Манай Нямка, Женко хоёр ноцолдоод, уралцаад явчихлаа. Сонгууль эхэлжээ. Нямка /Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж/-гийн хориод жил парламентад сууж, Хууль зүйн сайд хийхдээ сонгож авсан ганц дархан мэх бол сонгууль эхлэхээс хэдэн сарын өмнө хэн нэгнийг хялалзаж явснаа, бүр ойртмогц барьж аваад ноцолддог юм. Нямка нэг л ноцож, зууж авсан л бол хазаж, хэмхэлж, унагаж дуусгадаг араншинтай. 2000 оны өмнөх хоёр ч сонгуульд цагдаагийн нэг хурандааг ашиглан “С.Зоригийн хэргийг илрүүлнэ, илэрч байна” гэж ардчиллын лидерүүдийг ноцож, хоёр ч сонгуульд амжилт гаргаж байсан. Бас нэг сонгуулийн өмнө Л.Гүндалайг Н.Багабандитай давхар дайрав. Бас нэг сонгуулийн өмнө, Ардчилсан намыг М.Энхсайхан тэргүүлж байх үед “Даргагүй нам сонгуульд яаж орохыг чинь харна аа” гэж шүд зуун хялалзаж явснаа М.Энхсайханыг барьж аваад ноцолдсон. Үр дүнд нь хэрэгтний өмгөөлөгч нь, хурандаа  Л.Санжаасүран шоронд орж, нэг хүн шоронд үхэж харин М.Энхсайхан сүүл хавчин зугтаж төгссөн. Энэ удаагийн сонгуулийн сургаар Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг цагдаа дуудав. Н.Энхбаяр Нямкаг дайрах нь гэж хардсан. Нямкагийн занг мэддэг тулдаа “Цагдаа биш Ц.Нямдорж дуудуулж байгаа юм. Би очихгүй” гээд хэвтчихэв. Хэрэв Н.Энхбаяр Нямкагийн зуудаг хаздагийг мэддэггүй нэгэн байсан бол гэнэдэж очоод бариулчих байсан. Нямкагийн ноцсон болгон хэмлүүлж, хэмхлүүлж, урт богино хугацаагаар шоронд орж дуусдаг тавилантай. Харин Нямка эх оронч хэнээс ч айдаггүй шударга нэгэн болж алдаршин, ард түмний баатар болон намдаа гавьяа байгуулдаг түүхтэй. 1996-2000 онд Ардчилсан намын парламентын гурван гишүүнийг яалаа. Баатар генерал яалаа. Бат-Үүлийг яалаа. Банкны О.Чулуунбатыг яалаа. “Центрпойнт”-ынхныг яалаа.



Женко /УИХ-ын гишүүн Х.Баттулга/ Нямкагийн араншинг сайн мэдэхгүйдээ халз уралцаад явчихав. Женко хууль байдаг гэж андуурч байх шиг байна. Энэ төрд чинь хууль байхгүй. Хууль нь Нямка. Тэр хууль гэдэг юмыг чинь хассан ч, нэмсэн ч, зассан ч бүгдийг Нямка мэддэг. Хууль хэрэглэгч нар нэг ийм онигоо гэмээр юм ярьдаг болсон байна билээ. “Нямкагийн нэмэлттэй, Нямкагийн хасалттай хууль байна уу” гэж бие биеэсээ асууж явдаг гэнэ. Жишээ нь “Долдугаар сарын 1”-ний хэргээр гэхэд л Ерөнхий прокурор Д.Дорлигжав цэргийн гэмт хэрэг мөн гэж Их хурлын нэмсэн хуулийг бариад, Харин Ц.Нямдорж болохоор өөрийнхөө дэвтэрт байгаа, хуулийн хассан заалтаа бариад яриад байх шиг байна билээ. УИХ-д Нямкагийн өөдөөс ганхийх зоригтой амьтан одоогоор төрөөгүй. Ардчилсан намын Х.Тэмүүжин банхарын дэргэд “гөлөг”. Одоо энэ дагуулаад /хуцуулаад/ яваа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар бол Нямкагийн дэргэд нүдээ нээсэн төдий амьтан /гөлөг/ байхгүй юу. Нэг удаа Ж.Сүхбаатар Нямка руу дайраад /боргоод/ ёстой алуулан алдаж, улаан голтой амьтан гаслан салсан, тэгээд номондоо орж хууль хамаагүй нам, Нямка хоёроо дагаж, Ерөнхийлөгч рүү хүртэл худлаа хуцаад байгаа юм. /Гөлөг, нохой, хуц уль, борго гэх нь сэтгүүл зүйн хувьд бүдүүлэг үг юм. Гэхдээ яая гэхэв. УИХ-ын эрхэм гишүүдийн хоорондоо ярьдаг хэлц үг нь ийм болсон юм чинь тэдний жишгээр бичсэнд учраас уншигч авгай нар минь уучилна биз ээ. Г.Д/. Ч.