Альпийн их уулс, түүний ноён оргилын тухай дунд сургуулийн газар зүйн хичээл дээр монголчууд чихээ дөжиртөл заалгадагсан. Очиж үзэх хүсэл ч хэн хүнгүй л байдаг биз. Тийм нэг хүслээ гүйцэлдүүлэхээр эхнэр хүү бид гурав Каираас Женевийг жин өвлийн хүйтнээр зорилоо. Тэнд манай улсын ЭСЯ, Байнгын Төлөөлөгчийн газар байх тул миний мэргэжил нэгт нөхөд маань биднийг урьсан хэрэг л дээ. 


Бид гурвыг манай залуу дипломатч В.Пүрэвдорж өглөө эртлэн машиндаа суулгаад аваад гарлаа. Ухаан нь Альпийн ноён оргил дээр гаргаж үзүүлэх гэж байгаа хэрэг. Бид Женевээс гарч шууд Францын хил рүү орлоо. Өмнийг зориод л хурдны замаар жирийлгээд байлаа. Хоёр талаар дан өндөр уулс. Альпийн нурууны (оросоор Альпы, францаар Alpes, германаар Alpen, италиар Alpi гэх ба монголоор Альп гэе) салаа салбар нь гэнээ. Энэ мөнх цаст уулсын зураг бол ерөнхийдөө нөгөө Альп маань. Би онгоцны гэгээвчнээс авсан юм. Үүлгүй байж таараад тэнгэр цэлмэг байхад нь ингэж татлаа.


Бид ойролцоогоор 25 км давхиад Францын Аннеси хотод хүрлээ. Цаашаа хурдалсаар 50 орчим км яваад Шамони гэх хотод орж хүссэн Монбла́н хэмээх ноён оргилынхоо ёроолд ирлээ. Европын 8 улсын нутаг дэвсгэрээр салбарласан их уулсаас Францын нутагт ногдох нь нутаг дэвсгэрийнх нь 7-хон хувь байх авч ноён оргил нь энд хамаарах ажээ. Монблан (францаар Mont Blanc, италиар Monte Bianco, орчуулбал цагаан уулс гэж бууна), эргэн тойрон битүү уулс, цасан хунгар тул аль нь ч нөгөө Монбла́н (4810 метр өндөр) нь юм бүү мэд, ярилцаад заагаад зогсож байгаа нь энэ. Гран Монте гэх уул руу эхэлж гараад, дараа нь тэр хүссэн оргил дээрээ гардаг маршруттай юм шиг.


Ийм дүүжин кабинаар тэр өндөр рүү, ноён оргил руу гардаг гэнэ. Миний хүүгийн цаана харагдаж байна. Дээшээ гараад тэр кабинаараа эргээд буухад хүний 40 евро төлж билет авна. Виза картнаас ч гоё тийз ирлээ. Цусны даралт, зүрх судасны өвчтэй хүн тэр өндөр рүү гардаггүй юм шүү, Та хоёр болгоомжтой байгаарай хэмээн В.Пүрэвдорж маань хэлж сануулсаар газарт үлдлээ.


Бид гурав дүүжин кабинаар очоод байгаа нь энэ. Арван хэдэн хүн багтдаг юм болов уу, тасралтгүй явж байна лээ. Зарим хүмүүс цанатай очиж байхыг бодвол буухдаа энэ кабиныг хэрэглэхгүй бололтой юм. Эндээс цанаар уруудахад хамгийн осолтой гэж бичсэн байдаг. Гэвч олон хэлийн энэ хүмүүс шантрах шинж алга. Цанатайгаа л цуваад байх юм.


Монбла́ны ноён оргилуудыг зураг дээр маш тодорхой тайлбарлажээ. Бид хаана ирээд байгаагаа, хаашаа очихыгоо эндээс харж газрын баримжаа авч байлаа. Гэм нь цас шуураад эхэллээ. Газарт үүлгүй цэнхэр тэнгэрээс өөр сэвэлзсэн салхи ер байгаагүй юмсан. Уулсын орой тов тод харагдаж байсан атал дээр гараад ирмэгц биш боллоо.


