Намрын чуулган нээлтээ хийнгүүт гацаанд орсон нь нөхөн сонгуулиас илүү анхаарал татаж байна.
 УИХ-ын 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнийг тангарагаа өргөхөөр ирэхэд МАХН-ын бүлэг өлмий дээр нь гишгэн зогсоож ээлжит дуулианыг эхлүүлснээр эрх баригч хоёр хүчин дуугаа өндөрсгөж эхэллээ. Уг нь энэ удаагийн чуулганы нээлт хамгийн хэвийн  нээлтүүдийн нэг болох байв. Энэ зүгт хараа тавих ганц сонирхолтой юм нь С.Эрдэнийг тангараг өргүүлэх ёслол байсан юм. Гэвч Эрдэнийг эрдэнийн соёмбот туганд ойртуулсангүй.
 Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг олны аманд гашилсан бохь шиг зажлагдаж байгаа төрийн институциудын толгой дээр аянга мэт буув. Үнэн юм гашуун буулгатай. Чихээ хулмайтал, харцаа дальдиртал хэлүүлсэн гишүүд дотроо шаттал эгдүүцжээ.

Төд удалгүй МАХН-ын бүлгээс хэвлэлийн хурал зарлаж С.Эрдэнээр тангараг өргүүлэх боломжгүй гэж үзэж буйгаа албан ёсоор олон нийтэд мэдэгдэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд уурссан МАХН-ын бүлэг хариу сум тавьж буй нь энэ.

С.Эрдэнээр барьцаалах ажиллагааг урдаас нь бэлэг болгон сөргүүлэх уг  ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо оройлон эхлүүллээ. Хулхиа санжтал, хуйхаа улайтал хэлүүлсэндээ хорссон нөхдүүд хуучин сурцаараа СЕХ-г зандраад авахаа ч  мартсангүй ээ. Тэд СЕХ-г 2009 оны нэгдүгээр сарын нэг тоот тогтоолын хоёр дахь заалтыг хүчингүй болго хэмээн тулгаж хараат бус үйл ажиллагаа явуулдаг тусгай институцын бүрэн эрхэд халдаад зогсохгүй, С.Эрдэнийн нэрийг МУ-ын Ерөнхийлөгч  УИХ-д өргөн мэдүүлсэн явдал хууль зөрчсөн үйлдэл болсон тул шүүхэд хандах болсноо онцолсон юм.  

С.Эрдэнийг Т.Гандийн тэргүүлдэг НХХЯ шүүхэд өгсөн ч ялагдсан. Гэвч тэд дараагийн шатны шүүхэд ахин давж заалдах өргөдлөө өгч, ямар ч аргаар хамаагүй энэ асуудлыг гацаанд оруулан барьж байх тактик боловсруулжээ. Одоо НХХЯ гэсэн энэ төрийн байгууллагатай МАХН гэдэг улс төрийн хүчин хавсарч аваад шүүхээр гүйх юм байх. Хэрэв үнэн бол, бас чаддаг бол МАХН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл  шүүхэд өгч дэлхийн чихийг дэлдийлгэх нь ээ.

Энэхүү бүдүүлэг бойкот ард түмний сонголтоор бүрэн эрх нь баталгааждаг УИХ-ын сонгуулийг хоёр шаттай сонгууль шиг болгож байна гэдгийг туршлагатай парламентчид анхааруулсан ч тэд үл хэрэгсэв.  Энгийнээр хэлэхэд энэхүү алхам нь иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нэг нам хөндлөнгөөс дайрч орон булаан авч байгаа туйлын зохисгүй үйлдэл боллоо.

