“Ярилцъя” бас нэгэн залуухан зочныг та бүхэнтэй уулзуулж байна. Түүний нэр Л.Оюун-Эрдэнэ. МАН-ын Нарийн бичгийн дарга. Шинэхэн, зөв, гэрэл гэгээтэй залуу хүний зам мөр.

-Та бол МАН-ын Залуучуудын байгууллагын удирдагч, Намын нарийн бичгийн дарга, олон нийтийн анхаарлын төвд байдаг ийм зочин. Ер нь өөрийн тань намтар түүхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ гялалзсан л намтар байгаа байх гэж бодно. Тэгэхээр Та хаанаас ирсэн, хэн бэ гэдэг асуултаар яриагаа эхлэе?


-Миний амьдрал, миний түүх  их энгийн л дээ. Би Хэнтийн Бэрхэд өссөн. Уурхайчдын тосгон шүү дээ. Бэрхийн уурхайн амьдрал сайн сайхан байсан үеүд ч бий. Хямарсан, хүнд хэцүү үеүд ч бий. Уурхайчдын цалин чинь хуучин системийн үед 1200 төгрөг байдаг байлаа. Ажилчид нь инженерээс илүү цалинтай. Энэ утгаараа уурхай дагасан Бэрх тосгоны амьдрал сайхан үед л би өссөн. Сүүлд зах зээлд нэрвэгдээд Бэрхийн уурхайн хувь заяа бол амаргүй болж эхэлсэн л дээ. Хүмүүс тэнд амьдарч, тэр уурхайн сайн сайхны төлөө залуу насаа зориулчихсан болохоор уналтад орохоор нь их гутардаг юм байна лээ. Тэр үеүдийг ч би харж өссөн.

-Ямар нөхдүүд хувьчилж авсан байдаг юм бэ?

-Монголросцветмет нэгдэлд байж байгаад Монромцветмет нэгдэл харъяанаасаа гаргаад одоо менежментийн баг авчихсан л гэдэг юм. Би бас нарийн мэдээлэлгүй байна л даа. Сүүлд бол хэдэн америк авсан сурагтай байна лээ.

-Та Бэрхэд яг төрсөн үү?

-Бэрхэд төрөөгүй. Улаанбаатарт төрсөн. Хэнтийн Бэрхэд бол бага насаа өнгөрөөсөн. 10 жилийн сургуулиа төгссөн.

-Орос маягийн амьдралтай тосгон уу. Би очиж үзээгүй болохоор?

-Тийм. Оросууд ихтэй тосгон. Бүх айлууд туслах аж ахуй эрхэлдэг, амьдралын өөрийн гэсэн өнгө төрхтэй, соёлтой, гоё тосгон байдаг юм. Тэнд би 10 жилээ төгсөөд конкурсдээд УБИС-д орсон. Тэндээсээ өөрийн сонирхлоо дагаад Бэрс гэдэг нэгэн хувийн сургуульд орсон юм. Яагаад ч юм би өрнийн гэхээсээ илүү дорнын утга зохиол талдаа илүү сонирхолтой байсан. Тэгээд Дармын Батбаяр багштайгаа учирч, багшийнхаа багшилдаг сургуульд очиж суралцах нь зөв юм байна гэж шийдээд Бэрс рүү шилжсэн юм. Тэгээд суруулиа төгссөн. Төгсөөд нутаг руугаа очсон. 21 настай залуу анх Бэрхийн тамгын газарт орж байлаа.

-Ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

-Тамгын газарт ямар ажилд орж байв?

-Тамгын газрын даргаар орсон.

-Хөөх, мундаг эхлэл байна шүү. Таны өссөн гэр бүлийн талаар сонирхож болох уу. Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Аав ээжээс хоёулаа. Ээж маань хөгжимчин хүн. Аав маань зураач.

-Айлын том юм уу?


-Айлын том.

-Урлагийн гэр бүлд өсчээ? 


-Ээж маань кларнетчин хүн л дээ. Ер нь бол би өвөө дээрээ өссөн хүн байгаа юм. Өвөө маань Бэрхийн сүсэгтний холбооны тэргүүн, лам хүн байлаа. Батноров сумын Шадивдаржаалин хийдийн хамба лам хүн байсан. Балин үнэртсэн тийм л гэрт өвгөн лам нарын өвөр дамжиж өссөндөө. Үнэхээр өвөрмөц орчин шүү дээ.

-Тэр мэдээж?

-Тэгээд 2001 онд Бэрхэд очоод ажиллаж байлаа. Тэр үед одоо манай энэ залуучуудын холбоо чинь Ардчилсан социалист залуучуудын холбоо гэж нэртэй байсан.

-Ерөнхийлөгч нь хэн байсан бэ?

-Ерөнхийлөгч нь манай У.Хүрэлсүх дарга байсан. Тухайн үед манай тойргийн УИХ-ын гишүүн байлаа. Нэр дэвших гэж анх ирээд залуучуудын уулзалт их хийдэг байсан санагддаг юм. Би 10 жилдээ их идэвхитэй хүүхэд байсан л даа. Скаутын холбоог удирддаг. Бэрхийн телевизийг хөтөлдөг, бас дуу хуурт дуртай, юм юманд оролцдог тийм хүүхэд байсан. Манай аймгийн ИТХ-ын дарга Лхагвасүрэн гээд залуу тухайн үед Бэрхийн үйлдвэрт инженер хийдэг байсан. Лхагваа дарга ойр ойрхон дуудаж намайг юм хөтлүүлэх дуртай. Ингэж яваад л АСЗХ-д элсч байсан түүхтэй л дээ. Дараа нь намын гишүүн болж байсан. Энэ үеийн дурсамжтай гоё түүх зөндөө байдаг юм.Миний төрсөн өдөр зургадугаар сарын 29-ны өдөр болдог л доо. Тэгсэн ээж төрсөн өдрийн маань өглөө нэг урилга өгдөг юм. Тэр нь залуу сонгогчдын зөвлөгөөнд ирнэ үү гэсэн урилга.

