Мозайка – чулуун урлалын (урлаг) тэр цех, бэлэг дурсгалын дэлгүүрт есөн жорын юм байх аж. Ихэнхи үйлчлэгч, худалдагч, хөтөч нь дан орос охид бүсгүйчүүл байж таарав. Гаднахи хаяг нь ч англи, оросоор харагдана лээ. Энэ хот нь Иорданы христианчуудын гол хот, Византын үеийн грек ортодокс шашны том сүм байдаг Мадаба хэмээх хот. Мозайкийн хот Мадаба (Madaba–aCity of Mosaics) гэж алдаршсан.


ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг мозайка чулуугаар ийнхүү шигтгэж урласан нь бодвол оросын жуулчид тийшээ тасардаггүй, мөнгө хайрлахгүй худалдан авдагтай холбоотой байх. Тэр олон орос бүсгүйчүүд бол иордан эртэй ханилаад тэнд суурьшсан, зарим нь гэрээгээр ажилладаг гэв. Энэ гайхамшигт бүтээлийг хэн хэрхэн хийв ээ, гол нь нүдний өнгийг яаж ийм адилхан гаргав аа гэж би гайхаж гайхаж цаашаа цех рүү нь орлоо.


Цех ч гэж нэрлэж болно, эсвэл урлан гэх үү. Ортол 4-5 охид хөвгүүд чулуун шигтгээгээ хийгээд сууж байлаа. Лавлаад үзтэл тэд Мадабын мозайкийн дунд сургуулийг дүүргээд энд ажиллаж буй гэлээ. Манайхны Дүрслэх урлагийн дунд сургуулийн Мадаба хувилбар нь юм уу даа. Гэхдээ зөвхөн тэр хотод байдаг тусгай,  цорын ганц сургууль гэв.


Тэр охид хөвгүүд эзэн хааныхаа хөргийг дөнгөж урлаж дуусаад жаазлаад заал руу оруулж байхад нь би энэ зургийг татаж авлаа. Иорданы Ван Абдалла II. 1962 онд Ван Хусейн бен Талал, англи ээж хоёрын дундаас төрөөд 1999 онд эцгээ өөд болсноос хойш энэ орныг тэргүүлж буй залуу хаан. Их зөнч Мухаммедын 43 дахь үеийн залгамжлагч. Цэргийн нэрт жанжин, 1999 онд цэргийн дээд хоёр цолыг зэрэг хүртсэн –Вангийн агаарын цэргийн хүчниймаршал, фельдмаршал. Десантчин, цэргийн нисгэгч, усанд шумбагч, автораллийн мастер, япон хоолны сайн тогооч, АНУ-ын өмнөх ЕрөнхийлөгчЖоржБушийн ганц найз, олон эхнэрт ёсыг өөрөө өөртөө халж ганц эхнэртэй байгаа, тэр нь палестин бүсгүй – гээд  их зөнч Мухаммедын удмын намтар хөвөрч өгнө дөө. Бод доо, англи ээжтэй эрлийз эр лалын шашныг үндэслэгчийн удам.


Тэр охид хөвгүүд эзэн хааныхаа хөргийг урлаж дуусаад энэ заал руу оруулж заруулахаар тавьдаг юм байна. Мозайка – чулуун урлалын бэлэг дурсгалын дэлгүүртом биш, гэхдээ ховор чамин үзмэрээр дүүрэн. Үзээд барах юм биш, худалдан авъя гэвэл ихээхэн зоостой очих хэрэгтэй. Үнэ гэж талийж өгнө.


Мозайка чулуугаараа Палестины эртний нутгийг урлаад байгаа нь энэ. Энэ бол чулуун газрын зураг. Газрын зураг цаасан дээр хэвлэгдсэн байх албагүй, чулуугаар урлаж болно гэдгийн нотолгоо, хүний авьяас билэг юу бүтээж болдогийн жишээ гэе дээ. Энэ хосгүй бүтээлийг зүгээр л тэр дэлгүүрийн ханан дээр шигтгэж хийжээ.


Бид цаашаа явлаа.Дэлхийн ёроол болох Сөнөсөн тэнгис рүүгээ л дөхөж яваа нь тэр. Нево́ буюуНебо́ уулын оройгоор давхилаа. Иордан голын хөндий, цаашхинаа Израилийн нутаг харагдаж байна. Тэнгэр цэлмэг байлаа. Ном сударт бичсэнээр  бол энэ уулын орой дээрээс Иерусалим, Иерихон хот харагддаг гэсэн боловч бид олж харсангүй, нүдээ чилтэл ширтээд нэмэргүй. Яндан дурангаар харвал хаашаа байдаг юм.


