“Ярилцъя” энэ удаа 2008 оны сонгуулийн дараа болсон “7 сарын 1”-ний хэрэг явдлын улмаас дөрвөн жил шахам ээрэгдэн шалгагдаж, эцэстээ шүүхээр яллуулахдаа тулаад буй Цагдаагийн хурандаа Ш.Батсүхтэй та бүхнийг уулзуулж байна. Түүнд үүнээс ч илүү дотроо уудлах өдий өдий зүйл байгаа. Гэвч угийн дуу цөөтэй, хэлэмгий доломгой биш тэр хүнээс илүү ихийг шалгаах боломж байсангүй.

Цагдаагийнхаа сэтгэлд үлдсэн дарга нар цөөхөн байдаг. Ш.Батсүх бол тэр цөөхнүүдийн нэг. Хазайсан, ялимгүй сагасан цэргүүдээ яль шалихгүй юмаар өөлж байгаад гаргаад чулуудчихдаг дарга нар энэ айлаар дүүрэн байдаг. Харин Ш.Батсүх тэгдэггүй. Өөрөө л тулдаг. Тэсэрсэн үедээ оруулж ирээд дэмий тэнэтэл нь ганц сайхан “шанаа” өгчихөөд гар гэдэг. Ингэж өршөөдөг, ингэж шийтгэдэг. Энэ өршөөл нь тэднийг ахиж алдуулдаггүй тухай цэргүүд нь бахархан ярьдаг. Сүрлэг чанар, тэгсэн атлаа нинж зөөлөн дотор, гаднаасаа бол халдашгүй цог хийморь. Үнэт зүйлээрээ ийнхүү  үргэлж цэргүүдийнхээ дотор оршиж амьдрана гэдэг хожим юуг ч туулаад гарах хүч болон хувирдаг бололтой.   



-Хурандаа тантай олон жилийн дараа уулзаж байна. Цагдаад гялалзсан  амжилтуудаараа ялгарч явсан ид үед тань олон удаа ярилцлагын ширээний ард сууж байжээ?


-Тийм ээ, нэлээн хэдэн жилийн дараа уулзаж байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст би чинь нийтдээ 12 жил ажилласан юм шүү дээ. Цагдаагийн байгууллага, тэр дундаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст баярлаж явдаг юм. Залуу ч байж, хэзээ хаана, юу тохиолдохыг мэдэхгүй зүтгэж явсан үеүүд минь. Эргээд санахад бүтнээрээ надад сайхан санагддаг.

 -Та өнөөдөр амьдралынхаа ээдрээтэй, хүнд хэцүү үеийг өнгөрөөж яваа байж магадгүй. Нэртэй төртэй хурандаа гэмт хэрэгтэн “болчихсон”  дааж давшгүй ял зэм үүрчихээд явж байна. Тэгсэн атал бараг дөрвөн жил юу ч дуугарсангүй. Ингэхэд ер нь юу болоод байна вэ. Буруутгагдаж байгаа цагдаагийн ар гэрийнхний цөхрөл гомдол. Нөгөө талд нь хатуу байр суурьтай хохирогчид байж байдаг. Одоо таны байдал ямар байна вэ. Хоёулаа сайхан дэлгэрэнгүй яръя л даа?


-2008 оны 07-р сарын 01-нд  болсон хэрэг явдлын улмаас ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш. Батсүх миний бие, Нийслэлийн Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар бид дөрөв энэ хэрэг дээр шалгагдаад бараг дөрвөн жил болох гэж байна л даа. Энэ тухай бараг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа байх. 2008 оны 07-р сарын 01-ний тэр өдөр бол монголын шинэ үеийн түүхэнд тохиосон хамгийн хар өдөр гэж би боддог. Үнэхээр хүн болгон телевизээр, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр нүдээрээ үзэж харсан. Ямар хүнд өдөр байсан билээ. Ямар нөхцөл байдал үүссэн билээ. Хэдэн бор цагдаагаа аваад л орсон шүү дээ. Ярихаас ч дургүй хүрч байна. 

-07-р сарын 01-ний яг урд шөнө та нар бэлэн байдал зарласан байсан уу?

-Урд өдөр нь шуудан дээр хүмүүс бас жагсаал цуглаан хийгээд төв замыг хаачихсан. Тэгээд л манай эргүүл хамгаалалтын газрынхан, бас дүүргийн цагдаа нар л энийг тараасан шүү дээ. Тэгээд яахав 07-р сарын 01-ний өдөр Сонгуулийн Ерөнхий хороон дээр хэдэн цагдаа хамгаалалтанд гаргаж ажиллуул, хүмүүс дайрч сонгуулийн хуудсыг булааж авч магадгүй гэж бид нарт үүрэг өгсөн. Үүрэг хүлээж аваад тэнд хамгаалалт хийж байсан. Өдрийн 13 цаг өнгөртөл. Тэгж байтал тэр жагсаал цуглаан Сүхбаатарын талбай руу шилжсэн.

-Эргүүл хамгаалалтын газрын 07-р сарын 01-нд ажилласан бүрэлдэхүүний тоо яг хэд вэ?

-289 алба хаагч ажилласан. 10-аад машинтай. Эргүүл хамгаалалтын газрын нийт бие бүрэлдэхүүн бүгд энд татагдаж ирсэн.

-Одоо тэр нүүрэн талд ажиллаж байсан бамбайтай цагдаа нар бүгд  танайхан уу?

-Тийм. Манайд байгаа юм маань л 150 бамбай, каск байсан. Энийгээ  289 цагдаа маань хоорондоо сольж өмсдөг. Дүүргийн нэг цагдаагийн хэлтэс гэхэд 10-аад бамбай, касктай л байсан ш дээ. Манайх хамгийн олон бамбай, касктай байсан нь тэр.

-Гэхдээ л бие бүрэлдэхүүнийхээ 50 хувийг ч бамбай, каскаараа хангаж чадаагүй юм байна шүү дээ?

-Тийм ээ. Бидний байгаа байдал маань л энэ байсан.

-Нэмэгдэх юм нь бороохой, гав уу?

-Тийм, манайхан 13 цаг 45 минут гээд л талбай дээр шилжиж хамгаалалт хийсэн. Зарим нь намын байрны хажуу талаар хамгаалалт хийж, зарим нь жагсагчдын аюулгүй байдалд анхаарал тавьж ажиллаж байсан. Үнэндээ бид нар хуучин болдог байсан шигээ зүгээр л жагсаад, жаахан хашгирч хэл үг хийж байгаад тардаг шигээ л тарах байх гэж бодож байсан. Тиймэрхүү байдлаар л өнгөрнө гэж санаад тэнд хамгаалалт хийж байсан. Сүүл рүүгээ бүр 15-16 цагийн үед бүр олон хүн нэмэгдэн цуглаж, үнэхээр байдал хүндрээд ирсэн.

-Танай 289 -ээс нийтдээ хэдэн цагдаа бэртэж гэмтсэн бэ?

-Нийтдээ 170 гаруй цагдаа бэртэж гэмтсэн.

-Нас барсан хүн байгаа бил үү?

-Манай эргүүл хамгаалалтын албанаас хоёр хүн нас барсан байгаа. Тайванхүү, Эрдэнэ-Очир гээд хоёр алба хаагч. Энэ хоёр цагдаа тэр үед хүнд  гэмтэж, түүнээсээ болоод өвчин нь хүндэрсээр байгаад л хоёулаа өнгөрсөн.

-Тийм үү. Үнэхээр харамсалтай байна. Нэг цагдааг аймаар зодож байгаа бичлэг байдаг. Ясыг нь хугарчихаад байхад л бөөнөөрөө төмрөөр нүдээд байсан?

-Тэр өдрөө хоёр цагдаагийн хөл нь хугарсан. Хөл нь хугарчихаад босч чадахгүй хэвтэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд олж авсан байдаг байхгүй юу. Юу болж байсан билээ дээ. Одоо хүмүүс мартчихаад улс төрийнхний тодорхой зорилготой гаргаж тавьж байгаа зүйл дээр л ярьцгааж байна. 

