Нефтийн хямрал дэлхийг нөмрөх нь. Монгол шатахуунаа ганцхан Оросоос авдаг учир хойд хөршийн эрх баригчдын дохиураар манай эдийн засаг савладаг. 2011 оны тариалалтын ид үед Орос крантаа хааж, Монгол Улсын зүрх зогсох шахсан. Нефтийн тн тутамд 283,9 доллар байсан гаалийн татвараа ах нар 408,3 доллар болгон нэмж байв. Эмзэг газраар цус сорогдож, эдийн засаг ноцтой хөндүүрлэсэн билээ. Үүнд ашгийн төлөөх хөршөө буруутгах учиргүй. 

Өдөрт хэдэн зуун км давхиж ажил албаа амжуулдаг энгүй талын бядгүй Монгол нефтийн үнийн огцом өсөлтөд амархан сөхөрдөг тул нефтийн хямрал бидний хувьд гэнэтийн дайрлага болдог. Манай намууд айсуй дайрлагыг мэдрэх нь байтугай сонгуулиар өвчлөөд өөрийн ухаангүй солиорчээ. Төр засгийн эрхийг аль нам барьснаар, УИХ-ын гишүүн хэн болсноор дэлхийн нефтийн үнийг буулгаж чадахгүй. Бүх нам, бүх нэр дэвшигчдийг эрэмбэлбэл адилдаа адил годилдоо годил юм чинь сонгуулийн тэмцэл, ард түмэнд шатахуун шиг ашиг өгөхгүй. Сонгуулиар нэг нь гарна л биз. Хэн нь ч Монголыг хөгжүүлж чадахгүй. Хэнд нь ч Монголыг устгах хорон санаа байхгүй. Бүгд л сонгуульд шархатсан шархаа нөхөх, цаашлаад төсвөөс чадлаараа хумслах, ийм л бодолтой хөөрхийс. Хэнийг ч сонгосон, аль ч намыг дэмжсэн ялгаа гарахгүй сонголтод, дэндүү их хөрөнгө үрж, дэндүү их хүч цаг зарахын оронд сонгуульд үрж буй асар их хүч хөрөнгийнхөө талыг ч болохноо газрын тос боловсруулах үйлдвэрт зориулбал яасан юм бэ? Бага оврын үйлдвэрт 30-35 сая доллар орох гэнэ. Оросууд крантаа хаагаад биднийг шулна. Энэ бол гэм биш зан. Хожихыг бодохгүй хэн байхав. Бие биеэс алслагдсан хот аймаг сум баг малчид бензингүй аж төрөх боломжгүй. Шатахууны хараат байдлаас гарах уг нь зүйрлэшгүй хувь заяа. Ээлжит сонгуульд аль нам, хэн гэгч гишүүн ялах нь, шатахуунаар эх орноо хангадаг болохын дэргэд дусал бензин ч биш. Манай улс олсон жаахан ашгийнхаа бараг бүгдийг шатахуунд залгиулдаг. Дотооддоо шатахуунаа хангачихвал Монгол гараад өгнө. Хөгжлийн гол гацаандаа хүчээ төвлөрүүлэх цаг иржээ. Үүний дэргэд сонгууль юу ч биш. Сү.Батболд Н.Алтанхуяг хоёрын нэг нь л ерөнхий сайд болно биз. Тэр хоёрын хооронд нэг ч төгрөгний зөрөө гарахгүй.



