“Их Хуралд нэр дэвшүүлэгчээс тодруулах арван зүйл” гэсэн өмнөх нийтлэлийг маань олон хүн дэмжсэнд талархаж байна. Төрийн болон хотын эрх барих дээд байгууллагын сонгуулиуд анх удаа зэрэг болж байгаа учир Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хуралд (НИТХ) нэр дэвшигч Танаас цаг алдалгүй долоон зүйл нэмж лавламаар байна.

Улаанбаатар Монголын хүн амын хагас нь оршин суудаг, улсын маань эдийн засаг, улс төр, соёл, урлагийн нийслэл хот. Харамсалтай нaь Улаанбаатар бас дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн бохир агаартай нийслэл. Үүнийг та надгүйгээр сайн мэднэ.

Харин Улаанбаатар хот маань “үнэмлэхүй авлигын” үлгэр жишээ хот гэдгийг Та аль хэр сайн мэдэж байна вэ? Улаанбаатарын иргэд бидний санааг хамгийн их зовоож байгаа энэ сэдвийг Та аль хэр ойлгож байгаа юм бол доо.

Манай хотын даргыг иргэд бид биш, улс төрийн нам томилдог учир тэр хүн иргэдийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тийм учраас хотын газар болон нийтийн хөрөнгийг Иргэдийн төлөөлөгчид, тэднийг томилдог гүйцэтгэх засаглалын удирдлага бүх түвшиндээ хулгайлан баяжсаар байдгийг хотын өмнөх болон өнөөгийн дарга өөртэйгээ хамаатай гэж огт үздэггүй. Алдаа бүхнийг өмнөх даргын буюу бусдын хэрэг гэчихээд ямар ч хариуцлага хүлээдэггүй болохоор иргэд бид яаж ч чаддаггүй. Ихэнх иргэд хоногийн хоолны мөнгөө олох гээд энэ тухай бодох ч завгүй байдаг.

Авлига бол хотын удирдлагын оршин тогтнох үндсэн нөхцөл бөгөөд аль хэдийнэ хэвийн үзэгдэл болсон. Хотыг маань улс төрийн нэг л нам дагнан удирдаж ирсэн учир хотод авлига байхгүй болгож харуулахыг л хичээдэг. Хотод ямар ч асуудал байхгүй юм шиг баясан инээсэн нэр дэвшигчдийн зураг түүнийг батална. Хэнтэй ч хариуцлага тооцдоггүй учир нийтийн хөрөнгө хулгайлдаг хүмүүс бүр “цагаандаа” гарчихсан, зарим нь тухайн хөрөнгөний чиглэлээр мэргэшиж байгаа. Манай хотод мөнгөтэй л бол хаана ч газар авч болно, менежментиин хувьчлал гэх гоё нэрийн дор ямар ч хөрөнгийг хувьдаа авч болно. Манай хотод тохирохгүй наймаа гэж байхгүй, тохирохгүй үнэ л гэж байдаг.

Жишээ нь хотын төвд ганцхан цэцэрлэгт хүрээлэн байсныг (Хүүхдийн парк) хотын тэр үеийн дарга нууцаар зараад зочид буудал бариулж байгаа. Урд талыг нь “Диснэй лэнд” бариулна гээд өөр нэг танилдаа зарчихсан. Хосгүй гоё шинэ цэцэрлэгт хүрээлэнг Туулын эрэг дээр барина, мөнгө өгөөч гэж дараачийн дарга нь баахан явсан. Паркийг зарчихсан түрүүчийн даргаасаа болж жаахан ичсэн ч байж магадгүй, түүний маань хацар нэлээд улайчихсан харагдсан. Дараа нь Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, “Газрыг чинь гурван өрөө байраар солино” хэмээн иргэдийг хуурч сонгогдоод нэг ч айлд ганц ч өрөө байр өгч чадаагүйдээ ч юм уу, эсвэл Иргэний холбооны “Газраа байраар солих” уриаг хуулаад авчихсандаа ч юм уу хацар нь бүр их улайсан. Харин энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлэн, хотын өргөн чөлөөгөөр нүд эрээлжилтэл ирийлгэсэн зурган дээрээ хацраа будуулчихсан инээж байгаа.

