"Ху" нам өөрсдийгөө Ардын намынхан гэдэг болсноос хойш дангаараа Засгийн газар хурал­даж байгаагүй. Ардчилсан намын­хан Хамтарсан засгаас гарснаар МАН-д одоо төр, засгийн шийдвэ­рийг бие даан гаргах үүрэг оногд­лоо. Хамтраагүй Засгийн газар хоёр ч удаа хурлаа хийж анхны шийдвэрүүд нь олон нийтэд мэ­дээлэгдэж байна.

Эд нар дангаараа гэр сахиад үлдэхээр юу хийдэг бол гэсэн сонирхол олон хүнд бий. Ирэх жилийн шороон үхрийн шинж гэдэг шиг дан Засгийн давын өмнө шийд­сэн шийдвэр дуулиантай. Монголын төрд үлдмэгцээ эхлээд төрийн өмчийг эзэнгүй болгохоос "ажлаа эхлэх" юм. ТӨХ-ны дарга Д.Сугар гээд эдэн дотроо арай шударга, өөрөөрөө дуугар­чихдаг, байгаагаараа байчихдаг нөхөр байлаа. Тэрний шударга зан ба төрийн өмч хоёр нэг дор бай­гаад байвал "ажил явахгүй" гэж үзжээ дээ. Энэ алхаа гишгээ их танил харагдаж байна. Одоо ха­жуу­наас харах хүн байхгүй хэсэгхэн хуга­цаанд МАН-ыг яахаар завдаж буйг таахад тийм ч хэцүү биш болоод явчихлаа. Д.Сугарыг сугалж буй анхны шийдвэр бидний таг март­сан урьдны явдлуудыг эргэн санахад хүргэв. Нээрэн эд нар чинь "Төрөөс төрсөн тэрбумтнууд", "Олигархиу­дын цуглуулгууд", "Газ­рын най­маачид", "Банк дампуу­руулж өөрс­дөө завшсан этгээд", "14 тэрбумыг мөрийтэй тоглоомд өгч ард түмний хөрөнгөөр тоглогсод", "Бороо Гоулдыг гадныханд 30 жилээр өгч авлига авсан"...гэхчлэн дандаа бохир тоглолт хийж тэр бүгд нь цөөхөн монголчуудын дундаа домог болсон нөхдүүдийн бүлэглэл шүү дээ. Хоёр айлын нийлсэн хонь хурга ялгараад ирдэг шиг энэ Засгийн газарт үлдсэн нөхдүүд тэмээнээс содон харагдах юм гээч. Бүр МАХН-аасаа хүртэл ялгарч тусдаа бие даагаад байгаа хөрөнгөтнүүдийн төлөөлөл өнөө­дөр Засгийн эрхийг дангаараа атган дөрвөн сар дураараа жиргэх эрхтэй болоод авлаа. Энэ богино хугацаанд "Энгельсийн гүүр"-ийг ч гүйцээж барьж чадахгүй боловч идэж, ууж, тарааж цацах тал дээрээ ихийг амжуулж чадна.

Улаанбаатар хотын газрыг бүгдийг зараад дээр нь нэмээд Сүхбаатарын талбайг хүртэл ху­ваагаад авч хөлжсөн, томоохон уул уурхайнуудтай холбоотой бүх бу­дилаан, төрийн өмч, банк санхүү, зээл тусламж, одоо болтол гац­чихаад байгаа "Оюутолгой", "Таван толгой" дахь толгой эргэм их мөн­гөний ажил, төслүүдийн цаад эзэд хэн билээ. Хамтарсан гэдэг нэрийн дор замхран нэг мэдсэн чинь бүг­дээрээ л лут ардчилагч нар болж гурван жил олны тархи угаасан байна.

Эдгээр нөхдийг бүр 2004 оны сонгуулиар ард түмэн олоод тань­чихсан, сонголтоо хийчихсэн, улс төрөөс хөөчихсөн байсан. 2008 оны сонгуулиар аанай л ялалт байгуулаагүй ч ялагдаагүй гээд гараад ирсэн. Иргэдийн тэсвэр тэвчээр үнэхээр барагдаж гүйцэж байгаа. Одоо 2012 оны сонгуулиар мөн л бас санаатай. Төрийн эрх мэдэл цөөн гэр бүлийн хүрээнд үргэлж мөнх байгаад байхаар тэднийхэн л дэлхий даахгүй баяжи­хаас бус олон түмэнд хүртээлгүй юм даа. Манай улсын газрын доорхи баялгаас орж ирж байгаа орлого үлэмж болсон нь илт мэдрэгддэг. Дэлхийн хамгийн үнэ­тэй машин өнөөдөр Монголд л борлогдохоос өгсүүлээд олон жишээг олон түмэн нүдээрээ харж байгаа. Даанч тэр нь нийт ард түмний дөчин хувь нь хувхайртлаа ядуурсан энэ оронд хүртээлгүй болчихоод байна. Энэ сценарийг зохиогчид өнөөдөр дангаараа засаг толгойлж суугаа гэж бодо­хоос аймаар.

