзээ охин хүүхэд тэгж нэг их ном эрдмээр гийгүүлж байлаа. Найз залуу ч байхгүй. Чи минь л наадхаа жоохон авч гарч үз. Одоо ч амьдрал амаргүй байна шүү. Аав ээжийн гэрээс гарахаараа яах амьтан юм болдоо чааваас.

Дөлгөөн: Тэнгэр үүнд минь таарах сайн хань заяагаасай билээ дээ.

АаВ: За за юун хань мань. Хаа байсан юм. Сургуулиа төгсөнө, дахиад 3-4 жил мэргэжил эзэмшинэ гээд эмч болтол өчнөөн зай байна. Тэгж байгаад болно биз.

Дүү: Мони, Мони, Зоос, Зоос гэж аялангаа Тийм бас нэг асуудал байнаа. Наад мангар чинь ойлгохгүй ээ. Би ч харин компьютер тоглоомын лангуу ажиллуулаад бараг л гэрээ тэжээчих гээд байгаа шүү. Эр Хүн гэж.

АаВ: За за тэгээд яагаа ч үгүй байж том том юм яриад байгаарай. Эрдэм сурч л байвал цаг нь болохоор хэрэг болно. Үргэлж л ийм хэцүү шилжилт, хямралд байв гэж. Монгол хүний заяа байна даа. Амьдрал зөв гольдролдоо орох цаг удахгүй, ердөө л 5-6 жил гэхэд хүний эрдмийг үнэлдэг болно. Харж байгаарай, тун удахгүй.

Дөлгөөн: Хуульчид ч гайгүй амьдарч эхлэх гээд л байна шүү. Манай ангийн эдийн засаг, санхүүгээр сайн сурсан зарим хүүхдүүд том банкуудад 500-600$ -н цалинтай ажиллаж эхлээд байгаа.

Ээж: Харин тиймээ, эдийн засаг санхүүд л ордог байсан юм.Одоо ч 10 жил зүтгээд сая л нэг юм шинэ эмчийн цалин 240,000 болох шив  дээ. Тэгээд буцаад сургалтын өрөө төлнө гээд яагаа ч үгүй байж бөөн өр төлбөртэй л амьдралтай залгах нь шиг байна даа наадах муу охин чинь.

АаВ: Тэгээд л мөнгө төгрөг яриад эхэлдэг юм. Өвчтөнүүдээ сайн үзэж амжив уу?

АРИУНАА: инээж, :Зөндөө хөгтэй. Эхлээд ч намайг бараг тарьж унтуулаад, номхруулдаг цамц өмсүүлж Шар Хаданд хэвтүүлэх дөхсөн шүү.

Ээж: Юу гэнээ, яадаг билээ. Миний муу охиныг, яаж байгаа нь тэр вэ?

Дүү: Чи ч ер нь бага зэрэг юмтай нь юмтай шүү, ном ном ном гээд л.

АРИУНАА: Би Баасан эмчийг солиотой өвчтөн гэж андуураад үзэх гэж оролдоод арай л цус харвуулчихаагүй. (инээж сахилгагүйтсэнээ) Тэр чинь өөрөө ёстой хачин төрхтэй, дээр нь бас бага зэрэг халамцуу байсан юм чинь. Яг л нөгөө галзуугийн эмнэлгийн онигоонд гардаг шиг юм болсон.

АаВ: Зайлуул олон жил тэнд ажиллаад бүр мөлчихсөн амьтан байгаа юм. Уул нь их чадалтай, ухаантай сайн эмч. Чи сайн хүндэлж байгаарай. Аль 80-д оны эхэнд л нээлт шахам юм хийж байгаад нилээн шүүмжлүүлж хавчигдаж явсан юм. Юу билээ дээ байз. Хуучин монгол эмнэлгийн зүрхний 8 өвчин буюу зүрхний хий, зүрхний будунгуйрах гэдэг чинь европ эмнэлгийнхээр бол сэтгэцийн өвчин гэж байгаад ламын эмнэлгийг шинжлэх ухаанаар зөвтгөх гэж оролдсон хэрэгт орж бараг л суух шахаж байсан хүн дээ хөөрхий. 1-2 жил суусан ч билүү нөгөө айхтар эмч нарын хэргээр далимдуулаад.

Дүү: нээрээ л жоохон юмтай баагийнуудыг зүрхний хийтэй гээд байдаг биздээ.


АриунАА: дөрвөн үндэс зүдши дээрхи зүрхний өвчнүүд чинь нээрээ манай сэтгэцийн эмгэгүүд шиг л тодорхойлолттой байдаг шүү дээ. Харин эмчилгээ нь яадаг билээ байз. Сонин юмаа. Би ер нь дахиж монгол эмнэлгийн номоо сөхөж, харьцуулах юм байна шүү.

Дөлгөөн: Галзуунууд нь аймаар байна уу?

АРИУНАА: Модунг дуурайн харандаагаар хиймэл сахал хийн урууландаа хавчуулаад, хий цавчин түрэмгий алхан Цагаан хэрэм бол монгол хүнээс айсан хятадуудын айдасын дурсгал. Хүний айдасын агуу их дурсгал, айтугай, бишэртүгэй гээд инээснээ Майдар Бурханыг дуурайн Дөлгөөнд ойртон Урнааг түлхсэн йогийн хөдөлгөөнийг хийхэд

Дөлгөөн бага зэрэг сэжиглэн Энэ нь яаж байгаа юм? Гэхэд

АРИУНАА: Тэр Майдар Бурхан сувилагчийг 2-3 м зайнаас ингээд түлхсэн. Тэр хүүхний амьсгал арай л зогсчихоогүй шүү. Ёстой аймаар. Тэгснээ: Хүмүүсээ та нар араатан төрхөө гээж Агуу Их Хүн болох эрин ирж байна. Ухаарагтун гээд л гэж инээн дүрсэлнэ.

Дүү: Наана чинь ер нь инээдтэй эсвэл солиотой  юм юу байгаа юм бэ? Үнэн л юм ярьж байхад.

АРИУНАА: Чи өөрөө тэр орчинд нь ороод үзсэн бол ёстой солиотой гэж ойлгох байсан.

Дүү: Тэгээд Шар хаданд хэлэхээр солиотой болдог өөр газар хэлэхээр эрүүл болдог үг, санаа гэж байдаг хэрэг үү? Таны нөгөө юмны учир, үгний чандыг таних гэж онгирдог чинь яалаа.

АРИУНАА: (гэнэт эргэлзэн бага зэрэг бодолхийлснээ) Гэхдээ тэд чинь солиотой гээд тэнд өчнөөн жил болж байгаа юм чинь, онош монош нь бүүр батлагдчихсан.

Дүү: 90 оноос өмнө Оросод улстөрийн өөрөөр сэтгэгчидээ бас л солиотой гээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорьдог байсан юм гэнэ лээ. 6-р палат ч гэж нэрлэдэг байсан гэлүү. Одоо бид амьдралын тухай бидэнд таалагдахгүй өөр үзэл бодолтой хүмүүсээ тэгдэг ч болчихсон юм билүү хэн мэдлээ.