СЕХ-ны бүрэн эрхэд МАХН гэх энэ даварсан хүчин байнга халдаж ирсэн. Халдуулаад, халдаагаад байдаг унхиагүй төрхөнд энэ байгууллага өмнөх удирдлагууд болох Ядамсүрэн, Д.Баттулга нарын үеэс л орсон. Мөн үе үеийн бүх дарга нар нь асар дарамттай ажиллаж ирснийг айж ичилгүй онцолмоор байна.  Ийм төрлийн дарамт ямар ч гайгүй боловсон хүчнийг хүнийх нь хувьд залхаан цээрлүүлж, ноён нурууг нь нугалж, улс төрийн амьгүй албат болгож авдгийг бид өнгөрсөн хугацаанд энэ байгууллагыг толгойлж байсан улсуудын жишээн дээр хангалттай харсан.

Нэг намын буулган дор ийнхүү  дальдчиж явсаар СЕХ гэдэг хараат бус бие даасан байгууллага нийгмийн дунд нэр хүндгүй, сүр хүчгүй болжээ. Өнөөдөр хоёр том хүчний төлөөллүүдээс бүрдсэн хамтын удирдлагын баг энэ айлыг авч явж эхлээд удаагүй байна. Тэд одоо унаад, газар хэвтэж буй идеалыг нь сэргээхээр зүтгэж ядаж байна. Ийм үед нь гаднаас дарангуйлж, өөрсдийн хүслийг тулгаж буй нь хэмжээлшгүй эрх дархан дунд тонгочиж, юу хүссэнээ хийж ирсэн Хувьсгалт намын төрөлх гэж хэлж болох араншингаа үзүүлж буйн л  нэг том илрэл.

С.Эрдэнийн тангаргыг өргүүлэхгүй барьцаалж буй энэ үйл явдал хууль зүйн категоруудаас гадна ёс суртахууны талаасаа ч гишүүдийг тун эвгүй байдалд оруулж байна.

Аргаа бараад сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг гишүүд өөрсдөө авч хэлэлцэх ёс байдаг гэж үү гэсэн гайхширсан асуултыг хүмүүс бие биедээ тавьцгааж байна. Өнөөгийн чуулганы танхимд сууж байгаа далан хэдэн гишүүн бүгд ард түмнээс сонгогдсон гишүүд. Нэг нэгнийхээ сонгогдсон эрхийг авч хэлэлцдэг эрхийг тэдэнд хэн ч олгоогүй.

Нарийндаа бол гишүүний статусаа тайлж тавьж байгаад шүүх цагдаагаар нь чинээндээ тултал шалгуулчихаад, нүүр бардам эргээд ирэх зориг тэдний хэнд нь ч байдаггүй. Эрхээ түдгэлзүүлэхгүй үлдчих гэж үйлээ үзэж, үгээ барсан гишүүд халдашгүй байдлын дэд хороог тойлоод хэд гурваараа л гүйлдэж байдаг. Урьд нь ч тийм байсан. Одоо ч ийм байгаа. Харин С.Эрдэнэ сонгуулиас хойш бүхэл бүтэн 15 сар хууль хүчний байгууллагаар нь явж, шорон оронд нь  хоригдож хүртэл шалгуулаад, буруугүй гэдгээ шүүхээр нотлуулчихаад тангаргаа өргөхөөр ирлээ.

Өмнө нь З.Энхболд мөн ингэж гүрийтлээ явж байж жилийн дараа парламентад орж ирж байсан. Манай улс төрд МАХН, АН хоёрын гишүүдын дунд сонгуулийн маргаан гарвал дээрхийн жишгээр үзэлцүүлж, үйл тамыг нь барж, сонгосон сонгогчдыг нь залхаадаг жишиг үйлчилдэг. Харин МАХН-ын гишүүд нэг нэгнээ луйвардвал аятайхан хооронд нь зохицуулаад л шийдчихдэг. Ямар ч хэл үг гадагш нь үнэртүүлэхгүйгээр, хууль цаазын дээр сандайлж байгаад л  зохицуулчихдаг. Үүний хамгийн сонгодог жишээ Д.Идэвхтэн, Загджав хоёрын маргаан. Д.Идэвхтэн намын бодлогод шахуулж, Загджавт зандруулж байгаад л тахимаа өгч байсан.