Монгол ухаанаар ярьвал бид гурав 100 еврогоороо яг шатлаа. Хоёр том хүн, нэг хүүхдийн билет авсан үнээ хэлж байна. Тэр өндрөөс дэлхийг тольдоно, тээр дор байгаа Шамони́-Монбла́н (Chamonix-Mont-Blanc) хотыг тольдоно, цанын баазуудыг тольдоно, зураг хөрөг авна гэсэн чинь байдаггүй. Үл мэдэг салхи хөдлөх төдий, бүр сэрчигнэхэд л сул байгаа тэр их цас хийсээд, ийм хүчтэй нүүр нүдгүй шуурчихав. Хоёр метрийн цаадхийг харж чадахгүй болов. Бас ч үгүй манай В.Пүрэвдоржийн сануулж байсанчлан эхнэр бид хоёрын судасны лугшилт мэдрэгдээд, зүрх савалж гарлаа. Их удахааргүй юм.


Дээшээ тэнд нөгөө Монбла́н маань байгаа гэж хэллээ. Тийшээ бол хүн очдоггүй юм байна. Нүцгэн хадан цохио байна. Цасан шуурган дунд авсан зураг сайн гарсангүй. Дүүжин кабин дээшээ явсаар тохижуулчихсан нэг буудалархуу газар (цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр) хүрсэн, тэндээсээ уулын доторхи туннелиэр дээшээ явган мацаад хүү бид хоёрын зогсож байгаа тэр газар очсон, тэднээс дээшээ бол энэ хадан цохио нь байдаг юм болов уу гэж ойлголоо.


Бид гурав бууж ирээд Шамони́-Монбла́н хотын төвд зогсож байна. Францын Дээд Савойе мужид харьяалагдах энэ жижиг хот уртаашаа 10 мянгахан хүн амтай, Авр хэмээх уулын жижиг голын хөвөөнд байрлах, уулын цанын спортын гол төв хот, бас алпинизмын (уулын спорт) төв  ажээ. Ийм жижиг хотод олон улсын өвлийн олимпын наадам нэг удаа зохиогдож байсан, тэр болтол энэ хотыг хэн ч мэддэггүй байсан юм гэсэн.


Арав орчим мянган хүн амтай, аялал жуулчлалаас өөр үйлдвэрлэл байхгүй, гэхдээ хүн амын амьдралын чанар түвшингээр дэлхийд дээгүүрт ордог хот гэв энэ Шамонийг. Нэг удаа 60 мянган жуулчин, жилдээ 5 сая жуулчин –цаначин хүлээн авчихдаг. Цэлмэг тэнгэр алга болж, тэнгэр бүрхээд үүлшээд тэнгэр муухайрахын өмнө бид хэд нөгөө хотоор зугаалж байгаа нь энэ. Бараг хоёр давхраас дээш өндөр байшин тэр хотод алга, нийтийн тээвэр гэх юм алга, хүн ард нь дан ийм нэг давхар зуслангийн байр шиг юманд аж төрдөг юм болов уу. Агаар нь ч гэж ярих юм биш ээ. Уушиг муутай хүн бол шууд л эдгэх байх. Каирын халуун шатсан цөл газраас очсон бид гуравт хүчил төрөгч хэт мэдрэгдэж байлаа.      


Бид Шамони́-Монбла́н хотоосоо хөдлөөд ирсэн замаараа буцлаа. Францын Аннеси́ хотод үдээс хойш ирлээ. Нуурынхаа нэрээр (Анси ч гэдэг, Lac d"Annecy) нэрлэгдсэн жижиг хот байна. Бид хоёр нуурын эргээр зугаалж яваа нь энэ. Цаана нь үүл манан дунд Альп нэн сайхан харагдаж байна. Эргэн тойрон нь Ир, О Морт, Лодон, Ворнетт, Биолон гэх нэртэй Альпийн уулс байх аж. Аннеси́ нуур бол Францдаа хоёрт орох том нуур ба Альпийн уулсын их цас мөс хайлснаар эл нуур 18 000 жилийн өмнө бий болсон, урт нь 14.6 км, өргөн нь 3.2 км, гүн нь 82 метр гэж тооцвол том л нуур байж таарлаа.


Энэ хот уулын жижиг гол горхи, усан далан, хаалт, гүүрээр арвин юм билээ. Рашаан л урсаад байх шиг санагдаж байлаа. Бид зул сарын баяраар очсон тул хотын уугуул иргэн ганц ч тааралдсангүй, хот нь эл хуль байлаа. Гадны явуулын жуулчид л мэр сэр харагдаж байв.


