Шинэ юм эхлэхээр л хуучин тархинууд хойш нь татах юм. Сайн мэдээ хүлээхээр л муу нь түрүүлж ирээд байх юм. Цаг үеийг ийм л садаанууд нь цөвүүн болгодог бололтой. 

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн хамгийн сонгодог заалт буюу 10-6-д заасан төрийн албан хаагч намын харъяаллаас түдгэлзэх тухай заалт харин энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байгаа билээ.

Төрийн албанд нийт 140 мянган албан хаагч ажилладгаас 99 мянга гаруй нь буюу 70.3 хувь нь улс төрийн намын гишүүн бус гэсэн тооцоо гарчээ. Энэ тооцоо чин үнэндээ жаахан дэгс гарсан дүн байж  мэдэхээр санагдаж байна.140 мянгын  42 мянга нь л улс төрийн намын гишүүн байна гэсэн дээрх албаны мэдээ итгэхэд бэрх эргэлзээ дагуулж байна л даа. Үнэн хэрэгтээ намын  батлахтай төрийн албан хаагчдын дийлэнх хувь нь МАХН-ын гишүүд байгаа нь нууц биш. Ах нам арай гишүүдээ нууцаар авч үлдэх арга чарга хайж байгаа юм биш байгаа гэсэн хар төрж байна. Энэхүү хардлагыг маань эрхэм гишүүн Су.Батболдын санаачилж гэнэт өргөн барьсан баг, хороодын засаг дарга нарын албан тушаалыг улс төрийн болгох тухай хуулийн төсөл улам лавшруулж орхив.

Төрийн албанд хийж буй асар том шинэчлэлийн үйл явцыг дундаас нь саармагжуулж, төслийн нэр хүндийг сэвтээсэн эхний садаа энэ болов. Хоёронтой парламентын гишүүнээр сонгогдон гялалзаж яваа, XXI зууны шижигнэсэн залуу улстөрчийн сэргэг тархины хаанаас нь ийм балай, хуучинсаг, ичиж үхмээр идей гарч ирдэг байнаа гэж хүмүүс дуу алдан халаглаж байна.

Бид шинэ эринд хөл тавиад ес дэхь оноо угтлаа. Шинэ эрин ирчихээд байдаг. Шинэ тархи гарч ирдэггүй. Шинэ жор, шинэ алхам, шинэ давалгаа хүсэн хүлээсээр залхаж, улс орон даяар нэлэнхүйдээ гунигт хүлээлтийн гашуун саарал амьдралд шилжлээ. Бүх юм хуучин технологиор, хуучин сэтгэлгээгээр, хуучин арга барилаар явсаар... Амьдрал өдрөөс өдөрт улам бурангуй болж, нийгмийн цээжин дэх гэрэл сүүмийж байна шүү дээ.

Су.Батболд уг нь нэртэй хүний, зүстэй хүү юм гэсэн. Харамсалтай нь сэтгэлгээ нь мориныхоо уяанаасаа хэтэрсэнгүй. Лу.Гантөмөр шиг байж чаддаггүй юм гэхэд Батэрдэнэ аварга шиг байгаад байж болноо доо. Багийн даргыг батлахнаас нь салгах гэж л наад хууль чинь гарсан биз дээ…гэсэн гашуун үг  шидмээр санагдаад болж өгсөнгүй. Эрхэм гишүүн уучлана биз ээ.

Монголын хөдөөд улс төр Улаанбаатарын утаанаас дутуугүй гамшиг болчихоод байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

Та бид хоёр адилхан хөдөөний хүүхдүүд. Талын цагаан сууринг минь танайх манайх болгоод тараагаад дууслаа шүү дээ. Эгч дүүс үс гэзгээ зулгаалдаж, эхнэр нөхөр хоёр эрээн гэртээ багтахгүй хэрүүл хараал болсныг энэ сонгууль харуулаад өгсөн.

Уянга яруу нутгийг минь улаан батлахаар шүршиж дуусгасан улс төрөөс нь одоо ангижруулмаар байна.

Уг нь багийн даргад улаан батлах биш улаан яав нь хэрэгтэй. Сонин ганзагалаад давхиж явдаг байсан багийн дарга нар шал өөр улсууд болон хувираад удаж байна. Энэ гамшгаас нь салгах гэж ядаж байхад садаа болж хэрэггүй биш үү. Багийн даргыг батлахаар богтолж, булхай болгоныг хийлгэж ирсэн бохир жишгээсээ салцгаая л даа.

Муу эрд халдага дараа, багийн даргад батлах дараа биш үү.