-Та өөрөө хэзээ ирсэн бэ?

-Би өдөр 14 цаг гээд л ирсэн. Өдөр 14-15 цагаас өгсүүлээд л телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд сурталчлаад л залуучуудыг бөөн бөөнөөр нь авчирч байсан. Тэгээд л эмх замбараагүй байдал үүсч, МАН-ын байрны гадаа О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан энэ тэр чинь чанга яригчаар янз бүрийн сурталчилгаа хийгээд л залуучуудыг цуглуулаад, уриалан дуудаад л, тугаа солиод л ингээд эхэлсэн. Бид нар ч тэр жагсаал цуглаан зохион байгуулж байгаа хүмүүст “Энийгээ аятайхан  тараа, ёс журам хууль зүйн дагуу жагсаалаа хий” гэдэг шаардлагыг тавьж байсан. Би ч гэсэн тэр үед нь бас л хэлж байсан. Гэтэл бүр хүндрээд байсан. Тэгээд дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн болон бусад албадуудаас нэмэгдэл хүч татаж ирсэн. Тэгээд л 17 цагаас хойш хашаа машааг нь сугалж аваад, чулуун нүүдэл, галдан шатаалт эхэлсэн. Үнэхээрийн тэнд цагдаа хүч хүрэхээ байгаад эхэлсэн. Манай тусгайгийнхан нэмэгдэж ирлээ. Ер нь тэнд цагдаагийн бие бүрэлдэхүүн, нийслэлийн цагдаагийн хэмжээнд ажиллаж чадах бүх хүч хэрэгсэл ажилласан шүү дээ. Сүүлдээ Төв аймаг, Дарханаас бүрэлдэхүүн дуудаж ирүүлсэн юм шиг байгаа юм. Би тэр үйл явцыг бол сайн мэдэхгүй. Сүүлд нь сонсож байхад Налайх, Дархан, Төв аймгийн цагдаагийн хэлтсээс ирсэн юм шиг байгаа юм. Нийтдээ 1300 аад хүн энэ жагсаал цуглааныг хамгаалсан. Миний мэдэж байгаагаар манай хамгаалалтын хүчнээс энд бол хэд дахин давуу хүч жагсаал цуглаанд оролцсон. Яагаад гэвэл тэр урд өдөр нь л Ардчилсан нам энэ талбай дээр телевиз зоогоод хөл бөмбөг үзүүлнэ гэж сурталчлаад, дараа нь шоу болно гэж сурталчлаад эхэлсэн. Тийм учраас урьд өдөр нь ч гэсэн нийслэлийн цагдаагийн газраас эд нарт бас анхааруулга өгөөд байсан. Ингэж болохгүй шүү гэж. Тэрийг ерөөсөө хэрэгсэхгүй байсан. Шоу болно гэдэг сурталчилгааг хэтэрхий их цацсанаас болж их олон залуучууд төөрөлдөж цугласан. Тэрийгээ ч хэлдэг.

-Шүүхээр яллагдах гэж байгаа нэр бүхий цагдаагийн дарга  нар  ерөөсөө байр сууриа илэрхийлж ингэж ярьсангүй. Гэтэл энэ хэргийн эргэн тойронд толгой эргүүлсэн үй түмэн мэдээлэл цацагдсан. Би танаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм?

-Нэгэнт би танд сэтгэлээ нээж байгаа болохоор та асуух гэснээ асуу л даа. 

-Тэр өдөр цагдаа нарын хоорондоо үүрэг даалгавар өгөлцөж, харьцаж байсан гар станцын бичлэгүүд устсан гэж нэг баримт байдаг. Жишээлбэл, Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт гэдэг хурандааг тэр орой голлон үүрэг чиглэл өгч байсан, станцаар байдгаараа хашхирч байсан түүний бичлэгүүд устчихсан гэж тодорхой эх сурвалжууд мэдээлдэг юм. Тэгэхээр тэр үүрэг тань руу л ирж байсан болов уу. Тэр бичлэг алга болсон нь үнэн үү. Станцаар ирж байсан бичлэгүүдийн талаар ярих бололцоо байна уу?


-Би нийслэл дээр ямар бичлэг хийгдэж байсныг мэдэхгүй ш дээ. Би бол Эргүүл хамгаалалтын газрын дарга байсан хүн. Тэр өдөр үүрэг биелүүлж байсан. Алба хаагчид маань бэртэж гэмтээд, нийслэл хотын төв цэгт онцгой нөхцөл байдал үүсчихээд, хүч хүрэлцэхгүй, дээр нь янз бүрийн байдлаар хуран цугласан олон хүний аюулгүй байдал гээд хэцүү биз дээ.

-Тань руу л станцаар ярьж байсан байгаа шүү дээ. Би танд ирж байсан тушаалын тухай асуугаад байна л даа. Мэдээж зовлон хүмүүсийг нэгтгэдэг юм болохоор одоо та дөрөв бол нэг баг болчихсон байгаа байх л даа?

-Бид нар цөмөөрөө л нэг дор нэг үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн онц байдал зарлах тухай зарлиг гарсан. Бид зарлигийг хэрэгжүүлээд л ажиллаж байсан. Зөвхөн манай 289 хүнээс гэхэд л 170 гаруй нь бэртэж гэмтээд эмнэлгийн анхны тусламж ч авч чадахгүй үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан. Орой 23 цаг 30 минут хүртэл бид нар галдан шатааж, эвдэн сүйтгэж байсан гол цэг дээр ажиллаж байсан. Зарим хүмүүс монголын цагдааг МАН-ын байрыг, олигархиудыг л эцсээ хүртэл хамгаалж байгаад энэ байдалд хүрсэн гэж ярих юм. Тэр чинь зөвхөн нэг намын байр биш л дээ. Ард түмний өмч хөрөнгө шүү дээ. Тэр галлерей, тэнд байрлаж үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдыг яах юм бэ. Ар талд нь архитектурын бас нэг байгууллага байсан. Тэд нар шатаад эхлэсэн. Тэр олон хүний амь насыг, улс нийгмийн өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор л энэ цагдаагийн байгууллага өөрсдөө зодуулан нүдүүлэн, хараалгаж доромжлуулан байгаа хүчээрээ ажилласан шүү дээ.

-Одоогоос арван хэдэн жилийн өмнө тантай нэг ярилцаж байхад танай цагдаа нараас хэдийг нь ч билээ бас  “Ганц худаг” руу аваад явчихсан, та аягүй бухимдаж байж билээ. “Дурын юмнууд нь миний цагдаа нарыг аваачиж ачаад байх юм бол бид Төрийн өмнө хүлээсэн үүргээ яаж гүйцэтгэх юм бэ” гээд л?

-Нээрээ нэг тийм юм болж байсан байх шүү. Гурван цагдааг маань аваачиж хорьчихоод би бухимдахгүй юу.  Бид тушаал өгч өдөр шөнөгүй ажиллуулчихаад эцэст нь хилсээр элдэв юм тулгуулаад л ачуулаад байж болно гэж үү. 

-Таны сэтгэлд байсан тэр төрийн цагдаа гэх ойлголт, цагдаагаас хурандаа хүртлээ энэ албанд зүтгэсэн, нэр төртэй ажиллаж амьдарсан, олон сайхан “цэргүүд”-ээ ажил амьдралд нь хүргэж, тэдэндээ дарга шиг дарга явсан гэх тэр бахархал одоо байгаа юу. Та одоо ч төрийн цагдаа гэж өөрийгөө боддог хэвээрээ юу. Одоо бол цагдаа төрийн үйлчилгээний ажилтан. Гэвч энийгээ мэддэггүй. Толгой дээрээ нэг шонхор залчихаад л төрийн цагдаа гээд зүтгэж байдаг. Тэгээд төрийг ард түмнээс хамгаалж байгаа юм шиг буруу үүрэг гүйцэтгэдэг. Төрийн байшинг тойроод юм л бол зогсч байдаг. Энэ дээр та нэг задлаад яриач. Хуучин үеэс тогтсон ойлголтын зөрүү жишээлбэл таны таны тархинд одоо байдаг уу?