Дөлгөөн: Юу гэждээ бид чинь эрүүл саруул хүмүүс, амьдралын тухай эрүүл бодолтой хүмүүс биздээ. Засаг төр ч одоо ардчилсан болсон., ямар коммунист төр биш.

Дүү: Коммунист, ардчилсан, диктатурт, феодалынх нь ер нь ямар хамаа байсан юм. Хүний түүхэнд солиотой юмнууд ямар ч цаг үед хамаагүй төрийн эрх авчихаад, заримдаа бүр Гитлер шиг ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарчихаад харин ч нэг солиорч өгч байсан жишээ олон бий байх шүү. Нерон, Калигула, Догшин Иван, Сталин, Мао Це дун, Гитлер, нөгөө хүний мах иддэг хэн ч билээ. Харин суутнууд нь өлсөж зовж явсан юм бишүү. Хэн нь эрүүл, хэн нь солиотойг тэнгэр л мэддэг байхдаа. Одоо ч гэсэн хүн ер нь өөрчлөгдөж шальсан юм байгаа юмуу? Манайд л лав нэг их дээрдээгүй байхаа даа зайлуул.

Ээж: Уухай, чи тэгээд төр засгаа  солиотой гэх гээ юу? Багахан шиг задраарай. Овоо ухаантай юм шиг байсан яалаа энэ чинь. Юу юу гэнэ вэ? Бага шиг задраарай шиг зүгээр.

Дүү хип хоп үглээгээр: Би биш тэд л өөрсдөө сонгууль болохоор нэгнийгээ солиотой, өвчтэй, албан ёсны мангуу, алуурчин дээрэмчин, луйварчин гээд л гарцаагүй баримт нотолгоотой нь сонин, телевизээр өдөржин шөнөжин бидэнд баталдаг биздээ. Энэ жил хөдөлмөрийн баатар, дараа жил нь зууны шилдэг луйварчин, эсвэл фашист шизо гэж байснаа үхэхээр нь гарамгай эх оронч гээд л. Харин ч танай эмнэлгийн хэлээр эрх мэдлийн дэмийрэл, солиорол болчихсон хүмүүс олон байх шүү. Сонгогдож дарга болж татвар, төсвийн мөнгөнөөс хулгай хийхгүй л бол өөр юу ч хийж чадахгүй, тэгсэн хэрнээ нээх их баян амьтад. Энэ чинь тэгээд эрүүл сэтгэлгээ юм уу?

АаВ: За за чи эхлээд 10 жилээ төгсөөд, ажил амьдралтай болчих. Тэгээд бусдыг шүүж бай. өөрөө юу ч биш байж их их юм яриад л. Тэгж байж Шар Хаданд оччихсон явж байв даа.

Дүү хип хопоор: Арай ч тэр 70 он чинь биш байхаа. ИЗН-н С.Оюун хүртэл манай улстөрийг эрүүл саруул сэтгэлгээтэй хүн тэсэхийн аргагүй орчин гэж хэлээ биздээ. Манай ангийн банди нарын бараг 90% нь улстөрч, ерөнхий сайд, спикер, гаалийн дарга, ерөнхийлөгч болно гэж ярьдаг болоод байгаа. Их доошоо орлоо гэхэд хуульч, эдийн засагч гэж байгаа.  Нөгөө инженер, эмч, багш чинь харин байхгүй шүү дээ. Нэг ч хүүхэд тэгж ярихгүй. Ярихаас айдаг ч байх. Эмч болноо гээд ярьвал харин ч нэг ёо ёотойгоороо дуудуулж онигоо болно шүү.

АаВ: Одоо болноо. Чи ерөөсөө явж гэрийн даалгавраа хий. Компьютер тоглосоор байгаад чи ч гэсэн ер нь жоохон ёо ёотой болсон байна. Хэдүүлээ хоолоо идье. Гал тогоо оръё. Хөгшөөн хоол бэлэн үү? Гэсээр бүгд хөдөлнө.    ХӨШИГ ХААНА.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3-р үзэгдэл

Шар Хадны Хөдөлмөр эмчилгээний өрөө
Кататоник, Модун, Майдар, Венера, Ариунаа, Долгор, Урнаа, Төмөр нар байна. Beнера Гоолингоог аялан ганхан сууна. (маш гоё дуулна гэхдээ л нэг гүний гүндээ гуниг зовлонтой аялана)

Долгор: охин минь наад дуу чинь нэг их сайхан дуу ч биш дээ. 30-аад оны үед энэ Шар Хаданд олон мянган лам ноёд, сэхээтнүүдийг цаазлах үед сүйт хүүхэн нь зохиосон юм гэдэг. Үнэхээр л сэтгэлтэй хос байсан  юм шиг байгаа юм хөөөрхий.
Сонсохоор л зүрх шархираад байдаг юм.

Баасан эмч 1 залуу дагуулан орж ирнэ.

Баасан: За Венера минь хайртай залуу чинь эргэхээр ирлээ гэхэд

ВенерА: Гоолингоог аялсан чигээрээ зөөлөн зөөлөн алхлан ойртож:

Ганбаа чи минь намайгаа авахаар, бүр авахаар ирэв үү?

Ганбаа: хулмалзан Чиний бие сайн уу? Би чамайг эргэхээр ирлээ.

ВенерА: Миний бие үргэлж эрүүл саруул байсан. Сэтгэл минь ч гэсэн бүр эрүүл чанга байсан. Одоо бүр ч эрүүл. Хүнийг үнэнчээр хайрлана гэдэг чинь өвчин юм гэж үү? Эсвэл гэмт хэрэг юм гэж үү? Намайг шүүхийн тогтоолоор л өвчтэй гэж энд авчирсан болохоос би чинь эрүүл хүн шүү дээ.

Ганбаа: Чи минь бүтэн 2 жил эмчилгээ хийлгэлээ. Одоо жоохон дээрдээ байлгүй дээ. Тайван байх хэрэгтэй. Манай ангийнхан чамд мэнд дамжуулсан шүү.

Венера: Тиймээ намайг энд 2 жил унтууллаа. Оюун ухааныг минь, зүрх сэтгэлийг минь, залуу халуун насыг минь, амьдралыг минь хөргөж, хөлдөөж ичээнд нь унтууллаа. Гэхдээ миний ухаан бодол, зүрх сэтгэл ямар ч эмнээс хүчтэй. Хайр минь бол бүр хэзээ ч эмчилэшгүй, унтарашгүй.


Ганбаа: Би удахгүй Америкад 4 жилээр мастерийн сургалтанд явах болсон. Тэгээд салах ёс хийх гэж ирсэн юм. 4 жил гэдэг урт хугацаа шүү дээ. Чи эдгэрчихсэн, магадгүй бүр намайг мартчихсан, өөр сайхан залуутай ч болоод байх юм билүү.

Венера: Намайг зөвхөн чиний хайр, ухаарал л эмчилж чадах бизээ. Чи бид чинь 1-р ангид хамт 1 ширээнд сууснаас хойш бүтэн 17 жил өнгөрлөө шүү дээ. Би чамайг эхлээд нялхын шохоорхолоор, дараа нь охин цагийн дурлалаар, сүүлд нь бүсгүй хүнд заяаж болох тэр л ариун гэгээн цаглашгүй хайраар хайрласан. Чиний алдаа оноо, тэнэглэл, заримдаа бүр доромжлолд чинь ч гэсэн ээнэгшин дасаж, энэ маань ухаан орно доо орно, дахин намайг хайрлаж над буцаж ирнэ гэж итгэн хайрласан. Одоо чи тэгвэл хүсээд байдаг эрх чөлөөтэй Америк руугаа явах нь дээ.