Хотын төвийн бүх талбайг явган хүний замтай нь зарчихсан учир өндөр байшингуудын дундуур зөвхөн машин л явдаг, явган иргэдээ ялгаварлан гадуурхсан “зомби” хот болох нь. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, мэдэн будилж яваа одоогийн дарга сургуулийн хашаа, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолоо барилгын компаниудад нууцаар зарж хувийг нь хүртчихээд, мэлзээд сууж байдаг дарга, түшмэдүүдийнхээ толгойг илж, эвлэрч суудаг юм. Эдгээр авлигачдын хацар нь биш, харин нүд нь улаан болчихсон, тэгэхээр мөнгө цагаан харагддаг гэсэн.

Гэр, майхантайгаа ирээд захыг нь бараадаад буучихвал иргэн нь болчихдог газар бол манай хот. Та хэрвээ гэр хороололтой дүүргээс нэр дэвшиж байгаа бол хэдэн айлын дунд нийтийн халуун усны нэг шүршүүр ногдож байгааг мэдвэл сайнсан. Усанд ордоггүй хүнтэй хотын соёлын тухай юу ярихсан билээ? Энэ нь тэдний биш, хөрөнгийг нь завшаад байгаа дарга нарын буруу.

Манай хотын оршин суугчдын дийлэнх нь хотоо тойрон гэрт амьдарч, нүүрс түлдэг учир энэ хот хорвоогийн хамгийн хар, хортой утаанд живэн өвөлждөг. Олон хүүхэд, том хүн утаанд хордож нас бардаг. Өвлийн гэрт ганц ч хонож үзээгүй дарга нар маань гэр хорооллыг орон сууцжуулах тухай өвөл болохоор ярьж эхэлдэг, гоё нэртэй, том тоотой төлөвлөгөө гаргадаг ч, дулаарахаар мартаж орхидог. Харин сүүлийн жилүүдэд утаагүй зуух, түлш гэх мэт өөр юм нэмж яриад, олон тэрбум төгрөгийг төсвөөс авч хувааж иддэг болсон. Тэгсэн хэрнээ утаа нь ч, уршиг нь ч улам нэмэгдсээр байгаа.

Манай хотын хамгийн том гайхамшиг бол дээрх бүх гай тотгорыг гардан бүтээгчдээс хэн нь ч хариуцлага хүлээж байгаагүй явдал. Харин ч баяжин дэвжиж, хотын дарга, менежерүүд нь Төрийн сайд, Их Хурлын гишүүн болж чаддаг ид шидтэй.

Та ийм гайхамшигтай жишиг тогтоодог хотын удирдлагын багт орох гэж гүрийж байгаа учир энэ хотод төрж, өссөн иргэний хувьд асуух зүйл байна.

1. Та НИТХ-д ормогцоо дээр дурдсан луйварчин уламжлалыг нь үргэлжлүүлэх үү, эсвэл таслан зогсоох уу? Таны өмнө төлөөлөгч байсан бараг бүх хүн хотын газар, нийтийн хөрөнгөнөөс ямар нэг хэлбэрээр, их бага хэмжээгээр завшсан. Худлаа гэвэл газаргүй юм уу, эсвэл аль нэг үйлдвэр аж ахуй, үйлчилгээний газар, СӨХ, ТҮК, Конторыг ил далд хувьчилж авч чадаагүй төлөөлөгчид, тэргүүлэгчид, хот, дүүргийн дарга, орлогчид, менежер байвал та гаргаад ир дээ. Тэгвэл хотын иргэд түүнийг чинь шалгаад өгье. Үр дүнд нь “Амташсан хэрээ арван гурав дахина” гэдэг шиг яваа олон этгээдийн нэр, хамаатан садны холбоо илчлэгдэх биз ээ.

2. Нийслэл хотыг ямар ч төлөвлөгөөгүй, менежментгүй байлгах нь намаас томилогдсон хотын даргад ашигтай бөгөөд улс төрийн хамгаалалт дор төр засгийн удирдлагуудтай хуйвалдан газрын наймаа хийж, хотын бусад хөрөнгийг завших болсныг та харж байна уу? Төрөөс (хотоос) төрж буй тэрбумтнууд утаа, түгжрэлээс дүрвэн гарч, уулын амуудаар нууцлан амьдрах болсныг та юу гэж үзэж байна вэ. Та энэ байдлыг ямар замаар өөрчлөх вэ? Мартсанаас та өөрөө хаана амьдардаг вэ?