Небо уулыг иврит хэлээр бол  Хар Нево (HarNevo), арабаар бол Жабал Нибү (JabalNibu) гэх ба Моисейн уул ч гэж нэрлэдэг. Иорданы баруун хэсэгт, Сөнөсөн тэнгисийн хойд эрэгт ойрхон, Мадаба хотоос 7 км-т, далайн түвшнээс 817 метрийн өндөрт бид гарч иржээ. Библийн сударт өгүүлснээр бол их зөнч Моисейд ертөнцийн эзэн энэ уулыг ертөнцийн хамгийн өндөр газар хэмээн зааж өгсөн аж. Христианчуудын онгон дагшин газар хэмээн энэ хөшөөн дээр бичжээ.


Энэ лут чулуун зургийн дор их зөнч Моисей нойрсож байгаа юм байна.Моисейг ивритээр Моше (уснаас аврагдсан гэсэн утгатай), арабаар Муса, латинаар Мойсес (Moyses) гэж нэрлэх ба жүдаизмыг үндэслэгч, жүүдүүдийг эртний Египетээс нүүлгэсэн, жүүдүүдийг нэг цул үндэстэн болгож нэгтгэсэн жүүдүүдийн их зөнч хэмээн лавлах номуудад бичсэн байх юм билээ. Гэтэл христианчуудын загалмайлсан эцэг хэмээн иорданчууд тооцдог бололтой.


Их зөнч Моисейд зориулж босгосон бас нэг лут хөшөө тэр байна. Нөгөө чулуун хөшөөнийхөө яг эсрэг талд. Библийн сударт бичсэнээр боли Моисей нь манай эриний өмнөх XV—XIII  зууны хавьд фараонуудын үед Египетэд Иосифын залгамжлагч болж төржээ. Фараонууд нь жүүдүүдийг боолчуудаас дор үзэж, шинэ төрсөн жүүд нярай нарыг Нил мөрөнд хая хэмээн зарлигдаж байх үед Моисей нь жүүдүүдээ дагуулан Синайн хойг руу дүрвэж, тэндээсээ өнөөгийн Иорданд иржээ.


Энэ чулуун зураг юуг илэрхийлнэ вэ хэмээн бид их удаан ажиглалаа.  Зурагны дүрсүүдийг тайлах санаатай.Жүдаизмын номлолоор бол энэхүү Моше гэгч нь тэдний шашны гол зөнч, дараа дараагийн зөнч нарын эцэг. Христианчуудын үзэхээр бол Моисей нь Исүс Христосыг бүтээгч, чухам Моисейгоор дамжиж ертөнцийн эзний сургааль дэлхийд буусан. Гэтэл энэхүү Муса гэгч ньмусульманчуудын хувьд Аллахтай ном хаялцаж суусан, түүний дотны нөхөр тэр утгаараа лалын шашны бас нэг зөнч болж таарлаа. Ямарч л гэсэн энэ уулын орой дээр аж төрөн сууж номоо бясалгаж байгаад эндээ ясаа тавьсан хүн ажээ.


Бид цаашаа уруудлаа. Дэлхийн ёроол руу дөхөж явна. Зам  зуурт бедуин нүүдэлчдийн ийм нэг отог (хот айл) харагдлаа. Газрын хөрс, чулууны өнгө янз янз болж байнаа. Хүрэн улаан өнгө л голлоод байх шиг. Бараг нэг км-ийн өндрөөс хурдтай бууж –423 метр руу уруудаж байгаа юм чинь чих шуугиж байгаа гэж жигтэйхэн, онгоц хөөрч буухад тэгдэг дээ.


Тэр цаана цэнхэртээд Сөнөсөн тэнгис харагдаж байгаа нь тэр. Одоо бид далайн түвшнээсээ доошоо орчихсон, хасах 423 метрт, тээр дор яваа. Ертөнцийн, эсвэл дэлхийн ёроол гэж нэрлэдэг тэр тэнгис рүү хурдаллаа. Тэр тэнгис бол тэр чигтээ эм тан, сувилгаа, бариа засал гэж ярьдаг тул биеэ сувилаад авъя гэж шийдлээ.Өндөр температур, чийгшилт нь хонхор газарт ус үүсгээд ёроолд нь асар их давс хуримтлагдчихсан юм уу даа.