-Би бол цагдаагийн байгууллагад л бүх амьдралаа зориулж яваа хүн. Энэ албанд зүтгэсэн хугацааныхаа нэлээн олон жилд нь удирдах ажил хийсэн байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст анх 1990 онд орлогч даргаар нь ирж байсан. Дараа нь хэлтсийн дарга болсон. Нийтдээ Сүхбаатар дүүрэгт 12 жил, Баянгол дүүрэгт дөрвөн жил, Эргүүл хамгаалалтын газрын даргаар хоёр жил ажиллажээ. 2008 оны 12-р сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд би олон зуун цагдаа нарыг удирдан ажиллаж байсан. Дандаа сайхан залуучууд байсан. Арван ёстэй, 20 дөнгөж гарч яваа, хорин хэдтэй залуучуудтай ажиллах сайхан шүү. Үнэхээр бахдалтай сайхан үедээ бахдалтай сайхан. Алдаж оночих гээд араас нь сэтгэл оюунаа чилээн зовж байсан ч тугийн дор, тушаалын дор амьдарч, залуу насаа өгч явааг нь хараад хайрлахгүй байхын аргагүй. Өөрийнхөө үр хүүхэд шиг л ээнэгшдэг юм даа. Миний сэтгэлд тэд маань миний хүүхдүүдтэй яг адилхан.

-Жаргахаа ч мэдэхгүй зовохоо ч мэдэхгүй цагдаагийн албанд ирж, орон гэр ч үгүй, өмссөн хувцастайгаа л залуу насаа өнгөрөөдөг шүү дээ?


-Монгол улсын төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг алба. Зарим үед бид нар ядарч ч байсан. Ерэн онд цагдаа өмсөх ч хувцасгүй л байсан ш дээ. Тэр үед бид  энэ муу хэдэн цагдаагаа яавал цалинг нь нэмчих үү, нэг өдөр сайн ажиллавал  10 хувь нэмчих юмсан, 20 хувиар цалинг нь нэмчихвэл яах бол гэж л боддог байсан. Тэр сэтгэлийн минь үр дүн гарсан байх гэж боддог юм. Миний 1992 онд цагдаагаар ажилд авч байсан улсуудын зарим нь өнөөдөр  хурандаа, зарим нь дэд хурандаа нар, хошууч нар болчихсон явж байна. Үнэхээр би өөрийнхөө ажиллаж байсан тэр хүнд үеийг эргэн бодож, энэ алба хаагчдаараа бахархдаг. Аягүй олон улсууд өнөөдөр “Дарга аа, баярлаж явдаг шүү” гэдэг үгийг надад хэлдэг. Цагаан сараар байнга ирж золгодог. Саяын цагаан сараар аягүй олон хүмүүс ирж золгож байна. Гадна дотно яваа нь утасдаж дарга минь юу болж байна гэж санаа нь зовон асууж сурж байна. Намайг хүндэтгэж хайрлаж байгааг нь хараад би бас муугүй дарга байсан юм байна шүү гэж өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Ерэн оноос хойш Сүхбаатар дүүрэг дээр ажиллаж байхад ямар хүнд үе байсныг хүн болгон мэдэж байгаа. Ямар их жагсаал цуглаан болдог байсан билээ.  Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёр нь хэн засгийн эрхийг авна, нөгөө нь эсэргүүцэж дандаа л хоорондоо тэмцэлддэг байсан. Хөлд нь бөөн хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан. Нийгмийн шилжилт ч явагдсан. Олон намууд гарч ирж улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийгмийн амьдрал өөрчлөгдсөн. Хүмүүсийн сэтгэхүйд үзэл бодлоо дуртайгаараа илэрхийлэх эрх чөлөө орж ирсэн. Төлөвшөөгүй эрх чөлөөнийх нь бүх тусгал цагдаа дээр бууж байсан.

-Тэр үнэн л дээ?

-Би аль ч намын талд ажиллаж байгаагүй. Ардчилсан нам ялж Ц.Элбэгдорж Засгийн газрыг авч байхад би Засгийн газрын чигээр л хамгаалалтаа тавьж, жасаал цуглааныг тэр үеийн хуулийн хүрээнд зохицуулж явсан. Н.Энхбаярын жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг тараа гэхэд би Н.Энхбаярыг тарааж л байсан. Н.Энхбаярыг Засгийн газрын эрхийг авч байхад Ардчилсан намын Ц.Элбэгдоржийн дэмжигчдийн жагсаалыг тарааж л байсан. Ер нь цагдаагийн байгууллага аль ч намын талд ордоггүй. Аль ч  намын гишүүн биш байдаг учраас бид нар аль нэг намын талд орохгүйгээр нийгмийн хэв журмыг л сахиулах үүргээ биелүүлж ирсэн. Жагсаал цуглаан хийж болно, бид тэрийг хийлгэхгүй гэж ярьдаггүй. Хууль зүйн дагуу л хамгаалаад явж байдаг. Ямар ч иргэний хөдөлгөөн байсан бид  хооронд нь алалцуулчихгүй, хүний амь нас үрчихгүй зохицуулаад л гарч байсан. Ж.Батзандан, О.Магнай нарыг ч гэсэн өндөг чулуудаад л явж байхад нь манай цагдаа нар хажууд нь зогсож байгаад чулуудуулж байсан. Бидний үүрэг бол хууль сахиулах, нийгмийн эмх замбараагүй байдлаас сэргийлэх, хамгаалах.

-Улс төрийн нөхдүүдтэй ойртдог байж дээ, өөртөө улс төрийн багана босгодог байж гэж та одоо харамсдаг уу. Одоо хар л даа, таны үеийн хурандаа нараас дандаа улс төр дагасан нөхдүүд л ямар ч юмнаас мултарч, ямар ч юманд хүрч явж байгаа  биз дээ?

-Тийм бодол төрж байгаагүй л дээ. Би улс төрийн олон нөхдүүдийг Сүхбаатар дүүрэгт байхдаа шалгаж байсан, янз бүрийн улсуудыг. Зодоон нүдээн, хэрүүл маргаанаас эхлээд элдэв асуудалд орсон олон хүнийг шалгасан. Нэг талыг ерөөсөө барьж байгаагүй. Үнэнч шударгаар нь л зөв шийдэх юмсан гэж ажиллаж байсан. Тэр битгий хэл Намбарын Энхбаярынх гэхэд чинь л манай харъяаны 11-р хороололд байсан. Манай гэрийг хамгаалаач ээ гэж байхад нь “Бид намын даргыг хамгаалдаггүй” гэж хэлээд хамгаалаагүй өнгөрч л байсан. Гэрийнх нь үүдийг шатаагаад гал мал тавиад байна гээд л хамгаалалтынх нь хүмүүс над руу ярьж байхад нь би намын даргыг цагдаа хамгаалдаггүй юмаа гээд хамгаалалт тавьж байгаагүй. Аль ч намын үед би хаашаа ч ханарч байгаагүй. Хамгийн гол нь хуулийг сахиулах юмсан, иргэддээ туслах юмсан, нийгмийн хэв журмыг сахиулчих юмсан, зөрчилгүй байлгачих юмсан гэсэн сэтгэлээр л ажиллаж байсан. Тэрний ч дүнд Сүхбаатар дүүрэг найм есөн жил аварга хэлтэс болж байсан байх. Ийм ч учраас намайг төр зөвөөр үнэлж байсан болов уу. Үнэндээ нэг нам дагаад, нэг том улстөрч дагаад явж байсан бол би өнөөдөр энэ хүнд үед сэтгэлдээ бахархалгүй, наана цаана орж гарч явсан байдаг л нэг хурандаа сууж байх байсан. Өнөөдөр миний залуус намайг хайрлаж хүндэтгэж байна гэдэг миний бахархал.

-Тэгэхдээ л  улс төр дагасан бол би бас арай ч шорон оронд орохдоо тулчихсан, гэмт хэрэгтэн шиг хэдэн ял сонсоод, эхнэр хүүхэд, гэр бүлээ шаналгаж  ингэж ч явахгүй байсан даа гэж бодож байгаа биз дээ?