Ганбаа: Яг явах болсон чинь бас хоргодоод л байх юмаа. Нээрээ чинийх шиг хайр, намайг ингэж хайрлах хайр дахин тохиохгүй бол яана. Зөндөө л бүсгүйчүүдтэй найзаллаа. Эцэст нь улам л сэтгэл хоосорч, ганцаардаж үлдээд байх шиг.

Венера: Одоо л чи минь ухаан суухна уу даа. Зугаа цэнгэл, ашиг сонирхол, ажил төрөлөөс гадна чухам л бурхны хайр гэмээр гүн гүнзгий утга, мөн чанартай хайр байдаг юм. Тэр чинь ариун гэгээн хайр шүү дээ. Агуу их хайрыг мэдэрч, хайрлаж чадахгүй бол хүн болсны хэрэг юу билээ? Роботоос  ялгаа нь юу билээ? Ганбаа минь.

Ганбаа: Гэхдээ би чинь эр хүн. хүрэх гэж зорьсон ажил, амьдралын оргил сүндэрлэн байхад би наана нь юу юугүй нөхөр, аав болоод л нэг их хуучны гэр бүлсэг амьтан болчихмооргүй байна. Ядаж би ажил, гэр, машины 3 түлхүүрээ атгачихая. Амьдралаа баталгаатай болгочихоё. Эцсийн эцэст хүн мөнгөгүй бол яаж амьдрах билээ? Ямар траншейнд жаргаад суултай биш. Тийм биз дээ.

Венера: Тэр бүх мөрөөдлөө биелүүлэхэд чинь би саад болоод байна гэж үү? Харин ч би чамд халих жигүүр чинь болж хамт нисье л дээ. Би чиний төлөө амьдарч чадна.

Ганбаа: Би чиний төлөө үхэж чадна байх. Гэвч би чиний төлөө амьдарч чадахгүй. Үүнийг ойлгооч.

Венера: Үхэж чадаад амьдарч чадахгүй бол ямар амьдрал байдаг юм бэ? Үхсэн амьдрал уу? амьгүй амьдрал уу? Би чиний төлөө үхлийг ч сөрөн амьдарч чадна Ганбаа.

Урнаа: Хөөе, хөөе та 2 ямар муу ёрын юм ярьдаг амьтад вэ. Үхэл мүхэл ч гэх шиг. Ийм сайхан залуус байж өөр ярьчих юм алга уу? Чи ер нь өвчтөнийг жоохон тайван байлгана шүү. Явах мөрөөрөө явахгүй яах нь вэ энэ чинь. Чи ер нь эцэг эхдээ хэлж энэ хүүхнийг эндээс гаргуулахаар дахин магадлагаа хийлгэсэн нь дээр байх шүү. Тэр гомдол момдолоо шүүхээс татаж ав гээрэй тэдэндээ.

Венера: Үгүй, үгүй хэрвээ Ганбаа байхгүй бол над тэр гаднах ертөнц ерөөсөө хэрэггүй. Харин ч 4 жил эндээ хүлээсэн нь дээр. Одоо над өөр хүмүүс, өөр ертөнц аймшигтай санагдах болсон. Дахиад л цагдаа, шүүх, орилоон хашгираан, загнаан, дарамт, тулгалт. Үгүй эндээ л хүлээе.

Ариунаа: Би уул нь чиний биеийн байдлыг Баасан эмчид дахин танилцуулж гаргаж болохгүй юм уу гэж ярих гэж байсан юм. Хэрэггүй гэж үү?

Венера: Үгүй, хэрэггүй. Би айж байна. Би гарахаас айж байна. Бузар бусармагаас нь айж байна. Би тэгж сохор дүлий хүн шиг амьдарч чадахгүй. Харин ч сохрын газар нүдтэй, доголонгийн газар хөлтэй амьдармаар байна.

Ариунаа: Баасан эмч даанч ойрд завгүй байгаа юм. Нөгөө хайртай бүсгүйгээ, эцэг эх, нохойтой нь алчихсан залууг эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоох гээд дандаа ярилцлага, тест, үзлэг хийгээд юм уншаад байгаа. Нөгөө Сүхээ гэдэг залууг.

Урнаа: Ааа нөгөө 3 хүн, 1 нохой сүхдээд алчихдаг залуу юу? Тэр ч ёстой аймшигтай солиотой амьтан байна лээ. Зурагтаар гаргаж байсан.

Ариунаа: Тиймээ, тэр залуу. Харахад жирийн л байдаг л 1 залуу шиг харагдаж байсан. Аймаар юмаа.

Баасан эмч: Сүхээг дагуулан орж ирнэ.(Хүчирхэг том сайхан залуу) 1 цагдаа, офицертэй хамт. Ганбааг гар гэж дохин явуулна.

Баасан: за энэ шинэ хүн, Сүхээ, Гэхдээ энд түр л байх юм. Өнөөдөр магадлагаа, дүгнэлтийг нь гаргаж өг гэсэн тул удахгүй байх. Төмөр чи нүд салгахгүй харж байна шүү. Сүхээ чи хүн шиг байна шүү

Сүхээ: хөлдөө дөнгө, гартаа гав, нүүрэндээ багтай, цагдаа урт гинжний үзүүрээс барьжээ. Анх томоотой ноомой ч юм шиг нусаа татан, хамраа арчиж зогссоноо
Баасан эмчийн хойноос: Эрүүл гэж дүгнэлт гаргавал амьдаар чинь өвчинө шүү лалараа гэж бүх хүмүүс цочим аймшигтайгаар хашгирна. Тэгснээ гэнэт томоотой ноомой дүртэй болж Модун-д ойртон нусаа татаж : Тамхи байна уу? хамаа гэхэд цагдаа багнаас уяатай гинжнээс татаж : аятайхан байна шүү гэж зандарна.

Модун Шаньюй: Чи ямар аймшиггүй задарсан боол вэ? Би чиний хам биш. Би чиний элэнц эцэг, эзэн хаан чинь байна

Сүхээ: өө хуцдаг хулгайч вэ гэхэд цагдаа дахин гинжнээс угзарна.

Модун Шаньюй: Юу гэнээ чи. Миний үед бол чамайг эрүүл өвчтэй ялгаагүй шууд цаазлах байсан юм. Бузар амьтанд хүрэх хүн олдохгүй бүр нохойд хаяж өгөх байсан юм. Даанч энэ хачин цаг үед хачин хууль гарч. Чи бол хүн биш нэг муу чөтгөр, адгуус байна. Тонил цаашаа.

Сүхээ Арррр хэмээн архиран босч ирсэнээ гинжиндээ татагдан гиншин гаслан унаж дахин ноомой төрхтэй болж босон алхана. Венерагийн хажуугаар хяламхийн өнгөрч Майдар Бурхан руу ойртон: хамаа тамхи байна уу? гэж асуухад Майдар Бурхан огт үл анзааран бясалган зогсоно.

