Монголын хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Нэпко хэвлэлийн газар өргөн олон уншигчдын хүсэлт, шаардлагыг үндэслэн Монголын хамгийн олон уншигчтай цахим хуудсуудын нэг baabar.mn-д өөрийн булантай болж байгаадаа баяртай байна. Та бүхэн энэхүү буланд зочилсноор манай хэвлэлийн газраас гарч буй шинэ номын талаарх мэдээлэлтэй танилцаж байх юм. Тэр бүр номын дэлгүүрээр үйлчлүүлж, шинэ гарсан ном хэвлэлийг үзэж, сонирхох боломж хомсхон байдаг хүмүүст манай булан таалагдах буй за. Бид энэхүү булангийнхаа анхны танилцуулах номоор тун саяхан хэвлэлтээс гарсан Britannica Монгол хураангуй толь-ийг сонгон авлаа.

Нэпко хэвлэлийн газрын хамт олон эх орондоо анх удаа танин мэдэхүйн дэлхийн стандартыг нэвтрүүлж Britannica ширээний нэвтэрхий толь 8 ботийг амжилттай гаргасан туршлага, мэдээллийн бааз суурь дээрээ үндэслэн Britannica Монгол хураангуй толь хэмээх нэгэн шинэ бүтээлийг та бүхэндээ өргөн барьж байна. Энэхүү 2 боть нэвтэрхий толь зөвхөн Монголын холбогдолтой өгүүллүүдээр дагнан гарч байгаагаараа өмнөх 8 ботиос ялгаатай юм. Тодруулвал, Britannica ширээний нэвтэрхий толь-оос шүүн авсан Монголын түүх, газар зүй, соёл, намтар судлалтай холбоотой өгүүлллүүдийг цоо шинэ 2000 гаруй нэр томьёо, ойлголт, намтар, гэрэл зураг, газрын зураг, хүснэгт, зураг чимэглэлээр шинэчлэн баяжууллаа. Britannica Монгол хураангуй толь нь дэлхийн шилдэг нэвтэрхий тольд тавигддаг жишиг, шаардлагуудыг хангасан Монголын үндэсний нэвтэрхий толь бичиг гэдгээрээ манай соёлын амьдралд цоо шинэ баримжаа, хандлага болох нь дамжиггүй юм.

Монгол хүний зайлшгүй судалж мэдвэл зохилтой үндэсний түүх, газарзүй, шинжлэх ухаан, урлаг соёл, угсаатны зүй, шашин, утга зохиол, төрт ёсны талаарх хамгийн олон ойлголт сэдвийг багтаасны зэрэгцээ Монголын түүхнээ үлдсэн нэрт хүмүүс, манай оронтой хувь заяа, бүтээл туурвилаараа холбогдсон гадаад хүмүүсийн намтар, түүх, соёлын холбогдолтой нэр томъёоны тайлбаруудыг хамруулан цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлсэн энэхүү бүтээл таны номын санд хүндтэй байр эзлэж, оюуны хэрэгцээг тань хангана хэмээн гүнээ найдаж байна. Та бүхэнд Britannica Монгол хураангуй толь-ийн зарим хэсгээс доор сонирхуулж байна.