Тэгээд төрсөн өдрөөр ирж байгаа урилга болохоор бэлэгшээлтэй санагдаад ажилчны соёлын ордны заал руу очоод сууж байсан. Гэтэл тэр нь Хүрлээ даргын лекц байсан. Энэ бүүдгэр орчлонд чи шатахгүй, би шатахгүй юм бол хэн шатах юм бэ гээд л...Тухайн үед ямар гоё ярьдаг ах вэ гэж бодож байсан.

-Цаадах чинь ч хүн татах онцгой увидастай нөхөр л дөө?

-(инээв) Тийм. Манай аав ээж, эмээ бүгд МАН-ын гишүүд, дэмжигчид байсан. Тэр утгаараа ч нэлээн ойр. Ингээд л 2000 онд намын гишүүн болж байсан даа. Залуухан Тамгын газрын дарга нутаг орондоо юм хиймээр байдаг. Төсөв гэж байхгүй. Бэрхэд тухайн үед уурхай хаагдчихсан, их хэцүү үе байлаа. Сургууль, цэцэрлэг нь гээд бүх газрууд хэцүү болчихсон. Сувилал энэ тэр гээд гоё гоё байшингууд нь ашиглагдахгүй болчихсон. Амьдрал нь нэг л бүүдийгээд ирсэн үе байсан.

Ингээд л олон улсын байгууллагын төслүүд олж тосгон руугаа татах нь зүйтэй гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд А4 цаасан дээр арван хуудас төсөл бичээд л Лхагваа даргаасаа нэг сарын чөлөө аваад хот руу гарсан даа. Олон улсын байгууллага болгоны хаалгыг татаж, нэг бүрчилж орсон. Одоо бодоход Дэлхийн банк энэ тэр гээд бүгдэнгээр нь ороод л юмаа ойлгуулах гээд явсан байдаг юм. Тэр үед олон улсын төсөл олон байдаг байсан үе л дээ. 2001 юм чинь. Тэгж явсаар байгаад би хэд хэдэн газраас томоохон төслүүд авч чадсан. Тэгээд явж байхдаа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаар орж Воррен гэдэг хүнтэй уулзаж байсан юм. Тэр хүн “Дэлхийн зөн”-гийн суурин төлөөлөгч хүн байсан. 21 настай, нэг тосгоны тамгын газрын дарга гээд сургуулийнхаа захирлыг дагуулчихсан, цэцэрлэгийнхээ эрхлэгчийг дагуулчихсан, камер барьчихсан нэлээн сүртэй нөхөр яваад орсон байхгүй юу. Мань хүний эгдүү нь хүрсэн юм шиг байгаа юм. (инээв) Нэг жижигхэн хүүхэд олон юм яриад яваад байдаг. Тэгээд мань хүн намайг сонсч байснаа хэрвээ төсөл хэрэгжүүлэх юм бол чи өөрөө манай байгууллагад орж ажиллах юм уу гэж асууж байсан. Тэгэхэд нь би “Үгүй ээ, би тамгын газартаа ажиллана, та манай Бэрх рүү төсөл ажиллуулах юм бол их баярлах байна” гэж хариулаад гарч байсан. Ийм нэг ярилцлага болоод өнгөрсөн юм. Гэтэл нэг жилийн дараа “Дэлхийн зөн”-гөөс над руу утасдаад Хэнтий аймагт салбараа байгуулах нь. Чамайг манай суурин төлөөлөгч ярилцлаганд орох уу гэж урьж байна гэсэн. Тэгээд би аймаг руу гарсан.

-Ярилцлагад орох гээд үү?