-Үгүй. Одоо ч би бодохгүй байна. Хилсээр гурав дөрвөн жил зовоож шаналгаж байхад биднийг яагаад дуугараагүй юм бэ гэж хүмүүс асуух юм.  Бид бол бүх юм хууль зүйн дагуу явагдаж байгаа л гэж бодоод яваад байсан. Прокурорын байгууллага бол үнэндээ ямар ч хууль зүйн  үндэслэлгүй юм явуулж байгаа. Би олон эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч нарын хэргийг уншиж танилцаж заавар зөвлөгөө өгч явлаа. Гэмт хэргийг илрүүлдэг, бүх үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг тэр  ажлыг олон жил хийж ирлээ. Би олон хэргийг илрүүлж байсан. Олон ноцтой хүн амины хэрэг, олон хүнд ноцтой хэргүүдийг илрүүлж байсан. Цагдаагийнхаа офицер, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчтайгаа ажлын хэсэг байгуулаад л ажилдаг. Бүх ухаан бодлоо зориулдаг. Эцэст нь тогтоодог. Тэгж амьдрахдаа би прокурорын мөрдөн шиг ингэж хэрэг илрүүлж байгаа байгууллагыг үнэхээр үзээгүй. Одоо прокурорын орлогч Батболд гэхэд л бид хамтраад хэрэг илрүүлж л явсан хүн ш дээ. Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор байсан. Би одоо Батболд прокурортой хааяа нэг маргалддаг юм, чи ингэж хэрэг илрүүлдэг юм уу гээд. Яг амьдрал дээр бид хоёр яг адилхан хэрэг илрүүлээд л явж байсан хоёр. Би хэлтсийн дарга, тэр хяналтын прокурор л байсан. Үнэхээр гайхах юм. 



-Таны дотор юу болж байгааг мэдэрч байна. Түрүүн би таниас асуусан даа. Би төрийн цагдаа шүү гэдэг бахархал тань хэвээрээ юу эсвэл  ойлголтын хувьд шилжилт явагдаж байна уу гэж. Байгууллага тань бол бүтнээрээ шилжиж чадахгүй байгаад байна. Үйлчилгээний байгууллага гээд дурын авгай орж ирээд  мөрдэсийг нь хуулаад,  нүүрийг нь маажаад , нулимаад байдаг болчихсон. Тэрэндээ аягүй гунидаг. Тэгсэн ч хүлээж авахгүй төрийн цагдаа энэ тэр гээд дуу муу зохиолгоод  дуулаад явав ч нийгэм тоодоггүй. Цагдаа бол нэг тийм сүр хүчгүй, өөрөөр хэлбэл далавчгүй, нөмөргүй л болсон шүү дээ. Одоо тэгээд дээрээс нь, оройгоос нь хэд хэдээр нь аваачаад яллах гэж байна?

-Биднийг яллах гэж байх шиг байна. Энэ дээр бол үнэхээр цагдаагийн бие бүрэлдэхүүн бүгдээрээ л эмзэглэж байгаа. Би бол ял авчихна гэдэгтээ итгэхгүй байна. Бид нар хийгээгүй хэргийн төлөө, тогтоогдоогүй хэргийн төлөө ял авна гэж байхгүй л баймаар юм. Өнөөдөр прокурорын байгууллага энэ хэргийг шалгаж байгаа боловч ямар ч тогтоосон юм байхгүй. Хэн буудсан юм. Хэн яг яасан юм. Юуг ч тогтоогоогүй. Үнэхээр гайхаж барахгүй юм л энэ болчихоод байна.

-Бүх юм л эзэнтэй болчихсон гээд байгаа шүү дээ. Саяхан л сум байна, тушаал өгсөн эзэн нь тогтоогдсон, гүйцэтгэсэн хүн нь тогтоогдсон гэж хариуцлагатай эх сурвалж нийгэмд цацсан.  Үнэхээр тийм юм байна уу?

-Биднийг дөрвөн жил шахам шалгалаа. Энэ хугацаанд прокурорын байгууллага дандаа биднийг нийгэмд хандаж байр сууриа, үнэн зөвөө ярихыг хориглож байсан. Юм л бол та нар ярьж болохгүй, яллагдана шүү та нар гээд байдаг. Өөрсдөө бол гадагшаа мэдээллийн хэрэгслээр “Бүх юм тогтоогдсоон, Цагдаагийн байгууллага буудсан нь тогтоогдсон, дарга нар нь хэн тушаал өгсөн нь тогтоогдсон”  гэж ингэж яриад байдаг. Байнга ингэж ярьдаг. 

-Тогтоосон бол шууд нэрлээд одоо тэр хурандаа Ш.Батсүх буудсан, О.Зоригт буудсан гээд нэрлэх ёстой юу?

-Тийм ш дээ, буудсан бол одоо энэ сумаар энийг буудаад энэ буугаар ингэчихжээ гээд.

-Та нар цагдаад олон жил ажилласан улсууд. Та нарт ч гэсэн өөрсдийн албан хаагчид байгаа. Далд өөрсдийгөө хамгаалах зорилгоор гүйцэтгэх ажлыг явуулж, нотлох баримтууд цуглуулж болох байсан шүү дээ. Тийм юм явуулсан уу?


-Үгүй дээ. Бид нарт тийм эрх байхгүй.

-Та нарыг хэн хамгаалж байгаа вэ, одоо шүү дээ?

-Одоо цагдаагийн байгууллагаа л бид нарыг харж байгаа хамгаалж байгаа байх гэж бодож байна. Бид нар бол төрийн өгсөн үүргийг л биелүүлсэн. Тэр өдөр бид галдан шатааж, эвдэн сүйтгэж байгаа тэр аюултай юмыг таслан зогсоогоогүй  ямар хүнд байдалд орж болох байсныг нэг бодоорой л доо.

-Цагдаад бүх амьдралаа зориулсан, одоо чөлөөнд гарсан генералууд дуугарч эхэлсэн байна билээ. Тэдний санаа сэтгэл зовж байгаа байх л даа?

-Тийм ээ, тэдэндээ баярлаж байгаа. Хүмүүс утасдаад янз бүрийн юм ярьж л байх юм. Бид нар та нарыг хамгаалнаа гээд л. Бүр огт танихгүй улсууд ч хандаж байна. 07-р сарын 01-ний өдөр би яг тэнд байсан учраас хэлмээр санагдах юм. Хүмүүс зүгээр л нэг намын байр шатаад өнгөрсөн гэж ярьж байгаа байхгүй юу. Хэрвээ эргүүл хамгаалалтын газрын цагдаа нар, Төв аймгийн цагдаа нар орж л дотор байсан хүмүүсийн амь насыг аварсан шүү дээ. Энийг бид хамаг хүчээ дайчилж тараагаагүй бол өнөөдөр “Соёлын төв өргөө” тэр чигээрээ шатсан. “Улсын архивын газар” шатсан. Ар талын “Хас банк” тэр чигээрээ дээрэмдүүлээд шатсан. Академи тэр чигээрээ шатах байсан. Урд талаас одоо тэр “Дуурийн театр”. Тэр байтугай “Гадаад харилцааны яам”-ны баруун талын бүх цонхыг хагалаад гадаа нь байсан “Кредит банк”-ны ажилтны машиныг шатаачихсан шүү дээ. Өнөөдөр энэ тухай дуугарахгүй л байгаа байхгүй юу. Тэгвэл энэ нийслэл маань ямар байх байсан юм бэ. Энэ хотын иргэд ямар байдалд орох байсан юм бэ.

-Машинаа шатаалгасан улсууд бол баяртай байгаа юм шиг байна лээ. Гарз хохирол учраагүй. Хэн ч энэ талаар яриагүй болохоор тэгж боддог? 

-Тэр өдөр чинь “Гадаад харилцааны яам”- руу дайраад тэр Засгийн газрын ордон руу дайраад тэр олон мянган хүний юмыг шатаагаад дээрэмдээд ингэсэн бол үнэхээрийн ямар их хохирол ард иргэдэд учрах вэ. Энэ төв замаар явж байсан бүх машинуудын цонхыг бүгдийг хагалаад хагалаад явуулахгүй байсан шүү дээ. Тэр улсууд хаачсан юм бүү мэд. Ёстой гомдоогүй, хохироогүй улсууд л юм байлгүй дээ. 

