Дарханд Ардчилсан намаас Г.Гантулга, Ардын намаас Ж.Сүхбаатар нар ялах магадлал байна.

Ирэх сонгуулийн чимээг ажиглахаар Дархан-Уул аймагт ажиллалаа. Сонгууль эхлээгүй нам гүмхэн ч улс төрийн намууд нь  дотроо бужигнаж  зөвхөн намуудын дарга удирдлагууд нь өдөр болгон төв нам руугаа давхина. Дархан хот уг нь УИХ-д гурван гишүүн тодруулдагч сонгуулийн шинэ хуулиар нэг орон тоо хасагджээ. Тэгэхээр нэг намаас хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ нь Ардчилсан нам, Ардын намын хувьд нам дотроо “нанчилдaхад” хүргээд байна.



МАН

Ардын намын хувьд хашиж албан тушаалыг нь урдаа барин бяралхаж, мөнгөрхөж сонгуульд орох тактик баримталж байна. УИХ-ын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа нар л Дархан хотыг “макет” болгоно. Хөрөнгө оруулалтыг ёстой цутгана гэсэн мэдээлэл тарааж байна. Гэтэл Дарханы МАН-ын залуусын бүлэг нь Зам тээвэр хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэлийн нэрийг дэвшүүлжээ. Б.Цэнгэл бол Дарханд өссөн хүүхэд төдийгүй Ардчилсан социалист залуучуудын холбооны дэд тэргүүн, Зүүний хүчний холбооны удирдагчдын нэг  У.Хүрэлсүхийн бодлогыг хүчтэй дэмжигч юм байна. Цэнгэлийн бүлэглэл Д.Хаянхярваагаа хүчтэй эсэргүүцэж ил далд хуучин явдлыг нь ухаж төнхөж явна. Төв намдаа хийгээд улс даяар Ж.Сүхбаатар нэр хүндтэй ч Дархан хотын МАН Д.Хаянхярваа, Л.Амарсанаа нарын “луугар” бүлэглэлийн хяналтанд байдаг учраас Ж.Сүхбаатар гишүүний нэр хүндийг Дархан хотдоо унагах оролдлого үргэлжилж байна. Дарханы нэг төрийн бус байгууллагын судалгаагаар МАН-аас ялалт авчрах магадлалтай нь Ж.Сүхбаатар, Б.Цэнгэл гэж тодруулжээ. МАН-ын удирдах зөвлөлөөр мөн л Ж.Сүхбаатар, Б.Цэнгэл нарыг дэвшүүлэх болж Сангийн сайдыгаа жийжээ.