-Яг ч ярилцлаганд орох гэж очоогүй юмаа. Төсөл хэрэгжих гэж байгаа юм чинь Бэрх рүүгээ төсөл авах л санаатай очсон. Тэгсэн Воррен намайг таниад“Би чамд хэлсэн амандаа хүрэхээр ирлээ. Танайд 15 жилийн хугацаатай том хөтөлбөр хэрэгжинэ. Ер нь бол томоохон хөгжлийн боломж нээгдэнэ. Чи манайд орж ажиллах уу. Ярилцлаганд орох уу” гэсэн. Би олон улсын байгууллагад орж ажиллаж чадахгүй нь дээ. Хэл ус ч байхгүй. Хоёрт гэвэл, Бэрхийн тамгын газарт ороод нэг жил хүрэхгүй хугацаа болж байна. Хаяж гарч чадахгүй гээд учраа хэлсэн.Тэгэхэд  мань хүн “Чи аймгийн түвшинд орж ажиллана шүү дээ. Сумын түвшинд биш. Чамд бас олон боломжууд нээгдэнэ, хэлийг бол чи сурч чадах байх” гээд ятгасан. Ингээд тэр хүртэл энэ хүнийг уруу татчихсан хүн чинь ярилцлаганд орохоор боллоо. Ярилцлаганд ороод өөрийнхөө хүсэл мөрөөдлөө л ярьсан юм шиг байгаа юм. 22 настай хүүхэд их л олон юм ярьсан байх. Тэгээд надад“ Та тэнцлээ, харин нэг шалгуур тавина. Нэг жилийн дотор англи хэл сурах ёстой. Бүх боломжоор чинь хангаж өгнө” гэсэн. Ингэж “Дэлхийн зөн” олон улсын байгуулагатай холбогдсон л доо. Энэ газартай холбогдсон түүх маань надад маш их зүйл өгсөн гэж боддог юм. Гэр хороололоор яваад яг хүмүүсийн амьдрал дунд орж “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр” гээд хөтөлбөр хэрэгжүүлдэг.Орон нутаг дээр суурилсан байгууллага гэж байгуулаад л хүмүүсийн дунд сургалт заана. Ингээд нэг жилийн дараанаас хэл ус ч гайгүй боллоо, олон улсын байгууллагын явуулж буй хөгжлийн бодлого гэж юу байдаг вэ, бидэнд наалдаж үлдэх нь юу байна гэдгийг анхаарч судалж эхэлсэн л дээ. Олон улсын томоохон сургалтуудад тогтмол хамрагдана. Сэтгэлд их үлдсэн нь Мелбурнийх сургуулийн олон улсын хөгжлийн ажилтан бэлтгэх хөтөлбөр байсан. Орон нутагт суурилсан байгууллага гэж юу вэ гэдэгт анхаарлаа хандуулна, онолынхоо хичээлийг үзнэ дараа нь Тайланд ч юм уу нэг улсад очиж яг газар дээр нь ажиллана. Тэнд очоод орон нутгийн хүмүүс дунд орж ажиллаж ирээд буцаад ажиглалтаа бичиж өгдөг. Энэ туршлага надад нэлээн олон зүйлийг ойлгуулсан гэж боддог. Боловсрол бол мэдлэгийг хэрэглээнд оруулах систем юм гэж боддог болсон доо.

-Дараа нь хаашаа алхав?

-Дараа нь сонирхлынхоо дагуу МУИС-д хуулийн чиглэлээр суралцсан. Тэгж ажиллаж байгаад би наашаа “Дэлхийн зөн”-гийн бүсийн захирал болоод ороод ирсэн. Мэдээж маш идэвхтэй ажилласан, их зүйлийг сурч мэдсэн жилүүд байсан. Тэгээд 2008 оны сонгуулиар ерөнхийдөө “Дэлхийн зөн”-гөөс гарсан. Шинэ удирдлагатайгаа зөрчилдсөн ч зүйлс байсан. Ер нь бол Төсөл хөтөлбөр биш харин зөв бодлого Монгол улсыг хөгжүүлэх юм байна гэж бодох болсон. Ингээд би Баянзүрх дүүргийн Нийгмийн хэлтсийн дарга болсон. Дараа нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны намын үүрийн дарга болж байлаа. Манай намын үүр шилдэг үүр боллоо. Тэр үед У.Хүрэлсүх даргатай бөхийн өргөөнд ахин тааралдсан. Тэгж явж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дуудагдаад ерөнхийлөгчийн сонгуульд хүчин зүтгэх үүрэг хүлээсэн дээ. Хөдөлгөөн байгуулаад л цахим сурталчилгаа хариуцаад л намынхаа нэр дэвшигчийг чадлаараа л дэмжиж ажилласан.

-Н.Энхбаярыг дэмжсэн “Number One” гэж хөдөлгөөн байгуулж байсан биз дээ?


-Тийм. Хотод рейтинг тааруу байна гээд нэг өдөр намын удирдлагууд сууж байсан. Хотод намын тал дээр доргилт өгөх шинэлэг ажил хэрэгтэй байна гээд, юу байвал дээр вэ гэж ярилцсан. Хугацаа их бага байсан болохоор би “Би оролдоод үзэх үү” гэж шууд хэлсэн л дээ. Ингээд бид “Нэг номер” гэдэг хөдөлгөөн байгуулаад 14 хоног л ажилласан. Гэхдээ нэлээд эрчтэй ажилласан гэж боддог.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар зохион байгуулж байсан “Номер нэг” хөдөлгөөн бараг эсрэг бодлого явуулсан гэж танай нэр дэвшигч үзсэн юм шиг ээ. Та нар үнэхээр түүнийг унагах бодлого явуулсан юм биш биз дээ?

-Яахав дээ хүний амьдралын хувь зохиол их сонин юм даа л гэж би хардаг юм. Зөвхөн бид ч биш, намын хамт олон нойр хоолгүй л ажилласан. Ойрхноос бүх явцыг харж байсны хувьд тийм зүйл үнэхээр болоогүй дээ. Ер нь бол зориулсан хүч, гаргасан зүтгэл багагүй гэж боддог. Н.Энхбаяр даргыг гомдсон л гэж их бичдэг юм. Уг нь гомдох хүмүүс нь тэр хүнийг өдий зэрэгт хүргэсэн намын хамт олон нь шүү дээ.

-Хотод орж ирээд Баянзүрх дүүрэгт ажиллажээ. Улс төрийн халуун амьдралын хаяанд нь хүрээд ирлээ гэсэн үг. Ерөнхийдөө бол улс төрийн сонголтоо эрт хийчихсэн юм байна. Мэргэжлээрээ яагаад ажиллаагүй юм бэ?

