…Аварга загас гэж андуурмаар том толгойтой, бараг  хоёр метр ша­хам урт, араа шүд нь ярзайсан могой загас уснаас үсрэн гарч голд шидсэн талхыг бүтнээр нь залгиад буцаад шум­бах аж. Ердийн могой загас хам­гийн уртдаа 30-50 см байдгийг бо­долц­вол юуг л бол юуг залгиж, хүн рүү хүртэл дайрах энэхүү урт амьтан энэ голын аймшигт араа­тан болон хувирчээ. Басхүү хоёр толгойтой чоно, дээд эрүүндээ соёо­той, духан дээрээ эвэртэй буга энэ бүс нутагт үзэгдэх болсон гэнэ…

ОХУ-ын НТВ-гийн сувгаар саяхан гаргасан энэхүү аймшиг, түгшүүр төрүүлсэн нэвтрүүлгийг олон хүн үзсэн буй за. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш 25 жил өнгөрчээ. Гэтэл сүйрсэн станцын эргэн тойрны хорио тог­тоосон бүсэд бидний санаанд баг­тамгүй ямар гээчийн амьдрал бий болс­ныг тус  нэвтрүүлэг  анх удаа олон нийтэд дэлгэж сэрэмжийн харанга дэлдсэн нь тэр байсан болов уу.

Нэвтрүүлгийн дараа Украины эрх баригчид үнэн бодит байдлыг өдий болтол нуун дарагдуулсныгаа тайл­барлах гэж ёстой тамаа цайж байна. Атомын  цахилгаан   станцын  сүйрлийн хор хөнөөл өдий олон жил болоход арилсангүй.  Харин ч тэр бус нутаг дахь биологийн зүйл, амьтан мутацид орж, Стивен Кингийн зохиолоос хэд да­хин илүү аймшигт ертөнц бий болж байгааг эл нэвтрүүлэг харууллаа. Энэ бол зөв­хөн украинчуудад хамаатай гай зов­лон гэж ойлговол эндүүрэл. 1986 оны тэрхүү гамшгийн дараа Орос болон Украинд гаж ураг ямар их тө­рөх болсныг тухайн үеийн эрх бариг­­чид олон нийтээс нууж, чандлан бай­сан ч эдүгээ нэгэнт тодорхой бол­­чихлоо. Одоо ч гэсэн хүн гэхэд хүн биш, амьтан гэхэд амьтан биш “юм­нууд” радио идэвхт цацрагт хорд­сон хүмүү­сийн үр удмаас төрсөөр л байна.

Эрдэмтэд энэ эмгэнэлт үйл явц цаашдаа 100 илүү жил үргэлжилнэ  хэмээн но­толж байгаа юм. Чер­нобылийн станцын ор­чин тойронд 70 км дотор дэл­бэрэлтийн дараа тархсан цези-137, цези-134, иод-131 гээд асар хөнөөлтэй элементүүдийн үйлчлэлд өвс ногоо, ургамал, амьтан, агаар ус гээд хордоогүй зүйл үлдсэнгүй.

Оросууд найдвартай “бул­шилсан” гэж нотлоод бай­сан цөмийн реакторуудаас (чер­но­былийн) цацраг идэвхит бодис алдагдсан хэвээр байгааг нэвт­рүүлэг бэлтгэсэн НТВ-гийн сэт­гүүлч нотлон ярьж байна билээ.

Тийм ээ, цөмийн хор ур­хаг ийм аюултай. Хүн тө­рөлхтнийг мөхөөх аюул ямагт ойрхон байгааг өнгөрсөн гурав­дугаар сард Японд бол­сон газар хөдлөлтөөс бид ухаар­сан. Болдог зүйл бо­лоод л өнгөрлөө гэх байр суу­ринаас хандаж, тайвширч огт болохгүйг монгол хүн бүрт сануулан сэрэмжлүүлэх ёстой болов уу. Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гар­­сан осол хор хөнөөлөөрөө Чер­нобылиэс 10 дахин илүү гарлаа гэдгийг япончууд удтал нууж дарс­ны­хаа эцэст хүлээн зөвшөөрлөө. Бодит аюулыг олон нийтээс нууснаараа улам хэцүү нөхцөл үүсэхийг Японы эрх баригчид ухаарсан хэрэг.