-Нөгөө талдаа дайны бус тайван цагт сонгуулиа ч хийж чадахгүй байж байгаад таван хүний халуун амь эрсэдчихлээ. Энийг бол зүгээр нэг хүний амьдралд тохиолддог л эмгэнэл гэж хэлэх аргагүй. Би зүв зүгээр явж байгаад буудуулж, арай хийн амьд үлдсэн нэг залууг олж уулзаж байсан. Түүнээс амьд хүний шаналан л үнэртэж байж билээ. Эрүүл мэндгүй, амьдралгүй л болчихсон байгаа байхгүй юу. Гэвч энэ бүхнийг та нар хийгээгүй, үүрэг өгөөгүй гэдэг. Дундуур нь хэн шунгинаж орж ирээд  манай иргэдийг буудчихсан юм бэ. Энэ асуудлыг та зөндөө л бодож байгаа байх?


-Би боддог. Маш их боддог. Энийг хэн зохион байгуулсныг бид бол мэдэхгүй. Өнөөдөр хэргийн газар дээрээс 30 гаруй хонгио олдсон. Энийг бол тогтоолоо гэж ярьдаг байхгүй юу. 33 хонгио олдсон. 33 хонгионоос 15 хонгио нь цагдаагийн байгууллагын зэвсэглэлд байхгүй, манай цагдаагийн бүртгэлд байгаа буугаар буудагдсан хонгио биш байна аа гэж гарч ирж байгаа байхгүй юу.

-18 нь мөн юм уу?


-Жишээлбэл, манайд 10021239 гэсэн хоёр макаров буу байгаа. Энийг тэр өдөр хэн ч авч яваагүй. Байрнаасаа хөдлөөгүй. Манай эргүүл хамгаалалтын газар дээр байсан, тэндээсээ хөдлөөгүй буугаар тэр арав гаруй сумыг буудагдсан байна гэж зүтгэдэг.

-Тэгэхээр тэр хоёр буу хөдлөөгүй гэдгийг тэнд бас ажиллаж байсан алба хаагчид нотлоно биз дээ. Танайх камержсан биз дээ?

-Тэрийг шалгаагүй, өнөөдрийг болтол. Тэр хоёр бууг хөдлөөгүй байхад буудсан байна аа гээд шинжээч тогтоочихоод байгаа байхгүй юу. Тэгэхлээр би энийг шалгаач ээ, энийг хэн авч явсан юм бэ. Манай нярав болохоор энэ бол хөдлөөгүй буу байгаа юмаа, тэгэхэд яагаад 10 гаруй хонгиог таарчихлаа гэсэн дүгнэлт гаргадаг юм бэ гээд гайхаад бардаггүй.

-Тэгэхээр одоо тэр няраваас авахуулаад тэнд ажиллаж байсан хөдлөөгүй хүмүүсийн мэдүүлэг, гэрчлэх нотлох баримтууд тань одоо байгаа биз дээ?

-Энийг би шалгаач ээ гэж зөндөө шаардсан. Эвч энийг шалгаагүй. Өнөөдрийг болтол шалгаагүй.

-Тэгвэл наад хэрэг чинь ямар утгатай юм бэ. Шалгаагүй байхад “тогтоогддог”, тогтоогдоогүй байхад шүүхэд шилждэг?

-Дахиад цаана нь цагдаагийн байгууллагын бүртгэлд байгаа буугаар буудагдсан хонгионууд биш байна аа гэсэн дүгнэлт гарчихаад байгаа юм. Хоёр хонгиог л  нөгөө байрандаа байсан, хөдлөөгүй макаровоор буудагдсан байна аа гээд гаргачихаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юу вэ. Манайхан бол энэ бууг авч яваагүй, энэ буу хөдлөөгүй, байх ёстой газраа байсныг нотолдог.

-Тагнуулын ерөнхий газрын байр суурь гэж байдаг уу?

-Одоо бүү мэд. Бид нарт юм ярьдаггүй.

-Одоо та нарыг ямар хүмүүс байцаах уу?

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны залуучууд.

-Танихгүй залуучууд л байцааж байна уу?

-Бүр танихгүй, урьд нь ч үзэж байгаагүй ийм улсууд. Бид дөрөв дөрвүүлээ тайлбарладаг. Энэ хонгиог та нар олоод өгөөч. Энэ хэний буугаар ингээд буудагдчихсан юм бэ. Энийг олооч. Хэргийн газраас олсон гэсэн ийм юмнуудыг тогтоочихсон гэх атлаа энэ хонгиог олоод өг өө гэхлээр олж өгдөггүй.

-Хэргийн газраас яг олж байхыг нь нотлох тийм бичлэг юм байдаг юм уу?

-Тийм бичлэг байхгүй, бүү мэд.

-Нэг талаас зүгээр дураараа өөрсдөө юм авчирчихаад “Өө, энийг хэргийн газраас олсон” гээд тайлбарлачихсан байх магадлалтай л юм байна шүү дээ. Та нарыг албан тушаалаасаа хөдөлсний дараа тэр хоёр бууг авч явж хоёр буудчихаад л хонгиог нь хэргийн газраас олсон гээд хэрэг бүрдүүлчихэд ядах юмгүй?

-Наадах чинь бас ийм. Хэргийн газраас олсон хонгио гэж яриад байдаг. Яг ингээд хэргийг нь уншихлаар тэр хонгиог янз бүрийн хэргийн газар дээрээс хурааж аваад нэг уутанд хийгээд ингээд бүгдийг өгчихсөн. Эндээс л хэргийн нотлох чанар алдагдчихаад байгаа байхгүй юу. Бүгдийг нь цуглуулаад нэг уутанд хийгээд аваачаад өгчихсөн.

-Хохирогчид гээд хүмүүс байдаг. Хууль зүйн яамныхан бас байр орон сууц өгсөн байх. Нэгээс бусад нь авсан байх. Сая телевизээр би нэг хохирогчийн ээжийнх нь яриаг үзсэн. Эд юу хамгаалсан юм, эд эх орныхоо төлөө ямар гавъяа байгуулсан юм,  дайн тулаанд орж цусаа урсгаж гавъяа байгуулсан юм уу, юуг нь эвийлээд байгаа юм гэж байсан. Нөгөө талд нь болохоор цагдаагийн ар гэрийнхэн Төр өөрөө үүргээ өгсөн шүү дээ. Хэрэв бид үүрэг гүйцэтгээгүй бол энэ нийслэл хот чинь галд автаад сүйрэхэд бэлэн байсан биз дээ. Тэгээд одоо болохоор цагдаа ингээд золиосонд гарах юм уу гэдэг. Цагдаагийнхантай  яваад уулзахаар хэрэв дахиад ийм байдал үүсвэл бид хамгаалалтаа тавиад л өгнө. Бид золиос л юм байна шүү дээ гэдэг. Ийм гурван сэтгэгдэл байх юм даа?

