Египетийн сангийн сургалт гэж байх үед түүнд хамрагддаг гадаадын улсуудын дотор манай улс тэргүүн байрт 2009 онд орж байж билээ. Энэ сургалт нь Монголд оруулсан оюуны том хөрөнгө оруулалт байсны хэрээр 1997 оноос гэж тооцвол лав 1500 монгол хүн эртний түүхт Миср оронд зочилжээ. Зочлогсдын нэлээд нь энд миний үзүүлэх зурагнуудыг хараад хуучнаа санан дурсч байгаа. Египетийн сан монголчуудыг гэгээрүүлээд зогсохгүй улс орноороо аялуулж, дэлхийн жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллан дууддаг энэ газарт зочлуулж, энд үзүүлж буй далайд умбуулж, таван одтой тансаг буудалд тансаглуулж байсан даа.


Шармэш-Шейх, Шармаль-Шейх, Шармэл-Шейх, Шармаш-Шейх гээд янз янзаар бичээд байдаг, хот гэхэд хот биш, тосгон гэхэд арай том, 200 гаруй зочид буудлыг эргээрээ нэг эгнүүлчихсэн, явган бол явалтгүй, эрэг дагуу сунаж тогтсон ийм нэгэн газар би албан хэргээр хоёр удаа саатсан юм. Синай бол Ази тивийн хамгийн баруун үзүүр дэх хойг, тэр хойгийн өмнөд хошуу – Өмнөд Синайн Наама Бей (Naama Bay) буюу Наама тохой гэх газар Шармэш-Шейх гэгч энэ хотхон байршжээ. Араб хэлнээс хөрвүүлбэл “Шейхийн зогсоол” гэсэн үг. Зураг дээр Улаан тэнгис дээгүүр наран мандаж,  Шармэл-Шейхэд өглөө болж байна.


Хэт халахгүй, нойтон чийггүй, хур тунадасгүй, гэхдээ ямагт халуун дулаан, тэнгисийн ус нь ямагт бүлээн, ямагт тунгалаг, усан доорх ертөнц гэж үлгэрийн далай, байгалийн амьд аквариум, түүгээрээ аянчид жуулчдыг татан дууддаг, ийм л онцлогтой газар юм билээ. Дэлхийд цэнгэг тунгалаг далайтай хамгийн том курорт-хот нь Шармэл-Шейх байх магадлалтай. Тансаг сайхнаараа Лас-Вегастай дүйнэ, тиймдээ ч “Арабын Лас-Вегас” гээд биччихсэн байсныг би олж үзсэн юмдаг. Тэнгэр үүлс, үүлэн цоорхойн нар, нарны гэрлийн усан дээрх ойлтыг фотоддог хобби минь энэ зурагт ингэж буулаа.

Энэ зураг мөн л бүрхэг тэнгэр, үүлсийг уулан дээрээс татаж харуулсан зураг байна. Нягтралтай зураг би авдаггүй, хэт хуурамч болчих гээд, өнгө будаг нь хэт дарчих гээд байх шиг байдаг. Бас би мэргэжлийн фоточин биш, хобби төдий тул бодитой байгаа тэнгэр хангайг тэр чигт нь буулгачихдаг юм.

Энд үүлс, цэлмэж буй тэнгэр бүр тод гарах шиг боллоо. Алст харагдаж буй тэр уулс бол Моисейн уулс гэгч. Эндээс 80 км-ийн цаана. Нөгөө христосын шашныг үндэслэгч, жүүдүүдийн эцэг Моисей гэгч тэр уулсын дунд бүгэж байжээ. Ер нь Синайн хойг нүцгэн, хадан цохион уулсаар тун баялаг. Хамгийн өндөр нь Ариун Екатерины уулс, тэгээд Моисейн уулс орно. Тэр уулсын цаад руу зүүн хойшоо хоёр цаг давхихад гурван улсын усан хил Таба, Эйлат, Акаба бий. Хэрэв баруун хойшоо 350 км давхивал Суэцын суваг, цаашаа Африк руу ороод 150 км давхивал Каир бий.

Энэ гольфчины хөшөө бүхий буурчийн газарт манайхны курсын сонсогчдыг буулгаж тухлуулж байсан байж болно. Олон монголчуудад танил байж болно. Maritim Jolie Ville Golf & Resort зочид буудлын гол гудамжны аман дээр буй хөшөө. Гудамж гэснийх энэ бол зочид буудлын бүхэл бүтэн цогцолбор, хотхон байгаа. Нийт 1,400,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гэж үзвэл манай нэг байтугай сумын төвтэй дүйхээр. 1998 оноос ажиллаж буй энэ лут буудалд би хоёр дахиа бууж байна.

