Ардчилсан нам эрх баригч биш, сөрөг хүчин бүүр ч биш. Тэднийг өнөөдөр ийнхүү хэн ч биш болгож чадсан биет бус нэгэн хүчин зүйл харин бодитой оршиж байгаа нь “ҮХЛИЙН ТЭВРЭЛТ” юм. Ардчилсан нам үхлийн тэврэлтэд оржээ. Хүзүүнд угласан олс шиг аюултай, тэр тусмаа нүдэнд үл үзэгдэх байдлаараа олсноос  ч хүчтэй тэрхүү цагиргийг хэн, хэзээ тэдэн рүү шидсэнийг аврах бүстэй  андуураад аваад углачихсан юм бол?

Гурван жилийн өмнөх сонгуулийн үр дүнгээр өнөөгийн МАН дангаар Засгийн газар байгуулах хэмжээний суудлыг парламентад авсан ч мөнхийн өрсөлдөгч АН-тайгаа хамтран гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Стандарт бус гэдгээс өөрөөр нэрлэж чадаагүй энэ шийдвэрийг С.Баяр намын даргын хувьд гаргахад өөрийнхөн нь ч, өнөөдүүл нь ч эсэргүүцэж чадаагүй. Мөнхийн өрсөлдөгч рүүгээ шидсэн С.Баярын цагиргийг өнөөдүүл нь аврах бүс гэж андуурах алхам энэ мөчид хийгдсэн. Ардчилсан намын даргын хувьд Ц.Элбэгдорж үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн албан тушаалаа өгөх тэр хоромд мөнөөх цагираг “үхлийн тэврэлт” болж хувирсан юм. Ц.Элбэгдорж хаалга хаасны дараа С.Баяр Ардчилсан намтай биш намын дотоод фракц бүлэглэлүүдтэй тохирч, сайдын суудлыг хувааж өгснөөр энэ намыг задалж чадав. Өнөөдөр Ардчилсан нам Ц.Элбэгдоржийн хаяж гарсан яг тэр байрлал дээр удирдагчгүй, бодлогогүй, хүчгүй хэвээр дөрөв дэх жил рүүгээ орж байгаа нь энэ. Энэ бол Ардчилсан намд хэрэглэсэн “үхлийн тэврэлт” хэмээх улс төрийн технологи.

“Удирдлага нь задарч, жалгын нэг болсон Ардчилсан нам Засгийн газрын ажилд намын нэгдсэн бодлогогүй оролцож, томилогдсон сайдуудынх нь санаачилсан ажил кабинет дээрээ унаж, үгүй бол үлдсэн зарим нь МАН-ын сурталчилгааны ажлыг хариуцдаг болсон байна” гэж улс төр судлаач О.Чулуунбилэг дүгнээд үүнийг “үхлийн тэврэлтэд” байгаагаар тайлбарлажээ.  Энэхүү технологи америк гарвалтай геополитикийн уламжлалт ойлголт бөгөөд улс төрийн менежмэнтэд хожим нэвтэрсэн гэнэ. Аливаа улсыг задлахдаа түүнийг тойруулан анаконда могой ороох мэт төмөр цагиргийг үүсгэж, бусад дэмжигчид, дэлхийн зах зээл, түүхий эд зэргээс тасдаж муужруулахын сацуу өдөж, зэвсэглэлээр хэт хөөцөлдөх мэтийн тухайн улсын чадлаас хэтэрсэн  том “хэрүүлд” татан оруулж бүрэн дампууруулна. Ийм сонгодог жишээ нь Зөвлөлтийг унагасан түүхийг гэлцдэг аж.

Энэ удаад С.Баяр эрх мэдлийн цагиргаар гогдож Ардчилсан намыг “үхлийн тэврэлтэд” оруулжээ. “Ардчилсан хувьсгалын дараагийн үе шат нь үйлдвэржилтийн хувьсгал байх болно” гэж сонгуулийн үеэр Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн амласныг биелүүлэх боломж байгаа мэт ойлгуулж, Х.Баттулгыг дэд бүтэц, бүтээн байгуулалт хариуцсан сайдаар томилсон хэрэг. Гэхдээ түүнд мөрөөдөл өгснөөс биш мөнгө өгсөнгүй. Мөрөөдлөөр биш мөнгөөр бүтээн байгуулалтыг хийдэг аж. Уул уурхайгаас орж ирэх мөнгөөр дэд бүтэц, бүтээн байгуулалтаа хийж, үйлдвэржилтийн өмнөх нөхцөлийг бий болгоно, үүний үр дүнд иргэдийн өмч, капиталийн үнэ цэнэ өсч, бизнесийнх нь эргэлтийн хурд нэмэгдэж, эцэст нь эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн том мөрөөдлөөрөө Ардчилсан нам шоглуулав. Яг үнэндээ мөнгөөр юу хийх эрх мэдэл нь МАН-д байсан. Өнөөдөр МАН уул уурхайн орлогоор өөрийн сонгуулийн амлалтаа гүйцэлдүүлж, иргэдэд бэлэн мөнгө тарааж, эсвэл “Монгол мал” мэтийн марзан зүйл яриад явахад хэн хорьж чадаж байгаа юм бэ? Ардчилсан нам хэрээсээ хэтэрсэн зүйлээр хөөцөлдөж, хоосон үлджээ. Ичсэндээ өнөөдөр дахиад л “Эдийн засгийн хувьсгал” хийнэ гэж амлаад ирэх сонгууль руу орох гэж байна. Ингэхэд сонгууль болгоноор хувьсгал хийж болдог юм уу?

