2012 оны 3 дугаар сарын 27                                                                 Улаанбаатар хот


НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД


Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гээд, 19 дүгээр зүйлийн 1-д «Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна» хэмээн заасан. Гэтэл, Үндсэн хуулиар ноогдуулсан үүргээ төр хэрэгжүүлээгүйн улмаас нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэд зүй ёсны эрхээ эдлэж чадахгүй олон жилийг хөрсний бохирдол, цэвэр усны гачигдал, утаан дунд өнгөрөөж байна. Энэ нь зөвхөн гэр хороололд амьдарч буй иргэдэд нүүрлээд байгаа аюул төдий бус нийт нийслэлчүүдийн маань эрүүл мэнд, ахуй орчинд хортойгоор нөлөөлж буй нийтийг хамарсан гамшиг билээ.

Гамшгаас харьцангуй түргэн хугацаанд өртөг зардал бага гаргаж ангижрах гарц бол гэр хорооллынхонд инженерийн дэд бүтцийг ойртуулж, эрчим хүч дулааны найдвартай эх үүсвэрээр хангах явдал гэж бид үзэж байна. Түүнээс бус хөрсний бохирдол, утаагаар халхавч хийж,гэр хорооллын айлуудын хуулийн дагуу өмчилж авсан хашааны газрыг нь захиргаадалтын аргаар үнэ тогтоон, барилгын компаниудад хүчээр өгүүлж байгаа нь буруу.

Улаанбаатарчуудынхаа төлөө ажиллая хэмээн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон хурлын төлөөлөгч та бүхэнд хандан доорх ШААРДЛАГЫГ тавьж байна.

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны6 дугаар сарын 27-ны өдрийн 92 тоот тогтоолоор баталсан “Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журам”-аа нэн даруй өөрчлөн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад нийцүүлэх!

Хэрэв энэ журмаа яаралтай өөрчлөхгүй бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заагдсан эрхээ эдлэж тайван жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх төдийгүй, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 36,4-т заагдсан эрхээ эдлэж “Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомжид нийцээгүй, иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нөхөн төлнө” гэсэн заалтыг үндэс болгон газар өмчлөгч иргэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох байгууллагад тавих болно гэдгээ мэдэгдэж байна.
    
    Хуулийн хугацаанд багтааж бидний шаардлагад бичгээр хариу өгнө үү.

ГАЗРЫГ ШУДАРГААР ХУВЬЧЛАХЫН ТӨЛӨӨ “ГАЗАР”ХӨДӨЛГӨӨНӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН 100 АЙЛЫН ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД