Иргэний  Зориг нам гэж  хаашаа яваагаа мэдэхээ байсан нам бий боллоо. Элдэв намтай нэгдэнэ эвсэнэ, төд удалгүй сална сарнина. Эцэс сүүлд нь Ногоон намын даргыг цөөн хэдэн хүнтэй нь залж авчирч  аль ч үгүй болгоод өвөртөө хийлээ. За тэр нь ч дүүрч гэж бодъё.  С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл гэсэн гурван толгойтой болоод авлаа. Гурвын гурван толгойтой нам гэж хаана байхав дээ. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн шиг намаа дундаа удирдах юм гэнэ. Эдний намын түүх анх Ардчилсан намаас хэдэн нөхдийг С.Оюун урвуулж авснаар эхэлж  байсан. Сая хурлаа хийж гурван толгойтой боллоо гэж жигтэйхэн хөөрөв.

Ингэтлээ юунд хөөрнө вэ. Гур­ван толгойтой байлаа ч чогчиго хэвээрээ л байна. Ер нь гурвын гурван толгойтой боллоо ч хоёр том намын өөдөөс тулалдаж ча­дах уу. Чогчиго бүргэдэд бариулж л таараа.  Яг үнэндээ гучин толгой­той болоод ч барахгүй. Гэвч чаддаг зүйл нь Иргэний зориг нам анх Ардчилсан намыг хувааж, хагалж  байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл  Ардчилсан намын саналыг зулгаасаар ирлээ.

С.Оюун хамаатан садан найз нөхдөө Ардчилсан намаас аваад гарсан нь гарч Ардчилсан намыг хагалсан анхны тохиолдол бай­лаа. Энэ замналаараа Б.Жаргал­сайханы Бүгд найрамдах намтай нийлсэн ч төд удалгүй аашаа үзүүлж хоёр тийш болсон. Дараа нь Ногоон намын дарга асан Д.Энх­­батыг оосорлож аваад аль ч үгүй болгож орхисон. Учир нь Иргэний зориг Ногоон нам нэрийг Дээд шүүх өгөөгүй. Дарга нь Иргэ­ний зоригт дагаар орсныг эс тооц­вол ард нь намын гишүүд нь нам­тайгаа үлдсэн хэрэг.

Дээрх намууд ч бас дандаа Ардчилсан намын саналаас зул­гаагчид. Тэд ардчиллын буянаар гарч ирээд ардчилалд дандаа гай тарьж  байснаас гавьяа байгуулж  байсангүй. Ардчилсан намын саналаас зулгаагч намууд дээр "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын нам ч бас орно. Аз таарч намынх нь ганц нэг хүн сонгуульд ялсныг эс тооц­вол бусад тохиолдолд компанийн эзэд болох намын дарга нар нь л ялж гарч ирж байсан. Ардчилсан намаас салан тусгаарласан, сана­лаас зулгааж байдаг нэг биш нэ­лээд хэдэн нам бий. Хачирхалтай нь хувь хүнийх гэж хэлж болохоор дээрх намуудын дарга нь хорин жил ч солигдохгүй байх нь элбэг байна. Сүүлийн үед М.Энхсайхан МҮАН гэж байгуулаад мөн л Ард­чилсан намд тээг болох гээд инээ­дээ барьж ядаад явж байна.

Ардчиллыг самрагч жижиг гэг­дэх намууд санаатай санаанд­гүйгээр ардчилалд Ардчилсан намд мөн ч гай удлаа. Эдний энэ үйлдэл бараг л санаатай юм шиг санагддаг юм. Учир нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд хуучин Ху нам буюу одоогийн Ардын намын­хан эднийг улс төрийн тавцан дээр байлгаж, тэжээж, тэтгэж өөгшүүлэн дэмжиж ирсэн. Энэ нь үе, үеийн Засгийн газарт өнөөх л намуудын төлөөлөл яаж ийгээд шургалчих­сан байдгаас харагддаг. Нэг ёсон­доо Ардчиллаас санал зулгаас­ныхаа шагналыг тэгж авдаг бо­лол­той. Дээрх намууд хэзээ ч Ху намын саналаас хувааж байсан­гүй. Ху нам сонгуульд ялбал хуй­валдаж тэврэлдээд ямар нэгэн албан ту­шаал сайд дарга болчих­но. Тий­мээс ч энэ байдалдаа дас­чихаж. Цаашид ч үргэлжилсээр байх нь.

Ардчилсан нам ардчиллын төлөө зүтгээд зүтгээд ганц удаа л ялалт байгуулж байлаа. Бусад хугацаанд  жижиг гэх намууд ард­чиллаар хорин жил тоглолоо. Ард­чилсан намаар хорин жил даажиг­налаа. Үүний үр дүнд Ард­чилсан нам хохирч Ардын намын­хан хож­лоо. Ардчилал бүрэн ут­гаараа хэрэгжихгүй өдий хүрлээ. Түүнээс биш энэ хорин жилийн хугацаанд Монол Улс Азийн бар болчихвол болчихоор байлаа. Дээрх намууд голдуу хувийн ком­панийн эздийн намууд учраас тэд улс орон ард түмнийг түй ч гэж боддоггүй. Энэ сонгуулиар жижиг намууд бүр олон толгойтой тоо толгой нь олширч байна. М.Энх­сайханы нам Ардчил­сан намд гай болж, Н.Энхбаярын нам Ардын намынхны зүрхэнд хүрч эхэллээ. Тэгэхээр одоо "Эрэл"-ийн Б.Эрдэ­нэ­бат, С.Оюун, Б.Жар­галсайхан нарын жижиг намуудын санал хуваахаас сэргийлж дарга нарт нь тойрог өгөөд ирэх сон­гуульд хам­тарч, эвсэж оролцвол Монголд ардчилал нэг ялах магад­лал өндөр. Гурван толгойтой бол­лоо ч Ард­чилалд хайртай бол үүнийг хийх л хэрэгтэй. Түүнээс бус гучин тол­гойтой боллоо ч нэгэнт ялахгүйгээс хойш эвсэх замыг сонгосон нь дээр. Энэ л хамгийн энгийн логик, хам­гийн эрүүл ухаан болж таарна. Ингэж чадвал Ард­чил­сан намын дарга хэн байх нь хамаа алга эвслээ байгуулж, эргэх гурван холбоогоо алдахгүй зөв сонголт хийж зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал ялалт ирнэ. Тэг­вэл ард түмэн ч та нарыг дэмжинэ. Ардын намынхан яаж байна. Сайд, дэд сайдуудыг томиллоо. Ичмээр л томилгоонууд харагдлаа. Дэд сай­дууд нь л гэхэд баахан бизнес эрхлэгчид байлаа. Олны ярьдгаар   мөнгөний сайдууд гэдэг нь болол­той юм.  Гэхдээ нэг сайн тал байна. Үе үеийн төлөөллийг тэд оруулж чадаж байна. Эргэх холбоогоо тасалдаггүйгээ харуулж байна. Түүнээс биш сайд, дэд сайдуудын сонголтыг зөв гэсэнгүй. Одоо Ард­чилсан намынхан нэгдэж, эвтэй байж, дээр нь жижиг намуудтай эвсэж энэ сонгуульд орох цаг нь болжээ. Тэгэхгүй бол Египетийн Мубаракийн дэглэм л монгол ху­вилбараараа үргэлжилж засаг барьсаар байх болно.