Сүхээ: Өө галзуу лам уу? Лам нар орчин үед тамхи байтугайг хэрэглэдэг биздээ. Хөөе хамаа. Гэснээ эргэн Венерагийн хажуугаар дахин сониучархан хяламхийн өнгөрнө. Ариунаагийн зүг ойртож : Чи бас эмч үү? Тамхи байна уу? гэж нусаа татсанаа.: намайг эрүүл гэж гаргавалдаа та нарыг, арьсыг чинь амьдаар чинь өвчинө шүү гэж шивнэн занаад ойртон тулж зогсоход

Ариунаа: айсан ч юм шиг гайхсан юм шиг дуугүй зогсоно

Урнаа: Хэрэг хийж чадсан юм одоо шийтгэлээ хүлээж чадах хэрэгтэй дээ. Залуу минь Энэ ч аягүй бол өөрийнх нь амийг тэмтрэхээр өмдөндөө шээх амьтан байхдаа.

Сүхээ: өө тийм үү? Хэд хоног ч амьд явах юм билээ. Миний сүүлчийн хүслийг хангачих юм биш үү? Сайхан бүсгүй минь гэж Урнаад ойртоход

Урнаа: Төмөрийн гараас бороохой шүүрэн авч: Чам шиг чөтгөрийн хүслийг яаж хангахыг үзмээр байна уу. Чам байтугай эрчүүдийг нь номхруулаад ирсэн юм. гэх зуур Төмөр бороохойгоо буцаан авна.

Ариунаа: За бүгдээрээ тайвширцгаа гэхэд

Сүхээ: Чи мэддэг юмуу? Бид чинь хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа шүү. Байгуулаад л байж гэнэ, байгуулаад л байж гэнэ ха ха ха Хүнлэг байна  шүү.

Урнаа: Чи наад үгнийхээ утгыг ч мэдэхгүй байж бүү хэрэглэ. Наад үг чинь хүнд л хамаатай болохоос адгуус чөтгөрт хамаагүй.

Сүхээ: Энэ үед Венерагийн өмнүүр дахин өнгөрч байснаа гэнэт өмнө нь сөхрөн унаж : Яг л чам шиг байж билээ. Яг л чам шиг. Юунд та нар намайг үл тоосон юм бэ? Яг л адилхан залуу шүү дээ би. Гэж гиншихэд

Венера: Та надаас холдооч. Ямар хүйтэн юм бэ. Гэж дагжиж чичрэн биеээ хураана.

Сүхээ: Би ч гэсэн өнгөтэй бол өнгөтэй, мөнгөтэй бол мөнгөтэй залуу шүү дээ. Юунд намайг үл тооно вэ? Би жаргуулах л байсан шүү дээ. Тэр муу банхар хүртэл (архиран босч ирсэнээ) тэр муу банхар хүртэл ганцхан намайг л харахаараа улангасна гээч. Муу банхар хүртэл. Би хиам, мах, өөх өгч үзлээ. Зөвхөн миний гараас л идэхгүй. Намайг л идчих гээд байдаг байсан. Алнаа гайгүй ална гэж шивнэх гинших холин ярьна.

Ариунаа: Та наад хүнээ зүгээр орхи. Баасан эмч ирж байна гэхэд

Сүхээ: за эмчээ, тамхи байна уу гэж дорой дуугаран сөхрөнө.

Баасан эмч цагдаагийн офицерийн хамт орж ирсэнээ цагдаа нарт хандан : Бид гурван өдөр бүх л үзлэг, тест, ярилцлага, ген, гормоны судалгаа хүртэл хийлээ. Энэ хүн хийсэн хэргээ хариуцах бүрэн чадвартай, оюун ухаан, сэтгэц эрүүл хүн юм байна. Аваад явдаа гээд хуудас цаас өгөхөд

Сүхээ: Би хүнээс юугаараа дутуу юм бэ. Тэр муу банхарыг ч гэсэн жаргуулах л байсан шүү дээ.  гэж гиншсээр 2 цагдаад туугдан одно.

Ариунаа: Баасан эмчээ, энэ аймшигтай хүн тэгээд эрүүл гэж үү?

Баасан: Тийм ээ, сэтгэл санаа нь эрүүл

Ариунаа: Эрүүл гэдэг чинь над шиг л, тань шиг л эрүүл гэж үү?

Баасан: Тиймээ. Цоо эрүүл юм. Муу санаа, зэрлэг авир, багынх нь хүнд амьдрал, хүүхдүүдээс сайн муу хамаагүй бүхнээрээ илүү гарч түүнээ хүчээр ч хамаагүй хүлээн зөвшөөрүүлэх гэж оролддог байснаас нь болсон болов уу. Гэхдээ дотоод сэтгэлийн болон гадаад маш олон нөхцөл байдал нөлөөлсөн л дөө: гэр бүлийн орчин, хүмүүжил, нийгмийн амьдралын цочмог өөрчлөлт гээд юм юм нэмэгдсээр ийм  юм болж дээ.

Ариунаа: Эрүүл гэнээ, эрүүл, эрүүл гэж үглэн биеээ хураан дагжин чичрэх шахам шивнэн холдоно.

Кататоник: Ариун, Ариун, миний ертөнц ариун гэж дуу алдах сонсогдоно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ариунаагийн гэр

Ариунаа шалан дээр сунан хажуулдаж хэвтэнэ.  Аав нь сонин уншиж, ээж нь суваг суваг солин зурагт үзнэ. ТВ-р дотоод мэдээний товч агуулга танилцуулна.  (Болвол тэр өдрийнх нь ӨС, Хувийн мөрдөгч зэргээс мэдээ авах, Ж: ломбард дээрэмдсэн, нярай хүүхэд хогон дотроос олдсон, улстөрчийг хоршооны мөнгө луйвардсан гэж сэжиглэж байгаа, адуу буудаж хулгайлж байгаа, гэх мэт)



АаВ: гэнэт сонингоо чулуудаж сонин ч тэр, зурагт ч тэр дандаа л аллага хядлага, луйвар, хулгай гэнэ ямар балиар юм бэ. Наад зурагтаа ч унтраа яршиг. Энэ чинь одоо ямар цаг үе ирчихээ вэ? Олон улсын мэдээ ч адил газар хөдлөл, хар шуурга, бөмбөг дэлбэлсэн, хүн барьцаалсан нь л гэх юм. Ганц ч олигтой юм алга. Энэ хорвоо дэлхий чинь, Монгол улс чинь юу болчихоо вэ? Гэж үглэхэд

Ээж: өөр тэгээд үзчихмээр суваг алга шүү дээ хөгшөөн. Тайвшир. Тэгээд ч 2-3 аллага бичээгүй сонины дугаар гүйдэггүй юм гээ биздээ.

Ариунаа: Ааваа...ааваа эрүүл гэж юуг хэлэх вэ? Эрүүл хүн, эрүүл амьдрал, эрүүл ертөнц гэж юуг хэлэх вэ?