-Би МҮОНТ-д “Охид хөвгүүд” гэдэг нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм. Мэргэжлээрээ ажиллаагүй шалтгаан нь Тамгын газар руу явснаас болсон юм шиг байгаа юм. Тэр үед нутаг руугаа очъё гээд л шууд шийдэж байсан. Манай ээж бол их дургуйлхэж байсан юм. Ийм сайхан мэргэжил эзэмшчихээд, Үндэсний телевизэд ажиллах боломжтой байж байхад суманд хүрээд ирдэг гээд л зэмлүүлж билээ. Манай ангийн хүүхдүүд ч нэг хөдөө явсан хүн эргэж хотод бараг л ирдэггүй юм гэж байсан. Үнэхээр нутагтаа ажилламаар санагдаад байсан юм л даа. Гэхдээ удаан ажиллахгүй гэдгээ  тэр үед мэдэж л байсан.

-Танай ээж угаасаа л Хэнтийн хүн үү?

-Тийм. Энд Сонгодог урлагийн академик театрт хөгжимчин хийдэг байсан. Тэгж байгаад хатгаа аваад эмчлүүлэхгүй явж байгаад уушиг нь гэмтсэн. Кларнет чинь их хүчтэй амьсгаа шаарддаг хөгжим шүү дээ. Тийм учраас эрт группт гарчихсан хүн л дээ, миний ээж. Хотод том театрт ажллаж байсан ч өвчний улмаас нутаг руугаа яваад, тэндээ уурхайтай амьдралаа холбосон хүн л дээ. Урлаг, уурхай аль алинтай нь л амьдралаа холбосон хүн.

-Танай НАМЗХ-г МАСЗХ байхад нь их шүүмжилдэг байлаа. Намын дэргэдэх цэцэрлэг энэ тэр гээд л. Би сохирхолтой баримт олж мэдсэн юм. Нам “Х” үсгээ авч хаясны дараа 60 мянган залуу намд элссэн гэнэ. Ямар нэгэн байдлаар компаничилсан юм байна уу. 60 мянга гэдэг бол том тоо. Энэ олон мянган залуус бүгдээрээ нэг намыг сонгоно гэдэг бас ухаж төнхмөөр, сонирхмоор явдал л даа?

-Намын 26-р Их хурлын дараа нийгмийн анхаарал ерөнхийдөө манай нам руу хандсан л даа. Яагаад гэхээр 26-р их хурал олон жилийн турш  шийдэж чадаагүй явж ирсэн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг гаргаж тавьж шийдвэрлэсэн. Үзэл баримтлалаа шинээр харж томъёолсон.Эдгээр шинэчлэлийн бодлогууд нийгэмд аятайхан хүрсэн юм байна даа гэж боддог. Ардчилсан социалист үзэл баримтлал гэхээр бас энгийн хүмүүс сонин хүлээж авдаг байлаа шүү дээ. Нэрний хувьд ч гэсэн уугуул нэрээ сэргээнэ гэдэг үнэхээр асар том алхам байсан. Намын үзэл баримтлалаас гадна намын бэлгэдэл үнэт зүйлүүдээ дахин брэнд хийсэн нь залуучуудын хандлагад томоохон өөрчлөлт оруулсан гэж боддог. Тийм ч учраас нийгэмд асар том давалгаа сэтгэл зүйн хувьд бий болсон. Залуучуудын холбоо,Оюутны холбооны үйл ажиллагаа нэлээд шинэчлэгдсэн нь ч мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлсөн биз.

-Оюутны байгууллагын ерөнхийлөгч нь хэн билээ?

-Амарсанаа. Одоо Дундговьд өрсөлдөж байгаа. Тэгээд манай намд олон залуучууд анхан шатанд элссэн. Цаг үе их өөр болж байна. Өнөөдөр залуучууд аливаа зүйлд итгэл үнэмшлээрээ л ханддаг болж. Хэрвээ өөрсдийнх нь дургүйцэх зүйл хийгдээд байвал орхиод явчихаар хэрсүүжсэн. Тэгэхээр олон мянган залуус намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна гэдэг бол нам цаг үетэйгээ тохирсон шинэчлэлийг хийсний л үзүүлэлт гэж боддог. Ер нь улс төрийн хүчин 90 жилийн туршид оршин тогтноно гэдэг амаргүй ш дээ. Дэлхийн түүхэнд 5 хүрэхгүй л ийм тохиолдол байдаг. Энэ бол шинэчлэгдэж чадаж байна л гэсэн үг.

-Хувьсгалт гэдэг нэр бол үүргээ гүйцэтгэсэн үү?

-Гүйцэтгэсэн. Хувьсгалт гэдэг нэр бас л нэгэн цаг үеийн шинэчлэл байсан гэж би боддог. Одоо бол харин хувьсгал ярих цаг нь биш л дээ. Олон жил яригдсан энэ өөрчлөлтийг хийснээр одоогийн намын удирдлагууд эрсдэлтэй ч гэсэн түүхэн шийдвэр гаргасан гэж боддог.

-Танай холбоо У.Уламбаяр агсан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гээд хэд хэдэн ерөнхийлөгчтэй байсан. Өнөөдөр та хашиж байна. Эдгээр  ерөнхийлөгч нартай та ямар холбоотой байдаг вэ. Эднээс танд байдаг хамгийн өөр чанар юу вэ?