Улс төр эдийн засгийн бөөн нээнтэгтэй, түүнээсээ болоод хүний нүүр өөд ч эгц харчих зүрхгүй болчихсон МАН-ын Засгийн газрыг дурын бизнесмэн элэг барьж, засаг барьсан эхний өдрөөс нь эхлээд юмны үнийг дур дураараа хөөрөг­дөн элэг барьж эхэлсэн. Банкинд доллар багтаж ядаж байхад эгэл ардад Эрээн явж цагаан сарын оймс авах валютаар гачигдах гаж үзэгдэл үүслээ. Хэт баячууд мөнгө­ний гачаал гэж юу байдгийг огт мэдэхгүй болохоор "Цаагуур чинь хүмүүс юу болоод орилолдоод байгаа юм?" гэж ойр дотны хүмүү­сээ­сээ асуусан болтой. "Муусайн гуйлгачингуудад доллар олдохгүй байгаа гэнэ. Тэгээд ганзага гэдэг юмандаа явж чадахаа байгаад, мах гэдэг идэх юмны үнэ нь өссөн гэнэ ээ. Энэнээс болж аягүй бол бидэнд санал өгөхөө больж болзошгүй" гэж чадан ядан тайл­барласан.

"Тэгвэл тэр долларыг нь гаргаад өгчихөөч дээ. Юун сүртэй юм. Хэд хэрэгтэй юм. Юу л шалиа аж" гээд л үнэ тогтоож байна. Тэргүүн бая­наас гуйх гутамшиг болохоос уг нь сайхан л юм.

Доллараар ард түмнийг даа­паалж байх хооронд шатахуунчид зүгээр суусангүй. Бензин колонкууд бензинийхээ үнэн дээр шүдэнз зурцгаав. Гал алдвал ямар аюул­тайг шатах тослох материал дээрээ биш үнэ ханш дээрээ үзүүлж ха­руулдаг тэдний уламжлалт туршилт амжилттай болов. Хоромхон зуур юмны үнэ бүх шүд нь суларсан эрүү аятай яажийгаад эхэлсэн. Энэ удаа харин Засаг бажгадаж  хуралдлаа. Гол буруутныг хайв. Аль эрт яваад өгсөн Ардчилсан дэд сайд хорло­сон байна гэж араас нь шороо цацацгаав. Энэнд нь бид үнэмших ёстой юм гэнэ. Нөгөө жинхэнэ сайд нь болохоор үргэлж зүв зүгээр огт буруугүй. Тэр нь эрх юм, нялх зай­луул. Атаархмаар, бахархмаар, бас аймаар. Мөн эргэлзмээр.

Засгийн газрын хуралдааны талаарх өөр сонин явдал  сонсож байхад сургуулийн хүүхдүүдийг хэрхэн амраах тухай нэлээн нухац­тай ярьсан байх юм. Гадуур арван хэдтэй хүүхэд хүртэл ядуурлаасаа гутарч архинд донтон дэвтэж амиа алдсан, өөр бусад шатгаанаар өөрийгөө боомилсон нийгмийн хурц асуудлыг бол авч хэлэлцээгүй. Харин түүний оронд өмнөд хөр­шөөс 60 хятад хүүхэд Монголд ирж амрах гэж байна. Хөөрхий тэд даарч бээрчих вий. Дулаан оро­хоор ирэхгүй яагаав дээ хэмээн санаа зовцгоон Засгийн газрыг хурал­дуу­лан Гадаад харилцааны сайд, Шадар сай­дуудаар ахлуул­сан ланжгар том комисс гарган сүйд болцгоосон гэхчив.

МАХН буюу МАН нь Монголын төрийг жолоодсон гээд байдаг боловч одоо эргээд харахад Зөв­лөлтийн заавраар наян жил, дараа нь Ардчилсан хүчнүүдийн дэм тусаар арван жил төрд суусан түүх байдаг. Одоо л нэг дадлагын хуга­цаа нь дууссан оюутан шиг дан­гаараа засаг барих гэж оролдож үзэж байна. Сураагүй юмаа одоо сурах гэж их л чармайж, гайхшраад байх шиг байна. Тэдэнд ёсыг бодож амжилт хүсэхийн ялдамд ийн шүүмж­лэх нь нэг ёсондоо тус хүр­гэж байгаа хэрэг юм даа.