Энэ мэт алд дэлэм ялгаатай хандлага үйлчилж байдгийг үнэндээ сохор хүн ч тэмтрээд мэдэхээр болжээ. Эрээ цээрээ алдсан энэ ужиг байдал хэзээ монголын улс төрөөс арилж, улс төр гэгээсэхийг хэлж мэдэхгүй.

Мөн нөгөө талаас тэдний хийсэн энэхүү бохир акцыг  С.Эрдэнийг л элдэвлэж байна гэх төдийхнөөр өнгөцхөн харах аргагүй. МАХН-ын бүлгийг төлөөлөн УИХ-ын чуулганыг гацаанд оруулан байж зүтгэж байгаа хэдээс үнэнийг хэлэхэд орчин үеийнхний аль эрт залхсан хуучин улс төр л ханхалж байна. Одоо бид шинэ улс төрийг хүсч байна. Явсаар шинэ улс төрийг шинэ үе л хийх юм байна гэх өөр хүсэмжлэл үүсч эхэлжээ. Шинэ улс төр тийш замнаж буй залуу үеийн цээжин цаана ассан энэ гэрэлд сүүдэр тусгасан өөр нэгэн зүйл жигүүрийнхэн элснийхэнтэйгээ үгсээд нөхөн сонгуульд өрсөлдөж байгаа Д.Зоригт дээр албаар гал дуудах бодлого явуулж байна гэх хардлага явж эхэлсэн явдал юм. Тэд зарим ажиглагчдын үзэж байгаа шиг экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг нам өөрөө нам дарсан явдалд дотор нь шатахдаа тайвширч чадахгүй сэтгэлийн мухар дахь бухимдлаараа  үгсээгүй ч байж болно. Гэвч аливаа хар сэр өчүүхэн сэдлээс улбаалдаг ч хэнд ч захирагдахгүйгээр талийж оддог нь жам. Одоо хямгадаж авах гээд ч нэмэргүй болсон байж мэднэ. Энэ үүднээсээ нэр дэвшигч Д.Зоригтод өчүүхэн ч ач холбогдолгүй тоглоом болж хувирлаа гэж дүгнэж болохоор харагдаж эхлээд байна.

Д.Зоригтын гол өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Р.Бурмаа тойргийн хорооноос нэр дэвшигчийн мандатаа гардаж гарч ирээд хаалган дээрээс нь  „Хувьсгалт нам нөхөн сонгуулийг С.Эрдэнээр барьцаалж байна. Би ийм шударга бус улс төрийг эсэргүүцнэ” гэж чангаар хашгирсан явдал дээрхийн баталгаа юм. Д.Зоригт бол улс төрд ёс суртахууны шинэ үнэлэмж, шинэ дүр төрх болон орж ирж байгаа залуу хүн. Тэр шинэ улс төрийг хүсч байгаагаа өрсөлдөөний эхэнд л мэдэгдсэн. Түүнийг нь залуучууд уухайлан хүлээж авч байгаагаас үзэхүйд МАХН-ын хуучинсаг үеийнхнээс залхсан, тэдний хийж ирсэн хуучин улс төрөөс татгалзсан хандлага нийгэмд бий болсныг харуулж байна.

С.Эрдэнээр барьцаалж тоглох гэсэн энэ увайгүй наадаан эргээд өөрсдөд нь ашиггүй үр дүн авчрах вий гэж МАХН-ын эрүүл саруул хэсгийнхэн зовниж байна. Энэ явдал даамжирвал хуучин улс төрөөр бойкот хийж буй хэсэг нөхөд хол явах залуу үедээ саад болсон муу нэрийг зүүгээд зогсохгүй, их улс төрөөс эгнэгт буцах тийзээ эгнээгээрээ авч мэдэх юм шүү.

Хувьсгалт намынхаан, хуучин улс төрөөсөө татгалзах цаг ирснийг орчин үе тань  цангинасан бүрээгээ татаж, цагаан цамцаа дэрвүүлэн анхааруулж байна шүү. Хүлээн авна уу.