Зочид буудлын гол асрын гол хаалганы зургийг буусан өрөөнийхөө тагтан дээрээс хажуугаас нь ингэж авлаа. Энэ бол нисэх буудлаасаа таван км-ийн зайд, Naama Bay тохойн  зогсоолоос долоон км-т, Um Marikha Bay тохой дээр орших, эндхийн хамгийн том зочид буудал. Мөн хамгийн том гольфын талбай энд бий.

Maritim Golf & Resort зочид буудлын задгай хонгил өглөөний тэнгэртэйгээ хослоод байж байгаа нь энэ. Энд Монголын төлөөлөгчид байрлаж байв. Энэ бол 418 өрөө бүхий олон улсын тансаг буудал. Хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр давхар цагаан байшин бол төв асарт нь буй 260 өрөө бүхий буудал нь. Гадна нь Royal Wing гэж дан нэг давхар, дотроо цэлгэр өрөөнүүд бүхий арай үнэтэй буудал бий.

Энэ буудал усан паркаараа алдартай. Ялангуяа хүүхэд бол уйдах юм биш, өрөөндөө ч орж ирэхгүй байх. Энд би тэр паркийн нэгээхэн хэсгийг тэр тэнгэрийн өнгө, халуун орны дал модтой нь үзүүлж байна. Эндхийн бассейн гэхэд л ил задгай, далайн устай, шүхэрт, уулын голыг дүрсэлсэн, аквапарк, спортын, хүүхдийн, гэр бүлийн гээд олон төрөл.

Maritim Jolie Ville зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн гэж лут юм байна. Хичнээн ч олон төрлийн мод, бут сөөг, цэцэг навч байгаа юм, бүү мэд. Эндхийн нэг онцлог нь модондоо цэцэг нь ургаад ийм олон өнгөөр ялгараад байх нь монгол хүнд бол нэн сонин үзэгдэл мэт. Энэ бол далай руу явдаг зам дагуу ургасан моддын гудамж.

Энэ бол балчир үрсэд зориулсан хүүхдийн жакуза. Дээрээс, дороос, хажуугаас ус шүршээд байх нь тэр.  Ус нь гүехэн, хүүхэд бол өдөржингөө энд хорогдоод байх газар. Royal Wing жигүүрийн хэсэгт буй бассейны нэг хэсэг.

Энэ бассейн нь 2000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлсэн, дундаа зоогийн газартай, том хүн, хүүхдэд зориулсан жакузатай тансаг газар даа. Хоёр янзаар урсах энэ хүчтэй усны цохилт хуян шар ус, ядаргаа, даралтад нэн сайн тул эмчилгээний зориулалттай аж. Харин хүүхдийг ийшээ оруулахгүй юм билээ. Тэр цаана зоогийн газар нь харагдаж байна.

Шармэл-Шейхийн хуучин хот. Бид буусан буудлаасаа машин түрээслээд өөрсдөө жолоодоод  “Энх тайвны өргөн чөлөө” гэх хоёр урсгалт замаар 17 км давхисаар энд ирлээ. Энд ажиллаж байгаа хоёрхон албан байгууллага бий – тэр нь зах, дэлгүүр мухлагууд, нөгөө нь зоогийн газрууд. Шив шинэхэн загас, далайн амьтны мах зооглоё гэвэл ийшээ ирэх хэрэгтэй юм билээ. Амт, төрөл, чанар, үнэ нь тун боломжийн.


Шармэл-Шейхийн шинэ хот. “Энх тайвны өргөн чөлөө” гэх хоёр урсгалт төв зам бол хуучин шинэ хоёр хотыг төдийгүй далайн эргийн тэр элит зочид буудлуудыг холбосон цорын ганц зам нь. Энд жуулчдыг жинхэнээс нь оволзуулдаг Наама дүүргийн төвийн гол асрын өмнөх талбай харагдаж байна. Гол асар ч гэж дээ, томхон супермаркет цаана нь байгаа. Энд 24 цагийн турш амьдрал буцална, энд зах дэлгүүрээс гадна хоёр гурван ч казино, шөнийн цэнгээний газрууд, усан доогуурх сэлэлтийн төв, баар ресторан, архи дарсны дэлгүүр олон харагдана лээ.