Женев нуурын хөвөөн дээр. Зул сарын баяр тохиосон тул нөгөө алдарт усан оргилуур ажилласангүй, тэр нэг тиймхэн байлаа. Цэвэр цэнгэг усны том нуур, Альп хавьдаа хамгийн том нь, Европтоо бол Унгарын Балатоны дараа хоёрт ордог юм билээ. Хэлбэр нь дээш нь харуулчихсан хагас саран мэт, эсвэл далайд үсэрч байгаа усан гахайрхуу юм уу даа. Дотроо нь их нуур, бага нуур гэж хоёр хэсэгтэй.  Нуурыг хөвөөлөөд Женев хот байна. Эргэн тойрондоо амралт сувиллын газрууд тоймгүй олон.


Женевийн нэрийн хуудас болдог зүлгэн цаг (цэцгэн цаг ч гэдэг) энд байна. Нуурынхаа яг эрэг дээр, Монблан гүүрээс холгүй, англи цэцэрлэг гэдэгт дэлхийн анхны (цорын ганц нь ч арай биш болов уу) цэцгэн цаг 1955 онд бий болоод хагас зууныг элээж өнөөг хүргэжээ. Энэ бол техникийн, дизайн урлагийн, цэцэрлэгжүүлэлтийн гээд олон талын ур ухааныг илтгэх хосгүй бүтээл юм. Нийт дугуй диаметр нь 8 метр, жилийн турш өөрчлөгдөж байдаг (цэцэг нь ургана, хатна, шинээр ургана гэх мэтээр), нийтдээ 6500 төрлийн цэцэг тарьдаг, ажиллуулдаг механизм нь газар дор, зөвхөн зүү нь 2.5 метр урт, дэлхийд өөр байхгүй гээд ярьвал энэ цэцгэн цагийн ид шидийг тоочоод баршгүй.    


Женев нуур. Францаар Genиve, эсвэл Lac Lйman, германаар Genfersee эсвэл Genferf, италиар Ginevra, эсвэл Lago Lemano, роман хэлээр Genevra, англиар Lake Geneva гэх энэ нуурын хөвөөн дээр Швейцарийн хоёр дахь том хот (Цюрихын дараагийн), тус орны  франц хэлтнүүд нутагладаг хамгийн олон хүн амтай хот орших ба Женев гэх кантоны нийслэл нь.


Женев нуурын усны шувууд. Өвлийн хүйтэн улирал байвч нуурын ус хөлдөнө гэж байхгүй, шувууд нь хүнээс айхгүй, үргэхгүй, төрөл төрлөөрөө хөвж байх ба цагаан, хар хунгууд бий гэсэн нь өвөлдөө ичээд дулаан орныг бараадсан бололтой, олж үзсэнгүй.


Энэ бол нуурын нэг эрэг, миний ойлгосноор нуурын өмнөд эрэг. Олон улсын нисэх буудлаасаа холгүй, энэ дүүрэгт манай улсын Байнгын Төлөөлөгчийн газар оршино. Тэндээс 5 хүрэхгүй минут алхаад бид нуурын эрэг дээр очлоо. Эргээр нь зугаалж явахад сонсох дуртай нэгэн  дуу яалт ч үгүй санаанд буулаа. Крис де Бургийн Say Goodbye to it All дуунд Took a boat over Lake Geneva, It was raining all night long, We were lucky and we saw no enemy, And came from Switzerland, poor refugees, Far from the guns of war, We said goodbye to it all ... гэсэн мөрүүд байдагсан.


Хүү бид хоёр бүрэн эрхт улсынхаа төрийн далбааг мандуулсан Элчин сайдын яамныхаа гадна зогсож байна. Тус улсын нийслэл нь Бёрн гэж тусдаа хот бий, гэвч бид тэнд ЭСЯ-аа хараахан нээгээгүй байгаа. Женевт анхлан 1969 онд Байнгын төлөөлөгчийн газраа нээгээд, тэр цагаас хойш тэнд төрийн далбаа маань намирч байгаа. Харин энэ хашаа байшинг 1976 онд бариулжээ. Хожим бид тэндээс тус орныг хавсран суух болоод ЭСЯ болгож өргөжүүлсэн юм. Женевт олон улсын байгууллагууд олноороо байрладаг ба тэдгээрийн дотор НҮБ-ын Женев дэх салбар, НҮБ-ын төрөлжсөн олон байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, ДЭМБ гээд нэрлээд баршгүй.