-Бид эх орноо хамгаалсан гэж ерөөсөө яриагүй шүү дээ. Бид нийслэлийн хэмжээнд нийгмийн хэв журам хамгаалах үүрэгтэй. Тэр үүргээ л  хэрэгжүүлсэн. Тэрнээс бидний хэн ч эх орноо хамгаалсан гэж яриагүй. Ярих бололцоо ч өнөөдрийг хүртэл байгаагүй. Бид үүргээ л гүйцэтгэсэн. Тэр өдөр бид үүргээ гүйцэтгээгүй байсан бол Улаанбаатар өнөөдөр ямар хэмжээнд болох байсан бэ. Би бол тэгж боддог юм. Миний хэдэн цагдаа зоригтой орж, амь насаа зориулсан, зольсон учраас авч гарсан шүү дээ гэж. Анх удаагаа орж байгаа учраас айгаагүй орсон тэр үед. Амь насаараа дэнчин тавьж орсон. Ямар хүнд үе байсан. Хөөрхий манайхан долоон машинд суугаад л үүргээ биелүүлэхээр явж байсан. Би нэг машинд нь суугаад явж байсан. Үнэхээр эр зоригоороо, эх орныхоо төлөө, нийгмийн хэв журмыг хамгаалахын төлөө тэд амь насаа зориулж л тийшээ орсон. Одоо хэрвээ 07-р сарын 01 шиг юм болох юм бол үнэхээр нэг ч цагдаа орохгүй. Хэн тийшээ орж, дараа нь буцаж шалгагдаж ингэж үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хариуцлага хүлээх юм бэ. Хэн ч орохгүй шүү дээ. Хэн амь насаараа тэгж дэнчин тавих юм. Саяхан 120 цагдаа “Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн байна. Дүгнэлт нь бас гараагүй байгаа. Одоо болтол манайхан гэмтэлтэй л байгаа. Саяхан “Манайд хоноё” нэвтрүүлгээр манай нэг цагдаагийн ахмадыг гаргаж байна лээ. Тэр бол одоо бүр гэрээ олохоо байчихсан гэж байгаа байхгүй юу. Ажил хийж байгаад орой явахаар ядрахаараа гэрээ олохоо байчихсан. Зам дээр ухаан алдаад ойчдог, ажлын газрынхан нь очдог, эргүүлийнхэн бүр харж үзээд тусламж үзүүлээд, байр орон сууцанд оруулаад, мөнгө төгрөгөөр тусласан ийм юм зохион байгуулсан байна лээ. 

-Нэг хэсэг залуучууд цагдаа болохыг их мөрөөддөг байсан бол одоо цагдаа болохыг мөрөөддөг залуучууд байхгүй болсон байх аа?


-Тийм, одоо орон тоо байгаад хүн авах гэхлээр хүн олдохгүй л болчихсон байна лээ.

-Цагдаагийн ерөнхий газар ер нь та дөрөвтэй уулзсан уу?

-Уулзаад бид нарын төлөө бас прокурорт албан ёсны байр сууриа явуулсан. Сая Ц.Нямдорж сайд өөрийнхөө нэрээр манай ар гэрийнхэнд бичиг өгсөн байна лээ. Бид нарт ярих боломж байгаагүй. Ийшээ тийшээ хандах ямар ч боломж байгаагүй. Тэгээд ч хууль ялна аа, үнэн мөн нь тогтоогдноо л гэж итгэж явсан. Нэг ч үг дуугараагүй.

-Хууль сахиулах ажил насаараа хийсэн улсууд хуулийн дагуу л байр сууриа чөлөөтэй илэрхийлэхгүй дээ?

-Бид хуулиндаа итгээд л яваад байсан. Хууль чинь ерөөсөө худлаа болчихсон юм байна. Монголд хууль хэрэгждэггүй гээд хүмүүс яриад байхаар үгүй ээ, наадах чинь худлаа гэж хашгирдаг байлаа. Тэгсэн чинь яг л тийм болсон юм байна. Монголд хууль хэрэгжихээ байчихсан юм байна. Өнөөдөр цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгасан бол арай ч ийм элэг доог болсон хэрэг шүүх рүү очихгүй. Зохих стандарттай хэрэг л очих байсан. Цагдаад хэгийг яаж шалгадаг, яаж тгтодог, ямар хэргийг хүлээлгэж өгдгийг эрхбиш мэдэх юм. Цагдаагаараа л бахархах юмдаа. Үнэнийг хэлэхэд бид нар хэрэгтэйгээ танилцаагүй шилжсэн шүү дээ. Өнөөдөр цагдаагийн байгууллага эрүүгийн хэргийн материалтай танилцаж гарын үсэг зураагүй байхад шүүх рүү шилжүүлдэг тийм прокурор хаана ч байхгүй.

-Үгүй байлгүй дээ. Та нар тэгээд хэрэгтэйгээ танилцаагүй юм уу?

-Бид нарт танилцуулаагүй.

-Танилцуулаагүй байж байгаад шүүхэд шилжүүлчихэж байгаа юмуу?


-Тийм, цэргийн гэмт хэргээр татангуутаа зургаахан хоногт танилц гээд 29 хавтаст хэргийг өгч болохгүй шүү дээ.

-Наадах чинь бол тохуурхал байна?

-Бид энэ хугацаанд уншиж чадахгүй, тэр 29 хавтаст хэргийг. Хэргийн материалтай танилцуулнаа гээд зургаахан хоног өгч байгаа юм. 29 хавтаст хэрэг тавьчихаад за унш гээд. Тэгэнгүүт нь бид үгүй ээ, энэ чинь бид нарыг өөр зүйл ангиар яллах гэж байна ш дээ тийм учраас бид  хэрэгтэйгээ танилцъя гэсэн танилцуулаагүй. Тэр 29 хавтаст хэргийг үзэхлээр дотроо дөрвөн дугаартай. Бид нар тэр дугаар өөрчлөгдөхөөр тэр хэргээ сайн уншина биз дээ. Хаана нь хуурамч юм байгаа юм, хэн нь худлаа юм биччихсэн юм бүү мэд. Та үзвэл үнэхээр гайхна. Хэргийн дугаарыг дөрвөн өөр дугаартай. Гараар нэг дугаарласан, шифрээр хоёр өөр дугаарласан. Зарим нь дугаартай, зарим нь дугааргүй, зарим нь гурван дугаартай, зарим нь дөрвөн дугаартай. Энэ нь биднийг будилуулах гэж байгаа юм уу, яах гэж байгаа юм. Цэргийн гэмт хэрэг гэсэн хүнд зүйл ангиар яллаад, уншуулалгүй зургаахан хоног өгөөд, тэгээд хэргийн материалтайгаа танилцсан гэсэн гар хөлийн үсэггүйгээр шилжүүлж байгаа байхгүй юу. Тэгээд шүүх нь ч гайхна биз дээ. Тэгээд та нар уншаагүй бол сар унш гэж байгаа юм. Гэхдээ л хууль зөрчиж байгаа байхгүй юу. Бид нар чинь шүүх прокурортой бүгд л ажиллаж л байсан. Шүүх ер нь ингэж сар уншуулж байсан тохиолдол байхгүй.

-Байцаалт ер нь дээд тал нь хэдэн цаг байцаах уу, нэг нэгээр нь байцаах уу?

-Нэг нэгээр нь байцаана л даа. Гэхдээ та хэрэв энэ байцаалтыг унших юм бол “Та нар тэгэж буудсан уу, та нар хараагүй юу, та нар яагаад хардаггүй юм, яагаад үзээгүй юм, дүлий юм уу, сохор юм уу” гээд дандаа тэр ганцхан асуултаа асуугаад бүх улсуудыг үзсэн харсан гэж хэлүүлэх гээд байдаг. Хэдхэн тиймхэн л асуулт асуудаг. Бүх цагдаа нараас. Бараг  Улаанбаатарын бүх цагдааг асуусан байх. Тэр нь мэдээгүй, үзээгүй, хараагүй, сонсоогүй гэвэл яагаад хардаггүй юм, дүлий юм уу, сохор юм уу гэж яг хөтлөж байцаасан. Одоо энэ хэрэг дотор ямар их процессын алдаа байна гэж бодно. Тэр битгий хэл одоо шинжээч томилоогүй мөртлөө шинжээчийн дүгнэлт гаргачихаад байгаа байхгүй юу. Шинжээч томилж байж шинжээчийн дүгнэлт гардаг ёстой байтал шинжээчийг томилсон он сарын зөрүүтэй тийм дүгнэлтүүд л байгаа байхгүй юу. Цаанаас нь ингээд юм хийчихсэн. Бид нарыг хамгийн гол буруутгаж байгаа юм нь 13 ака буу авч явсан гэдгээр буруутгаад байгаа юм. Тэгэхээр манай энэ буунуудаас битгий хэл монголын цагдаад байхгүй бууны тэр хонгио олдчихож. Монголын цагдаад байгаа бүртгэлтэй буугаар энэ хонгио энэ замгаар буудагдаагүй байна аа гээд ингээд гарч ирээд байгаа юм. Тийм хонгионууд олдчихсон. Тэгээд тэр буугаар хэн буудсан юм, хэргийн газраас яагаад тэр олдчихсон юм тэр буу олдоогүй байхад хүнийг хилсээр шийтгэх гээд байна шүү дээ. Тэр хөдлөөгүй хоёр бууг өнөөдөр хэн барьж явсныг шалгаагүй .Энүүгээр буудагдсан байна аа гээд дүгнэлт гарчихсан. Тэгсэн мөртлөө энийг хэн барьж явсан юм гэдгийг  шалгаагүй. Тэр бууг чинь буудсан бол өнөөдөр хүн барьж явна биз дээ. Бат ч юм уу, Дорж ч юм уу, одоо Ганчимэг ч юм уу . Хэн буудсаныг нь тогтоогоогүй мөртлөө энүүгээр бууджээ гэж тогтоож болохгүй биз дээ. Ийм л юм болоод байгаа юм. Харин бид үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарыг минь энэ их эр зориг гаргасных нь төлөө шагнах ёстой гэж боддог байхгүй юу. Улаанбаатар хотод үүссэн тэр аюултай юмыг таслан зогсоосных төлөө гавъяа байгуулжээ гээд шагнах ёстой. Тэгэхэд миний цагдаа нарыг хорьсон, манай цагдаа нар тэнд өлсгөлөн зарласан, хийгээгүй хэргийн төлөө хүнийг хилс хэргээр шийтгэнэ гэдэг бол ардчилсан нийгмийн хууль зүйд байж болшгүй зүйл.

