Нэг семистрийн хичээл 16 долоо хоногтой байдгаас хамгийн сүүлийнхийг нь “ухаарлын долоо хоног” гэж нэрлэдэг. Оюутнууд маань гэнэтхэн аж амьдрал, дүн дипломынхоо тухай эргэцүүлж ухааждаг энэхүү хэд хоногт жинхэнэ бужигнаж, улиралын турш хийгээгүй зүйлсээ амжуулах гэж мэрийцгээнэ. Эхний 15 долоо хоногт багш нь “Даалгавараа үзүүлээд өгөөч ээ” гэж гуйна. Харин сүүлийн ганц долоо хоногт нь “Даалгавар үзээд өгөөч ээ” гэж оюутнууд нь гуйна. Мэдээж бүтэн гурван сарын турш юу ч хийгээгүй хүн ганцхан долоо хоногт бүхнийг ойлгоод цоорчихно гэж байхгүй, хуулна хуурна. Хүнд зориулж шалгалт өгнө, хүнд үзүүлэх гэж бие даалтаа хүнээр хийлгэнэ. Хайран дөрвөн жил, “Чи өөрийнхөө төлөө яг юу хийсэн бэ” гэж асуумаар санагддаг юм.

Гучин оюутантай ангид бие даалтаа ӨӨРӨӨ хийдэг, шалгалтынхаа бодлогыг ӨӨРӨӨ боддог, даалгавараа цэвэр ӨӨРӨӨ бие даан гүйцэтгэдэг нь арав орчим л. Бусад нь ямар нэгэн байдлаар “аргалдаг” бөгөөд тэдний хувьд ДҮН ба ДИПЛОМ л хамгийн гол зорилт, юу сурч мэдэж авах нь тийм ч чухал биш. Ажилд авах хамгийн анхан шатны шалгуур нь диплом учраас түүний төлөө зүтгэх нь зүйн хэрэг л дээ. Одоогийн оюутнууд гэж муулаад яахав, намайг оюутан байхад ч тийм л байсан. Манай ангийхны бас гуравны нэг нь л ӨӨРӨӨ юмаа хийдэг байсан гээд хэлчихвэл уурлахгүй биз. Гэхдээ МУИС бол МУИС, төгсөөд бүгдээрээ л ажилтай. Хамгийн гол нь дөрвийн дөрвөн жил “сурахдаа” дөчин тав хоногийн курст эзэмшдэг шиг юм мэдээд гарч буй хүмүүс нь талаас илүү. Харахад сайхан дипломтой, сайхан танил тал ах дүүтэй бол юу чаддаг нь хамаагүй ажилд орж л таараа. Тиймээс “хэрэгтэй хэрэггүй хичээл сурч цагаа үрээд ч яах юм” гэж боддог биз.

Өөрөө хичээгээд, шударгаар 60 аваад явах уг нь амархан. Чадахгүйдээ биш хүсэхгүйдээ л хичээлээ хийдэггүй бололтой. Ихэнхидээ эцэг эхийнх нь сонгож өгсөн, эсвэл зүгээр л тохиолдлоор таарсан мэргэжил хойно. Хүн дуртай, сонирхолтой юмаа л хамгийн сайн хийдэг. Өөрийн авъяасгүй, өөрийн дургүй мэргэжлээ сонгож дөрвөн жил үйлээ үзнэ, дараа нь нэг диплом маягийн юмтай болоод ажил дээр гараад бүүр үйлээ үзнэ. Анхнаасаа мисс байх охиныг бөхийн сургуульд явуулсан юм шиг л. ЛеБрон Жэймс дуурь дуулах гээд үйлээ үзээд явж байгаа юм шиг л.

Дөрөвдүгээр курст орсон хойно “энэ миний хийх ажил биш байна” гэдгээ ойлгосон хэдий ч шууд түүнээсээ татгалзаад шинээр бүхнийг эхэлнэ гэдэг их ховор сэтгэлийн тэнхээ. Гэхдээ 18 нас 21 нас одоо харахад их том ялгаатай ч 48 нас 51 нас ямар ч ялгаагүй. Харин нэгэнт өөрийн дургүй юмаар зүтгэчихсэн бол амьдралын том ялгаа гарна. Хичээлээ хийдэггүй олон оюутнуудын нүднээс “уйтгар, залхалт” л харагддаг. Танхайрал, архидалт, залхуурал, зугаа цэнгэл зөвхөн одоогийн оюутнуудын асуудал биш л дээ. Хаа газар залуусын дунд байдаг л зүйл. Бидний үеийнхэн ч хичээлээ таслаад ПС –ний газар хонодог л байсан, лабароторийнхоо цаг дээр бөөндөө Дота тоглоод суучихдаг л байсан, хичээлээ хийхгүй залхуурцгаадаг л байсан. Өөрсдөө тэнгэрийн амьтас байсан мэт одоогийн оюутнуудыг муулаад яахав.

Оюутнууд зөв замаар амьдрах уу буруу тийшээ явах уу өөрсдийнх нь асуудал. Харин нэг юм л надад огт таалагдахгүй байна “Танай МКС –ыг төгссөн хоёр хүүхэд манайд орсон. Ёстой хэрэг алгаа. МУИС тийм муу болчихсон юмуу” гэж нэг танил маань хэлэх. Уг нь хамгийн олон шилдэг мэргэжилтнүүд МУИС –аас төрдөг л дөө. Харамсалтай нь юмны муу талыг хүмүүс тодоор олж хардаг хойно. Яг адилхан тархитай толгойтой үе тэнгийхэн нь мундаг сурч чадаад байхад хичээл хийдэггүй, мэргэжлээ буруу сонгосон, айлын эрхийн тэнэг хүүхдүүд МУИС –гэсэн брэндийн нэрийг унагааж байгаа нь ерөөс таалагдахгүй юм. Ганц надад ч биш олон шилдэг оюутнуудад бас таалагдахгүй байгаа. Нэг нь шөнөжингөө сууж даалгавараа хийдэг, нөгөө нь тэрнээс нь хуулаад л адилхан дүн авчихдаг нь шударга биш. Их сургууль бол хүссэн бүхэнд диплом тарааж өгдөг буяны байгууллага ч биш. Манай багш нар ч бас их өрөвчхөн. “Хөөрхийс минь, төгсөх курсынхэн. Ядаж 60 –ыг нь тавиад өгье” гэсээр юу ч чаддаггүй дээд боловсролтонгууд мэндэлнэ. Гурав дөрвөн жил сурчихаад үнэхээр тэнцэж чадахгүй бол өөр хувийн сургуульд шилжээд орж болно, эсвэл угаасаа дургүй залхаж, үзэн ядаж байгаа мэргэжлээ сольж амьдралаа шинээр эхэлсэн ч болно. Монгол хөгжиж яваа орон, ирээдүйд хэн ямар дипломтой нь биш, хэн юу чадаж байгаа нь л хожино. Төгссөн мэргэжлээсээ огт өөр ажил хийж яваа ямар олон мундаг хүмүүс байдаг гэж санана, Монголд.