АаВ: Хичээл дээр чинь зөндөө үзээ биздээ. Бие сэтгэл, ухаан, орчин эрүүл байхыг хэлнэ гэдэг билүү дээ. Юуг нь мэдэж ядаад байгаа юм бэ?

Ариунаа: Өнөөдөр нөгөө аймшигтай алуурчин Сүхээд Баасан эмч эрүүл гэдэг дүгнэлт гаргасан.

АаВ: Тэгээд тэр чинь сэтгэл санаа нь эрүүл л юм байлгүй дээ. Хийсэн хэрэгээ хариуцах чадвартай л гэсэн үг. Шийтгэлээ амсвал таарна даа тэр.

Ээж: тийм аймшигтай хэрэг хийсэн амьтныг бүр даруй олны өмнө шийтгэвэл таарна. Ухаан санаанд ч багтамгүй хэрэгүүд гарах болж дээ одоо чинь.

Ариунаа: Модун Шаньюй бас даруй цаазал, даанч энэ цаг үе нь эрүүл биш юм гээд байсан.

Ээж: солиотой ч гэсэн үнэн л юм хэлж дээ зайлуул. Энэ ардчилсан хүнлэг чөлөөт нийгэм гэдэг чинь мангас, араатнуудад л амар нийгэм шиг байна даа.

Ариунаа: Тэр хүн эрүүл юм бол хэн солиотой байж таарах вэ? Ааваа?

АаВ: яагаав танай өвчтөнүүд чинь байгаа биздээ.

Ариунаа: Тэд үү?  Модун, Майдар бурхан, Венера минь үү. Тэд солиотой Сүхээ эрүүл гэж үү?? Саяын зурагт, сонингоор яваад байгаа мэдээ, орчин тойрон маань бас эрүүл гэсэн үг үү?

Ээж: юу яриад байна даа охин минь. Эрүүл болохоороо л Шар Хаданд биш эрүүл ертөнцөд байгаа байхгүй юу.

Ариунаа: Сэтгэл эрүүл гэж тэгээд юуг хэлэх вэ? Ээжээ?

Ээж: сэтгэл эрүүл гэнээ? За за би яаж мэддэг юм. Аль эрт дивангарт үзэж байгаад мартчихсан. Орон зай, цаг хугацаа, учир шалтгааны баримжаагaар нь дүгнэдэг ч билүү. Юу билээ дээ, мартчихаж. Чи л одоо харин яг хичээл дадлага хийж байгаа болохоор сайн мэдэж байгаа байлгүй.

Ариунаа: Би лекц сонсоод ойлгосон санагдаад байсан. Одоо харин мэдэхээ болиод байх шиг байна ээжээ.

Ээж: Алив чи босооч. Яачихаад байгаа юм. Сүүж нь бяцарчихсан юм шиг хэвтээд л. Хачин хачин юм асуугаад л. Өнөөдөр чинь хагас сайн өдөр. Жоохон амармаар байна. Өвчтэй юм шиг л байх юм.

Ариунаа: Эрүүл хүн шиг байх гэж яадаг юм болоо?

Ээж: за за болно. Гарья хөгшөөн. Гадуур жоохон алхая. Ариунаагийн ангийн Дөлгөөн Зоригт 2 сая ирнэ гээд утасдаад байсан. Хүүхдүүдтэй юу ярих вэ.

АаВ: За тэгье. Жоохон алхая хоёулаа. Гэсээр босно.

АриунАА хажуулдан хэвтсээр ТВ-р өдрийн мэдээ гарсаар...???

Дөлгөөн Зоригт 2 дуу шуу болон орж ирнэ.

Дөлгөөн: Сайн уу? Ариунаа, Яаж амарч байна даа гэхэд

Ариунаа: хэвтсэн чигээрээ: сайн

Дөлгөөн: Чи яачихаа вэ? Өвдөө юу?

Ариунаа: мэдэхгүй, уул нь эрүүл л юм шиг байна. Гэхдээ мэдэхгүй ээ нэг л аймаар байна.

Дөлгөөн: Юу өвдөө вэ? Яасан бэ? Хаана нь өвдөө вэ?Ариунаа?

Ариунаа: Энд гээд зүрхээ дарна.

Дөлгөөн: юу зүрх өвдөө юу? Ийм залуугаараа, юу гэж дээ.

Ариунаа: үгүй ээ, сэтгэл өвдөөд байна. Аймаар санагдаад л өвдөөд байна.

Зоригт: инээснээ, Танай анагаахын оюутнууд олгой үзэхээрээ (бие дээрээ үзүүлэн) олгой нь өвдөөд, бөөрний өвчин үзэхээрээ бөөр нь өвдөөд байдаг гээ биздээ. Чи Шар Хаданд дадлага хийгээд сэтгэл өвдөөд байгаа юм болов уу?

Ариунаа: Тийм, сэтгэл өвдөөд байна.

Дөлгөөн: за болилдоо, яг яагаад байгаа юм бэ, хэлэлдээ?

Ариунаа: Мэдэхгүй нэг л хачин, сэтгэл өвдөөд байна. Аймаар ч юм шиг. Эсвэл бүр зүүднээсээ одоо л сэрээд амь орж ч байх шиг. Би 20 жил унтаж байсан юм болов уу? Сайхан зүүд зүүдлээд л унтаад байсан юм болов уу?

Зоригт: Чи ч магадгүй шүү. Бүх юмыг аав ээжийн сургаал, номон дээр гардгаар төсөөлөөд л. Чи ямар гэрээс ч гарах биш. Одоо сэрнээ хө. Гадаа хавар болж байгааг чи ер нь мэдэж байна уу?

Ариунаа: хавараа? Над яг л 20 жил халуун зунаар амьдарч байсан юм шиг нэг л сонин. Нээрээ хавар болж байгаа билүү?

Дөлгөөн: Чи харин өвлийн хувцсаа ч солиогүй явж байгаа байх шүү. Намайг хар л даа. Мини-дээ орчихсон байгаа биз гэж эргэлдэн гайхуулна.

Ариунаа: нээрээ чамайг харахаар хавар болчихсон ч юм шиг. Харахгүй болохоор өвөл ч юм шиг.

Дөлгөөн: За болилдоо. Зоригоо бид 2 уул нь чамд маш гоё сонин сонсгох гэсэн юм. Багын ганц найздаа хамгийн түрүүн сонсгох гээд.

Ариунаа: Ямар сонин (залхуутай ч юм шиг нойрмог ч юм шиг) ?

Дөлгөөн: Өө чамайг ингээд байх юм бол болилоо шүү. Урамгүй юм. За хэлэх үү?

Ариунаа: За

Дөлгөөн: Зоригоо бид 2 хамтран амьдрах гэж байгаа. Бүр гэрээ байгуулаад нотариотаар батлуулчихсан. Гоё байна уу?

Ариунаа: Юу нь гоё гэж?

Дөлгөөн: (гэнэт уурлан) Чи одоо баярлахгүй байгаа юм уу хайшаа юм. Ямар сонин юм бэ? Ядаж ёс бодож баяр хүргээч.

Ариунаа: Чи Зоригоод хайртай юу?

Дөлгөөн: түгдэрснээ, Мэдээж хайртай л байж таараа шүү дээ.

