Эрхэм уншигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Миний бие үүний өмнө зөв зохистой хооллолтын суурь ойлголтын талаар бичиж нийтлүүлсэн билээ. Харин энэ удаа таны болон танай гэр бүлийн өдөр тутмын хоол, зохистой хэрэглээтэй холбоотой зарим зөвлөмжийг толилуулж байна.

1.    Насанд хүрсэн хүн хоногт гурав юмуу дөрвөн удаа  хооллох нь зохистой гэж үздэг. Хэрэв хоногт гурван удаа хооллох дэглэмийг баримталбал өглөөд 30%, үдэд 35-40%, оройд 30-35%-ийг, дөрвөн удаа хооллох дэглэмд өглөө 20-25%, бага үдэд 10-15%, үдэд 35-40%,оройн хоолонд 20-25%-ийг хэрэглэхээр хоногийн хоолны цэсээ зохиох нь зүйтэй.
2.    “Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний хоногийн хэмжээний <<Гэр зөвлөмж>>-д зааснаар таны хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний 17%-ийг мах, махан, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10%-ийг жимс, 23%-ийг хүнсний ногоо, 40%-ийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэшиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар тохируулан сонгох, ингэхдээ аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
3.    Улирлын онцлогт зохицуулан хоолоо сонгох хэрэгтэй. Тухайлбал, хавар, зуны улиралд сүү, цагаан идээнээс гадна ургамлын гаралтай хүнс, харин намар, өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.
4.    Өвөл, хаврын улиралд шар лууван, манжингийн шүүс, дарсан байцаа, чацаргана болон аньсны шүүс зэргийг хэрэглэж аминдэмийн хэрэгцээгээ зохих хэмжээгээр хангах боломжтой.
5.    Өдөр бүр нэг аяга шинэ сүү, мөн нэг аяга тараг ууж хэвшвэл таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
6.    Өглөө өлөн элгэн дээрээ буцалгасан ус, зөгийн балтай ус, үзэмний юмуу ээзгийний шүүс хэрэглэж занших нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлэх ач холбогдолтой. Ер нь өдөр бүр исэг идээ хэрэглэж занших нь зүйтэй.
7.    Сүү, цагаан идээг тогтмол хэрэглэх нь шүд, ясыг бат бэх болгож хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих үйлчлэл үзүүлнэ.
8.    Шинэ болон тослог багатай  сүү,  шар сүүний ундаа, хярам зэрэг нь цангааг сайн тайлахаас гадна эрүүл мэндэд ихээхэн тустай юм.
9.    Тос багатай цагаан идээ нь кальци, аминдэм, фосфор, уураг зэрэг шимт бодис ихээр агуулах боловч биеийн жин нэмэгдүүлдэггүй.
10.    Загас, тахианы махыг долоо хоногт нэг удаа хэрэглэх, хиамны төрлийн утлагатай бүтээгдэхүүнийг долоо хоногт 300-600 граммаас хэтрүүлж болохгүй.
11.    Загасны мах нь тахиа, таван хошуу малын махтай харьцуулахад тос багатай байдаг тул биеийн жингээ хасах бол түлхүү хэрэглэх нь зүйтэй.
12.    Өндөг нь уургийн сайн эх үүсвэр хэдий ч долоо хоногт 4 ширхэгээс ихгүйг 2-4 удаа хэрэглэхэд зохистой  гэж үздэг.
13.    Өмнөх номнолоор хоолны төгсгөлд амтлаг хоол буюу десерт хэрэглэх нь зохимжтой гэж үзэж байсан.  Гэтэл мөхөөлдөс, чунц, бялуу, жимс зэрэг нь бусад хүнстэй төдийлөн зохицдоггүй байна. Иймд хооллосны дараа амтлаг хоолыг аль болох бага хэрэглэвэл зохино.
14.    Хоол идэж дуусмагц бохь зажлах нь буруу. Харин хооллож дууссанаас хойш 10-15 минутын дараа зажилбал шүд цэвэрлэхэд тустай.
15.    Хоол болон ундааны зүйлийг  аль болохоор нэг дор биш, тус тусад нь хэрэглэж хэвших нь чухал.
16.    Түрүүлж идэх хоол нь шинэхэн түүхий ногооны шанцай /нэг удаа хэрэглэх хоолны 20-50%/, дараагийнх нь нүүрс устай буюу уурагт хоол байх нь зохимжтой бөгөөд үдээс хойш уурагт хоол хэрэглэхийг аль болох хязгаарлах хэрэгтэй.
17.    Вандуй, шар буурцаг, шошийг махны оронд хэрэглэх, түүнчлэн сүү, цагаан идээ, үүний дотор бяслаг, аарц зэрэг нь мах орлох чанартай. Махнаас авах уураг, В аминдэмийг сүү, цагаан идээ, буурцаг, өндөгнөөс авч болно.
