Тун удахгүй парламентад суудалтай намууд хуралдаж, дотоодын шийдвэрүүдээ гаргах боллоо. С.Оюуны ИЗН дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг товлосон бол МАХН, Ардчилсан нам хоёр ч мөн өдөр их,бага хурлуудаа хуралдуулах шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар улс төр орчмоор хуучин практикын дагуух л танил үйл ажиллагаанууд явагдаж байна. Ардчилсан нам СЕХ хороо руу “Та нар аятайхан байгаарай, яршиг шүү. Бүх сонгуулийг та нар л будлиантуулж ирсэн. Ахиад тэгвэл өршөөхгүй гэж мэдээрэй” гэх маягийн унасан бөхийн шалтаг шингээстэй байдаг л нэг сүрдүүлэг гаргаж чулуудсан шиг, хажуугаар нь ганц нэг нэр дэвших санаатай байгаа нөхдүүд нь хувийн захиалгаар санал асуулга энэ тэр явуулсан шиг байцгааж байна. Энэ мэт анхан шатны тоглолтуудын ард Ардчиллын төлөөх хүчнүүдийн эвсэх нэгдэх санаачилга бүхий жижиг оврын уулзалтууд бас явагдаж байгаа. Зарчмын хувьд байх ёстой энэ санаа санаачлагууд харин жаахан үр дүн муутай байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байх юм. Тухайлбал, ийм дүр зургийн эхний мессежийг ИЗН-ын дэд дарга Ц.Ганхуягын амаар нисгэж тандалт хийж байна.

Нэг талаас тэр бол парламентад суудалтай нэг жижиг намын албан ёсны дэд дарга харагдана. Тэр орон зайдаа эзэн болж харагдах хүсэл ч мань хүнд бага биш тунгаар байдаг нь илэрхий үзэгдэнэ. Ц.Ганхуяг бол улс төрд тэр тусмаа ардчиллын төлөө гэх эгнээнд олон жил амьдарсан ч төдийлөн товойж гарч ирж чадаагүй дундаж нэгэн. Ардчилсан намаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэргийн халуун буурин дээр тасарч гарсан ИЗН хэмээх намд сүүлийн арваад жил данстай яваа. Шулуухан хэлэхэд тасарч явчихаад томорч чадаагүй үлдсэн жижигхэн хот айлын хурган дарга яваадаа үргэлж уурлаж яваа нь хамар сэтлэчих шахан ханхалж байдаг шартай нөхөр. Саяын ярилцлагаас нь ч энэхүү хуучин шарх нь тэр хэвээрээ яваа нь харагдлаа.

Уг нь намууд хамтармаар байна. Нөхцөл байдлыг хараад байхад намуудад санал хуваагдан хүч тарамдах нь тодорхой байна. Би ч Үндэсний хорооны гишүүнийхээ хувьд хамтарч орох л санал гаргана. Гэхдээ зарим нөхдүүд ИЗН-ыг ардчиллын дайсан, үргэлж санал хуваах хорон бодлогоор сонгуульд ордог гэж харагдуулахыг хүсдэг. Бид тийм биш. Бие даасан тусгаар нам шүү…гэж ирэн гомдолложээ. Тавьж тонилж өгдөггүй ийм нэгэн хорсол Ардчилсан намаас өрх тусгаарлаад, алдаж онож, ахиж өөдөлж өгөхгүй явсаар тавин насны босгыг алхаж яваа  цөөхөн нөхдийн амнаас залхтал гардаг. Ёстой гэм биш зан болсон үзэгдэл.   

Яасан ч аниж өгдөггүй сэтгэлийн шарх байдаг юм. Өмнөх сонгуулиудад дандаа л санал хуваах маягаар орж, Ардчилсан намын голыг гогодсон ажиллагаанууд явуулж  ирсэн энэ жижигхэн бүлэглэлийн амнаас энэ удаагийн сонгууль угтсан анхны хэгжүүн үг ийнхүү унажээ. Уг нь парламентын экс гишүүн Зоригт дуугарсан бол бараг албан ёсны байр суурийг нь мэдэрчих боломжтой байлаа. ИЗН орчмоос иймэрхүү маягийн тоглолт ирсэн бол Ногоон нам одоохондоо дуугүй байна. Эдний хоёрын дунд эхний ярианууд явагдаж байгаа нь харин үнэн байх. Гэхдээ С.Оюун ч, Д.Энхбат ч нэр дэвшин өрсөлдөх бодолгүй болов уу. Бэлгэдлийн чанартай ардчиллын төлөөх хүчнүүдийн эвсэл байгуулж, Ардчилсан намтай хамтарсан болж орох уу, яах вэ гэдгээ л ярилцаж байгаа гэсэн мэдээллүүд одоогоор цацагдаж байна. Бас ардчиллын төлөөх бүх намууд эвсэж энэ удаагийн сонгуульд орвол л амжилтад хүрнэ шүү гэсэн уриалгыг аль аль нь албан бусаар хөхиүлэн түгээж байгаа харагдана.

Иймэрхүү том эвслийг байгуулж чадлаа ч тэр нь урьдийн адил механик хөрсөн дээр дан цамцтай дэрвэсэн эвсэл байх болно. Тэд бие биендээ ясны дургүй. Ардчилсан намын энгийн гишүүд нь ч том намын буурь зааж асуудалд хандахыг, удаа дараа эвсэж хулхидуулж явснаа ямагт санаж явахыг л дарга нартаа хатуу анхааруулан хашгичиж байдаг юм билээ. Хаширчихсан ийм нэг дүр төрх хөдөөгийн намын байгууллагуудаар нь нэлэхүйдээ харагддаг. Тэгэхээс ч аргагүй дээ.

Ах намаар харин юу болж байгаа бол. Гадагшаа ямар нэгэн тоглолт хийлгүй нам гүм байгаа нь өрсөлдөгчдийнх нь анхаарлыг зүй ёсоор татаж байх шиг байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ айл голомтоо босогчдод галдуулчихаад ядарч байгаа ямбархуу дүр төрхөөр энэ удаагийн сонгуульд даруухан зугуухан ажиллах бодлого барих шинжтэй. Өрсөлдөгч нь эвсээд л нэгдээд л, уяа тойрч гийнгоолоод л сонгогчдын санаа сэтгэлийг уран сайхны аргаар хөвсөлзүүлээд байх тусам Ах нам аядуу л дүр төрх үзүүлээд араар сурсан зангаараа ангайтал ажиллачих магадлал бий. С.Баяр байр сууриа илэрхийлчихсэн. Түүнийг одоогийн Ерөнхийлөгчтэй ана мана үзээд тал тал тийшээ харчихсан гэх мэдээллүүд юу л бол. С.Баярыг Н.Багабанди дээр очоод нэр дэвшихийг гуйж гувшсан, цаадах нь загнаж зэмлээд гэдийсэн энэ тэр бол бүр ташаа мэдээлэл юм шиг. Н.Багабанди бага хурал дээрээ баахан алга ташилттай орж ирээд л гарна, Н.Энхбаяр ямар ч асуудалгүй нэр дэвшинэ гэж харвал илүү ортой байж мэднэ. Эднийхний дайн их хэргийн өмнө дандаа намждаг, хүссэн ч эс хүссэн ч нэгдээд зүтгэдэг, нэг мэдэхэд л ялчихдаг шүү дээ. Энийг эрхбиш өрсөлдөгчид нь бодож байгаа байлгүй. За, тэгээд дөрвөн сарын дөрөвний өглөө л асуудал тов тодорхой болно. Тэр өдөр ахин уулзцгаах уу.