Асуугч А: Сүнс гэж юу вэ?

Сүнс судлаач А: Сүнс гэдэг хамгийн дээд бодгал. Хүний цус дөрвөн бүлэгтэй байдаг шиг сүнсэнд оршихуйн дөрвөн бүлэг гэж бий.

Асуугч А:
Нэгдүгээр бүлэг, хоёрдугаар бүлэг гээд л үү?

Сүнс судлаач А:
Тоогоор дугаарлахгүй л дээ. Нарны, сарны, газрын, тэнгэрийн гэсэн дөрвөн бүлэг буй. Ер нь дээд тэнгэр сүнсэнд тоо гэж байхгүй. Өнгө байхгүй, хэлбэр байхгүй, энгийн чи төсөөлж чадахгүй. Хамгийн анхны аугаа сүнс бол Будда байсан, тэр бол нарны бүлэг.

Асуугч А:
Будда нарны сүнс байсныг яаж нотлох уу?

Сүнс судлаач А:
Бурхан багшийн сэрэг дүрийн ард мандаж буй нар дүрслэгдсэнээр баталдаг. Ийсүүс христ газрын сүнс, Мухамед сарны бүлгийн сүнс. Сар бол Ислам шашны үндсэн бэлэгдэл байдаг учир нь ийм.

Асуугч А:
Лалын шашинтнууд наранд мөргөдөг биздээ?

Сүнс судлаач А:
Тэд уг нь сарандаа шөнө бүр мөргөдөг байв. Гэвч Монголчуудын байлдан дагууллын үеэр тэр заншил алдагдсан. Чингис хаан өөрөө ТЭНГЭР бүлгийн сүнслэг биетэй байсан л даа. Будда, Христ, Аллах, Чингис хаан дөрөв бол нар, газар, сар, тэнгэрийн сүнсний анхдагчид юм.

Асуугч А:
Хүн сүнснийхээ бүлгийг зөв тогтоох хэрэгтэй юу?

Сүнс судлаач А: Энгийн хүн зөв сүнсээ шүтэж чадвал Буддаа, Ийсүүс, Мухамед, Чингис хаан шиг их үйлийг бүтээх болно. Даан ч зөв сүнс тогтоох хоёр л зам бий. Өөрийн нас барсаны дараа мэдэх боломжтой, эсвэл тавин жилийн бясалгал хийж байж ойлгож авна.

Асуугч А: Зөв сүнсээ шүтэхгүй бол яахав?

Сүнс судлаач А: Буруу бүлгийн цус хийвэл хүн үхдэг биздээ. Түүн шиг буруу сүнс шүтэж болохгүй. Монгол тэгээд л хөгжихгүй байгаа юм.

Асуугч А: Зөв сүнсээ олохын тулд үхэх эсвэл тавин жилийн бясалгал хийхээс өөр аргагүй гэж үү? Харамсалтай юм.

Сүнс судлаач А: Уг нь нэг арга бий. Аргын алтан элсийг орой бүр нар сар газар тэнгэр лүүгээ цацаад байх хэрэгтэй, жилийн турш тасралтгүй хийх юм. Тэгсэн цагт зөв сүнсээ олж мэднэ.

Асуугч А: Аргын алтан элс гэж юу вэ? Хаана байдаг вэ?

Сүнс судлаач А: Алт, элс, шороо, хий, нүүрс дөрвийн нийлбэр. Үүнийг шүншиглэхийн тулд би арван жилийнхээ хөдөлмөрийг зарсан. Одоо ард түмэндээ тараана. Үнийн хувьд хямдхан, хорин нэгхэн мянган төгрөг.

Асуугч А: Хорин нэгхэн мянгаараа хорин нэгдүгээр зууныг өөрчлөх нь ээ?

Сүнс судлаач А:
Хорин хоёр, хорин гуравдугаар зууныг ч захирна.

Асуугч  А: Сэтгэл хөдөлж байна шүү.

Сүнс судлаач А:
Зөвхөн хүн сүнсэн биетэй гэж бодоо юу. Машин, компютерт хүртэл сүнс бий.

Асуугч А: Яаж сүнстэй болсон юм бэ?

Сүнс судлаач: Хүнтэй харьцаж, хүнд хайрлагдсан, хүний бүтээл учраас учраас хайр буюу сүнс шингэжээ.

Асуугч А: Компютер, машинд сүнс байдаг гэдгийг яаж нотлох юм?

Сүнс судлаач А: Фээсбүүкт хүртэл заримдаа сүнс шүглэдэг. 500 найзтай гэж харагддаг мөртлөө тоолоход яах аргагүй 499 байвал нэг нь сүнс. Бас нэг энгийн жишээ бол бид нарын вирус гэж хэлээд байдаг гажигталт. Чи компютер вирустдэг гэж бодож байна уу? Үнэндээ бол буруу талын сүнс шүглэчихсэн хэрэг. Ямар ч антивирус програм хэрэггүй, аргын алтан элсийг кийборд руугаа нэг үлээхэд л болно.