Хуучин шинэ Шармэл-Шейхийн дунд, “Энх тайвны өргөн чөлөө”-ний дагууд ийм нэг пирамидан оройт байшин анхаарал татлаа. Энэ бол Шармэш-Шейхийн олон улсын госпиталь. Эмнэлгийн зургийг энд яагаад оруулав гэхлээр, энэ бол түүхэн газар юм. 2011 онд тус оронд ардчилсан хувьсгал ялаад, тасралтгүй 30 жил хаан суудлаар суусан Төрийн тэргүүн Х.Мубаракаа огцруулсны дараа тэрээр энэ эмнэлэгт хэдэн сар хэвтэж байгаад Каир руу шүүхэд дуудагдаад явсансан. Тэр хэдэн сард энэ хөх шовгор шилэн байшин дэлхийн хэвлэл мэдээллийн од болж байлаа.

Хотын төвийн аяллаа өндөрлөөд эргээд буудалдаа ирлээ. Үдээс хойш халууны илч буусан тул далайд сэлэхээр шийдлээ. Maritim Jolie Ville Golf & Resort зочид буудлын пляж бол хадан цохион дээр, эсвэл тусгайлан зассан тавцан дээр байрлах аж. Халуун элсэн дээр тухална гэвэл тэр нь бараг байхгүй, гаднаас зөөж авчирсан элс байх авч тэр нь яльгүй зай эзэлнэ.

Тусгайлан зассан тэр тавцан руу очиж байж далай руу орно. Энэ буудлыг анх барихдаа далайн эргийн хадан цохион хэсгийг сонгож авсан бололтой. Эрэг дээр элс хайрган дээгүүр алхаад ус руу туулж ороод цаашаа сэлнэ гэх ойлголт энд байхгүй. Хадан цохиог засч янзлаад, тэндээсээ шатаар бууж, тавцан руу очиж байж цаашаа хөлгүй их далайд умбахаар пляжаа зохион байгуулжээ.


Шармэш-Шейх бол усан доорх амьдралыг тэр чигт нь байгаагаар нь хадгалан байгаа байгалийн онгон дагшин газар юм. Миний дуранд буусан энэ загасны сүрэг бол нөгөө тавцангийн дор буй хэдэн зуун төрлийн загасны зөвхөн нэг нь. “Мини акул”, “бэби шаарк” хэмээн амрагчид өхөөрдөн нэрлэнэ. Үнэхээр ч акултай тун төстэй. Бараг 1000 орчим төрлийн загас бий гэж бичсэн байдаг. Энэ давцан дээрээс доошоо харвал лав 100 орчим нь сүргээрээ болон ганцаараа сэлж явахыг харах болно. Пляжад загас барихыг хатуу хориглосон тул эндхийн загас нь хүнээс үргэнэ гэж ер байхгүй. Хөл доогуур сүлжээд байх нь тэр.

Ийм анхааруулга 2010 оноос хойш бий болжээ. Тэр онд төөрч ирсэн акул жуулчид руу халдаж нэг эмэгтэй амиа алдаж, хэд хэдэн нөхөр шархаджээ. Үүнээс үүдээд ийм сэрэмжлүүлэг энд тэндгүй өлгөж хадсан байх аж. Ийм сэрэмжлүүлэг уншсан бол цаашаа олон цагаар сэлээд баймааргүй юм билээ. 2009 онд би энд ирэхдээ олон цагаар сэлээд болоод байсан, энэ удаа хальт мөлт сэлээд гарахаар шийдлээ.


Бүр ийм зурагт сэрэмжлүүлэг хүртэл өлгөсөн байна. Сэлэх хүрээг заажээ. Цаашаа бүү сэл гэсэн үг үү, эсвэл эндээ бүү сэл гэсэн үг үү, ойлгосонгүй. Акулын явдлын цаг нар гэж байдаг гэнээ. Тэр үед нь орж болохгүй, өнгөрснийх нь дараа орж болно гэх зааварлагч нар эргээр зөндөө тааралдлаа.

Тавцангаас ийм шатаар уруудаад цаашаа далай руу орлоо. Нэг бол тавцан дээрээс шууд үсэрч болно. Оросын амрагчид айхгүй сэлээд болоод байсан юм чинь акулын явдлын бус цагаар яадаг юм гэж би зориглоод ийнхүү орж явчихлаа. Усан дор тэр чигтээ аквариум.


Гүн цэнхэр, тунгалаг, бага зэрэг шорвог далайд сэллээ. Тэр тэмдэг тавьсан газраас цаашаа гарахыг хатуу хориглоно. Энэ гүн цэнхэр усанд дайвинг хийхэд тун тохиромжтой. Бүр дайвингийн дамжаа хүртэл эндхийн пляж дээр хичээллэж байх юм билээ.