Яс юман дээрээ Ерөн­хий сайд   Наота  Кан Фүкүши­ма­­гийн атомын цахилгаан стан­­цын сүйрлийн дараах хор хө­нөөлийг нуусныхаа төлөө огцорсон юм.

Одоо тэнд маш ноцтой байдал үүсээд байна. Черно­быльд болж байгаа аймшиг Фү­күшимад эхэл­чихэж. Фүкү­ши­магийн ойр орчмын оршин суугчид   дүрвэж,  тэнд эз­гүйр­сэн амьдрал наймхан са­­рын дотор хэрхэн хувирч бай­­гааг Японы хэвлэлүүд одоо­­ноос л бичиж эхэлж бай­на. Чернобылийн орчмын амьтад мутацид орсон шиг Фүкүшимад мөн тийм байдал үүсчээ. Чихгүй туулай, най­ман хөлтэй тугал гэх мэт гаж амьтан үзэгдэж эхэлснийг япончууд мэдээлж байна. Фү­­күшимад эдүгээ мутацид орсон нохойн сүрэг үүсээд бай­­гааг хэвлэлүүдээр түг­шүүр­­лэн бичиж эхэллээ. Фүкү­шимагийн хор хөнөөлийн төв­шинг тогтоох судалгаа шин­­жилгээний тусгай комисс өн­­гөрсөн сард ажлаа дуусган тайлангаа Засгийн газартаа та­нилцуулсан юм билээ.

Эл     тайланд     Фүкүши­ма­гийн атомын цахилгаан стан­цын орчинд тархсан цө­мийн цацраг идэвхит бодисын хэмжээ Чернобылиэс даруй 10 дахин их байна гэдгийг анх дурдсан байж. Эл станц далайн эрэг дээр шахуу бай­сан учраас орчны далайн ус 60 км радиуст цези, строн­цигоор хордсон болохыг тусгай комисс баталсан нь япончуудыг төдийгүй дэлхийн  улс орнуудыг айдаст автуулаад байна.

Учир нь  Япон хийгээд Зүүн өмнөд Азийн орнуудын загас агнуурын гол бүс нь яг тэр цацраг идэвхит элемент тархаад байгаа орчин  билээ. Япончууд далайн бүтээг­дэ­хүүнийхээ 42 хувийг энэ бүс нутгаас бэлтгэдэг. Ийм учраас тусгай комиссын тайлангийн дараа Японы Засгийн газар Агнуурын тэнгист хөвөгч за­­водуудаа оролцуулаад Ку­ри­лийн орчмын далайн га­рал­тай бүтээгдэхүүн олз­ворлогч 242 үйлдвэрээ хаах шийдвэр гаргалаа. Хорт хавдар үүсгэгч Стронци-90  хэмээх элемент Агнуурын тэнгисийн уснаас илэр­сэн бөгөөд үүнийг саар­магжуулж, хор хө­нөөлийг нь бүрэн арилгахад 30 жил шаардагдах  төдийгүй урьд­чилсан байдлаар даруй 19 тэрбум ам.доллар зарцуулах ёстой болсныг мөн тайланд дурдсан байлаа. Тусгай ко­мис­сын энэхүү тайлангийн дараа АНУ  Японоос импортоор ав­даг далайн бүтээгдэхүүнээ хяз­­­­гаарлахаар боллоо. Аме­рик­чууд 1350 хүний бү­рэл­дэ­хүүнтэй шинжээчдийн асар том баг ажиллуулж  Япо­ноос импортоор оруулдаг хүнс­ний болон бусад бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж байгааг бид анзаарах хэрэгтэй болов уу.

Эдүгээ  тэд Японы Ива­раки, Точиги, Чиба, Фүкү­шима мужуудаас хүнсний  бү­тээгдэхүүн авахыг хо­риглох шийдвэр гаргаад байна. Тэг­вэл яг энэ бүс нутгаас Мон­голд машин техник, ба­раа бү­тээгдэхүүн саадгүй орж ирж байгаа нь аюултай  биш үү. “Сүх далайтал үхэр амар” гэдэг байдлаар бид энэ бүхэнд хандах аваас хожмын хор хөнөөл нь хэмжээлшгүй болох вий.

Бидэнд Фүкүшимагийн аюул Японоос зөөж буй авто­ма­шинаар хязгаар­лагдахгүй юм. Япон, БНСУ, Хятад улс Агнуурын тэнгис дэх үйлд­вэрлэлээ зогсоогоод бай­хад ганцхан оросууд л за­гас агнуураа одоо болтол үр­гэлжлүүлсээр байна.

