Сонгуулийн шинэ  хууль бараг гурван жил дуншиж байгаад хүндрэлтэй нь аргагүй төрөх гэж байна. Энэ шинэ хуулийг зулбуулах, хэрвээ төрөх юм бол нялх байхад нь цааш харуулах гэсэн улс төрийн зүтгэлтэний гар хөл дугаар хорооны иргэд, хорлогчид гараад иржээ.  Мэдээж тэд өөрсдөө бол парламентын баталсан хуулийг цааш харуулж дийлэхгүй. Хуулийг зулбуулдаг,эсвэл цааш харуулдаг  гол эрхтэн дархтан нь үндсэн хуулийн шүүх юмуу, дээд шүүх болоод байгаа. Тэгэхээр сонгуулийн холимог тогтолцоо орсон шинэ хуулийг нялх нярайд нь шүүхүүд амыг нь барьж магадгүй юм. Жалга довноосоо гарч сурчихсан депутатууд их дургүй байнаа. Тэд намын жагсаалтад орсон 28 суудал гэгчийг зориуд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Жишээлбэл, МАН-ын дарга Сү. Батболд, АН-ын дарга Н. Алтанхуяг нарын гарт орж үхлээ гээд орилоод гарав. Энэ хоёр намын дарга суудал  горилогчдоос баахан мөнгө аваад авсан мөнгөний хэмжээгээр 28 хүн жагсааж байгаад сонгууль болхоос сарын өмнө гаргаж ирэх юм гэнэ дээ. Харин пропорциональ 28 суудал гэдэг мөнгөөр жагсахыг хааж байгаа. Ер нь энэ хуулийн мөн чанар нь мөнгөөр үнэлдэг мехнизмыг тасалж байгаа юм гэж хамгийн их хариуцлагатай, бас хамгийн их хартай  З. Энхболд мөн олон хэллээ. Ойлогдоггүй ээ. Тавь тавин хувиар буюу 38, 38 гэсэн хувилбар  унаагүйсэн бол ёстой нөгөө европ стандарт буюу цэвэр Германы парламентын тогтолцоо байх байсан байна. Намууд 28 хүнийг жагсаахад Герман стандарт буюу Монголд 1996 оны орон нутгийн сонгуульд туршсан хувилбар юм. Энэ хувилбараар сайн тоглодог болохоор нь улс төр ажиглагчид “Р.Гончигдоржийн математик” гэдэг байсан. Р.Гончигдоржийн математикийн буянаар 1996 оны орон нутгийн сонгууль амжилттай явж орон нутагт “МАХН”-ын үүр уурхай эвдэрсэн юм. Ардчиллын жилүүдийн түүхэн ач холбогдлоороо бол төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжээс МАХН-ын анхан шатны үүр уурхайг зайлуулсантай тэнцүү гавъяатай . Улс төрийн намууд 76 нэрийн жагсаалтаа гаргахад тун энгийн бөгөөд амархан. Хэвлэл мэдээллийн томоохон компаниуд, улс төр ажиглагчид, намуудын жагсаалтыг хийгээд иргэдийн толгой тархинд суулгачихсан байдаг.

Намуудын жагсаалтын харгалзах үзүүлэлт нь түмэн мэдэхээр энгийн байхаар журамладаг. Тийм учраас томоохон мэдээллийн хэрэгслүүд, пиарын агентлагууд намуудын жагсаалтыг авахын тулд ерөнхий нарийн бичгийн даргын цоожтой шургуулгыг онгичих хэрэг байхгүй. Улс төрийн намд суудал горилж жагсаалтад дээгүүр орохын тулд мөнгө барьж, ламд очиж, бөөгөөр хараал хийлгээд ч нэмэргүй.  Жишээ нь, МАН-ын дарга Сү.Батболд сонгуулиа удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга  У. Хүрэлсүх ерөнхий менежер хийж жагсаалтын эхний хоёрт бичигдэнэ. Ардчилсан нам ч мөн адил. Сонгуульд оролцох бусад нам эвслүүд ч ижил. Тэгэхээр АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын дарга Сү.Батболд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт дараагийн парламентад суудал авсанд баяр хүргэж журмын нөхөд нь хундага тулгаж болно гэсэн үг. Жагсаалтын гуравдугаараас эхлээд парламентад суудалтай намууд бол одоо УИХ-д ажиллаж байгаа намын бүтцийн дарга нар морилно. Ардчилсан намаар жишээлбэл намын бүлгийн дарга  Ч.Сайханбилэг жагсаалтын гуравдугаарт морилсон ч намын аль хэрэгцээт газар  намдаа оноо цуглуулахаар  “илгээлт аван” алсыг зорино. Жишээ нь Ч.Сайханбилэгийг “улаан Увсыг цэнхэр болгоод хоёр суудал аваад ир” гээд туучихаж болно. Дахин хэлэхэд жагсаалтын харгалзах үзүүлэлт тун энгийн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын бүлгийн дарга байсан лидерүүд нэмэх оноо авч байр урагшилна. Мэдээж намынхаа өмнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан партизанууд  жагсаалтад яг бөх шиг эрэмблэгдэнэ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намын жагсаалтын 11-д бичигджээ гэж тооцвол намын хүндэт суудалд сууж болох жишээтэй. Бас Ховдоосоо хоёр суудал аваад ир гээд илгээлт өвөрлөн өвгөн бүргэдээ нисгэж болно. Гэхдээ халз тулалдаанд том намууд шонхруудаа нисгэдэг. Шонхруудаа хүндэт суудалд суулгаад болжмор нисгэж болно. Харин МАН-ын хувьд европ стандартаар жагсаавал жагсаалтын гуравдугаарт намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин намын бүлгийн дэд дарга Су.Батболд орох жишээтэй. Парламентад суудалгүй ч төр авах гэсэн намууд адил эрхтэй. МАХН-ын дарга Н. Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар эвсэж “Ардчилсан Холбоо” эвсэл байгуулж болно. Тэгвэл “Ардчилсан холбоо эвсэл” мөн л 76 нэр зооно.  МАХН, МҮАН-ын “Ардчилсан холбоо” эвслийн төлөө саналаа өгөх эсэх нь сонгогчийн эрх. Парламентад болж өгвөл гурав, дөрвөн нам ноцолдож байхаар, жижиг намууд бүдэрч унахааргүй намхаан босго энэ хуулинд тавьбал улс төр тогтвортой амар амгалан амьдарч болмоор. Бас саарал байшинд сууж сайд хийхээс өөрөөр амьдарч  чадахгүй улс төрчдийг жирийн иргэн болговол аюул тарьж мэдэх гээд байна. Бүүр иргэний дайнд ч хүргэх вий гэхээс жихүүдэс төрсөөр... Сонгуулын шинэ хуулийг төрөхөөс нь өмнө зулбуулах эсвэл төрүүт нь амыг нь барих гээд тун хэцүү харагдана. Ардчилсан Монгол улсын улс төрийн амьдрал урагш ахиж байна. Хариуцлагатай, сахилгатай, болохгүй, бүтэхгүй байгаа гишүүнээ хэрэг тариут \Одоо бол прокурор ч эргүүлэн татаж чадахгүй байгаа. Г.Д\   эргүүлэн татдаг эрхтэй улс төрийн намууд “хүндэт суудалдаа тавтай морил”. Гэхдээ сонгуулийн шинэ хуулийг төрүүт нь шүүх, шүүгч нар зулай руу нь зүүгээр хатгаад цааш харуулчихгүй бол шүү дээ.