-Манай холбоо үе үеийнхний бүтээсэн үнэхээр том гэр бүл дээ. Бид бүх ерөнхийлөгч нартайгаа л сайхан харилцаатай байдаг. Яагаад гэвэл намын залуу халааг бэлтгэж байгаа чухал хариуцлагатай шатанд ажиллаж байгаа учраас тэдний туршлага асар том түшиц болдог. Миний хувьд бол би өөрөөрөө л байдаг хүн дээ. Би яаж ч хичээгээд У.Хүрэлсүх эсвэл Г.Занданшатар гэдэг хувь хүн шиг байж чадахгүй шүү дээ. Харин би Л.Оюун-Эрдэнэ шиг л байж чадах байх. Тиймээс өөрийнхөө л зүгээс хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог юм. Үүнийгээ ч анх хэлж байсан. Миний хувьд бол нэг их айхтар улс төржсөн байгууллага гэхээсээ илүү нийгмийн бүх залуучуудын дуу хоолой байгаасай л гэж хүсдэг. Өөрөө хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байсан болохоор ч тэр үү. Ер нь залуучууд амьдрах орон сууцгүй байхад өмнөөс нь сүрхий улс төр яриад байна гэдэг бол утгагүй шүү дээ. Хэн нэгэн залууд байр авч өгч чадахгүй ч, хэрэгтэй байгааг нь өмнөөс дуугарч чадах юмсан гэж боддог. Бид олон чухал бодлого боловсруулан ажиллаж байна. Манай намын мөрийн хөтөлбөрт анх удаа залуучуудын хөгжлийн чиглэлээр бүтэн бүлэг орсон. Монгол өөрөө залуучуудын орон. Хүн амын 70 гаруй хувь гэдэг бол Монгол улсын ирээдүйтэй холбоотой маш чухал асуудал. Өнөөдөр залуучуудын нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна л даа. Асуудал цогц учраас бодлого бас нэгдмэл баймаар байгаа юм.

-Танай байгууллагад их олон төрлийн залуучууд байдаг л даа. Буу шийдэм гаргадаг, баян тарган сагасан залуучууд ч байна л гэдэг. Мисс ч гэнэ үү, дуучин, жүжигчин ч гэнэ үү, есөн шидийн л залуучууд байна. Тэдэнтэй та яаж хэлээ ололцдог юм бэ. Жишээлбэл, баян хүмүүстэй та яаж хэлээ ололцдог вэ?

-Тэд бүгд л залуу хүмүүс шүү дээ. Залуу хүмүүс залуу хүнтэйгээ ойлголцох хялбар гэж боддог. Бидэнд нэг л шалгуур байдаг энэ бол зүрх сэтгэлийн шалгуур. Түүнээс өнгө мөнгө манай байгууллагад тийм ч хамаатай зүйл байдгүй. Тийм биш байсан бол адаглаад л би Ерөнхийлөгчөөр нь сонгогдохгүй байсан биз. Манай холбоо хэнд ч нээлттэй байдаг. Утасныхаа дугаарыг тавиад ямар нэгэн шат дамжлагггүйгээр манай холбоонд нэгдэхийг хүссэн залуусыг холбогдохыг хүсч байсныг та санаж байгаа байх. Тиймээс олон л янзын өнгө орж ирнэ шүү дээ. Нийгэм өөрөө тийм юм чинь.

-Олзолж аваад тэр утсыг өөрөөр ашиглаад байвал яах вэ. Жишээлбэл, бүсгүйчүүд залгаад байвал төвөгтэй биш үү?

-(инээв)Олон залуучуудын төлөөлөл байдагт би баярладаг. Бизнес эрхлэж байгаа залуучуудын талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Тэдний буруу гэж юу байх вэ дээ. Нийгэмдээ идэвхитэй байгаа залуусын дунд бизнесменүүд байх л ёстой гэж боддог. Иргэний нийгмийн байгууллагад ажилдаг залуус ч олон байна. Ардчилсан оронд хүн өөр өөрийнхөө л сонголтыг хийнэ шүү дээ. Мисс болчихсон хүн яагаад нийгмийн идэвхитэй амьдарч болохгүй гэж. Олон мянган залуучууд дунд ганц нэгэн олны танил хүмүүс орж ирэх нь байдаг л зүйл шүү дээ. Бид бол залуу насаараа нэгдэж, нөхөрлөдөг хүмүүс гэж боддог.

-Танайх санхүүжилтээ яаж авдаг юм бэ. Намаасаа авдаг юм уу, гишүүний татвараар санхүүждэг юм уу?

-ТББ-ууддаа намаас тогтмол олгодог санхүүжилт байдаг л даа. Тэр нь ажлын аппаратын цалинд хүрэх төдий л зардал байдаг. Ажлын аппарат нэг их олон хүн байхгүй л дээ. Дийлэнх үйл ажиллагаа гишүүдийнхээ идэвхи сэтгэл дээр л явагддаг. Манай байгууллагын үйл ажиллагаа идэвхитэй харагдаж байгаа нь санхүүжилтэндээ байдаггүй юм. Энэ бол зохион байгуулалт. Манай холбоо чиглэл хариуцсан есөн дэд ерөнийлөгчтэй, тэдэнтэй 4-5 удирдах зөвлөлийн гишүүд хороо болж ажиллана. Тэгээд нийслэл, дүүрэг, аймаг, сум хорооны бүтэц байна. Манай холбоо шиг орон даяар салбар нэгжтэй төрийн бус байгууллага бараг л байхгүй гэж боддог юм. Ингээд улиралд нэг л ажил хийх ёстой. Тэр нь календар дээр заагдчихсан байдаг. Тэгээд л нийлээд ирэхээрээ их олон үйл ажиллагаа болчихдог байх л даа. Төв холбооноос бол ерөнхий бодлогоор л зохицуулалт хийнэ. Хааяа томоохон арга хэмжээ зохион байгуулдаг. Намайг унтаж байхад ч аль нэг газар манай холбооны үйл ажиллагаа болж л байдаг.