Тэврэлтийн дараа Ардчилсан нам үхэх, сэхэх нь МАН-д сонин биш. АН-аас авах, сорох бүхнээ энэ хугацаанд авч амжих л тэдэнд чухал. Юуны өмнө говийн элсэн дээр ил шахам хэвтэж байгаа баялгийг хуваах, хуваарилах эрх мэдлийг хяналтгүй эзэмших боломжийг авахын тулд Ардчилсан намыг өөрийн талд оруулах нь чухал байсан. “Эрдэнийн хувь” гэдэг идейг нь copy хийж байж Засгийн газар нь хийх ажилтай болох нь ойлгомжтой байсан. Энэ бүхний дараа эх орон хожно гэж Ардчилсан нам бодсон. Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулна, одоогийн сонгуулийн тогтолцоогоо шинэчилнэ, аврах завин дээр гараад суучлаа, сэлүүрийг нь ч адилхан барилцана л гэж тооцоолсон. Сонгуулийн тогтолцоогоо солих битгий хэл, сольж байгаа дүртэй хуулиа ч баталж чадахгүй амаа таглуулсаар сууж байна. Тавантолгой, Оюутолгой, таван зуун хувьцаа гээд иргэдэд таалагдах бүхний эзэн нь МАН болж үлдэнэ. Яагаад гэвэл тэд эрх баригчид. Эрх баригчидтай “тэврэлдснийгээ” эрх барьж байна гэж Ардчилсан нам ердөө л эндүүрсэн хэрэг.

Засгийн газарт хамгийн “ууртай” байгаа Ардчилсан намын сайд нь Х.Баттулга. Түүнд санаачилсан ажлаа сайн хийх боломж олдоогүй нь харин ч сайхан завшаан байж магадгүй. Баялгийн хараалд эзэмдүүлсэн улс орон эхлээд бүтэшгүй том бүтээн байгуулалтын синдромд ордог гэнэ. Х.Баттулгын төлөвлөсөн болоод бусад бүтээн байгуулалтуудыг тийм синдромын нэг хэсэг гэж харж буй прагматикууд ч өнөөдөр байгаа. Тэгэхээр Ардчилсан нам Засгийн газарт орсноороо бүтэх, бүтэхгүй мөрөөдлөөс өөр юутай үлдэв ээ?! Эцэст нь үүнээс ч дор асуулт, Ардчилсан нам мөрөөдөлтэй үлдэх битгий хэл өөрөө үлдэх үү, үгүй юү гэдэг дээр тулж ирчихээд байгаа юм биш үү?

Ардчилсан нам юутай ч сонгуулийн үйл ажиллагаагаа эхлүүлж буйгаа “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийнхээ хаалтын арга хэмжээний үеэр ерөнхий нарийн бичгийн даргаараа дамжуулан мэдэгдлээ. Аливаа намын үйл ажиллагааны эцсийн зорилго сонгуульд ялах байдаг. Тэгвэл Ардчилсан нам өнөөдөр хэн болж хувирчихаад хэнтэй өрсөлдөж ялах гээд байгаа юм бол?

Хэрэв МАН-тайгаа өрсөлдөх гэж байгаа бол яаж тэднээс ялгарахаа одоо хүртэл тодорхойлж чадаагүй байгаа шүү дээ. Эрх ашиг, байр суурь, дуу хоолойгоо өрсөлдөгчөөсөө ялгаж ойлгохын тулд юуны өмнө МАНАН-гийн завин дээрээс бууж, С.Баярын “үхлийн тэврэлтээс” чөлөөлөгдөх ёстой.

Ардчилсан намыг дэмжих сэтгэл олон хүнд бий. Ардчилсан нам руу аврах цагираг шидэхийг үнэхээр хүсцгээж байна. Тэдэнд Н.Алтанхуяг дарга аятайхан санагддаг болохоор Ардчилсан намыг хайрладаг юм биш ээ. Ардчиллыг өнөө хэр огт ойлгодоггүй хүмүүс ард түмний дунд олон байдагт айдаг учраас, ардчилсан үнэлэмж, үнэт зүйлсийн төлөө байгаа учраас тэд Ардчилсан намын төлөө зогсдог. Албатай юм шиг хамгаалдаг. Харин өөрөө  Ардчилсан нам юуны төлөө, хэний талд байна вэ? Ардчилсан нам “үхлийн тэврэлт”-д ороогдон муужирч, өөрийн ба өрөөл бусдын эрх ашиг, өнгө ялгааг танихгүй болтлоо самуурч, оюун санаа, үзэл бодол, үнэт зүйлээ мартталаа мансуурчихаад байна. Эрх мэдэл, эд баялгаар өгөөш тавьж, аварга анаконда могойн “үхлийн тэврэлтэд” Ардчилсан намыг оруулсан стратегич нь С.Баяр юм. Түүн шиг удирдагч, түүн шиг улстөрчийн нэр түүхэнд бичигдэн үлдэх нь лавтай. Тэр дунд “Ардчилсан намыг амьдаар нь залгисан” гэдэг тодорхойлолт гарцаагүй дурайж үлдэх байх. Харин тэр үүнийг хүссэн юм болов уу даа?!