Энэ жилийн сонгуулийн нэр дэвшсэн байдлыг харвал зарим газар гал гарсан тулаан болохоор байхад зарим газар аль хэдийнэ сонгогдох хүмүүс нь тодорхой болсон нь харагддаг. Намууд энэ бүгдийгээ тооцоолж хүмүүсээ нэр дэвшүүлдэг нь гарцаагүй. Хэний өөдөөс хэнийг тавих вэ гэдэг л хамгийн чухал асуудал болдог. Нэр дэвшигчид бол яахав нэр дэвших тойрог л олдож байвал болоод явчихдаг биз. Зарим тохиолдолд хүчтэй том лидерүүдийн өөдөөс шинэхэн залуу улстөрчдийг өрсөлдүүлж эсвэл бодлогоор хүчтэйгийн эсрэг адилхан хүчирхэг улстөрч тавьж унагах бодлого баримталдаг ч байж болох юм. Хэдийгээр намын анхан шатны байгууллагаар батлагдаж сонгогддог гэдэг ч намын бодлогоор тойргуудад хуваарилагддаг нь нууц биш. Ядарсан эмэгтэйчүүдийг бодлогоор лидер улстөрчтэй өрсөлдүүлж унагаадаг. Наанаа олон эмэгтэй нэр дэвшүүлсэн мэт харагдаж байв ч намууд эмэгтэйчүүдийг аль болох гаргахгүй байх бодлого барьж байна гэсэн тунирхлын үг олон эмэгтэй улстөрчдийн амнаас гарч байснаар батлаж болно.

Сүхбаатар дүүрэг бол нийслэлийн байтугай улсын хувь заяаг шийддэг томоохон дүүрэг билээ. Энэ тойргийн сонгогчид Ерөнхий сайд С.Баяр, Сү.Батболд гээд томоохон улстөрчдийг гаргаж ирж сонгосоор ирсэн азтай сонгогчид. Энэ тойрогт энэ жил АН-аас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нарын хүчтэй, туршлагатай, нэр хүндтэй , хүчирхэг баг буюу хоёр гурав дахин парламентад суусан аваргуудаа зодоглуулав. АН, тооцохдоо, МАН С.Баяр, Сү.Батболд нарын лидерүүд нь ирнэ "яс үзчихье" гээд Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нарыг цуг илгээсэн. Гэтэл нөгөө хоёр нь тус дүүрэгт ирсэнгүй. МАН намаас "Хас"-ын гэх Ч.Ганхуяг, Дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа нар өрсөлдөнө.

Энэ жилийн сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН-ын хооронд ана мана болох нь гэж тооцсон юм. Угаасаа ч сүүлийн 20 жил энэ хоёр л өрсөлдсөөр ирсэн билээ. Харин Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийг харахад тэгэж их ана мана үзэлцээд сүйд болохгүй нь бололтой.

МАН-ын нэр дэвшигч гэвэл Сангийн дэд сайд болсон ч "Хас"-ын гэх хувийн банкны нэрнээсээ салдаггүй нэгэн. Дэд сайдаас гадна оюутны холбооны ерөнхийлөгч гэдэг сонгуульт ажилтай бөгөөд саяхан хэсэг оюутан түүний эсрэг хэвлэлийн хурал хийж оюутны холбоог улс төрийн зорилгоор ашиглаж байна гэснээс болсон уу энэ ажлаасаа түдгэлзээд байгаа. Сүүлийн үед талх 300 төгрөгийн үнэтэй, манай өрөөний цонхоор харахад улс орон хөгжөөд хүмүүсийн амьдрал сайхан болоод байгаа биз дээ гэсэн болчимгүй ярилцлагаасаа болж элдэв нэр хоч зүүж хэвлэлээр шуугиулаад байгаа нэгэн. Улстөрчийн хувьд ард түмэнд болчимгүй яриатай амьдрал мэдэхгүй гэсэн муухан имижтэйгээс гадна ердөө дөрөвхөн жилийн өмнө нам ч байхгүй толгой дааж явсан, нэг л нартай өдөр МАН-ын гишүүн болж бас нэг мэдэхэд дэд сайд болсон сүүхэйтэй шинэ үеийн каррерист. Ц.Цогзолмаагийн хувьд нийслэлд насаараа шахуу ажилласан МАН-ын бэлтгэгдэж буй эмэгтэй улстөрчдийн нэг. Харин том улс төрд орж их хуралд суух өрсөлдөөнд өрсөлдөгчдөө арай жулдахаар харагдаж байгаа. Гурав дахь хүчнийг горьдвол ИЗНН-ын нарийн бичгийн дарга Ч.Базар гэдэг эмэгтэй нэр дэвшив. Цогзолмаагаасаа илүү улстөрч, сэтгүүл зүйн ухааны доктор бүсгүй байдаг. Тэр илүү санал авна.

АН намын нэр дэвшигчдийн хувьд Р.Амаржаргал хэдийнэ танил болсон лухгар улстөрчдийн нэг. Их хурлын гишүүнээр хэд хэд сонгогдсоноос гадна Ерөнхий сайдаас авахуулаад гадаад харилцааны сайд, АН-ын дарга байсан гээд цол хэргэмээр намтар нь дүүрэн төдийгүй, ардчилсан хувьсгалын эдийн засгийн гол онолч. Өөрийн имижээ ноён нуруутай, шилдэг эдийн засагч гэдгээр бүрдүүлж чадсан санагддаг. Харин Лу.Гантөмөр гишүүн залуугаараа улс төрийн хаалга татсан, АН-ын урдаа барьдаг залуусын нэг. Төрийн байгууллагын дайллага цайллаганд зарцуулдаг архи дарс, гар утасны мөнгийг хүртэл хэмнэж дарга нарын тансаглалыг хязгаарласнаараа алдаршсан, одоо төрийн үүргийн хувьсгалаас эхлээд боловсролын реформ хийнэ гээд хөтөлбөр дэвшүүлээд яваа. Энэ ч утгаар нь нас залуу ч, зөв бодолтой, элдэв хэл аманд ороогүй нэгэн гэдгээр нь хүмүүс нам харгалзахгүй бүгд ам сайтай байдаг.

Иймээс л энэ тойрогт өрсөлдөөн хамгийн сул явагдаж сонгогдох гишүүд нь тодорчихсон юм биш үү гэж ярилцаж эхэллээ. Улсын наадамд аваргууд зодоглоход нэгийн давааны ам угтуул болгон "амны цэрэг" гаргадаг даа. Сүхбаатар дүүрэгт УИХ-ын сонгууль нэг иймэрхүү болох юм шиг ээ.