-Таныг сүмийн пастор байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Инээв. За тэр ч над мэтээс нэлээд мундаг хүмүүсийн л хийдэг ажил байхдаа. Гэхдээ хүмүүст нэг их сөрөг харагддаггүй л юм байна гэж бодсон шүү.  Ер нь би их нээлттэй үзэл бодолтой хүн л дээ. Бурхан гэж  нэг л байдаг байх гэж боддог юм. Аристотелийн хэлсэн нэг гоё үг байдаг шүү дээ. Хүн өөрийнхөө төгс биш гэдгийг мэдээд, тэгээд дараагийн амьдралд зовниж эхлэхээс л анх шашин эхэлсэн байх гээд. Би лам нарын орчинд өсөн торнисон.Төвд бичиг ч хүүхэд байхдаа  заалгаж байлаа. Би “Дэлхийн зөн” гэдэг байгууллагад 22 настай орсон тухайгаа танд ярьсан. “Дэлхийн зөн” байгууллагын үүсгэн байгуулсан хүн нь Христчин хүн байсан гэдэг. Надад олон найз нөхөд байдаг. Тэдний дунд лам нар ч байдаг. Сүмийн пасторууд ч байдаг. Тэд зөв л хүмүүс байдаг. Аль ч шашин сайн сайхан зүйлийг л номлодог. Харин тэр сургаалийг дамжуулж буй хувь хүмүүсийн төлөвшил, хувийн зорилго, хандлагаас л шалтгаалж янз бүрийн асуудлууд үүсдэг байх. Энэ бол Бурханы биш хүний асуудал шүү дээ. Өвөө маань өнгөрөхдөө надад Тэнгэрээс хүүтэйгээ хамт байна гэж хэлсэн. Би итгэдэг л юм. Итгэл үнэмшлийг хүндэтгэх ёстой гэж би боддог. Нэгэнтээ л бидний  сонгосон ардчилсан нийгэм шүү дээ. Цөөхөн Монголчууд бие биенээ янз бүрийн байдлаар талцан битгий хуваагаасай гэж боддог. Монгол гэдгээрээ л нэгдэх нь том зургаараа илүү чухал. Бид америкчууд шиг 230 саяуулаа биш, хойд хөрш шигээ 140 саяулаа биш, урд хөрш шигээ тэрбумуулаа биш гэдгээ байнга л бодох ёстой. Их ухаалаг байх үе гэж боддог юм. Урд нь Монгол улсыг хэн ч тоодоггүй байлаа.  Одоо бол бид дэлхийн анхаарлын төвд орчихлоо. Сайн муу хоёр талтай л зүйл. Сайн тал нь бол эдийн засгийн хурдацтай хөгжих торгон агшин ирж байна. Нөгөө талаараа ялангуяа улс төр дээр ухаантай, ултай суурьтай ханддаг түшээд гарч ирэхгүй бол монгол орны хувь заяа хаашаа шийдэгдэх вэ гэдэг үндэсний аюулгүй байдлын торгон зааг дээр байна уу даа гэж бодогддог юм.

-МАН бол залуучуудын байгууллагын удирдагчдаа асар том итгэл хүлээлгэсэн. Намын жагсаалтад дээгүүр жагссан байна билээ. УИХ-ын хамгийн залуу гишүүн болох байх гэж би таныг бодож байна. Та хэдтэй вэ?


-Тиймээ итгэл хүлээлгэсэн. Бид нэр дэвшигчдийнхээ 50 хувийг шинэчилж чадсан. Энэ удаа 40 хүртэлх насны 27 залуус нэр дэвшиж байна. Тиймээс би жагсаалтад орох нь чухал гэж үзсэн. Миний гишүүн болох үгүй бол маш жижиг асуудал. Харин нийгмийн сэтгэлзүйн хүлээлтэнд хариулж чадсандаа л баяртай байгаа. Би зургадугаар сарын 29-нд 32 хүрнэ.

-Аав болсон уу?

-Аав болсон. Хоёр хүүхэдтэй. Би ангийнхаа охинтой гэрлэсэн юм. 10 жилийн нэг ангийн хоёр л доо. Бас бараг хамар хашаанд байсан. Бараг л хоёрдугаар ангиасаа л найзласан хоёр.Манай хүн тооны талын хичээлдээ их сайн охин байсан. Би урлаг спорт гэж нэлээн явдаг. Тэгээд спорт урлаг гээд явчихаар тоо талын хичээл хаягдана. Математиктаа тааруу байсан л даа. Нуугаад байх юу байхав. Хэл уран зохиол талынхаа хичээлд гайгүй байдаг байсан. Тэгээд эхнэр маань хоёр дэвтэр гаргаад л хичээлээ бичиж авдаг. Ингэж явсаар л ангийн маань охин амьдралын минь хань болсон юм. Энгийн л найзууд байсан. Оюутан болж ирсний дараа манай эхнэрийн маань дүү нь өнгөрөөд нэг жил Бэрхэд байсан. Тэр нэг жил би маш их ганцаардсан. Байнга дэргэд байж байдаг охин маань нэг жил хол их сонин байсан. Ингээд л түүнээс өөр эмэгтэй миний сэтгэлд байхгүй юм байна гэдгийг би ойлгосон юм даа. Хаашаагаа ч хөөсөн бид хоёрын л дурсамжууд байдаг болохоор үл ойлголцох зүйл бараг л гардгүй юм доо. Бид хоёр чинь ангийн хос болохоор 10 жилийн ангийнхан маань манайд их төвлөрнө. 10 жилийн ангиараа их ойрхон амь нэг байдаг. Тэдэнд би хэн байна уу огт сонин биш. Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн нь л чухал. Залуучуудын холбооны ерөнхийлөгч болдог тэр хурлын орой манай ангийнхан соёлын төв өргөөний хажуу талын нэг жижигхэн газар хүлээж байсан. Бүдээрээ суучихсан. Бас нэг шил юм задалчихсан. (Инээв)