-Тухайн үед онцгой байдал  тогтоох зарлиг гаргасан Ерөнхийлөгч Н.Энхбаяр ер нь та нарын хэрэгтэй танилцсан болов уу, уулзсан болов уу?

-Ганцхан удаа байцаалт өгсөн байдаг юм. Энэ 2011 онд. Тэрэн дээрээ нэг их олигтой юм яриагүй. Яасан юм, мөрдөн байцаагч нь ч нэг их олигтой асуугаагүй. Байсан уу, зарлиг гаргасан уу гаргасан. Бараг С.Баяр л зарлиг гаргасан гэх маягтай тиймэрхүү ярилцлага байдаг юм байна лээ, хоёр гуравхан хуудас юм байгаа. Тэрийгээ боллоо гэж үзээд байгаа юм байлгүй дээ.

-Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд гэрчээр дуудсан байна. Танай өмгөөлөгч нарын хүсэлт үү?


-Тийм.

-Ирнэ гэж бодож байна уу та?

-Бүү мэд. Прокурор бол ирэх ирэхгүйг нь мэдэхгүй, бараг шаардлагагүй гэсэн юм ярьж байна лээ. 

-Хаалттай болох уу, шүүх хурал?

-Бид нар бол нээлттэй хий гээд байгаа юм. Юунд нь нуугаад байгаа юм бэ, шүүх бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан нууц асуудал гэж үзэх байх. Юу нь нууц байгаа юм бэ, монголын ард түмэнд. Бид нар ярихад бэлэн байна. Өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний яриад байгааг би бас гайхаж байгаа. Өөрөө УИХ-ын гишүүн хүн, хууль зүйн багш байсан хүн мөртлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаж ингэж ярьж чаддаг юм бол. Би бол гомдолтой байгаа. Энэ хэрэг шийдэгдсэний дараа би гомдлоо гаргана гэж бодож байгаа.

-Таныг яг юу гэж яриад байгаа юм бэ?

-Намайг бараг л хүн буудчихсан, Батсүх хурандаа хүн буудсаныг үзсэн харсан гээд ярьсан байна лээ л дээ. Манайд Төмөрхуяг гээд цагдаа байсан юм, хүн болгон мэдэж байгаа. Х.Тэмүүжин гишүүн бол нууцалж байгаа, амь насыг нь хамгаалж байна гээд байгаа. Энийг чинь аль хэдийн монолын цагдаа мэдчихсэн. Манай эргүүл хамгаалалтын газар байж байсан цагдаа. Урьд нь өөр нэг газар офицер байж байгаад ажлаа хаяад Солонгос явчихсан. Ирээд хамгаалалтын албанд ажиллаж байгаад хамгаалалтын албаныхаа станцыг хулгайлж байгаад баригдаад 30 мянган төгрөгөөр торгуулж байсан, эргүүл хамгаалалтын хэлтэст ажиллаж байхдаа хоёр гурван удаа архи ууж арга хэмжээ авагдаж байсан. 2008 онд надаас бас арга хэмжээ авагдаад хөөгдөх дээрээ тулаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шилжээд тэгээд тэндээсээ бас дутагдалтай учраас Хөдөлгөөнт эргүүлийн албанд орсон. Хөдөлгөөнт эргүүлээс 2011 онд хөөгдчихсөн. Бас архи уугаад, эргүүл хийж явж байгаад иргэдтэй маргаад зодоон хийж байгаад хөөгдчихсөн ийм л хүн байгаа юм. Тэр хүний мэдээллийг л яриад байгаа юм. Ээж нь болох Тамара гээд хүний мэдээллийг л яриад байгаа байхгүй юу. Ээж нь биччихсэн гэж байгаа.

-Тэр цагдаа чинь өөрөө байдаг юм уу?

-Халагдчихсан. Тэгсэн чинь одоо тэр Авилгалтай тэмцэх газрын жолооч болчихсон явна гэнэ лээ. Төрийн байгууллагаас халагдсан хүнийг Авилгалтай тэмцэх газарт авсан байна. Бодвол Х.Тэмүүжин л өгсөн байх л даа. Х.Тэмүүжин нэр усыг нь хэлэхгүй, цагдаа дарамталдаг энэ тэр гээд түмэн юм олон нийтийн толгойг эргүүлэх зорилгоор цацдаг. Цагдаагийнхан инээлдээд л байдаг юм. Тэрийг дарамталдаг хүн нэг ч байхгүй. Өөрөө тэр чинь бокс тоглож байсан юм гэнэ лээ. Хамт ажилллаж байсан дарга нар нь бокс тоголж байсан юм аа, гэмтэлтэй, архи уухаараа “мангар” болчихдог. Өөрөө ч тэрийгээ ярьдаг юм, би архи дарс уухаараа ямар ч өөрийгөө удирдах чадваргүй болчих юм  гэдэг гээд. Тийм нэг Төмөрхуяг гэж л цагдаа байсан юм. Бүх цагдаагийнхан мэдэж байгаа. Тэрийг дарамтлаад тэгээд байдаг юм ерөөсөө байдаггүй л байхгүй юу. Юм их сонин юм. Тамара гээд ээж нь байна. Монголд хамгийн анх тэр хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Муусайн нохой шиг дэмий тэнэж, жагсаал цуглаан хийсэн юмнуудыг буудаж алахад яадаг юм” гэж хэлсэн хүн бол тэр Төмөрхуягийн ээж Тамара шүү дээ. Гайхаж л байсан. Яахав, эхний үед хүү нь хамгаалалтад оролцсон болохоор тэгсэн байх. Төмөрхуяг тэр өдөр бид нартай хамгаалалтанд орсон мөртлөө ганцаараа сугараад үлдчихсэн. Өнөөдөр Төмөрхуягаас бусад бүх улсуудыг яллагдагчаар татсан. Төмөрхуяг ганцаараа тэнд яллагдагчаар татагдаагүй байгаад байгаа юм. Тэр бас л сонин байгаад биз. Нөхөд нь зодуулж, нүдүүлж, галан дунд явахад сугрч зугтсан. Үүргээ биелүүлээгүй. Тийм нэг нөхрийн зохиолоор УИХ-ын гишүүн хүн тоглоод сууж байна гэхээр манай Төр үнэхээр хэлэх үг алга даа. 

-Гурван жилийн өмнө нэг шөнө таныг эмнэлэгт байхад очиж уулзаж байсан. Таны өндөр настай ээж хүүг минь шөнө бариад явчихаж магадгүй гээд байж байсан л даа. Харж байхад таны эхнэр бараг дөрвөн жил энэ талбай дээр байж байна. Тэгэхээр та нарын яг жинхэнэ хамгаалагч нар хэн байна вэ. Гэр бүл чинь л юм уу даа?

