Гаампыг дууриаж сүртэй гарчиг өгсөн ухаантай, та муусайнууд үйл үг гэж бодсон байх л даа. Угтаа ОХ, ОЗ гэсэн товчилсон нэр юм. Факультетийн ОЗ, МУИС–ын ОХ, ШУТИС–ын ОХ. Олон ОХ–ууд дундаас хамгийн том хоёр нь НАМОХ, МОХ. ОХ–ууд нь томроод ЗХ болно. Бидний сайн мэддэгүүд нь НАМЗХ, МЗХ, АЗХ.

Их дээд сургууль бүхэнд оюутны зөвлөл, оюутны холбоо гэж буй. Том сургуулийн оюутны холбоонд хөөрхөн мөнгө эргэлдэнэ. МУИС–ын ОХ гэхэд л жилдээ 60–70 сая төгрөгийг ректороор мутарлуулдаг. Генсек, тэргүүн гэх мэт местэн дээр байгаа оюутан хөөрхөн мөнгө шомбодчихно. Гэхдээ МОХ–ын тэргүүний хусдаг мөнгөний хажууд зугаа төдий л дөө. ОХ–оосоо эхлээд л мөнгө “шомбодоод” сурчихсан залуус илүү том том холбоод руу зүтгэнэ. Өөр ажил хийх хүсэл ч үгүй, мөнгө эрх мэдлийн амтанд шунасан улс. Аргагүй ээ, өнөө цагт улс төр эсвэл уул уурхай хөөсөн хүмүүс л сайхан амьдарч байна. Ганган Лэксус унаж яваа засаг даргаа харсан олон залуус хэзээ нэгэн цагт түүн шиг болохыг мөрөөднө. “Жирийн нэг” оюутан, залуучуудын холбооны тэргүүн нь том хар жийптэй байхад, өчнөөн жил ажилласан инженер хүн жижиг япон тэрэгтэй. Ингээд л авилгалчдыг хараан зүхдэг мөртлөө өөрсдөө авилгалч, хулгайч болохыг мөрөөдсөн, гоё лексус жийп унахыг мөрөөдсөн олон мянган залуусын арми мэндэлнэ.