-Анхны хүүхэд тань хэзээ гарсан бэ?

-Анхны хүүхэд маань бид хоёрыг 23-тай байхад гарсан. Хэнтийн Бэрхэд төрсөн. Хоёр хүүхэд маань хоёулаа хоёрдугаар сарын 22-нд төрсөн. Их сонин. Нэг нь өглөөний зургаан цагт, нэг нь өглөөний зургаан цаг 30 минутад төрсөн. Манай ангийнхан шоолоод л байдаг юм. Их төлөвлөгөөтэй улс юм даа гээд л. Хоёр хөөрхөн хүүтэй. Ийм л гэр бүл.

-Хотод орж ирээд байр орон сууцнаас эхлээд хөдөөний хүүхдүүд хөлөө олоход хэцүү байдаг. Таны амьдралд ч бас ийм үеүд байсан байх?


-Би 2005 онд анх хотруу орж ирээд тэр жил миний амьдралд сорилттой сонин жил байсан юм л даа. 2005 онд манай ээж өвдөөд өвөө маань бас бие нь муу байж байгаад тэнгэрт одсон. Хамгийн дотны маань том ертөнц ингээд яваад өгсөн. Эхнэр маань жирэмсэн. Тэгээд манайх дөнгөж хот ороод ирчихсэн их дэлгүүрийн тэнд байр хөлсөлдөг байсан юм. Амаргүй л байсан. Яахав олон улсын байгууллагын цалин монгол байгууллагуудтай харьцуулах юм бол өндөр байсан. Гэхдээ л бас байр худалдаад авчих түвшинд хүрнэ гэдэг бол амаргүй цаг үе байсан л даа. Манай эхнэр бол бизнесийн талын мэдлэгтэй.Өөрийнх нь сонирхолтой талын юм ерөөсөө л бизнес байсан л даа. Эхнэр маань Бэрхэд байгаа ах дүү нартайгаа нийлээд 2006 онд жижигхэн өрөмдлөгийн компани байгуулж байсан. Одоо том компани биш ч, жижиг ч компани биш болсон. Миний хувьд утга зохиолын талын хүн болохоор кинонд их сонирхолтой. “HERO”той хамтраад хэд хэдэн кинон дээр ажилласан. Кино бол ашигтай бизнес шүү дээ.Сайн кино хийж чадах юм бол орлогоо 10, 20 дахин өсгөж олдог. “Би чамд хайртай”, “Татар ажиллагаа” кинонууд дээр ажиллаж байсан. Амьдарлын хувьд бол болоод л явж байгаа. Надад бол нэг их илүү юм хэрэггүй гэж боддог юм.

-HERO”-гийн Баатар, та хоёрыг төрсөн ах дүүс гэж сэтгүүлүүд дээр бичсэн байхыг харсан?

-Тиймээ миний ах. Амьдрал их баялаг юм билээ. Бидний хувьд олон төстэй зүйл бий. Хоёр өөр салбарт ч өөрөө өөрийнхөөрөө л зүтгэж яваа залуус. Би ахдаа хайртай. Сайн дүүтэй азтай ах байгаасай гэж би боддог юм. Өвөө маань явахдаа миний амьдралд ах өгсөн гэж билэгшээдэг юм. Нэг нь яваад нэг нь ирдэг. Амьдрал гэдэг сайхан юм даа гэж боддог.

-Хүний амьдралыг баян болгож байдаг, амьдралын гоо сайхныг бүрдүүлж байдаг зүйлүүд бий. Урлаг, уран зохиол, кино гээд. Эдгээрээс мэдээж уран зохиолд илүү ойр байх гэж бодож байна. Таны богцноос хэзээ ч салдаггүй ямар зохиол байдаг вэ?