Тэрийг биш намайг сонго гэж нэг нэр дэвшигч тэрбумыг үрнэ. Тэднийг биш манайхыг сонго гэж нэг нам 10 тэрбумыг хийсгэнэ. Нөгөө тал нь бас тэрийг биш намайг гэж нэг тэрбумыг, тэднийг биш манай намыг сонго гэж мөн 10 тэрбумыг үрнэ. Тэрийг бус намайг сонговол Монгол баяжина, намайг бус түүнийг сонговол Монгол баларна. Тэднийг бус манай намыг сонговол Монгол бар болно, манай намыг бус тэдний намыг сонговол Монгол сөнөнө. Ийм дүнхүү логикоор өчнөөн хөрөнгө салхинд хийсгэх эмгэнэлтэй. 1 сая, 1,5 саяын амлалт бол гамшиг. УИХ-ын сэнтийд дахин залрахын тулд сонгуулийн өмнө амлалтаа заавал өгөх гэж эх орноо хуурайлж гүйцлээ. Наанаа эх орноо хөгжүүлэх, сонгогч олноо баяжуулахад юугаа ч хайрлахгүй байгаа дүр харагдавч, цаанаа өөрсдөө л дахин сонгогдох гэж үрээд буй мөнгө. Тэнгэрээр нэг цацаж буй мөнгө амьдралд наалдахгүй хоосон үрлэг. Амлалтыг хуулиар хоригложээ. Сайн хэрэг. Гэхдээ нууц байдалд улам гаарах вий. Нууцаас ил нь дээр байжээ гээд амаа барихгүй юмсан. Санал хахуульдах мунхаглалаа ухаарч болих янз алга. Цалинг 1,3 сая болгох гэнэ. Намдаа 50 саяыг өгч нэр дэвшинэ. Нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарах гарын мөнгө дээд тал нь 1133,6 сая, доод тал нь 154,8 сая. Сонгуульд өөрөө ялах гэж, намаа ялуулах гэж зовохоос илүү шаналал Монголд үгүй болжээ. Хамаг хүч анхаарлаа дайчилдаг ажил сонгуулиас өөр алга. Нойроо хасдаг чухал ажил сонгуулиас өөр байхгүй. Монгол нь монголоо ялах гэж улсын хамаг хөрөнгийг сүйтгэж байна. Ялбал ялна л биз, ялагдвал өрсөлдөгч монгол нь Төр засгаа барина биз. Үүнд чинь хувхайртлаа уралцахын хэрэг юу байна? Манай сонгуульд бурхан чөтгөр хоёр өрсөлдөөгүй. Адилхан монгол ах дүүс өрсөлдөж байгаа. Олонх цөөнх л болно биз. Олонх цөөнх гэдэг чинь хүйтэн дайны үеийн социалист капиталист лагерын дайснууд биш. 1990 оноос архаг коммунист хөгшчүүл сөрөг хүчнийг дайсан гэж үздэг үзлээр үр хүүхэд ач зээ нараа болон залуу үеийг хордуулсан юм. Энэ өвчин их ужиг болтой. Эдгэрэхгүй эдүгээ хөнөөл тарьсаар л байна. Сөрөг хүчин бол хамтрагч бус дайсан гэсэн үхширмэл хоцрогдлоос салж, нэг нь хийгээд нөгөө нь хянаад явдаг, улсаа хөгжүүлэх нэгэн зорилготой олонх цөөнхөд суралцах сан.

Түүнийг бус намайг, тэднийг бус манайхыг сонго гэж үхэлдэж зүтгэхээс ондоо бодол одоо хэд хоног төр засаг, намуудын толгойд орохгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэт нь намаа сонгуульд ялуулах тэмцлийн тоосонд үзэгдэхгүй. Хувийн хэвшлийнхэн бор зүрхээрээ газрын тос боловсруулах мөнгө бие даан босгоё гэхэд Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй болдог. Засгийн зөвшөөрөлгүй аваас мөнгө босгох тухай ярилтгүй. “Мөнгөө бие дааж босгоё зөвшөөрөл өгөөч” гэсэн бизнесмэнд Д.Зоригт сайд “Мөнгөө үзүүл, тэгвэл зөвшөөрөл өгнө” гэж мөнгөгүйгээр нь дамшиглаад өдий хүртэл газрын тос нэрэх нэг ч төсөл явуулсангүй. Ийм л гишүүн тодруулах гэж хөрөнгө мөнгө хайр найргүй үрээд буй хэрэг. Сонгуульд ялах гэж чармайдаг шигээ Тавантолгойдоо, аж үйлдвэрийн цогцолбортоо, төмөр болон авто замдаа, утаандаа чармайвал янзалчих байх шүү. Сонгуульд хийсгэдэг мөнгөө танаад газрын тос нэрэх гэсэн хувийн хэвшлийн 6-7 төслийг дэмжээд өгөөч. Эх орныхоо шатахууны ядаж талыг тэд хангавал аштай юу. Гишүүн-сайд Д.Зоригт шатахууныхаа талыг ч болов хангах гэсэн гарцыг яагаад албаар хөндөлсөнө вэ? Хэнд үйлчлээд байна? Согтуудаа Оросод ам алдсан С.Баяр түүний нугаснаас чичдэг гэсэн сэжиг нийгэмд тэнүүчилдэг. Газрын тосны асар их баялагтай ОХУ жижиг ордуудаа ашиглан алс районоо хангахаар бага оврын үйлдвэр 80 гаруйг ажиллуулж байна. Д.Зоригт сайд манай газрын тосны ордуудын нөөц хомс, жижиг үйлдвэр байгуулаад улсын хэрэгцээг хангаж чадахгүй гэж арга саам хийдэг атлаа Дорнодын “Хэт” компанид зөвшөөрөл өгвөл ганц компани зүүн бүсэд монополдно гэж нөгөө чамлаад байсныхаа эсрэг монопол болно гэж бултаж буй нь өчиггүй болсон хүүхэлдэйн лөө лөө яах аргагүй мөн. 2008-2012 оны Засгийн хөтөлбөрт “газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгана” гэсэн өгүүлбэр дурайж байна. Маниас сөгөөтэй ард түмэн бол энэ өгүүлбэрээр Засагтай заргалдах ёстой. Олон улсын жишгээс үзвэл багашиг үйлдвэрийг 1-1,5 жилд барьдаг аж. Саяхан Оросын элчин В.В.Самойленко манай сэтгүүлчдэд “хэрвээ танай орон өөрийн газар нутгаас нефть олборлоод эхэлбэл одоо манайхаас шатахуун авч байгаагаас илүү өртөгтэй байх магадлалтай” гэж хуучин инерцээрээ сэнхрүүлсэн нь залуу сэтгүүлчдэд Монгол капитализмыг харайгаад коммунизмд орно гэдэгтэй адилхан сонсогдоогүй л байгаа даа, “Монголыг шатахууны хараат байдлаас гарахыг оросууд үнэхээр хүсэхгүй байгааг энэ үг бэлхнээ нотоллоо” гэж тэд бичсэн байх юм. Д.Зоригт сайдтай сэтгүүлчид адилгүйг ноён элчин анзаарах л болж дээ.             

