Энэ тавдугаар сарын нэгнээс нэг айхтар хууль хэрэгжиж эхэллээ. Үнэндээ төрд шургалсан авлигачид сонгуулиас биш энэ шинэ хуулиас л ухаан алдатлаа айж байна. Сонгууль бол яах вэ ил далд мөнгө төгрөг шидэж нэг их шудрага хүн болон аргалж чаргалж байгаад гараад ирдэг юм. Харин төрийн тэргүүн, Ерөнхий сайдаасаа  аваад сайд, аймаг, хотын дарга, нэг агентлагийн даргаар сонгогдож томилогдохдоо хүрсэн хэн ч бай эвгүй болсондоо. Хуучных шиг төрд дээгүүр гарсан л бол төсвийн мөнгөнөөс хусаад өнгөрнө гэсэн юм байхгүй болсон. Орлого зарлагаа мэдүүлнэ, сонирхлын зөрчлөө тайлагнана. Төрийн алба нийтийн алба болж эрх ямбыг нь хасна, үүрэх ёстой үүргийг нь үүрүүлнэ. Энэ бүхнийг гадарлаж байгаа зарим гишүүд ордноор “сул гишүүнээс сумын засаг дарга илүү болох цаг ирж байна “ гэж ярилцаж байна билээ.

Монголын төрийн албанд үйлчилж байгаа хуулиудад УИХ-ын гишүүн Л.Гантөмөр судалгаа хийжээ. УИХ, Засгийн газар,  албан газар, агентлагууд дарга нарт ердөө л ямбыг нь эдлэх хууль хийчихсэн тэрийгээ мөрдөж ажиллаж яваа юм байна. Тодруулбал, энэ дарга нар чинь ажлаасаа халагдахгүй байх эрх эдлэхээс авхуулаад өөрсдийгөө шагнуулах,нөхөн төлбөр авах, байр гулсуулах, тендер хүртэх гээд бүх эрхийг эдэлдэг дархлагдсан хүмүүс болоод байгаагийн нууц нь хуулиндаа байгааг нь судалгаагаар гаргажээ. Ямар ч үүрэг хүлээхгүйгээр хууль хийчихээд хуулийнхаа ард өөрсдийгөө нуучихаад цохиж яваа ажээ.

Нэгэнт үүрэх хариуцлага байхгүй болохоор албан тушаалаасаа халагдана солигдоно хариуцлага тооцогдоно гэж байхгүй. Гадаадад зугаалаад л унаа унаад л, нэг том албанаас нөгөөд шилжээд л, тендер цохиод л улам л дүнхийгээд байх замыг нь хуулиар зөвшөөрчихсөн юм байна. Сая таван сард гарсан одоо авилагчдыг айлгаж эхэлж байгаа энэ хуулин дээр албан тушаалтны ямбыг хязгаарлаж хариуцлагыг нь (ялыг) үүрүүлэх хууль нэмээд гарчихвал төрийн алба цэвэршиж түмний сан арвижих юм.

Авлигачид өнгөрсөн 20-иод жил үнэхээр галзуурсан даа. Ёстой хуульгүй юм шиг аашилж авирлаж ирсэн. Гэвч авлигачид ямбыг нь эдэлсэн мөртлөө ялыг нь үүрэх болохоор амиа хорлохоос буцахгүй арчаагаа алдаж байгаа амьд жишээг түмэн харж байна. Авлигын загалмайлсан эцгээсээ эхлээд янз бүрийн ааш араншин гаргаж, амиа хорлохоор хүртэл төрийг айлгаж сүр хүчээ үзүүлнэ. Улс төрөөр хамгаалуулна. Бүүр цуг идэж ууж байсан нэг багийнхан нь хүртэл ”айсандаа айлын диван доор нуугдаж” суух вэ. Ард иргэд одооноос ухаарч байна зарим нь шоолж байна. “Айсан авлигачид айлын диван доор нуугдана” гэсэн шог үг хүртэл гарч яригдаж байна. Аймгуудын дарга нар бүгд шахуу шалгагдлаа, юу нь буруу гэж.

Төрийн ямбыг үүрч түмний хөрөгнөөс хусагчид түрүүчээсээ  шоронд явлаа. Юу нь буруу гэж. Одоо хөрөнгө иднэ, баяжина гэж төрийн алба руу тэмүүлэгчид айхгүй ч гэсэн аягүй гэгч  болоод байна. Авлигачид айж эхэлж байгаа нь бас нэг алхам. Гадаадад дүрвэлээ л гэнэ. Сингапурт эмчлүүлээд ирж өгөхгүй байна гэнэ. Ажлаа орхиод алга боллоо л гэнэ. Зарим нь хөрөнгөө хувааж таньдаг мэддэг хүндээ хүртэл хүртээж явна гэнэ. Бас томоохон хөрөнгөтөнүүд нь мөнгөө өөр орны банкинд байрлуулж юм хэцүүдвэл дүрвэх бэлтгэлээ хангаж байна гэсэн сураг гараад байна.

Авлигатай тэмцэх газар болон прокурорыг дуудахад УИХ-ын гишүүн хүртэл гүйгээд очдог боллоо гэнэ. Энэ бол сайн мэдээ. Авлигачид хуулиас хэзээ ч айдаггүй байсан юм. Бүүр улаан цаймдаа гарсан цаг байсан түүх бий. Шүүх, прокурор хуулийн байгууллагынхан хүртэл урам орж байна. Хуулийнхан мөнгөтэй хүнд бол нэг стандарт мөнгөгүй хүнд бол бас нэг өөр стандарт барьж хэргийг шийддэг байсан юм. Хуулийнхан хэнээс ч айхгүй ядуу баянаар нь ялгахгүй байвал иргэд цагдаадаа, шүүгчдээ, прокурортоо итгэнэ. Итгэл гэдэг хуулийханд мөнгөнөөс илүү нэр хүндийн хэрэгцээ, буруу замаар олсон хэдэн төгрөгнөөс илүү амьдрах баталгаа болох тийм цаг ирнэ. Сонгогдож томилогддог авлигачдыг цэгцэлж болно. Гэхдээ асуудал дөнгөж эхэлж захаасаа сөхөгдөж байна.

Авлигачдыг айлгасан бас нэг хууль бол сонгуулийн хууль. Сонгуулийн шинэ хуулинд бас сайн заалт орсон. Хоёрын хооронд луйвар хийж, мөнгө өгч, санал худалдаж, худалдан авч байгаад гардуулбал ял үүрнэ. Хэн арав хорин мянган төгрөгнөөс болж ял үүрэхийг бодох билээ. Улс төрчид санал алдана гэхдээ үнэнийг хэлэхээс айдаг болхоос биш сонгогчид авлигачид болоод хувирчихжээ. Эрдэм чадалтай хэний хэн манай тойрогт нэр дэвшив гэхээсээ илүү арай мөнгөтэй хүн дэвшвэл саналаа өгнө гээд улаан цайм ярьдаг боллоо. Мөнгөтэй хүнээ сүлдэлсэн улс төрийн нам ч байна. Ийм сонгогчид байсан цагт авлигачид төрөх өсөх бойжих үүр уурхай бэлэн байна гэсэн үг. Төрд тэмүүлсэн эрхэмүүдэд нэг л үг захимаар байгаа юм. Эрхэм та ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрэх тэнхээтэй бай. Ямбыг нь эдлэчихээд ялыг нь үүрэх болохоор зугтаагаад байж болохгүй. “Айсан авлигачид айлын диван доогуур нуугдсан ч” төр түмэн олоод авч чадна. Төрийн албаны ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрэх ёстой.