-Би ер нь их азтай хүн юм болов уу гэж өөрийгөө боддог. Сумаас эхлээд ингээд амьдарч ирэхдээ дандаа сайхан хүмүүстэй таарсан байдаг. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг үгэнд би дуртай. Дарамын Батбаяр гэдэг энэ хүнтэй уулзсанаа би үнэхээр их том хувь зохиол гэж боддог. Тэр хүний шавь гэх алдрыг зүүж явна гэдэг бол ховор тохиол гэж боддог л доо. Монголд байгаа цөөхөн содон хүмүүсийн нэг гэж би багшийгаа боддог. Д.Батбаяр багшийн утга зохиолын урланг төгссөн дөрөвхөн хүн байдгийн нэг нь би. Багш маань голын эрэг дээр аваачаад гурвалжин гэдэг сэдвээр гурван сар зохион бичлэг хийх даалгавар өгч байсан санагддаг. Эхлээд ч яахав гурвалжин гэдэг чинь төрөх, амьдрах, үхэх гээд л бичихэд амархан л байлаа. Гурвалжин гэдэг бол Египетийн пирамид юм аа гэж бичсэн ч өдөр байлаа аргаа бараад. Тэгээд нэг сар яваад дуусдаг юм байна лээ л дээ гурвалжин гэдэг сэдэв бол. Тэгээд сүүл рүүгээ дотоод ертөнц, ирээдүйг байгалийн юмс үзэгдлийг яаж харж байна вэ гэдэг сэтгэл доторх гоо зүй, авьяас билэг гарч ирж эрэмблэгдэж эхлэдэг. Манай ангийн Оюунтөгс гэдэг охин байдаг. Хайкү бичдэг охин л доо. Тэгээд хамгийн сүүлд гурвалжин гэдэг сэдвийг бичихдээ “Танай гэрийн утаа тас харанхуйд ч танан цагаан” гэж бичиж байсан. Тэгэхэд гурван сарын дараа үнэхээр гурвалжин юм байна гэж бодогдож байсан. Хайр сэтгэл нь бүтээгүй, өөр хүнтэй гэрлэчихсэн залуугийнхаа гэр рүү шөнө харсан чинь гэрийнх нь утаа хүртэл тэнгэрт цагаан харагдаж байгаа тухай тийм гоё мэдрэмжийг авч байсан л даа. Би урландаа хамгийн авъяас муутай нь. Миний хувьд дуртай утга зохиол гээд асуух юм бол Г.Маркесийн “100 жилийн ганцаардал” гэж хэлнэ.Г.Аюурзана ахын бичсэн анхны түүвэрт нь дуртай.

-“Ганцаар цайвар навч“ уу?

-Тийм. Би утга зохиолтой их ойрхон л доо. Ялангуяа сонгодог талын уран зохиолд дуртай. Японы яруу найрагчдыг хүндэлдэг.

-Би хүмүүсийг жаргалын өмнө хэн байхыг харах дуртай, зовлонгийн өмнө хэн байхыг харах дуртай. Энэ хоёр ойлголтын өмнө Оюун-Эрдэнэ яг хэн байсан бэ?


-Цаг хугацаа урсан өнгөрч байна гэж ярьдаг ч цаг хугацаан дотор амьдрал өөрөө өнгөрдөг гэдэг гоё үг байдаг шүү дээ. Мэдээж 100 жилийн дараа бид бүгдээрээ л байхгүй байна шүү дээ. Тиймээс өөрийнхөөрөө л өөрийн гэсэн өнгөтэй амьдрахыг хүсдэг.

-Та хэр тэсвэрлэг вэ?

-Мэдээж зарим хүнийг бодоход тэвчээртэй, зарим хүнийг бодоход тэвчээргүй л байж таарах л байх даа.

-Цэргийн албаа ямар шугамаар хаасан бэ?


-Цэргийн албаа дуйцүүлж хаасан. Би цэргийн алба хаах үедээ тамгын газарт ажиллаж байсан. Цэргийн алба хаах боломж олдоогүйд жаахан харамсдаг. 21 настайгаасаа эхлээд бараг 10 хоног ч амарч үзээгүй өнөөдрийг хүртэл явчихжээ нэг мэдэхэд л.

-Хүн амьдралдаа хувь тавилангаар олон сайхан найз нөхөдтэй учирдаг. Эрх мэдлийн, албан тушаалын найзууд гэж бий. Тэр хүмүүсийг хэр сайн ялгаж салгадаг вэ. Амьдралаасаа хүн явуулах дуртай юу?

-Ер нь бол би өөрийгөө найз нөхдөөр их баян гэж боддог. Манай найзууд ч тэрийг мэдэх байх. Би хүнтэй хувь хүнийх нь л хувьд  нөхөрлөхийг хүсдэг. Хэзээ ч ямар нэгэн андын нөхөрлөлийг сэвтээх зүйл миний зүгээс гаргахгүй гэж боддог. Байгаагаараа л байдаг болохоор миний найзууд надад итгэдэг болов уу. Нөхөрлөл дундаас явж байсан хүн санагдахгүй байна. Явах зүйл болвол тэр хүн яав гэхээсээ илүү надаас яагаад хүн явав  гэж өөрөөсөө эхлэж асуух болов уу. Мэдээж бас нөхөрлөлийг хүчилж болохгүй.

-Олон хүний итгэлийг үүрч явах нь зовлон мөн үү?


-Тэр ч харин ёстой хүнд юм байна лээ. Би энийг залуучуудын холбооны ерөнхийлөгч болоод ойлгосон.

-Дарга гэдэг нэрэнд хэр дасч байна. Таныг бүр аав ээж шиг чинь хүн Оюун-Эрдэнэ даргаа гэж дууддаг юм шиг байна лээ?


-Би ч бас дүү нартайгаа найз шиг л байдаг л даа. Хүндэтгэл гэдэг бол албан тушаал биш, зан чанар гэж би боддог.

-Өөрт чинь олон залуучууд атаархаж байгаа гэдгийг мэддэг үү?


-Мэдээж байдаг л байх. Гэхдээ дэмжлэгийг нь илүү мэдэрдэг шүү. Ер нь амьдралын гэрэл гэгээтэй хэсгийг нь харж явахгүй бол өөрөө л зовно шүү дээ. Надад хайртай хүмүүсийг хайрлах гээд, намайг үзэн яддаг хүмүүсийг үзэн ядах завгүй явна гэдэг шиг...