Энэ зургийг сая явахдаа аваагүй юм. Ноднин гэр бүлээрээ машинаар Египетээс Израиль орохдоо, тэр тэнгисийн эрэгт түр саатахдаа энэ зургийг авсан юм. Тэр их хунгарласан давс цаана харагдаж байна. Хутгаад авбал мөн ч их давс байсан даа. Тэр үед тоогоогүй өнгөрсөн юм. Хөлөө дүрээд үзтэл халуун шатаад тэсэхийн аргагүй. Давс тулдаа л тийм их халууныг хадгалдаг байх гэж бодож байлаа.


Сөнөсөн тэнгисийн давс биенд сайн, ахиухан шиг олж ирээрэй, энд Улаанбаатарт  Сөнөсөн тэнгисийн давс олдохгүй хэцүү байна, зарим нэг хүн өндөр үнээр дамлаад байна гэсээр ах дүү, анд нөхдөөсөө давсны баахан захиалга авчихаад хурдалсаар очлоо. Нөгөө давс байдаггүй. Энэ тэнгис бол Иордан–Израилийн хил дагуу, тэнгисийг яг дундуур нь хуваагаад хоёр талаас нь эзэмшдэг. Гэтэл Израильд хунгарлаад байсан их давс энд болохоор байдаггүй. Давсны эрэлд хатаж эргээр нь  давхиад давхиад давс олж харсангүй. Тэр цаана бараантаад байгаа уулс бол Израилийн нутаг.


Dead Sea – буюу иврит хэлээр Ямхa-мэлах (давст тэнгис), арабаар Аль-БахрАль-Майит (асфальтан тэнгис, давст тэнгис). Энэ тэнгист хөлөг онгоц, завь хөвж яваа харагдсангүй, бодвол техникт халтай байх. Бас хоёр улсын усан хил учраас хамаагүй зорчоод байдаггүй биз. Жилдээ нэг метрээр доошоо сууж байдаг хэмээн бичсэн байна лээ. Өмнө миний хэлсэн тэр–423 метр бол 2010 оны хэмжүүр юм. Тэр тэнгист хүн живнэ гэж даан ч байхгүй, ус нь дээш нь хөөргөөд байх нь тэр. Сэлэх ч шаардлагагүй, сэлүүлэх ч үгүй, өмнөөс усны далдын хүч түлхээд юун сэлэх шумбах. Шумбах гэж байж нүдэндээ ус оруулбал бараг сохрохын наагуур юм болдог гэсэн анхааруулга байна лээ. Тэгэхээр энэ тэнгист ингээд ном сонин уншаад хөвж (хэвтэж арай биш юм аа) явахаас өөр аргаүй.


Би ч бас тэр бүсгүйг дууриагаад нэг сэтгүүл бариад тэнгис рүү орж хөвлөө. Ер нь манай гариг дээрхи хамгийн их давстай тэнгис бол энэ л дээ. Давс нь  33,7 хувь (давсны хүчиллэг нь юм болов уу) гэсэн. Тэнгисийн урт нь 67 км, өргөн нь 18 км, хамгийн гүн нь 378 метр нь ажээ.


Хунгарлаад байсан нөгөө  их давсны оронд ийм бальзам олж авлаа. Эргээр нь нэг байна. Хар тос гэхэд хаашаа юм. Хар шороо, тос, давс гурав байгаа юм уу даа. Шороо ч гэхэд хэцүү, нарийн ширхэгтэй элс нь давсандаа түлэгдээд харлачихсан бололтой. Нөгөө нэг эм тан, эмчилгээ, бариа засал нь энэ юм гэнээ. Сөнөсөн тэнгисийн крем, арьсанд сайн, биенд сайн гээд дэлгүүрт зараад байдаг нь тэнгисийнхээ эрэг дээр сул хэвтэж байна. Улаанбаатар дахь захиалагч нартаа давсны оронд ийм хар тос л авч очиж таарлаа.