Ариунаа: Чи Дөлгөөнд хайртай юу?

Зоригт: За чи ямар гэрлэх ёслолын ордны хүн биш. Юун хачин сүртэй юм асуугаад байгаа юм бэ? Бид 2 тэр ордон мордонд ч очоогүй, харин нотариат бол баталгаатай.

Ариунаа: Чи Дөлгөөнд хайртай юу?

Зоригт: За за хайртай тэгээд юу гэж?

Ариунаа: Шинэ жилээр хамт явж байсан бүсгүйгээ яасан бэ?

Зоригт: Дөлгөөн бид 2 одоо 20 гарч том болсон улс. Тийм болохоор гэрээндээ ч тусгасан байгаа. Санхүү болон бусад ихэнхи харьцаан дээр бүрэн эрх чөлөөтэй хамтран амьдарна гэж

Ариунаа: Та 2 эрүүл үү? (нойрмог мэт хэвээр)

Дөлгөөн: чи одоо яагаад байгаа юм бэ? Бид чинь 2 уулаа хуульч хүмүүс. Шинэ гэр бүлийн хуульд ч байгаа. Хамтран амьдрах гэрээ гэдэг чинь тун зүгээр шүүдээ. Аав ээжээс бие даана, санхүүгийн хувьд ч хоёр биендээ хэмнэлттэй. Тэр байтугай салахдаа эд зүйлсээ яаж хувааж авахаа ч гэсэн сайхан тохирчихсон байгаа.

Ариунаа: Бид 3 бараг чацуу. 21-той. Та 2 бие биендээ хайртай юу?

Зоригт: Дөлгөөнөө явья наадах чинь нээрээ л өвчтэй байх шиг байна. Халдварт солиорол ч юм уу хэн мэдэх вэ. ( Гэж цамц гараа гөвсөнөө) За өмнө нь ч бас эрүүл саруул энгийн юм ойлгохгүй царай гаргаад л байдаг байсан. Явья гээд уурлан түрүүлж гарч одно.

Дөлгөөн: Ариунаа 2уулаа маргааш ярья. Чи одоо жоохон амар за. гээд Ариунааг тэврэн суухад

АриунАА: Дөлгөөн. Зоригтыг байхад би хэлж чадахгүй байсан юм. Хамгийн аймаар нь би эмнэлэг дээр тэр Сүхээг миний дэргэдүүр өнгөрөх болгонд нь айсандаа биш харин зэрлэг араатны хүслээр түүнийг хүссэндээ бараг чичрээд байсан. Нэг удаа гарнаас барьж авахад нь арай л эргээд тэврээд аваагүй.

Дөлгөөн (их л цочин сэжиглэж, Ариунааг түлхэн босож) Чи чинь арай ч дээ. Очиж очиж тэр зэрлэг алуурчинд татагдаад байхдаа яах вэ. Үгүй байлгүй дээ чи зүгээр айсныгаа л андуураа биз найз минь. Их айсны дараа яаснаа ч мэддэггүй шүү дээ.

АриунАА: Үгүй харин би огтхон ч айгаагүй, оюун ухаанаараа аймшигтай хүн гэж мэдэж байсан ч ухаангүй хүсч байсандаа л балмагтаад байна. Би бараг л тавьчихсан байхаа. Дотоож норчихсон байсан. Дараа нь 2 шөнө  дараалан тэр залууд хүчирхийлүүлж байна, тэгсэн мөртлөө нэг их жаргалаа гэж зүүдлээд л. Би ер нь учраа олохоо болилоо.

Дөлгөөн: Би чамайг аль эрт л хэнтэй ч яадаг юм нэг үзчих гээ биздээ. Чи л нэг их коммун амьтан онгон нөхөрт гарна ч гэх шиг дэмий юм ярьж явсаар одоо бүр ийм юм болох нь шив. Одоо хэн л тэгэж өдий хүртэл ингэж явж байлаа. Харин онигоо болох байлгүй. Би ер нь чамайг нэг сак залуутай танилцуулнаа. Сексдээ ёстой галзуу. Чамд сайхан заагаад өгнө. Чи харин намайг танилцуулсан гэж Зоригоод ам алдаваа.

Ариунаа: Би өмнө нь ч орондоо өөрөө гар хангалга хийдэг л байсан л даа. Жорж Клоун, Брэд Пэтийг төсөөлөөд л. Гэхдээ эр хүнийг ингэж яг жинхэнээсээ ухаан баларттал хүснэ гэж мэдэхгүй байсан. Түүний тэр зэрлэг араатных шиг аймаар мөртлөө ямар ч хязгаар лимитгүй галзуу эрч хүч нь бараг гарт мэдрэгдэж нүдэнд харагдмаараа.

Дөлгөөн: За за өнөө маргаашдаа чи жоохон тайвширдаа. Наад хичээл чинь ч дуусч өөр хичээл ороод ирэхээр гайгүй болох биз. Харин хамрын өвчний хичээл орохоор хамар дээрээ хатигтай болчихвоо. Тэр Сүхээ чинь тэртээ тэргүй цаазын ял авах байлгүйдээ. Тэгээд мартана биз. Маргаашнаас найз нь ярья. Зоригоо хүлээгээд байгаа байх. Пока гэсээр гарч одно.

Ариунаа: Би эрүүл үү? Миний сэтгэл эрүүл үү? Миний амьдрал эрүүл үү? Миний ертөнц эрүүл үү? Гэж дахин дахин үглэн хэвтэнэ.

Дүү нь: Money, money зоос зоос гэж дуулан орж ирээд ТВ залгахад гадаад мэдээний товч агуулга дамжуулж байна. ( болвол тэр үеийн мэдээ- хүн барьцаалж, бөмбөг дэлбэрсэн, далайн шуурга,  гиннесийн шинэ рекорд гар утсаа хол шидсэн нь, нусаа хэн нь урт сунгасан нь гэх мэт)



----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шар Хад

Долгор: миний охин харихгүй яагаав. Чиний дадлага дуусаа биздээ? Тэгээд ч өнөөдөр бүтэн сайн өдөр.

Урнаа: Наадах чинь харих байтугай өчигдөр шөнө энд хоносон шүү дээ.  Долгор гуай.

Ариунаа:  Урнаа чи яагаад энд ажиллах болсон бэ?

Урнаа: Аав ээж 2 л дээр үед 1 хүүгээ лам болгож толгой түшүүлнэ гэдэг байсан шиг гэрт 1 хүн эмнэлгийнх байхгүй бол болохгүй гэж үглэсээр байгаад л сувилагч болгочихсон. Гэхдээ би энд удахгүй ээ. Манай хуучин компанийн босс УИХ-ын гишүүн болсон. Яагаав би чамд яриагүй юу. Надаа унаж үхдэг амьтан гэж. Намайг туслахаа болооч гэж гуйгаад байгаа. Санаад байгаа юм байхаа. Ирэх 7 хоногоос төрийн ордонд ажиллана даа. Тэр болтол над Их Сургуулийн олон улсын харилцааны анги төгссөн диплом бэлдэнэ гэсэн. Ингэж ч жижгэрч байхгүй шүү. Ядаж 1 эрүүл саруул ухаан мэдрэлтэй хүмүүстэй харьцая даа энэ чинь.