Сэлж сэлж ядраад гарч ирээд хэвтэж амарлаа. Эргэн тойрон дан оросууд. Энэ зочид буудлын зочдын талаас илүү нь оросууд байх шиг санагдсан. Олон улсын аэрпорт дээр “Трансаэро” гээд Оросын агаарын компанийн (Москвагийн) хоёр ч хөлөг зөрж байгаа харагдсан. Москва-Шармэш-Шейх гэсэн нислэгийн маршрутаар өдөртөө хэд ч ирж буцдаг юм, бүү мэд.

Тавцан дээрээс эрэг харагдаж байна. Шатаар өгсөөд цаашаа нэлээд алхаж байж буудал руугаа очно. Багцаагаар хэр өндөр газар байж вэ гэдгийг гаргаж болж байна. Зочид буудал байгуулагдахаас өмнө бол өндөр хадан цохио далайн усанд цохигдоод байж байсан байж таарна. Энэ хэсэг газар бол усан доорх аялалд хамгийн тохиромжтой нь аж.

Maritim Jolie Ville Golf & Resort зочид буудал нь пляжаараа төдийгүй гольфоороо тун алдартай. Мини–гольфын талбай, клуб руу бол алхаад очиж болно. Харин жинхэнэ том талбай нь тусдаа бүхэл бүтэн хотхон байна лээ. Тийшээ энэ жижиг машинаар нь таван км давхиж хүргүүлнэ.


Дотроо цэнгэг усны хиймэл нууртай, эргэн тойрон вилла, дан буудлуудтай, гольфын спортын томхон дэлгүүртэй, олон арван зааварлагчтай, ийм хязгааргүй ногоон зүлгэн тал, толгодын дунд 18 нүх рүү бөмбөгөө цохиж тоглоно доо. 

Миний энэ зогсч байгаа талбайд Европын гольфын 2004 оны аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм гэнэ лээ. Энэ түүхт талбайд цохиур бариад гарахыг хэн хүнгүй хүсэлгүй яахав.

Нов ногоон талд нь гольф цохиж байхад цэв цэнхэр тэнгэрт нь онгоц газардахаар уруудаж байлаа.  Бараг толгой дээгүүр онгоц нисээд өнгөрөх шиг боллоо. Гольфын энэ талбайгаас аэрпорт хүртэл ердөө 5-хан минут.

Аварга том майхан шиг харагдах энэ асар бол Синайн агаарын хаалга – Рас Назрани аэрпортын дотоод нислэгийн их танхим. Курст очиж байсан монголчуудад танил газар байж болно. Хоёр терминалтай, дотоод гадаадын нислэг тасрахгүй, өдөртөө 100 хүртэл онгоц буулгаж хөөргөдөг.

Каир руу нисэхдээ онгоц өндрөө авч байх үед би Синайг ингэж тольдлоо. Миний суусан талд далай бус, Моисейн уулс алсад харагдаж байна. Элсэн манхан дунд хүрэнтэж харагдах хадан цохион нүцгэн их уулс.

 

Шарм эл-Шейхэд наран шингэж байх үеийн зураг. Уулсын цаагуур наран шингэлээ. Ердөө 10-хан минут болоод тас харанхуй нөмөрнө. Эдгээр зургийг тавихдаа би нэг талаасаа сонирхуулах, нөгөө талаасаа бол Монголын мөнгөтэй баячуудад зөвлөлгөө болгохыг зорилоо. Манайхан хамаг мөнгөө бараад Хавай руу явснаа нэг их том үйлс бүтээсэн мэт ойлгодог бол Шарм эш-Шейхэд тун бага зардлаар, тэгэхдээ бүр хамгийн тунгалаг далайд ирж амарч болно гэсэн санаа юм. Манайхан Хайнаний булингартай далайд умбаснаа зурагтаар баахан гаргадаг, эсвэл Сингапур дахь манай Элчин сайдын яамныхныг дарамтлаад эхнэр хүүхдээ Сингапурын булингартай далайн эрэгт маш өндөр өртгөөр өвөлжүүлдэг. Тэгвэл түүний чинь дэргэд жинхэнэ далай гэж Шарм эш-Шейхэд байна шүү!  Лалын шашны зан үйл, ёс жаягт заавал захирагдахгүйгээр, өмсөх зүүх, идэх уух, наргих цэнгэхээ цагдуулахгүйгээр жаргаж алжааж болох газар бол Шарм эш-Шейх яах аргагүй мөн!