АН

МАН өндөр албан тушаалтнууддаа ач холбогдол өгч Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нарыгаа дахин сонгуулна гэж байгаа бол АН бүр өөр орон нутгийн шинэ залуу лидерээрээ толгойлуулан сонгуульд орох тактик баримталж байна. Дарханы Ардчилсан намын даргаар ажиллаж байсан, одоо Дархан хотын Иргэдийн хурлын төлөөлөгч Гонгорын Гантулга гэдэг инжинер залууг тодруулахаар яригдаж байна. Г.Гантулгын онцлог давуу талыг намын нөхөд нь ярихдаа “Манай Гантулга бол нэгд, Дархан хотын унаган иргэн хоёрт, ямар ч юманд орооцолдоогүй цэвэр цагаан мөртэй байгаа, өндөр боловсролтой сэхээтэн, түүнчлэн Дархан нутаг төрийн бус байгууллагын тэргүүн, Дарханы хөл бөмбөгийн холбооны тэргүүн, Дарханаа хөгжүүлье форумыг телевизээр хөтөлж олны анхааралд өртөөд байгаа улс даяар танигдаагүй ч Дархандаа бол танигдаад байгаа залуу юм байна. Дарханы Ардчилсан намын даргаар ажиллаж байсан учраас төв намдаа нэр хүндтэй. Ардчилсан хүчний холбоо, МоАХ фракцаас дэмжлэг авах найдвартай байна. Ардчилсан намын дүрмээр бол намын хорооны хурлаар орж хоёр хүн тодруулан төв намын ҮЗХ-ны хуралд хүргүүлнэ. Төв намын ҮЗХ-ны хурал бол эсэргүүцэх эрх эдлэхгүй зөвхөн батална. АН-ын дараагийн нэр дэвшигч бол хамтарсан засгийн үед байгал орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх юм. Л.Гансүх хоёр ч удаа парламентад сонгогдсон туршлагатай лидер ч гэсэн сонгууль эхэлмэгц төвийн хэвлэл мэдээллийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Л.Гансүх сайдаар ажиллаж байхдаа төвийн сонин телевизийн 5-6 сэтгүүлчийг цагдаа шүүхэд өгч заримыг нь шийтгүүлж заримых нь хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон, одоо хүртэл заргалдсаар байгаа сэтгүүлчдийн хэрэгч шүүх шатанд яваа айхтар заргач нэгэн. Мэргэжлийн хувьд хэвлэлийнхэн амь нэгтэй байдаг юм. Тэд ойрноос хоорондоо холбоо барьж Л.Гансүхийг нэр дэвшмэгц  “Дархан орж Шонхорын авд мордоно” гэж ярьж байна гэсэн. Ер нь сайдын тушаалыг мөнх юм шиг санаж. хэвлэл мэдээлэл сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан хэнийг боловч улс төрд дахин шургуулахгүйн төлөө тэмцдэг нь өш хонзон ч биш сэтгүүлчдийн араншин байдаг. Тэгээд ч хамтарсан Засгийн газар хамгаалаад магтаад  байхаар нэр хүндтэй байсан биш дээ. Тийм учраас Дарханы намын нөхөд нь Л.Гансүхд итгэсэн ч ийм нэгэн том тээг гарч магадгүй. Төв АН Дарханд нэг эмэгтэй дэвшүүл гэж Б.Мөнхтуяаг хуваарилж мэдэхээр байна. Тэгвэл Дарханы ганц найдвар Г.Гантулга хасагдаж магадгүй. Мөн Дарханы хуучинг Засаг дарга байсан “Монгол Алт” компанийн захирал Ж.Мөнхтөрийг АН-ын нэг фракц зүтгүүлж байна. Харамсалтай нь Ж.Мөнхтөр иргэдийн дунд явуулсан судалгаагаар, аймгийн намын хорооны хурлаар ч гарах магадлал байхгүй байна.

Бусад намуудаас

Бусад нам эвслүүдээс Дархан хотод дэвшиж өрсөлдөх хүчтэй лидер алга. Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар дэвшинэ гэсэн мэдээ Дарханд түгээж тандалт хийж эхэлжээ. Дарханы МАН-ынхан Ганбаатартай нууц тохироо хийж байгаа гэсэн мэдээлэл түгжээ. Ганбаатар Дарханы арван жилд ганц нэгэн жил болсон ч төдийлөн мэдэхгүй гэцгээж байна. Олзуурхууштай нь Дархан хотоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд олон юм. Тэд нам харгалзалгүй ямар хүнд итгэл үзүүлбэл Дарханыханд өлзийгөө өгөх бол гэсэн судалгаа хийжээ. Эл жагсаалтын дүнг ямар ч засваргүйгээр танилцуулъя.
  1. Ж.Сүхбаатар
  2. Г.Гантулга
  3. Д.Хаянхярваа
  4. С.Ганбаатар
  5. Б.Цэнгэл
  6. Л.Гансүх
  7. Б.Бат-Эрдэнэ
  8. Ж.Мөнхтөр
Эл судалгааны онцлогийг дүгнэхдээ энэ жилийн сонгуульд анх удаа Ж.Сүхбаатар, Г.Гантулга нар буюу Дархан хотод төрсөн өссөн Дарханы хүүхдүүд дарханчуудаа төрд төлөөлөх магадлалтай байна.