Ариунаа:  Долгор гуай та яагаад энд үлдчихсэн юм бэ? Та чинь физикийн багш хүн биз дээ?

Долгор: Муу хүүгээ дагаж ирээд л үлдчихсэн юмдаа. Хүү маань Их Сургуулийн физикийн ангийн төгсөлтийн дипломийн ажил дээрээ цаг хугацаа гэж байхгүй, орон зай хөдөлгөөн 2 л байна. Энэ 2-ын харьцааг хүн өөрөө зохиомлоор цаг хугацаа гэж гаргаж ирсэн гээд онолын үндэслэл бичсэн нь буруутаад Марксист философийн үндсийг шүүмжилсэн, материйн 1 үндсэн атрибутийг үгүйсгэсэн гээд л хүүг минь галзуу солиотой гэсэн онош тавиад энд хэвтүүлчихсэн. 1984 он шүү дээ. Хүү минь 5 жил л тэссэн дээ. Тэгээд “ээжээ би буруу үед буруу газар төрчихсөн юм шиг байна. Би явлаа. Эргэж ирнээ” гэж бичээд л сэмхэн цуглуулсан байсан бүх эмээ уугаад амиа хорлочихсон доо. Түүнээс хойш би эндээ л үлдсэн. Ганц хүүгийн минь сүнс энд байх шиг санагдаад л явж чаддаггүй юмдаа охин минь.

Ариунаа: аа тийм учиртай юм бий. Уул нь тэр чинь цэвэр онолын физикийн ажил байсан юм биш үү?

Долгор: Харин тиймээ. Миний хүү сайхан ухаантай хүү байсан юм. Даанч тэр коммунист системийн үед чинь тэгж оршин тогтнох гүн ухааных нь үндсийн үндсээр нь оролдож Маркс, Энгельс, Лениний философийг үгүйсгэсэн гээд их л хатуу загнасандаа. Миний л үйл лай юм байхдаа. Аавыг минь ч гэсэн 37 онд японы тагнуул буриадын сэхээтэн гэж энэ Шар хаданд л цаазалсан юм гэдэг. Үйлийн үр гээч нь л намайг энэ газар уяад байдаг юм болов уу.  Охин минь чи харин юунд харихгүй энд хоночихоо вэ?

Ариунаа: Надаа энд нэг л ойлгомжтой, дулаан санагдаад. Өчигдөр би эд нартайгаа ярилцсаар байгаад бүр оройтчихож. Дадлагын тайлангаа шөнөжин бичиж, эд нартай ярьсан яриа болгоноо дахиж уншлаа. Дэвтэрээ үзүүлнэ.

Ариунаагийн аав, ээж, дүү нь, Дөлгөөн нар Баасан эмчийг дагуулан дуу шуу болон орж ирнэ.

Ээж: Ээ охин минь, чи чинь хэлэхгүй яадаг хүүхэд вэ? Хаана хоноо вэ? Арай энд? (гэж сэжиглэнгүй эргэн тойрноо харсанаа) Зүгээр үү чи хөөе?

АаВ: очиж очиж энд тасагтаа хоноод байхдаа яадаг юм. Бид чамайг Дөлгөөнийд хоносон юм гэж бодсон чинь өглөө Дөлгөөн чамайг асуугаад бүр айлгачихлаа.

Дүү: Бүхнийг сониучирхон (гэхдээ тэд I хилийг давж орохгүй зогсоно) хил давж орох гэхэд

Ээж нь угз татан : Тийшээ орж яах нь вэ чи? Эгчийг нь аваад явья гэж зандарна.

АаВ: Алив явья Ариунаа. Дадлага чинь дуусаа биздээ. Тиймүү Баасан эмчээ гэхэд

Баасан: Өчигдөр дууссан. Дадлага нь сайн болсон. Их уншдаг сайн охин байна лээ. Эхний өдөр л бид жоохон будилсандаа гээд инээхэд

Ариунаа Венератай хөтөлцөн зогсоно.

Ээж: Юундаа зогсоод байгаа юм бэ? Хурдал явья. Бүр хүн айлгачих юм гэхэд

Ариунаа чимээгүй зогссоор л байна. Тэгснээ дуугүй залбирах Майдар Бурхан, цээж түхийлгэн бодолхийлэн алхах Модун Шаньюй, дуугүй гөлрөх катотоник, газар хөл нүцгэн суугаад цээжээ тэврэн Гоолингоог аялан ганхах Венера нарын тус бүрийн өмнө очиж гарыг нь барин нүдийг нь ширтэнэ.  Аав нь Баасан эмчтэй ярилцаж зогсоно. (Ариунаатай уулзах үедээ солиот болгон түүнд болон үзэгчдэд хандан үг хэлнэ)

Майдар Бурхан: ядрангуй дуугаар: Хүмүүс минь Би ирчихсэн шүү дээ. Та нарын цаг ирсэн шүү дээ.  Их оюун  ухааны амьдрал эхлэх цаг болсон байна хүмүүсээ. Хүн шиг амьдрах цаг ирсэн шүү хүмүүс минь.

Модун Шаньюй: хүүхэд шиг нусаа арчин, гараа хэмлэн Монголчууд минь, Миний үр удам минь. Агуу их Хүн Гүрний үр сад минь. Их Монгол Улсын энэ цагийн залгамж минь. Та нар түнэр харанхуй, мөхлийн ирмэгээс гарсаар 100 жил  болох гэж байна.  Гэхдээ сонор сэрэмжтэй байгтун. Бусдын тусламж, сайхан сэтгэлд итгэж сул дорой зориг тэмүүлэлгүй бүү амьдарцгаа. Энүүхэн тулга тойрсон бяцхан улс төр, өнөө маргаашийн хувийн ашиг завшаан хөөгч өчүүхэн улсаар бүү төр бариулцгаа.  Бүү гуйлга гуй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд ард иргэд хүртэл бүү гуйлгачин царайлцгаа. Түүхийн хатуу сорилго ирэхэд бардам зоригтой угтахын тулд өөртөө итгэлтэй, төр улсдаа үнэнч амьдарч хүчирхэг Монгол Улсыг дахин цогцлооцгоо. Үр садыг минь Тэнгэр ивээг.

Венера: Ариунаа минь зүрх сэтгэл чинь хоосон бол, зүйрлэшгүй ариун хайр чинь байхгүй бол чи амьд яваа гэдэгтээ бүү итгэ.  Өнөө маргаашийн талх чихэр, өмд гутлын яриа наймаан дунд өөрийгөө гээх вий Ариунаа минь. Зүрх сэтгэл чинь, ариун хайр чинь ямар үнэтэйг хэн нэгэн асууж хөнгөн зугаатай наймааг чамд санал болгож эхлэх л юм бол түр азнаад эргэн тойрноо хар, бас өөрийгөө сэрээ, зөн билэг зүрх сэтгэлээ чагна. Ийм хэлэлцээрт хүн орж зүрхээ наймаалах ёстой билүү сана. Хэн нэгэн чамаас зүрх сэтгэл, хайр дурлал чинь ямар үнэтэйг аятай зөөлнөөр тойруулан асууж байвал Ариунаа минь алуурчин өмнө чинь байна гэсэн үг. Амьд үхдэл болгох гэрээ хийх гэж байна гэсэн үг. Хүмүүс минь сэтгэлээс чинь өөр үнэтэй юм таньд надад, энэ хорвоо дээр юу байгаа юм бэ. Хүмүүс минь

Дүү: ээ чааваас ингэж жинхэнэ сак солиотой газар орно гэж мэдсэн бол видео камераа аваад ирдэг байж  хэмээн үглэн холхино.