Хүрэлбаатар нь зайлуул, Нямкагаас Увсад дэвших биз, /яс/ горьдож шарвалзаж, яваа амьтан. Нийгэм бүхэлдээ Нямкагаас айна. Харахгүй юу. Женког өмөөрч ямар ч томчууд дуугарахгүй байгааг одоо хүртэл анхаарахгүй байна уу. Женког Үндэсний радио телевизээс эхлээд өөрийнх нь хөрөнгө оруулалт хийсэн хэвлэлүүд хүртэл өмөөрч чадахгүй байна. Захиалгат нийтлэл, нэвтрүүлгүүд дуу дуугаа аван боорлоно. Нямкаг ийм хүчтэй гэдгийг Женко мэдээгүйдээ ноцоод авсан. Нямка хүчтэй, сурцтай, туршлагатай. Нямка дайрлаа гэхэд өөрийн хүний намын улстөрчид, бизнесменүүд, хууль сахиулагчид, сайд дарга нар төдийгүй, эрүүгийнхэн хүртэл үхтлээ айж сүүлээ хавчаад зугтаана. Энэ олон жил хууль толгойлж, суухдаа дээр дурьдагсадын ил далд хуссан, их бага хулгайг бүгдийг нь бүртгээд авчихсан хэрэгтэй цагт нь гаргана, хэнийг нь ноцъё доо гээд хялалзаад сууж байдаг гэдгийг Женко мэдсэнгүй. Үнэн ч бай, худлаа ч бай ямар нэгэн баримт гаргаж ирээд л Женко тэдэн сая доллар, эдэн сая доллар идсэн уусан гээд намтайгаа нийлж байгаад телевиз, сонинууд дуу дуугаа авалцан боргоход Женко бариулна. Нямка цагдаагийн хурандаа нарт хайртайдаа хамгаалаад байна гэж ар гэрийнхэн нь ч жирийн цагдаа нар ч бодож байгаа. Үгүй дээ. Тан-Лу-гийн хэргээс эхлээд улс төрчид, цагдаагийн томчууд холбогдсон, хурандаа нар хагартлаа баяжсан том хэргүүдийг нь Нямка гардчихсан байгаа гэж би боддог. Тэгээд “Та нар намаа, намын дарга нараа хамгаалахгүй бол хохь чинь шүү, өөрсдөө цуг шоронд хатав” гэхэд л “но”-гоор дүүрэн хурандаа нар мэдлээ гүйцэтгэе гээд л ёслоод гарч таараа. “Долдугаар сарын 1”-ний шүүх хурлыг харахад улс төрийн гэмт хэрэгтнүүд Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нар “гэрч” болж, тушаалыг нь гүйцэтгэсэн хурандаа нар ялыг үүрч, улс төрчид нь шоронд ч, эмнэлэгт ч ямбыг нь эдлүүлээд өнгөрөх юм шиг байна билээ.  /Энэ өгүүлбэрийг уншаад олон комет бичигчид тэр үед АН-ын дарга байсан, жагсаал зохион байгуулсан Ц.Элбэгдоржийг шоронд хийж, шонд дүүжил гэж хараахыг би мэдэж байна. Ардчилсан нам төр барьж сураагүй байж болно. Харин жагсаал зохион байгуулж бол сурсан юм. “Долдугаар сарын 1”-ний МАХН-ын урдах давчуу талбайд ирсэн хэдхэн хүн битгий хэл, Сүхбаатарын талбай дүүргэн түрхэрч байсан иргэдийг суу гэж суулгаад өөрсдөө хэлэлцээрт орж байснаараа тэр нам бахархдаг. МоАХ, МоАН-ын үнэт зүйл бол бид хувьсгалыг цусгүй хийж чадсан гэдгийгээ удирдагчид нь битгий хэл жирийн гшүүд нь эрхэмлэж явдаг. Г.Д/. Манай Нямка санасандаа хүрнэ. Ийм л нөлөөтэй Нямка гэдэг амьтны өөдөөс ноцоод явчихдаг  Женко гэдэг амьтан зоригтой байна. Бас хүчтэй байна. Нямкагаас айсангүй, гөлөлзсөнгүй адилхан л уралцаад явчихлаа. Нямка ингэж ноцоод ирэхээрээ заавал барьж байж салдаг. Олон ч амьтанд шүлс, шүд хоёр нь хүрсэн дээ. Хэзээ, хэнтэй, хэдэн үе ноцолдох вэ гэдгийгээ манай Нямка сайн мэднэ. Нямка Женко хоёр энд тэндээ хүрэлцээд. Удахгүй УИХ-ын сонгууль болох нь ээ. Нямка ба түүний ”гөлөг”-нүүд Монгол Улсын Ерөнхийлөгч рүү дайраад явчихлаа. Ерөнхийлөгчийн сонгууль бас ойртож байх нь ээ. Ардын намаас хойтонгийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамгийн өндөр рейтингтэй яваа улстөрч, хамгийн туршлагатай цорын ганц хууль ч нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод гадаад /тагнуулын/ хэргийн байнгын сайд Ц.Нямдорж юм биш үү. Ху-гийн Ху нам сонгууль болохоор л үнэгэнд тавьдаг нохой гэгчээр Нямкагаа /турхирчихна/ явуулчихна. Энэ сонгуулиар мөн л Нямка, Нямкаа туу туу гэж манай Женког заасан юм шиг ээ. Манай Нямка, манай Женко хоёр уралцаад ноцолдоод гарлаа. Харин хэн нь дийлэхийг манай үзэгчид шийднэ.