Аварга арслан хоёрын ам угтуул-годгор шодгор намууд хамаг байдгаа шавхаад ч сонгуульд өрсөлдөх бэл хүрэхгүй, гэр орон эд хогшлоо ломбарданд тавьж, лангуу, “түц”-ээ барьцаалж, гуйлга түүлгээр өр зээл тавьж байж чадлаа мэдэхгүй ганц эх оронч зүрхээр дэвж дэлсээр сонгуулийн дэвжээнд гараад анхны луйварт шороотой холилдож, шившгээ хутгаад харамсалтай нь өрний бөөс болж хоцорно. Сонгууль биднийг хоослоно шүү. Нам засаг Оросыг зусардаад хөл дороо орших газрын тосоо нэрээд шатахуун гаргаж авахад мөнгө зардаггүй атлаа өөрсдөө УИХ-ын сэнтийд дахин залрах сонгуульд юугаа ч хайрлахгүй юм. Юу ч бүтээж чадахгүй хоосон гавалд гишүүн сайд болох хорхой л язганаж буй.

Орос крантаа хаавал Монголын зүрх зогсох аюул тулгарна. Үүнд Орос буруугүй, бид өөрсдөө л буруутай. Сонгуульд Ц.Нямдоржийн оронд З.Батзандан, Д.Арвины оронд Г.Баасан гарлаа гэхэд бүх хөдөлгүүр зогсохгүй хуучин шигээ салгалаад л байх болно. Сонгуулийг бүтээн байгуулалтын дээр тавьдгаа цэглэе. МАН, АН хоёр нэг нь нөгөөгөөс давуу чадваргүй учраас ойролцоо л яайжигнана. Адилхан хоёрын нэгийг ялуулах гэж сан хөмрөгөө хоослох утгагүй. Гишүүн сайд нарыг амалдгаар нь үнэлэхээ болиод, хийж бүтээсэнд нь дүн тавих цаг иржээ. “Намаа сонгуульд ялуулахын төлөө бүх хүчээрээ байлдъя, даръя, сөнөөе” гэж цээжээ дэлсэхээс бус “шатахуунаа дотооддоо хангая” гэх нэр дэвшигч алга. Намаа ялуулах ганцхан зорилготой, өөр ямар ч зорилгогүй, ороо нь орж улангассан бух шиг нэр дэвшигч нарт саналаа өгвөл Оросын шатахуунд хувхайрна шүү. Жишээ нь жилд 100-г олоод 80-ыг нь шатахуунд өгөөд байвал хэзээ ч өндийхгүйг Д.Зоригт сайд мэт нь мэдсээр байж дотооддоо үйлдвэрлэх өөриймсөг сэдэл бүхнийг албадан тас хааж, Оросоос шатахуун авдгийг хэвээр байлгах гэж хүний хүүгийн хүрэн бөөрөөр зүтгэж байна. Хүйтэн санааг халуун эх оронч сонголтоор хайрах сан. Тунгаацгаа!..