Хар тос хүний биед түрхэж өгдөг араб албатууд тэнд олон байх аж. Эрх биш бариа заслын дамжаа төгссөн байх гэж бодлоо. Тэр залуус дамшиглаад миний цээжин дээр ийм зураг зуржээ. Арилгах гэж тамаа цайна даа. Удаан ч түрхэлтгүй. Арьс хорсгоод тэсэхийн аргагүй. Энэ тэнгист ер нь давснаас өөр ургамал амьтны зүйл төрөл байдаггүй байх аа. Тэр их давсанд ямар загас жараахай тэсэв гэж. Иордан голын цутгаланд ганц нэг нян бичил биетэн байх ба тэнгис рүү урсаж ороод давсанд уусчихна. Минералогийн бүтэц нь дэлхийн өөр ямар ч тэнгис далайн давсны бүтцээс эрс ялгаатай.


Арьс хорсгоод тэсэхүйе бэрх болмогц бид хоёр тэнгис рүүгээ орж явчихлаа. Хүүгээ ганц оруулаад бассейн руу нь буцаалаа. Ер нь хүүхэд тэр тэнгист орж байгаа харагдсангүй. Хүүхдийн сонирхох юм ер биш байна. Тэнгист хөвж, хэвтэж, бие үрж байсаар нөгөө хар хөөнөөсөө саллаа. Арьс маань час улаан, хамаг судасны судлууд ил гараад ирж, арьсных нь бүх нүх онгойж цэвэрлэгдэв үү л гэж бодлоо. Эрүүл мэндэд хачин сайн тул жуулчдын хувьд ганц диваажин нь энэ тэнгис юм гэнээ.


Сөнөсөн тэнгис нөгөө эрэг дээрээсээ харагдаж байгаа нь энэ. Энэ бол Израилийн нутаг. Тэр цаана хүрэнтээд байгаа чинь саяын бидний очсон Иорданы нутаг. Библийн сударт өгүүлснээр бол Давид хаан, Иисус Христос өөрөө энэ тэнгисийн хөвөөнөө саатаж аж төрж байжээ. Түүнийг нь илтгэх мэт эртний жүүдийн суурингийн туурь, христосынанхнылам нар байсан гэх туурь энэ хавьд тохиолдож байв.  


Сөнөсөн тэнгист биеэ сувилуулаад, эргэж Амманд ирээд, тэр үдэш найз М.Микдадийнхаа өргөөнд оройн зоогт уригдав. Түүний ажлын өрөө энэ байна. Тэр чигтээ уран зургийн галарей.Элдэв чамин үзмэрээр өрөөг чимэглэжээ. Манай Микдади бол дэлхийн 50 орчим улсад бизнестэй, энэ улсын толгой баячуулын нэг л дээ. Тэгэхдээ их даруухан, нөхөрсөг, их эрдэмтэй хүн.


Эхнэр бид хоёр Микдадийн ажлын өрөөнд саатлаа. Санаа авууштай, үлгэр жишээ болмоор юм зөндөө л байна. Албан тасалгаа, амралтын өрөөгөө хэрхэн тохижуулахав гэвэл туршлага судалмаар юм их байнаа.


Энэ гайхалтай түлхүүрийг музейд тавимаар санж. Ургийн бичиг, овгийн модны салаалсан мөчир, дэлхийн ууган гол гурван шашны хэлхээс холбоог харуулсан зураг хөрөг, энэ түлхүүр гээд сонин сонин үзмэр олон байна. Энэ түлхүүр бол Микдадийн өвөг (өвгийн өвгийн өвөг ч бас орно) эцгийн Израильд орхисон байрны түлхүүр юм гэнэ. Эднийх олон үеэрээ Тель-Авивын Яффа хотод аж төрөн суусан палестин айл аж. Израиль Улс байгуулагдаад 1948 онд дайн дэгдэхэд эднийхэн тэндээсээ дүрвэж Ливан ороод тэндээсээ Иорданд ирж суурьшсан гэв.


Буцахынхаа өглөө зочид буудлынхаа тагтан дээрээс өглөөний Амманыг ингэж буулгалаа. Тэнгэрт бүртийх  ч үүл алга. Экологийн цэвэр хот гэж хэлж байсан, тэгж бичсэн байсан, үнэн үг байжээ. Сүүлчийн зургийг уран сайхны сэтгэмж гэж үзээрэй. Ерөөсөө Иордан орон тэр чигтээ энэ зурагт багтсан гээд ойлгочих. Ийм л өнгө дүрслэлийг бидэнд үлдээлээ.