Асуугч А: Аргын алтан элс ч аргагүй л аргатай эд байх нь ээ?

Сүнс судлаач А: Тэгэлгүй яахав. Ер нь бид зэс нүүрсээр биш аргын алтан элсээрээ амьдрах цаг нь болсон. Зэс нүүрс бол материаллаг баялаг. Хэтэрхий материаллаг юмыг шүтсэнээрээ хүн төрөлхтөн материалжаад байна шүү хө.

Асуугч А: Материалжина гэхээр юу гэсэн үг вэ?

Сүнс судлаач А: Мах цус оюун үгүй материалан биетэй болно гэсэн үг. Силиконон хөх, хиймэл давхраа, гоо сайхны мэс заслууд хүнийг их материаллаг болгодог. Угтаа бол хүний гоо сайхан оюун санаан дотроо агуулагддаг юм. Бидэнд үнэндээ Оюу-толгой биш, Оюунт-толгой хэрэгтэй юм.

Асуугч А: Оюун-ухаан гэж миний нэг найз бий, тэр хир оюунлаг гоо сайханлаг бол? Царай нь ч тийм сайхангүй л дээ.

Сүнс судлаач А: Аргын алтан рашааны уухад аяндаа арга нь олдоно.

Асуугч А: Монголын төр яагаад болж өгөхгүй байна вэ?

Сүнс судлаач А: Нэрнээс болж байна. Чи бод л доо, Энхболд, Батболд, Батбаяр, Энхбаяр гэдэг улс төрчид их олон болж. Тэд нэг дор цугларахаар харшил үүсдэг. Энх, Болд, Баяр, Бат гэдэг үгнүүд бол өөрсдөө тун хатуу энерги цацруулдаг. Энх гэдэг нь эм эгшиг буюу эм сүнстэй, Бат, Болд, Баяр гэдэг нь эр сүнстэй. Эр эм сүнснүүд харшилдаж байгаа хэрэг.

Асуугч А: Тэгээд үүнийг яаж засах вэ?

Сүнс судлаач А: Энхбаяр гэдэг олон улс төрчдийнх нь оронд Анхбаяр гэдэг нэртнүүд ороод ирэхэд л болоод явчих юм уг нь. Даан ч манайхан үүнийг ерөөсөө ойлгохгүй байна.

Асуугч А: Элбэгдорж Арвин хоёр харшилдах уу?

Сүнс судлаач А: Нэг нам байсан бол харшилдана. Ер нь засал тахилаа сайн хийгээд явахад алзахгүй. Мэдээж аргын алтан элсээ сайн цацна.

Асуугч А: Ер нь танд улс төр лүү орох бодол бий юу?

Сүнс судлаач А:
Орохгүй бол горьгүй нь. Хүн бүхэнд чичлүүлдэг улс төрчдийнхөө, намуудынхаа төлөө санаа зовох хүн алга. Тиймээс ч би “МОНГОЛЫН НАМ УЛС ТӨРЧДИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ” байгуулсан.

Асуугч А: Нээрээ ч “Оюутны үйлдвэрчний эвлэл” хүртэл байхад хэдэн муу дарга нараа орхигдуулж явжээ.

Сүнс судлаач А: Тийм шүү. Цаашдаа “Наймаачдын үйлдвэрчний эвлэл”, “Малчдын үйлдвэрчний эвлэл”, “Ахмадын үйлдвэрчний эвлэл”, “Сурагчдын үйлдвэрчний эвлэл” гээд бүгдийг нь ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛЖҮҮЛНЭ.

Асуугч А: Хүн орхигдох вий дээ

Сүнс судлаач А: Ямар ч үйлдвэрчний эвлэлд ороогүй хүмүүсийг “Үйлдвэрчний эвлэлгүйчүүдийн Үйлдвэрчний эвлэл”–д хамруулах юм. Ингэхээр Монголын нийтэ иргэд хөгшин залуу бүгд Үйлдвэрчний эвлэлтэй болно.

Асуугч А: Таны цаашдын чинь зорилт?

Сүнс судлаач А:
Түрүүн дурдсан “аргын алтан элс” –ээс  гадна “эд баялагийн эрээн хэтэвч”, “дурлал дуудах дун бүрээ”, “махны үнэ буулгагч майдар цагаан бурхан”, “олигархи үргээгч оготны савар”, “улс төр тэтгэх урт шар дээл” гэх мэт оюунлаг бүтээгдэхүүнээ ард түмэндээ эхлээд танилцуулчихъя, бүгд хорин нэгхэн мянган төгрөгний үнэтэй. Бас “Дал хоногт Далан хэлэх сурах нь” гэдэг ном гаргаж далан мянгаар борлуулах гэж байна. Дараа нь Үйлдвэрчний эвлэл рүүгээ орж нийгмийн захиалгаа авна даа. Бусад ҮЭ –ийнхэн маань ч дэмжих байх, би яг журам дарааллаар нь явж байна.