Ээж: Хөөе хурдлаач чи юундаа хоргодоод байгаа амьтан бэ чи?

Ариунаа гэнэт эргэн I зааг дээр ирж зогсон : Миний ертөнц энд байгаа юм болов уу ээжээ. Би эндээс гарахаас айгаад байна.

Ээж: Юу гэнээ чи. Хөөе чи энэ охиныхоо юу ярьж байгааг сонсож байна уу? Галзуурсан хог вэ? Алив явья. Гэж Ариунаагийн 1 гараас атган чангаахад нөгөө гараас нь Венера, Модун, Майдар нар хөтлөн зогсоно.

Ариунаа:монолог: Ээжээ, энэ босгоны цаана нүүрэндээ инээмсэглэсэн нялуун багтай, цаана нь нулимстай ганцаардалдаа гансарч галзуурсан хүний хүйтэн цэвдэг ертөнц байгаа. Хэн нь эрүүл, хэн нь өвчтэй нь мэдэгдэхгүй, хэнээс нь айж хэнтэй нь нөхөрлөх ёстой нь тодорхойгүй, хэн нь үнэнч хэн нь худалч нь мэдэгдэхгүй ертөнц байна. Жирийн залуу, алуурчин хоёрыг улс төрч, төрийн хулгайч 2-г, бизнесмен , луйварчин 2-г яаж ялгах вэ ээжээ? Үүнийг манай хичээл дээр ч, аав та 2 ч зааж өгөөгүй шүү дээ. Үнэнчээр ажил хөдөлмөрөө хийж яваа сэхээтэн, ажилчид яагаад уруу дорой царайтай, гэм буруутай мэт ядуу зүдүү амьдрах ёстой юм бэ? Идэж ууж, хуйвалдсан нь яагаад эд хөрөнгөтэй, бүр Их Хурлын гишүүн болж баатар эрс мэт бардамнаж явах ёстой юм бэ ааваа?
Харин энэ ертөнц хамаагүй амар, ойлгомжтой. Магадгүй зөв ч байх. Уурлавал уурлаж байна л гэж би мэднэ. Инээвэл инээж байна л гэж би ойлгоно. Дурлавал дурлаж байна л гэж би итгэнэ. Дайсагнавал дайсагнаж байна гэж би сэрэмжлэнэ. Хэн ч энд хуурамч баг зүүж, ар нуруунаас хутгалахгүй. Хэн ч энд би гэсэн өөрийнхөөрөө л байна. Аль нь зөв ертөнц юм бэ? Ааваа. Хүн сэтгэлээрээ л амьдрах ёстой гэж та 2 минь сургаж өсгөөгүйсэн билүү?

Аав: Миний охин тайвшир. Амьдрал гэдэг чинь алаг эрээн чулуу шиг байдаг юм. Цав цагаан, эсвэл хав хар гэж байхгүй. Ялгахын аргагүй холилдоод саарал болчихсон нь ч бараг таарахгүй. Сайнтай муутай, зөвтэй буруутай тийм л хорвоо. Чамд дандаа зөвийг нь ярьж сурган байсан нь буруу байсан юм гэж үү? Хүүхэд цагийн хөөгүй цагаан сэтгэл чинь цагаасаа эрт сэвтчихнэ гэж бодоод дандаа зөвийг нь зааж байсан шүү дээ аав нь. Цаг нь ирэхээр чамайг би цагаан харыг ялгах зөв ухаан сууж, аль алинтай нь амьдарч сурна гэж итгэсэн юм. Арай оройтчихсон юм болов уу? Худал үнэн нь, зөв буруу нь далан давхар сулэлдсэн энэ хорвоод эрт сэвтэлгүй шиг, хэнэггүйхэн алхаж сураасай гэсэндээ аав ээж нь хайран дотроо хөлбөрүүлж өсгөсөн минь буруу гэж үү? Миний охин ухаантай шүүдээ.

Ариунаа: Ээжээ би тэгээд энэ болгоны чинь цаана өөрийн үнэн төрхөө   гээгээд наад ертөнцөөр чинь амьдар гэж та намайг хэлнэ үү?
Цайлган сэтгэл, хайрын тухай мөрөөдөл болгоноо Венератай хөтөлцүүлэн орхиод, шударга үнэнч эр зоригийн тухай сурсан болгоноо Модун Шаньюйд гээж орхиод, гэгээн гэрэлтэй оюунлаг болгоноо Майдар Бурханд даатгаж орхиод Би тэгээд хэн болж очих юм бэ тэр ертөнцөд чинь. Хов хоосон, хайр итгэлгүй сэтгэл зүрх, гөвж мушгиад угаагдаж орхичихсон  тархи оюун, хэнтэй ч ашиг хуваалцахад бэлэн хүүрэн биеээ би чирч очоод жаргалтай амьдрах юм болов уу тэнд чинь би? Ээжээ. Удахгүй  би тань шиг гал цог нь унтарч, мэхлэгдэж цөхөрсөн гундуу нүдтэй тэвчээр дасалаас өөр хань үгүй эмэгтэй болох уу?
Ааваа, тань шиг эрүүл ухаанаар бодсон болгон нь эсрэгээр эргэсэнд гайхширч, уур унтуу хямрал  болгоноо дотроо унтуулж ядсан хүн болох уу? Хэлээч та 2 минь. Та 2 наад ертөнцдөө хүссэнээрээ жаргалтай амьдарч чадсан уу? Аав, ээж 2 минь туулсан бүх худал хуурмаг, хугарсан гишгэгдсэн итгэл мөрөөдөл, хэрэглэж чадаагүй ид хав, эцэст нь цөхөрч хоцорсон энэ амьдралаа над өвлүүлэх гээ юу? Ийм өв би авмааргүй байна. Галзуу солиотой гэгддэг ч үнэнч энэ ертөнцөд би үлдмээр байна. Хүмүүсээ та нар эрүүл бусаар солиорсон өөрийн ертөнцөө эдгээгээч, сэтгэлийн ертөнц чинь хаана байна хүмүүсээ? Ариун хайр, гэгээн мөрөөдөл, андын итгэл, Бурханы нигүүлсэнгүй сэтгэлийн ертөнц чинь хаана байна хүмүүсээ? Эрдэм мэдлэг, ид хав, эр зориг багтаж ядсан ухааны ертөнц чинь хаана байна хүмүүсээ? Та жаргаж байна уу? Над хэлээч.  Аль нь миний ертөнц юм бэ? Аль нь хүний ертөнц юм бэ? Гэж зааг босгон дээр сөхрөн унаад гараа алдлан гэдийхэд
Катотоник Ариун, Ариун, миний ертөнц Ариун гэж дуун алдсанаар хөшиг хаагдана.