18.    Жимс, ногоог аль болох их хэрэглэхийг хичээх хэрэгтэй.  Ялангуяа цэцгэн толгойт байцаа /броколли/, шанцайны навч, бууцай зэрэг хар, ногоон өнгийн, шар лууван, шаргал өнгийн төмс, шар буурцаг, вандуй, шош зэрэг шаргал өнгийн, хурц, байгалийн гаралтай будагч бодис бүхий ногоо, ургамлыг тогтмол бөгөөд ихээр хэрэглэх нь зүйтэй. Энэ төрлийн хүнс нь аминдэм, эрдэс бодисоор баялаг байдаг. Аминдэмийг нь хадгалахын тулд ногоог түүхийгээр хэрэглэх, эсвэл жигнэж идэх нь зүйтэй.
19.    Улаан лооль нь В,С,Р аминдэм, каротинаар баялаг ногоо бөгөөд цусны даралттай, бөөрний өвчтэй хүмүүсийн эмчилгээнд тустай, бас түүнд агуулагддаг зарим бодис зүрх судсыг хамгаалдаг. Улаан лоолийг байнга хэрэглэж байвал хөгшрөхгүй, арьсны өнгө сайжирдаг байна. Харин гүйцэд боловсроогүй ногооноороо байгаа  лоолийг идэх хэрэггүй гэж эмч нар зөвлөдөг. Түүнчлэн мэс засал хийлгэхээс өмнө, гэдэсний хурц үрэвсэлтэй, нянгийн халдвар идэвхтэй байгаа үед улаан лооль идэхийг хориглодог.
20.    Цэцэгт байцааг хоолондоо тогтмол хэрэглэж дадвал ханиад, чийг бам тусахгүй, дуу хоолой сайхан байна. Энэ ногоог их идвэл К аминдэмээ нөхөж судасны хана бат бэх болж улмаар зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгадаг байна. Мөн цэцэгт байцааг хоолондоо тогтмол хэрэглэж хэвшвэл хөхний, шулуун гэдэсний, ходоодны хавдар зэргээс урьдчилан сэргийлдэг ажээ.
21.    Ногоо, жимсний зүйлийг дулааны боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь хэрэглэвэл бие организмд  илүү ашигтай бөгөөд хоол болосруулах ажиллагааг идэвхжүүлдэг сайн талтай.
22.    Жимс, түүнчлэн шүүс, цай, компот, ус зэрэг ундааны зүйлийг хооллохоос 10-30 минутын өмнө хэрэглэж, өглөө, өдөр, оройн хоолонд жимсээр дангаар нь хийсэн хоолны төрлийг заавал оруулж байх нь зүйтэй. Ер нь шингэн зүйл болон жимсний төрлийн хүнсийг дангаар хэрэглэх нь зохимжтой.
23.    Жимс, ногооны шүүсийг бага багаар аажуу залгиж  уух хэрэгтэй.

24.    Үр тариа, хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх шаардлагатай бол харин өөх тос, махыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд хангалттай.
25.    Үр тариан (талх, гоймон, будаа) бүтээгдэхүүн нь цатгахаас гадна биед хэрэгтэй аминдэм, эрдэс бодис өгдөг. Гэхдээ илчлэг ихтэй тул ногооны шанцай, өөх тос багатай махан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь зохимжтой.
26.    Арвайн гурил, хэвэг, хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж заншвал таны эрүүл мэндэд тустай.
27.    Хоол боловсруулах ферментийн үйлчлэл нь хоол ундааны температур хүний биеийн температуртай хичнээн ойролцоо байх тусам идэвхтэй байдаг тул хоолыг хэт халуун, бас хүйтэн биш, тохирсон температуртай хэрэглэж занших хэрэгтэй.
28.    Түрүүлж идэх хоол нь шинэхэн түүхий ногооны шанцай /нэг удаа хэрэглэх хоолны 20-50%/, дараагийнх нь нүүрс устай буюу уурагт хоол байх нь зохимжтой бөгөөд үдээс хойш уурагт хоол хэрэглэхийг аль болох хязгаарлах хэрэгтэй.
29.    Хооллох дургүй байхад хүчээр хоол идэх, жинхэнээсээ өлсөөгүй байхдаа эмгэгийн улмаас  хиймлээр “өлсөж” хоол  идэхийг цээрлэх ёстой.
30.    Хоолыг ямар ч тохиолдолд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Их идсэнээс үүдэж өвчлөлт үүсдэгийг  цаг ямагт анхаарах хэрэгтэй.