-Эмзэг асуулт байна. Ер нь бол тийм л дээ. Би эхнэртээ “Гайгүй биз дээ” л гэж хэлдэг байсан. Гэтэл гэнэт шүүх дээр ирэхлээр зэрэг ёстой “Төр гэдэг бол худлаа байдаг юм байна, чи худлаа хэлсэн байна. Намайг хуурлаа” гээд л  уйлаад байгаа байхгүй юу. Бүгдээрээ л бид дөрөв гайгүй ээ л гээд яваад байсан. Нэг өдөр шүүх хурал гээд явахаар зэрэг та нар хуурсан байна ш дээ гээд цөм  эхнэрүүд уйлаад байгаа. Та нар хэлэхгүй хуурч явсаар байгаад өнөөдөр шүүхэд шилжлээ шүү дээ. Бид нарыг дуугаруулахгүй байгаа. Эхнэрүүд маань  тэрийг ойлгохгүй учраас л ингээд яваад байгаа. Төр үүргээ гүйцэтгүүлчихээд эцэст нь ингэж байгаад л тэд минь гомдоод байгаа байхгүй юу. 

-Оросоос мэргэн буудагчид оруулаад ирчихсэн байсан гэнэ гэсэн нэг мэдээлэл  улс төрийн хүрээнд тараад л байх юм. Ийм байх магадлалтай юу?

-Тэрийг л шалгах ёстой. Мэргэн буудагчид бол алсаас энд тэндээс, байшингийн оройгоос л буудна. Хохирогч Энхбаяр хүртэл эрүүгээр нь яг адилхан байдлаар хоёр хүн бууднаа гэдэг бол цагдааг би алаагүй байх аа гэж бодож байна гэж нэг ярилцлаган дээрээ өгсөн байсан. Үнэхээрийн манай цагдаа нар дотор хоёр хүнийг яг эрүүгээр нь яг нэг оноогоор буудаж алах тийм хүн байхгүй дээ. Манай цагдаад лав байхгүй. Бүгдийг бодолцож, нарийн шалгаж тогтоогооч дээ. Хаа сайгүй бид нар адилхан хуульчид, адилхан сургууль төгссөн ш дээ, адилхан мэргэжилтэй, адилхан нэг албаны төлөө зүтгэж байгаа улсууд. Энэ бол их сонин байр байдал шүү. Энүүгээр бид нарыг хилсдүүлэх гэж байгаа бол бүтэхгүй. Арай шүүх хилсдүүлэхгүй байх гэж бодох юм. Цагдаа бол хэзээ ч хүнийг хилсдүүлж байгаагүй. Х.Тэмүүжин нэг хүний эрхийн юу билээ нэг хурал хийсэн дээ. Тэр хурал дээр нь  хүмүүс энэ хараа бензин бариад ингэж шатааж байсан юм аа гэж л гаргасан шүү дээ. Үнэхээрийн хулгай хийгээд л гүйж явсан шүү дээ, дээрэм хийгээд л. Би Онцгой байдлынхныг ярьмаар санагддаг байхгүй юу. Яг ингээд Хувьсгалт намын байр шатаад юу ч үгүй болж байхад Ганбаатар гээд нэг хүн Хувьсгалт намын байранд угаартаад үхчихсэн. Яг тэрэнтэй хамт 50-60 хүн үхэх байсан. Онцгой байдлынханд би өнөөдөр баярлаж байгаа. Онцгой байдлын нэг дэд хурандаа би нэрийг нь мэдэхгүй. Тэр дэд хурандаа баруун хойд талын ганцхан цонхоор тэр олон хүнийг гаргасан. Тэд нар гарч ирэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар хулгай дээрэм хийх гэж байсан юмаа, яг үнэндээ намайг уучлаач гэж хэлээд л гарч ирцгээж байсан. Тэднийг бүгдээрэнг нь Онцгой байдлын тэр дэд хурандаа аварч гаргасан. Хэрвээ тэд нар гараагүй, тэр цонхыг хаасан юм уу, шат буулгаагүй бол тэр дотор 50- 60 хүн шатаж угаартаж үхэх байсан шүү дээ. Энэ дээр манай Онцгой байдлынхан сайхан ажилласан. Манай цагдаа нар хүртэл орж чадахгүй, ийм нөхцөлд ажиллах техникийг нь мэдэхгүй учраас хараад л зогсож байсан. Олон хүн харсан. Би бол тэр дэд хурандааг  тэр үед шагнах байсан гэж боддог. Бас л адилхан шархдаж бэртсэн улсууд байгаа. Тийм сайхан улсуудыг өнөөдөр шагнаж байх ёстой. Гэтэл таг чиг. Өнөөдөр нэг хүн аварсны төлөө наад зах нь шударга журам авч байгаа шүү дээ. Одоо тэр дээрэм хийсэн, хулгай хийж байсан ч гэсэн 50- 60 хүнийг тэр дэд хурандаа аварсан л байхгүй юу.

-Тэр үед нь баримтжуулах бололцоо байгаагүй байх л даа. Өөрсдөө ингэж хэлмэгдэнэ гэж яаж мэдэх вэ дээ?

-Яаж мэдэхэв. Тэр үед бид нар хэн ч тэгээгүй. Цөмөөрөө нэг нэгээрээ цувраад миний буруу, миний буруу гээд үүрүүлж дүүрүүлээд гарч ирж байсан. Тэр үед би тэднийг хараад үнэхээр зэвүү хүрч байсан. Тэр дотор гарцаагүй гарах гарцгүй болоод цөмөөрөө тэгж гарч ирсэн байхгүй юу. Тэгээд тэр 50-60 хүнийг академийн хонгилд явган суулгаад байж байсан. Тэр өдрийн академийн жижүүр л мэдэж байгаа байхдаа.

-Академи гэж та алийг хэлээд байгаа юм бэ?

-Шинжлэх ухааны академи. Тэгээд академийг тэр чигээр нь шатааж байсан шүү дээ, бас л. Тэгээд тэр дээд талын долоон давхар хүртэл шатаагаад. Хичнээн жил энэ академи ажил үүргээ гүйцэтгэж чадсангүй. Гадаадын байгууллага, одоо тэр олон улсын байгууллагууд байдаг. Яасан хорон байсан гэж санана. Сүйтгэгч нар зүгээр яваагүй, бүх хаалга үүдийг нь, сейфийг нь эвдлээд, нойлийн угаалтуур, нүүр гарын угаалтуур бүгдийг хагалж хэмхэлсэн. Тэр зүгээр намын жагсаал байсан уу, байгаагүй шүү дээ. Дээрэм тонуул, галдан шатаалт хийсэн тийм л улсууд байсан ш дээ. Тэр зорилго нь зүгээр нэг нам байсан бол намынхаа байрыг эвдээд тэр сонгуулийнхаа юмыг аваад явах байсан, тэгээгүй. Бүгдэнг нь шатаасан, дээрэмдсэн. Би одоо өнөөдөр бахархаж байгаа, Соёлын төв өргөө шатах байсан, Гадаад харилцааны яам шатах байсан, тэр Туушин компани, ар талын Үндэсний архивын газар, Улаанбаатар ресторан гээд бүгд л шатах байсан. Энийг бид нар хамгаалсны хүчинд өнөөдөр энэ олон улсууд ажил амьдралтайгаа үлдсэн. Би саяхан хүртэл баярлаж байлаа. Тэнд ажиллаж байсан нэг компани дээр хувийн ажлаар явж байсан чинь Батсүх даргаа, танай цагдаа нарт би баярлаж байгаа шүү. Танайхан үнэхээрийн сайн ажилласан. Та нарыг хэлмэгдүүлж байгаад бид үнэхээрийн сэтгэл зовж байгаа гэж ярьж байна лээ. Би танихгүй юм билээ. Гэхдээ л би хэдэн бор цагдаагаараа бахархсан. Өөрөөрөө ч бахархсан. Ийм л байна даа.