Агнуурын тэнгис, Курил хавиас оросууд лаазалсан бү­тээг­дэхүүнийхээ (бидний мэ­дэх килька, шпрот г.м) 99 хувийг хангадаг. Монгол­чуу­дын өдөр тутам хүнсэндээ хэ­­рэглэж буй хойд хөршөөс им­портоор оруулж ирдэг (маш хямдхан үнэтэй лаазалсан бү­­тээгдэхүүнүүд) загасны нөөш тэгэхээр үхлийн аюул агуул­­сан хор байж мэдэх ма­гадлал ихтэй байна гэсэн үг. Монголын аль ч дэлгүүрт овоолоостой байдаг килька, шпрот хийгээд түрснүүдэд Фү­күшимагийн атомын ца­хилгаан станцаас тархсан хор байхгүй гэх баталгаа үгүй. Нэгэнт цөмийн цацраг идэвхит хор тээсэн нь тодорхой болоод байгаа автомашинуудыг Япо­ноос оруулж ирж байгааг хянаж зогсоож чадахгүй бай­гаа бид жилд 82 мянган тон­ноор нь оруулж ирж байгаа загас, загасан бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийнэ гэдэг бүтэшгүй. Агнуурын тэнгис орчмоос загас олзворлохыг хориглосноос хойш гэхэд л мон­голчууд хойд хөршөөс 54 мянган тонн лаазалсан загас, түрс импортоор оруулж ирсэн тоо баримт байна. Өөрөөр хэлбэл, энэ бүхний өртөг болох 246.9 мянган ам.доллараар бид үр удмаараа устаж мэдэх хор хөнөөлийг оруулаад ирсэн байж мэдэх нь.

Манайд мундаг мундаг нэртэй байгууллагууд уг нь бий. Хэрэглэгчдийн  эрх аш­гийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналт, Цөмийн энергийн газар, хил, гааль, энэ тэр гээд...

Хамгийн гол нь тэд  хийх ёстой ажлаа мэддэг эсэх нь эргэлзээтэй. “Бороо орж ч магад...” гэдэг шиг “Цацраг идэвхт бодис “тээсэн” ма­шин орж ирсээр байгаа шүү. Ирж шинжлүүлээрэй” хэ­мээн зарлаад сууж байдаг мон­­голчууд аа! гэж. Үнэнхүү ха­рамсалтай. Эрх баригчид хий­гээд холбогдох газрууд үн­дэсний аюул­гүй байдалд  яг одоо бодитоор заналхийлж буй хүнсний асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хойд хөршийнхөн Агнуурын тэн­гист загас агнуурын үйл ажил­­лагаагаа зогсоохыг Зас­­гийн газраасаа шаардаж эхэл­сэн нь Фүкүшимагийн ато­­мын цахилгаан станцад гар­сан осолтой холбоотой юм. Оросууд Агнуурын тэн­ги­сээс олзворлосон бүтээг­дэхүүнээ Калининград руу зөө­вөрлөж лаазалдаг юм билээ.  Монголчуудын жилд им­­портоор оруулж ирдэг лаазалсан загас, загасан бү­тээгдэхүүний 60 гаруй хувийг тэгвэл Калининградаас ний­лүүлдэг  гээд бодвол бид чу­­хам юу иддэг болж таарах нь вэ. Хүн төрөлхтөн цацраг идэв­хит хордлогоос аврагдах боломж, арга хайн бачимдаж байхад  бид л гэж нэг “амгалан” үндэстэн. Тэр ч бүү хэл бусад улсын цөмийн хаягдал, хог шаарыг нь авна энэ тэр гэсэн солиотой бодлыг толгойдоо тээж явах юм даа.

Бидний   байдал   ийм   л байгаа. Уул уурхайн хариуц­лагагүй үйл ажиллагаанаас болж цианитад хордсон гаж ураг сүү­лийн жилүүдэд Мон­голд олноор төрөх болсон. Тэгвэл хэдэн жилийн дараа энэ ха­риуцлагагүй төр засаг, хэнэггүй араншингийнхаа зо­лиос болох хэд дахин илүү аймшигтай нүүр тулгарч болзошгүйг монгол хүн бүр ухаарах хэрэгтэй болжээ.