3. Улаанбаатар хотын чөлөөтэй байсан том газруудыг бөөндөн борлуулдаг улс төр-гэмт хэргийн бүлэг лэл үүд бий болсныг та хүлээн зөвшөөрөх үү? Тэд том талбайг жижиглэн хувааж сая, сая доллараар барилгын компаниудад зарчихаад буцаагаад барьсан байрнаас нь олноор нь бөөндөн авах замаар мөнгөө угааж байгаа. Тийм ч учраас орон сууцны үнэ буурахгүй, улам бүр өсөөд байгааг та юу гэж үзэж байна вэ? Замын цагдаагийн газрын баруун талын дөрвөн замаас урагшаа баригдсан болон эхэлж байгаа бүх хорооллууд, “Баян Монгол” хорооллын замын урд талын асар том талбай, Яармаг болон сул чөлөөтэй байсан бусад бүх газрыг, уулын амуудыг хэнд, хэний шийдвэрээр, ямар үнээр зарсан тайланг гаргуулж чадах уу?

4. Бараг бүх сургуулиудын хашаанд баригдсан, эсвэл одоо барьж байгаа орон сууцны барилгуудын цаад эзэд нь бүгдээрээ л хот, дүүргийн түвшний хэлтэс, газрын дарга, тэдний хамсаатнууд байгааг илрүүлэн, нэрсийг нь зарлаж, нийтийн хөрөнгийг завшсаных нь төлөө хариуцлага ногдуулж чадах уу? Та ядаж өөрийн тойргийн бүх сургууль, байгууллагуудын нэрсийг ядаж гаргасан уу.

5. “Улаанбаатар” нэртэй сан, даатгал, банкны хувь заяа юу болсон бэ? Иргэдийн хөрөнгө хаана хэний мэдэлд явна вэ? Энэ бүх байгууллагуудаас нийслэлчүүд бид хэдэн төгрөгийн ашиг авсан бэ? Ямар нэг юм аваагүй бол яагаад?

6. Хотын даргаа иргэд өөрсдөө сонгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Хотын хог, замыг улстөржүүлээд байгаагийн цаад шалтгаан нь авлига гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү? Хорт утаанаасаа ч илүү аймшигтай болсон авлигын сүлжээний эздийг хэн, хэзээ ил гаргах ёстой юм бэ? Энэ бүхний эзэд болох хотын дарга болон удирдлагаар ажиллаж байсан, одоо байгаа этгээдүүд сонгуулиас сонгуульд, тойргоос тойрогт дэвхрэн шилжих царцаа адил гоё сайхан үг хэлж төр засагт орж болж байхад Монгол орон авлигын аймшигт нам гаас гарна гэдэгт та итгэж байна уу?

7. Хотын газар, хөрөнгийг зувчуулан асар их хөрөнгөтэй болсон, түүнийгээ хууль ёсны болгох гэж улайран зүтгэж байгаа этгээдүүдтэй тэмцэхээсээ та айж байна уу? Та тэдэнтэй хариуцлага тооцож, иргэдийн алдсан хөрөнгийг эргүүлэн төлүүлж, Хотын хөгжлийн сан бий болгож чадах уу?

Та эдгээр асуултыг өөртөө тавиад ихэнхэд нь итгэл төгс эерэг хариулж чадвал Таныг иргэд сонгоно. Гэхдээ Танаас үүнийгээ хэрэгжүүлэхийг шаардана. Хэрэв асуултад хариулж чадахгүй бол Та энэ авлигын бүтцийн нэг хэсэг, эсвэл юу ч хийж чадахгүй, болж өгвөл хөрөнгө завшихыг л оролдох болов уу.

Ямар ч гэсэн Та өөрийн хамгийн гол зорилгоо ахиад нэг хар, тэгээд сонгуулийн сурталчилгааны зардлаа яаж нөхөх тухайгаа дахин бод. Таны зардал буцааж төлөх нөхцөлгүй гэдэгт найдья.

Нийслэлийн сонгогч Та уушгины хорт хавдар тусвал яах вэ? Зардлыг нь хэн төлөх вэ? Таны хүүхэд ямар сургуульд, ямар нөхцөлд сурч байна вэ? Та гэртээ усанд орох боломжтой юу? Та хүүхдээ сургуульд явахдаа машин зам амьд мэнд гарч чадна гэдэгт итгэж байна уу? Энэ болон бусад олон асуултуудад хариулахад чинь хотын сонгууль, мэдээж хэнийг сонгох чинь хамгийн том нөлөө үзүүлнэ.

Би Танд түүнийг нь сонго гэж зөвлөж чадахгүй. Энэ бол таны л сонголт. Гэхдээ энэ бол үр хүүхдийнхээ ирээдүйн төлөөх сонголт гэдгийг л бод. Хотын сонгууль Та бидний амьдралд Их Хурлын сонгуулиасаа ойрхон, илүү ач холбогдолтой.